Чингис хааны харц

Aдмин / Нүүр

Энэ жилийн улсын баяр наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингис хааны эш хөргийг бүх байгууллага, айл өрх залах тухай зарлиг гаргасантай холбогдуулан хүмүүс санаа бодлоо хэлж, эрдэмтэн судлаачид их хааны эш хөргийн тухай ярилцаж байна. Миний бие хэдэн жилийн өмнө дэлхий дээр байгаа их хааны хоёрхон янзын эш хөргийн нэгийг нүдээр үзсэн тухайгаа бичиж монголчууддаа толилуулсан нэгэн өгүүллээ эргэн харж, энэ цаг үед хүмүүст хэрэгтэй ойлголт, мэдээлэл болох бол уу хэмээн дахин толилуулж байна.

2016 онд миний бие Тайбэй дэх Монгол Улсын Худалдааны Төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа Монголоос очсон эрдэмтэн судлаачдын хамтаар Тайванийн “Хааны ордон” музейд хадгалагдаж байдаг эзэн богд Чингис хааны эш хөргийг үзэх завшаан тохиосон юм. Далдын далд архивын хадгаламжид байдаг хөргийг 4-5 жилийн хугацаанд нэг удаа ил гарган олонд үзүүлдэг юм билээ. Аргагүй ээ, 740 шахам жилийн тэртээд зурсан хөрөг учраас ингэж онцгойлон анхаарч хадгалахгүй бол болохгүй нь ойлгомжтой.

Тайванийн ГХЯ, бас музейн удирдлагад нь ноот бичиг өгч хүсэлт тавьж зөвшөөрөл аван, музейн архив руу буюу доошоо цахилгаан шатаар хэдэн давхарт буун, онцгой нөхцөл бүхий хадгаламжийн танхимд орж, гартаа цагаан бээлий, амандаа маск зүүн байж их хааны эш хөргийг далдын далдаас гаргаж ирэхийг нь хүлээж байгаад үзэцгээлээ. Их хааны эш хөргийг сэтгэл оюундаа хадгалах гэж нүд цавчилгүй, харц салгалгүй тольдон үзэж, сүслэн мөргөж, сэтгэл итгэлээ шившин хүргэх ховорхон завшаан тохиож буйд баярлан мөхөс бичгийн хүмүн би бээр тэр бүхнээ шивнэн шившив. Их хааныхаа сүнс сүлд оршсон гэгээн дүрийн өмнө саатан зогсохуй удам хойчис нь болсон бидэн юу эсийг бодож, юу эсийг тунгаах билээ. Найман зууны тэртээх их өвөг дээдэс, Монгол гэсэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж, Монголоо гэх сэтгэлээр нэгэн насны үйлийг бүтээн, өөрийгөө шатааж, өрөөлийг гийгүүлсээр дууссаны гүн учир шалтгааныг эртний мэргэдийн хэлсэнчлэн бийр бэхсээс бус, биет хөрөг дүрээс нь олж харахыг хичээн зогслоо.

Эзэн богд Чингис хааны эл хөргийг 1280 оны үест Хубилай хааны ордны зураач Хорихусун хэмээх монгол хүн зурсан гэж түүх бичлэгт тэмдэглээстэй байдаг. Чингис хааны ач хүү Хубилай хаан Монголын эзэнт гүрний их нийслэлийг Хятад газарт шилжүүлж, өнөөгийн Бээжин хотод төвлөрүүлэн их хотыг сүндэрлүүлсэн нь хятадаар Дайду буюу Их нийслэл, дундад Ази, Европ дахинаа Ханбалык, монголоор Хаанбалгас хэмээн дэлхий дахинаа алдаршсан түүхтэй. Эртний монгол хэлнээ балгас гэдэг нь хот гэсэн утгатай үг байсан бол аажмаар түүхийн урт хугацааны туршид эвдэрч сүйдэн, эзгүй хаягдсан хотын үлдэгдэл, туурийг нэрлэх үг болсныг бага залууст учирлан хүргэх ёстой анам. Яагаад гэхүл, өмнөх өгүүлэл, тэмдэглэлүүдийг маань хүүхэд залуучууд уншаад ойлгохгүй байгаа тухай халагласан нь нэг бус буйд оршино. Хубилай хаан бол багаасаа хятад газар сууж, дорно дахины ёс заншил, эрдэм боловсролд цагааширсан хүн билээ.

Түүний эцэг Тулуй нь Чингис хааны отгон хүү байсан. Чингис хаан нэгэн насны үйл зорилгоо болгон явж дэлхийн дайдыг нэгтгэсэн гүр их улсаа насныхаа төгсгөлд дөрвөн хүүдээ хувааж өгсний Монгол, Хойд Хятадын нутгийг голомт сахих отгон хүүдээ өвлүүлдэг эртний заншил ёсоор Тулуйд эзэмшил болгон өгчээ. Цагаан хэрмийн цаахан талд орших өнөөгийн Бээжин хот тэргүүтэй Хойд, Зүүн хойд Хятад бол эртнээс янагш нүүдэлчдийн нутаг орон байсан агаад тэр цаг үед Зүрчидийн Алтан улсын харьяанд байжээ.

Өмнөд Хятадыг эзлэн нэгтгэх их аян дайныг удирдан Хятад орны гүнд явж асан Хубилай, ах Мөнх хааныг тэнгэрт хальсан тухай мэдээ аваад өөрийгөө хаанд өргөмжилсөн юм. Энэ бол 1260 оны хэрэг явдал болой. Улмаар 1267 онд Хархорумд төвлөж байсан их нийслэлийг дотор газарт шилжүүлэн Бээжинд аваачжээ. Тийнхүү Италийн алдарт жуулчин Марко Пологийн дуун алдсанчлан, Дайду-Хаанбалгас хэмээх дэлхийд хосгүй үзэсгэлэнт сайхан хотыг цогцлоосон түүхтэй. Хятадын ард түмний дунд “Бээжингээс өмнө Дайду-Хаанбалгас байсан” гэсэн зүйр үг байдаг. Тэр их нийслэлд агч их хааны ордон бас хосгүй үзэсгэлэнтэй, сүрлэг төгөлдөр байсныг Марко Поло дуу алдан зураглаж өгүүлсэн байдаг.

Тэр гайхамшигт ордонд дээдсийн хэрэглэж асан эд зүйлс, хааны сэнтий, исэр суудал, хивс, хөшиг, ширээ сандал, ер буй бүхэн нь гайхамшигтай байжээ. Тэдгээр нь ур хийц, чанар чансаагаараа хожим хийгээд өнөөгийнхөөс ч хол илүү байсан гэдэг. Хубилай хаан насныхаа сүүл рүү өвөг дээдсийнхээ зураг хөргийг зуруулан ордондоо залж, тэдний тахилгын сүмийг байгуулж, зургуудаас нь хувь хуулбар хийлгэн залж, тахин шүтдэг байжээ. Тэгж өвөг эцэг Чингис хаан, эмэг эх Бөртэ үжин, өөрийн эцэг Тулуй, эх Сорхагтани бэхи нарын хөргийг зуруулсан байна. Зарим түүхийн тэмдэглэлд өндөр өвөг Есүхэй баатар, өндөр эмэг Өэлүн эхийн хөрөг дүрийг ч бүтээлгэн сүмд залсан гэх нь бий. Тэдний тахилгын сүм тус тусдаа байсан нь үнэн юм.

сонин mn

Чингис хааны энэ эш хөрөг бол яг тэр үед ийм зорилгоор бүтээгджээ. Түүнээс өмнө их хааны хөрөг зураг байсан, түүнийг ордны зураач Хорихусун харж байгаад хуулж зурсан, бас Хубилай хаан түүнд, миний өвөг эцэг ийм хүн байсан хэмээн дүрслэн хэлж зуруулсан гэдэг. 1219 онд Чингис хааныг өрнө зүгт хийх их аян дайнд мордоход нь Хубилай 4 настай байсан бол 5 жилийн дараа 1224 онд эх нутагтаа эргэж ирэхэд нь угтан тоссон ордны дээдсийн дунд 9 настай Хубилай хүү байсан гэдэг. Тэр цагаас хойш өвөөгөөсөө холдоогүй байх. Тэгэхээр өнөөг хүрч ирсэн энэ эш хөрөг бол Чингис хааны хөрөг мөн гэдэгт эргэлзэх учиргүй. Өнгөрсөн зууны ерээд оны үест цаг өөр болж, монголчууд түүх, соёлынхоо тухай айж бэргэлгүй дуугарах болсон сайн цагийн эхэнд зарим хүн энэ зургийг Чингис хааны хөрөг биш, Хятадын нэг жанжны хөрөг хэмээн мэдэмхийрч, эргэлзэх сэтгэл төрүүлж, олны сэтгэл, итгэлийг бүдэгрүүлж байсан юм. Үнэндээ тийм байх учиргүй аж.

Яахлаараа мянга шахам жил ордлон сууж ирсэн үе үеийн хаад дээдэс Чингис хааны хөрөг хэмээн өөр хүний зургийг шүтэн тахиж, хамгаалан хадгалж ирэх билээ?

1368 онд Юань гүрний сүүлчийн хаан ухаант Тогоонтөмөр Дайду-Хаанбалгасыг орхин гарахдаа Хубилай хаанаас хойших Монгол арав гаруй хаад зуу шахам жил ордлон суусан энэ хот, орд харшаас бараг юу ч авч явж чадаагүй байдаг. Тиймээс дэлхийн хагасыг эзлэн нэгтгэсэн их гүрний хааны ордонд дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан тоо тоймгүй их гайхамшигт эд зүйлс үлдэж хоцорсон нь мэдээж юм. Тэр бүхний дотор Чингис хааны эл эш хөрөг байсан нь лавтай.

Чингэж их хааныхаа сүнс сүлд оршсон гэгээн дүрийн өмнө удаан саатан зогсч, тэрхүү эш хөргийг тогтоон ажиж, эртний гайхамшигт судар ном шимтэн унших лугаа адил сэтгэл татагдан үзэвэй. Их хааны эш хөрөг үнэхээр гайхамшигтай ажээ. Тайванийн “Хааны ордон” музейгээс хэвлүүлсэн “Хааны ордны уран зураг, уран бичлэгүүдийн бүртгэл”-д дурдсанаар, тус музейд хадгалагдаж буй Чингис хааны энэ хөргийн өндөр нь 59.4 см, өргөн нь 47 см хэмжээтэй, торгоор бүрж хавтасласан зураг юм. Хаадын зураг тус бүрийн баруун талын хуудсан дээр тухайн хүний товч намтрыг хавсаргажээ.

“Юань улсын түүх, тахил тайлгын тэмдэглэл”-д дурдсаныг үндэслэвэл 1277 оны наймдугаар сард Хубилай хааны зарлигаар гүрний их нийслэл Дайду-Хаанбалгаст дээдсийн тахилгын сүм байгуулах зарлиг буулгаж, улмаар удаахь оны арван нэгдүгээр сард дахин зарлиглаж Чингис хааны хөргийг бүтээхийг ордны зураач монгол үндэстэн Хорихосунд даалгасан байна. Хорихусун зураач их хааныг амьд сэрүүнд нь үзээгүй боловч ач хүү Хубилайнх нь дүр төрхөөр баримжаалж зурсан гэж үздэг. 1279 оны хоёрдугаар сард дахин зарлиг буулгаж Чингис хаан, Өгөдэй хааны хөргийг хувилан Судар бичгийн хүрээлэнд байрлуулж хавар, намрын улиралд тахилга үйлддэг болжээ.

Их хааны хөргийг сайтар ажин өгүүлье: Хаан бээр тэргүүндээ элдэв гоёл чимэглэлгүй жирийн нэг малгай өмсчээ. Малгайн нүүрэн тал нь цагаан өнгөтэй, орой нь хар өнгөтэй, арьсан малгай бололтой. Дашрамд дурдахад, Хубилай хааны зураг дээр тэр бас яг ийм, гэхдээ нүүрэн тал нь хар, орой нь цагаан өнгөтэйгөөр дүрслэгджээ. Нарийн ажвал малгайг хийсэн бөс эдийн ширхэг, ангийн үсний ширхэг нь ялгаран харагдана. Тэгэхлээр энэ бол булган малгай биз. Асаасан дээл нь цагаан өнгөтэй. Мөн л элдэв гоёл чимэглэл, товч сэлт байхгүй, эртний монгол дээлийн нийтлэг хийц хэлбэртэй. Хубилай хаан зураг дээрээ бас яг ийм дээлтэй байна.

Тэр үеийн монголчууд толгойн оройн үсийг хусч, зулай дээрээ тав гэзэг үлдээдэг, мөн хоёр чихний дээд ард туг үс үлдээн, түүнээ доош сүлжин унжуулдаг байжээ. Үүгээрээ хитанчуудын үсний засалттай тун адилхан юм. Түүх бичлэгт тэмдэглэсэнчлэн, Чингис хааны хөргийг зурсан энэ тиг жаягаар хожмын хаадын хөргийг зурдаг журамтай болсон нь үнэн аж. Хайсан хүлэг, Төмөр өлзийт, Ринченбал, Эрдэнэцогт, Содбал гэгээн хааны хөрөг бүгд ижил хийц загвартай, өмссөн дээл хувцад, үс гэзэг, суугаа байрлал зэрэг нь яг адилхан байна. Утга халин цухас дурдахад, дээл асаах гэдэг үгийг хүүхэд залуучууд ойлгохгүй байж магад. Аливаа хэлэнд найруулгын түвшин гэж байдаг агаад жишээ нь, өмсөх гэвэл жирийн үг, асаах гэвэл эрхэмсэг найруулга, хэдрэх гэвэл дорд утга болно. Идэх гэвэл жирийн утга, зооглох гэвэл эрхэмсэг найруулга, гудрах гэх нь доромж хэллэг, энэ мэт айлчлах-залрах-ирэх, унтах-нойрсох-дугжрах... гэх мэт олон жишээг дурдаж болно. Монгол хэл энэ шинжээрээ асар баялаг билээ.

