Төрийн байгуулалтын байнгын хороо гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.07.04/ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын төсвийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 216.4 сая төгрөгийн 8 алдаа, зөрчил илэрснээс, 62.3 сая төгрөгийн 4 зөрчлийг арилгах албан шаардлага хүргүүлж, 154.1 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 4 зөвлөмж өгсөн. Өмнөх оны аудитын илрүүлэлттэй харьцуулахад нийт алдаа, зөрчил 103.0 сая төгрөгөөр өссөн нь орон тоо нэмэгдэж, урсгал зардлаас хөрөнгө бэлтгэсэнтэй холбоотой зөрчил илэрснээс шалтгаалсан байна.
Монгол Улсын Их Хурлын даргын төсвийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 474.7 сая төгрөгийн 9 алдаа зөрчил илэрснээс, 7.0 сая төгрөгийн 1 алдааг залруулж, 242.9 сая төгрөгийн зөрчлийг арилгах 2 албан шаардлага хүргүүлж, 224.8 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 6 зөвлөмж өгсөн.
Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 15 санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 11 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 4 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан.
Аудитад хамрагдсан байгууллагаас 9 байгууллагад “Зөрчилгүй”, 2 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өглөө.
Аудитаар нийт 230,004.5 сая төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 227,209.2 сая төгрөгийн алдааг залруулж, 56.3 сая төгрөгийн зөрчилд 3 төлбөрийн акт тогтоож, 2,474.7 сая төгрөгийн зөрчилд алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх 21 албан шаардлага хүргүүлж, 264.3 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 2 зөвлөмж өгсөн.
Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 102 санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 87 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 15 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан.
Аудитад хамрагдсан байгууллагаас 78 байгууллагад “Зөрчилгүй”, 9 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн.
Аудитаар нийт 669,433.6 сая төгрөгийн 385 алдаа зөрчил илрүүлснээс 655,698.7 сая төгрөгийн 106 алдааг залруулж, 1,335.3 сая төгрөгийн зөрчилд 26 төлбөрийн акт тогтоож, 5,354.7 сая төгрөгийн зөрчилд алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх 89 албан шаардлага хүргүүлж, 7,044.9 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 164 зөвлөмж өгсөн.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 30 санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 20 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 10 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан.
Аудитаар “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн бөгөөд аудитад хамрагдсан байгууллагаас 18 байгууллагад “Зөрчилгүй”, 2 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн.
Аудитаар нийт 22,805.8 сая төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 19,864.7 сая төгрөгийн алдааг залруулж, 42.5 сая төгрөгийн зөрчилд 7 төлбөрийн акт тогтоож, 2,379.1 сая төгрөгийн зөрчилд алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх 29 албан шаардлага хүргүүлж, 519.5 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 47 зөвлөмж өгсөн.
Сонгуулийн ерөнхий хорооны даргын төсвийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 1,761.3 сая төгрөгийн 8 алдаа зөрчил илэрснээс, 1,373.3 сая төгрөгийн 1 алдааг залруулж, 275.2 сая төгрөгийн зөрчлийг арилгах 3 албан шаардлага хүргүүлж, 112.8 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 4 зөвлөмж өгсөн.
Төрийн албаны зөвлөлийн даргын төсвийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 42.5 сая төгрөгийн 4 алдаа зөрчил илэрснээс, 26.1 сая төгрөгийн 2 алдааг залруулж, 13.4 сая төгрөгийн зөрчлийг арилгах 1 албан шаардлага хүргүүлж, 3.0 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 1 зөвлөмж өгсөн.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргын төсвийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 107.5 сая төгрөгийн 8 алдаа зөрчил илэрснээс, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой 1 албан шаардлага хүргүүлж, 107.5 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 7 зөвлөмж өгсөн гэлээ.
Тус байнгын хорооны харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтэд үндэслэн цаашид Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулах, Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний төсөвт байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, авлага, өр төлбөр, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад тавих дотоод хяналтыг сайжруулахад анхаарч ажиллах зөвлөмж өгчээ. Мөн Худалдан авах ажиллагаа болон Шилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх, аудитаар өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, арга хэмжээг авч ажиллахыг анхааруулсан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд асуулт асуусан. Тэрбээр улсын төсвийг алдагдалтай баталдагаас их хэмжээний өр бий болдог гээд төсвийг алдагдалгүй батлах, төсвийн бүтцэд өөрчлөлт хийх талаар гаргасан санал, аргачлал байна уу хэмээн лавласан.
Төсвийн төслийг боловсруулах үйл явцад иргэд, олон нийтийн оролцоог хангах, төсвийн төслийн ил тод байдлыг дээшлүүлэх талаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байна гэсэн асуудлыг УИХ-д хүргүүлсэн. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүддээ нийцүүлэн баталж, төлөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг тусгаж зөрчлийг давтан гаргахгүй байх талаарх зөвлөмжийг хүргүүлсэн. Түүнчлэн Ерөнхий сайдад халамжийн бодлогыг хумьж, төсвийг алдагдалгүй төлөвлөх талаар үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэсэн зөвлөмжийг төрийн аудитын байгууллагаас хүргүүлсэн хэмээн Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранчимэг хариулсан.
Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.
“Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэж үзлээ
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Төрийн байгуулалтын байнгын хороо нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд, түр хороо, хууль санаачлагчийн саналыг үндэслэн дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг боловсруулан нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батална” гэж заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа хэмээн Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэх асуудлын талаар санал авахад Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс 58, Монгол Улсын Засгийн газраас 118, Байнгын хороодоос 69, Улсын Их Хурлын гишүүнээс 8 хууль, тогтоолын төсөл нийт давхардсан тоогоор 252 хууль, тогтоолын төслийг тогтоолын төсөлд тусгуулах саналаа албан бичгээр ирүүлжээ.
“Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа дараах зарчмыг баримталсан байна. Үүнд:
1.“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар тогтоолд туссан төслүүд
2.“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолд 2022 онд хэлэлцэх хуулийн төслүүд
3.“Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан нэн яаралтай хэлэлцэх болон өргөн мэдүүлэх хуулийн төслүүд
4.“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 17-ны тогтоолд 2022 онд хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
5.Хэлэлцүүлгийн шатанд байгаа болон болон хууль санаачлах эрх бүхий субьектүүдээс өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах асуудлыг Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга шийдвэрлэхээр тусгасан байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг электрон тамхины татвартай холбоотой асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад нэмэх саналтай байгаагаа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат танилцуулав.
Хуулийн төсөлд Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар саналаа Улсын Их Хурлын албан ёсны санал авах цахим хуудсаар дамжуулан гаргаж болох, Улсын Их Хурал иргэний төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхийг хангаж, шийдвэр гаргахдаа иргэдийн оролцоог хангах зорилгоор албан ёсоор санал авахаар байршуулснаас хойш 30 хоногийн хугацаанд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг 33,000 ба түүнээс дээш тооны иргэд дэмжсэн бол, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70,000 ба түүнээс дээш тооны иргэд дэмжсэн бол Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9.3-т заасны дагуу, хуулийн төслийн талаарх саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол уг саналыг заавал хэлэлцэхээр тусгажээ.
Түүнчлэн Ерөнхий сайдын мэдээллийн сэдвийн талаар цахим хуудсанд байршуулж, 5 хоногийн хугацаанд тухайн сэдвийн хүрээнд иргэдийг асуулт асуух боломжоор хангахаар тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл