Улсын хэмжээнд нийт шатахууны 38 хувийг Аи-92 бензин эзэлж байна
Улсын хэмжээнд одоогийн байдлаар 140 мянган тонн шатахуун байгаагаас 68 мянган тонн буюу 48 хувийг дизель түлш, 54 мянган тонн буюу 38 орчим хувийг Аи-92 автобензин эзэлж байна. УУХҮЯ-ны мэдээллээр өнөөдрийн байдлаар А-80 автобензинийн 59 хоногийн, Аи-92 автобензинийн 40 хоногийн, дизель түлшний хувьд 25 хоногийн тус тус нөөцтэй байна.
Засгийн газрын тогтоолоор өмнө нь улсын хэмжээнд 30 хоногийн шатахууны ердийн хэрэглээний нөөц бүрдүүлэх үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-үүдэд хүлээлгэдэг байсан бол өнгөрсөн онд гарсан Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор дунджаар 45 хоногийн нөөц бүрдүүлдэг болсон юм.
Улсын их баяр наадмын өдрүүдээр шатахууны хомсдол үүсэх талаар олон нийтийн сүлжээгээр цацагдсан мэдээллийн талаар УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсээс тайлбар өглөө. Тодруулбал, баяр наадмын өмнө газрын тосны бүтээгдэхүүний хангамж тасалдахгүй, хомсдол үүсэхгүй гэдгийг салбарын яамнаас албан ёсоор мэдэгдэж байна. ОХУ-ын “Роснефть” компани манай улсад хөнгөлөлттэй үнээр шатахуун нийлүүлж, худалдах эсэх нь наадмын дараа тодорхой болно гэдгийг нэмж мэдээлсэн юм.
Сэтгэгдэл