Монгол Улсын Ерөнхийлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэндчилгээ дэвшүүлэв
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэндчилгээ дэвшүүллээ.
АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:
“Америкийн Нэгдсэн Улсын нэрийн өмнөөс Танд болон Монголын ард түмэнд энэ 07 дугаар сарын 11-ний өдөр тохиож буй Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн баярын мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Дипломат харилцаатай 35 жилийн хугацаанд манай хоёр улсын харилцаа өсөн нэмэгдсээр ирлээ. Манай хоёр ард түмний ойр дотно нөхөрлөлийн хамт ардчиллын үнэт зүйлс, хүний эрх, хууль дээдлэх ёсны төлөөх бидний хамтын тууштай зүтгэл ирэх он жилүүдэд ч биднийг улам ойртуулах болно. Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын стратегийн түнш бөгөөд “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг.
Америкийн ард түмний нэрийн өмнөөс, Жилл бид хоёр дэлхийн өнцөг булан бүрд оршин суугаа монголчуудад Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан аз жаргал, баяр цэнгэлийг хүсэн ерөөе” гэжээ.
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.73] 2022-07-14 10:38:53
Утга төгөлдөр сайхан мэндчилгээ ирүүлжээ.ерөөл бат орших болтугай...