Монгол үндэстний өнө оршихуйн бэлгэдэл монгол наадам

Aдмин / Нүүр

Монголын төрт ёсны их баяр наадам уламжлал ёсоор урианхай сурын харваагаар эхэлж байна. Өнөө жил Монгол Улс Тулгар төрийнхөө 2230, 2231, Их Монгол Улсынхаа 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоо давхар тэмдэглэн баярлаж байгаа. Гэхдээ энэ их олон ой давхацсандаа бус ерөөс монгол наадам бол монгол үндэстний өнө оршихуйн бэлгэдэл, дээдийн баяр баясгалан гэдгээрээ жилээс жилд хүн төрөлхтний анхаарлыг татаж, дэлхийг дэлдийлгэсэн онцгой үнэ цэнэтэй болох учиртай. Энэ цэнхэр замбуулинд монгол хүн болж төрсний хамгийн том шагнал монгол наадам юм. Тиймээс Монголын ард түмэн, монгол үндэстэн угсаатан түүхийн буурал улбаанд наадмаа тасалж байсан удаагүй гэдэг. Манжийн дарлалд ноёлуулж байхдаа ч монголчууд наадмаа таслалгүй хийж байсныг түүх гэрчилдэг. 1862 онд долоон хошуу даншиг наадмын тухай Оросын консул бүрэн тэмдэглэл хийж сонинд нийтэлснийг төрийн соёрхолт түүхч О.Батсайхан баримтыг нь олсноо хэлж байсан.

Уг тэмдэглэлд монголчууд наадмынхаа эхэнд төр бат оршихын бэлгэдэл болгон ерөөл тавьж бат оршил өргөдөг, найман өдөр дараалж бөх барилддаг тухай өгүүлсэн байдаг. Тэртээ арвангуравдугаар зууны “Монголын нууц товчоо”-нд бичигдсэнээр наадмыг хуран сард буюу долдугаар сард хийдэг байсныг тэмдэглэсэн. "Чингисийн чулууны бичиг"-т Чингис хаан Сартуул улсыг байлдан дагуулан буцах замд найр наадам хийж Хасарын хүү Есүнгэ 500 алд газар нум сум харвасан тухай бас тэмдэглэсэн. 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Халхын анхдугаар Богдод өргөмжилж Ширээт цагаан нуурт наадам хийхэд Бөх лам түрүүлж, Бонхор донирын морь магнайдсан тухай эх сурвалжид бий. Долоон хошуу даншиг наадам тэгж эхэлсэн бол 1772 онд Хэнтий уулыг тахих наадам болж түүнээс арван засгийн наадмын оноо данс эхэлдэг.

Ийм л эрт эдүгээгийн түүхэнд уламжлалтай монгол наадам хоёр удаа тасарсан. Эхнийх нь Богд хаант засгийн үед буюу 1920 онд Дундад иргэн улсын Хятадын цэргийн генерал Сью Шү Жан нийслэл хүрээг эзэлж тухайн үед монгол төрийг удирдаж байсан сайд нарыг өөртөө урвуулсан байдаг. Ингээд Монголын автономийг устгаж Богд эзэн хааныг Хятадын ерөнхийлөгчийн зургийн өмнө бөхийлгөн мөргүүлж, улмаар Богд хаант улсын төр Хятадын мэдэлд шилжсэнээр монгол наадам тасарч байсан. Үндсэндээ Монгол Улс төргүй болсон учир наадам тасарсан. Тэгвэл өнгөрөгч жил 100 жилийн их ой эрх баригч Ардын намын үед, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн үед дахин тасарч, өвчин тахал нэрийн дор наадам болоогүй. Наадмын өглөө монголчууд бид ямар ч сүр сүлдгүй, тусгаар улсын иргэн байтлаа харийнхны гарт эзлэгдсэн юм шиг гунигтайгаар гэр гэртээ сууж байсан. Хэдхэн залуус жагсаад төрт ёсны түүхт их баяр наадмаа болиулдаг, түүнийг нь төр засаг нь уухайлан дэмжиж монгол наадмаа тасалж байсан энэ харалган түүх дахиж битгий давтагдаасай билээ.

Монгол наадам бол хэдэн бөх барилдаад, хоорондоо найраагаа хийж ард түмнийг хуурах, эсвэл эрлийз монгол нь мэдэгдэхгүй хэдэн адуу уралдаж, дараа нь сэрвээний өндөр гэдэг ч юм уу, уяачид нь хоорондоо хэрүүл тэмцэл болдог гэх энэ ойлголт биш ээ. Зүгээр өнгөцхөн төдий зүйл юм. Монгол наадам гэдэг бол монголчуудын сүлд хийморийн бэлгэдэл болсон есөн хөлт цагаан тугаа төрийн ёс жаягийн дагуу хүндэтгэн залж цэнгүүлдэг, тэрхүү баяр бахдал монгол хүн бүрийн хийморь сүлдийг тэгшитгэж, монгол хүн монголоороо бахархах үнэ цэнийг төрүүлдгээрээ онцгой юм. Есөн хөлт цагаан тугаа ийнхүү ёс төртэйгөөр залж, төрийн тэргүүн нь билэг ерөөлийн үгээр наадмаа нээж, даян дэлхий дахинд Монгол Улс мөнх орших учиртай гэдгээ зарлан тунхаглах нь монгол наадмын үнэт чанар юм. Монгол үндэстний гал голомт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод наадмын өдрүүдэд элэг нэгт ахан дүүсийн маань зүрх цохилж байдаг. Хоёр жилийн өмнө Төв аймгийн Эрдэнэ сум Нагалхаан уулын өвөрт монголчууд наадмаа хийж бөхөө барилдуулж, уухайн дуутай баярласан. Тэр жилийн наадмын дараа өмнөд монголчуудын бөхөд дуртай залуус хоёр өдрийн туршид интернэтээр бөхөө үзэн баярлаж, шинэ аварга төрөхийг хараад зарим нь нүдэндээ нулимстай баярлалдан, зурагтаар сэтгэл дэнслэн ярьж байхыг бид үзсэн. Ингэж л монгол үндэстэн монгол наадмаа хүлээдэг юм билээ.Энэ жилийн наадам сайхан болно оо. Элэг нэгт ахан дүүс тува, буриадын бөхчүүд Монголын төрт ёсныхоо наадамд зодоглохоор монгол нутагтаа ирж, монгол бөхчүүдтэйгээ хамт бөхийн галд гаран бэлтгэлээ базааж байна. Эдүгээ 80 настай буурал аварга Хорлоогийн Баянмөнх зодог шуудгаа өмсөж бөхийн ногоон дэвжээндээ гарч алдар цолоо дуудуулахаар бэлдэж байна. Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Н.Батсуурь, О.Балжинням, П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат гээд монгол бөхийн дээд эрэмбэ аварга цолтой арваад хүчтэн зодоглохоор болж байна. Тэртээ далаад оны эхээр Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ц.Чимид-Очир, С.Цэрэн, Ч.Бээжин нарын арван аварга зодоглож байсныг бөхийн зүтгэлтнүүд ярьж, төрийн наадамд 10 аварга цолтон зодоглохын ид бахыг шагшин хэлж байсан. Шинэ цолтнууд төрсөн сайхан наадам болох биз ээ. Гол нь бөхчүүд маань өөрсдөө төрт ёсныхоо наадмыг хүндэтгэж бөхийн эрэмбэ, жудгаа сахиж, үнэнч шударга сайхан барилдах хэрэгтэй. Тэр жил Сүхбат зүүний магнайг булаалдаж, Ерөнхийлөгчийн Тамгын газар руу ярьж, би зүүнд нь гарах ёстой биз дээ хэмээн шившгээ тарьсан. Тийм юм битгий болоосой билээ. Мөн бөхчүүд маань элэг нэгт бөхчүүдтэйгээ хүний ёсоор, монгол үндэстэн угсаатан, монгол гэдэг нэрээ бодож хажиглаж “хазаж хайралгүй” барилдахыг хичээж үзээрэй дээ. Одоогоос хориод жилийн өмнө байна уу даа, Тувагийн Аяс Монгуш гэж бөх Монголын төрт ёсны баярыг хүндэтгэн цагаан сарын барилдаанд ирж зодоглоход манай бөхчүүд яаж хяхан хавчиж байлаа. Тийм нэг өчүүхэн жалга довны үхээнц үзлээсээ бөхчүүд одоо салсан байлгүй. Монгол үндэстэн бид чинь элэг нэгт ахан дүүс гэдгээ бодож дээрэлхэж, бүүрэлхэж, гадуурхалгүй жудаг зааж барилдахыг ард түмэн шаардах хэрэгтэй.

Монгол наадам бидний бахархал байгаад зогсохгүй монгол үндэстнийг нэгтгэдэг байх ёстой гэж “Өдрийн сонин” өмнө нь бичиж байсан. Үнэхээр Монгол Улс монгол үндэстний гал голомт мөн л юм бол монгол наадам монгол үндэстний их баяр наадам байх ёстой. Өнөө жил тувагийн бөхчүүд ирж барилдаж байгаа шиг Өмнөд Монгол, дээд монгол, буриадын бөхчүүд бүгдээрээ Монгол үндэстний их наадмаа зорьж ирж үздэг, баярлан цэнгэдэг, бөхчүүд нь барилддаг, харваачид нь нум сумаа агсан ирж уухай хадаадаг, ийм уламжлал тогтох ёстой. Өмнөд монголчууд ялангуяа Шилийн гол аймаг баруун үзэмчин, зүүн үзэмчний хошууны наадам монгол наадам шиг болдгийг бид мэднэ. Зүүн үзэмчний Цагаанзаан, Баярбаатар гээд алдарт аваргуудыг бид мэднэ. Тэгвэл Дээд монголын наадам хэрхэн болдог тухай Дээд Монголын унаган хүү, одоогийн Монгол Улсын иргэн судлаач Бүргэд ийн өгүүлж байна. “Манай Дээд Монголын наадам чинь яг л Монгол Улсын наадам шиг долдугаар сарын 11-нд болдог байсан. Гэвч засаг захиргаанаас долдугаар сарын 11-нд биш наймдугаар сард болгох, мөн жил бүр болдгийг нь болиулж хоёр жилд нэг удаа болгодог болсон. “Эзэн хааны дэргэд” гэдэг уртын дуугаар эхэлнэ. Яг л Монголын эрийн гурван наадам шиг бөхөө барилдуулж, нум сумаа харваж, морио уралдуулж нааддаг. Морины тухай нас насны морьд уралдахгүй. Том жижгээрээ хоёр хуваагдаж уралдана, үндсэндээ азарга их морь нь хамт, мөн бага насны морьд цугтаа уралдана. Наадмын нэг сайхан зүйл нь жороо морины уралдаан. Үзэгчид жороо морины уралдааныг илүүтэй шимтэнэ. Бөх нь шалбур бөх гэж тувагийн бөх шиг. Эргүүлж эргүүлж эргийн цаана хаяя, далайж далайж далайн цаана шидье гэж хуучны домогт бөхчүүд маань хэлдэг байлаа” хэмээн Дээд Монголын наадмын тухай хуучилсан юм.

Ингээд Монголын төрт ёсны наадам дэлгэр сайхан болж, монгол даяараа, монгол үндэстнээрээ цэнгэн баярлах болтугай гэсэн ерөөлийн үгээр өндөрлөе. Эрдэнийн сайхан Монголдоо элэг нэгт ахан дүүс минь жилийн жилд нартай хуртай наадаж, Монгол Улс, монгол үндэстэн цагийн цагт мөнх орших болтугай. Монгол наадмын алдар суу дэлхий дахинд дуурсах болтугай.


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.108] 2022-07-14 03:56:16

Их наадсанаараа тусгаар тогтнол баталгаажна гэдэг худлаа шүү. Хүнээ хөгжүүлж байж, хөдөлмөрлөж байж дэлхийд өрсөлдөх чадвартай болсноор л өр ширнээс гарна шүү. Ноёд оо?

Зочин [148.60.92.227] 2022-07-13 08:49:06

Hyatadyyd Taibaniig 2030 ond ezlen tyremgiilej abna gej Pranziin heblelyyded bichej baina,teheer manaihan ch gesen beltgeltei baih saardlaga zyi yosoor tabigdah baih!!!eb negdelgyi bol Hytadiin hool boloh bii?........

Зочин [202.9.47.129] 2022-07-12 13:16:23

Монгол үндэстний өнө оршихуйн бэлэгдэл бол эв нэгдэл бүтээлч байдал юм.

Зочин [148.60.92.227] 2022-07-11 11:44:43

chi eeree teneg mal baina,yugaan bosgoh ni chamd yamar hamaa baina?....

0 [202.55.188.106] 2022-07-11 10:17:16

Наадмын нээлт анх удаа үзлээ үнэндээ ард иргэдээ боддоггүй юм байна аль ч өнцгөөс жүжигчид дуучид харагдах ёстой баймаар гэтэл нэг их өндөр шовгор 2 юм босгоод баахан гэр бариад үзэгчидэд юу ч харагдахгүй зөвхөн дарга нар хэдэн төв хэсгийн хүмүүстээ зориулсан тайзтай тэгээд одоо тэнэгтээд гоё болсон гээд хуцаад байгаарай нэг ч иргэн гомдохёсгүй үзэх л ёстой байтал үзэгчидээсээ тайзаа нуугаад баахан шовгор юм босгоод гэр бариад таглаад хаячихсан тэнэг малнууд


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.