Гэмтлийн эмнэлгийн 1.5 км замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажил эхэллээ

Aдмин / Нүүр

Баянгол дүүргийн 7, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж буюу Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1.5 км замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ажил эхэллээ.

Тус замыг гурван метр өргөнтэй, дөрвөн эгнээ, хоёр талдаа гэрэлтүүлэгтэй, 1.5 метр өргөнтэй явган замтай байхаар зураг төслийг баталжээ. Замын трассын дагуу нөхөн олговор олгон чөлөөлөх шаардлагатай 18 нэгж талбар бий. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөлтийн ажилд иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудтай зөвшилцөн, үнэлгээ хийх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Баянгол дүүрэгт 2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зургаан багц замын ажил хийж эхэлсэн. Тус зургаан багц замын ажил өнгөрсөн онд 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байсан бөгөөд гэр хороололд 3 км орчим, орон сууцны хороолол дунд 9 км орчим зам шинээр тавьж, 10 км орчим замыг өргөтгөн, шинэчлэх ажлыг гүйцэтгэлээ. Мөн өнгөрсөн онд дүүргийн хэмжээнд 11.000 ам метр талбай бүхий автомашины зогсоолыг байгуулсан. 2021 онд Модны 2-т дөрвөн эгнээ бүхий 1.1 км урттай зам тавьсан. Одоо эхлүүлж буй уг 1.5 км зам ашиглалтад орвол Модны-2-ын замтай нийлээд манай дүүрэг 2.7 км орчим, дөрвөн эгнээ шинэ замтай болж байна гэсэн үг. Үүнийг дагаад Энхтайваны өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөөний хөдөлгөөний ачаалал, түгжрэл буурна” хэмээн онцлов.

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Ш.Батмөнх “Замын бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран зөвшилцсөний үндсэн дээр цаг тухай бүрд нь холбогдох арга хэмжээг авч ажиллана. Тухайлбал, замыг бүтэн хаавал бусад төв болон туслах замд ачаалал өгөх учраас Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1.5 км замыг хэсэгчилж хаахаар төлөвлөж байна. Өдрийн цагаар хаасан тохиолдолд жолооч нарт аль болох ачаалал үүсгэхгүйгээр буюу 24-48 цагаас хэтрүүлэхгүйгээр хэсэгчилж хаана. Ингэхдээ иргэдэд хүндрэл учруулахгүйгээр тэмдэг тэмдэглэгээ тавьж, хөдөлгөөнийг зохицуулах болно” гэв.

Гүйцэтгэгчээр шалгарсан “Хөвчийн зам” ХХК тус замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг график төлөвлөгөөний дагуу хийж, есдүгээр сарын 30-ны дотор хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.