сонин mn

Тэр үеийн Хятадын Сүн улсын элч Жао Хун бээр 1220-иод оны үед Сүн улсын элч болж Монгол оронд зорчин ирж их хаанд бараалхаж байсан бөгөөд харьж очоод бичсэн “Монгол татаарын тухай бүрэн тэмдэглэл” хэмээх судар нь дэлхийн Монгол судлалд нэгдүгээр эх сурвалж болдог үнэт бүтээл билээ. Тэрээр уг бүтээлдээ ингэж бичжээ:

“Татаарын эзэн Тэмүжиний бие төрх хүдэр чийрэг, магнай өргөн, сахал урт, сүрлэг агуу, ер бусын болой” гэсэн байдаг.

Чингис хааныг нас барснаас хойш дөч гаруй жилийн дараа Хубилай хааны дэргэд ирж шадарласан италийн алдарт жуулчин Марко Поло өөрийн сонссончлон:

“Чингис хааны бие бялдар хүдэр чийрэг, билэг ухаан хурц сэргэлэн, үг яриа онцгой агаад баатар эрэлхэгээрээ алдаршжээ” гэж тэмдэглэсэн бөгөөд, Хубилай хааны төрх байдал нь түүний өвөг эцэг Чингис хаан лугаа адил гэж сонссоноо бичсэн байдаг. Эдгээр мэдээ занги, эш хөргөөс үзэхэд Чингис хаан нь өндөр сүрлэг, хүдэр чийрэг биетэй, өргөн нүүр, уужим магнайтай, урт цагаан сахалтай, ухаалаг тогтуун харцтай хүн байжээ. Чингис хааныг сэрүүн тунгалаг ахууд нь уулзаж учирсан өөр нэг хүн бол Даос хэмээх Бомбын шашны их арш Чанчунь бомбо мөн. Түүнийг дагалдан бараа болж аялан явсан шавь Ли Жичан нь аян замын тэмдэглэл хөтөлж явсан агаад Хятаддаа буцаж очсон хойноо “Чанчунь бомбын өрнө зүгт аялсан тэмдэглэл” хэмээх алдарт судрыг тэрлэн бичсэн нь өнөөг хүрч ирсэн үнэт эх сурвалж бөгөөд, миний бие шавьтайгаа хамт орчуулж 2011 онд хэвлүүлсэн. Харамсалтай нь энэ сударт их хааны дүр төрхийн тухай огт дурдсангүй. Үүнийг хоёр зүйлээр таамаглан цайруулж болно.

Нэгдүгээрт, Чингис хаан бусдаас ялгарах юмгүй монгол хүн байж. Тиймээс явуулын хүмүүс түүнийг онцлон дурдаагүй байх нь. Өнөөдөр гадаадын зарим улсад Чингис хааныг монгол биш, казах хүн байсан, япон, орос, европ хүн байсан гэх зэргээр булаалдах болсон. Хэрэв тийм бол түүнтэй уулзаж, бараалхаж явсан Жао Хун, Чанчунь бомбо гээд олон хүн энэ тухай зайлшгүй дурдах ёстой байсан. Үгүй ядаж л “Өнөөх зэрлэгүүдийн чинь дунд нэг огт өөр хүн..., казах хүн, орос хүн байж байна шүү!” гэж дуу алдах байсан нь гарцаагүй. Гэтэл хэн ч тэгж хачирхаж гайхсангүй. Хэрэв тийм байсан бол хожмын Марко Поло, Плано Карпини, Вилгельм Рубрук зэрэг олон элч төлөөлөгчид ч энэ тухай сонсч л таарна. Гэвч хэн ч тэгж хэлсэнгүй, бичсэнгүй. Тэгэхлээр Чингис хаан бол яах аргагүй монгол хүн байсан, хүн гайхаж хачирхамгүй, бусад монголчуудаасаа үл ялгарах эгэл жир монгол хүн л байжээ.

Хоёрдугаарт, “Чанчунь бомбын тэмдэглэл”-ийг бичсэн шавь Ли Жичан нь багшийгаа дагалдаж яваад зам зуурт үлдэж хоцроод, буцах замд нь угтан нийлсэн байдаг. Тийм учраас эл түүхэн үйл явдлыг бичиглэж тэмдэглэсэн гол эх бичээч нь Чанчунь бомбыг Чингис хаанд золгон бараалхахад биеэр байлцаагүй юм. Чухам тиймээс их хааны дүр төрхийг эл номд дүрслэн өгүүлээгүй нь тун магадтай. Тайваньд хадгалагдаж ирсэн Монголын хаад, хатдын хөрөг зургуудын хамт хадгалагдаж байгаа Чингис хааны эш хөргийг үзэж шинжээд олж мэдсэн, төрсөн сэтгэгдлээ одоо хуваалцсу.

Нэгдүгээрт, энэ зураг бол Чингис хааны эш хөрөг эргэлзээгүй мөн. Бүр тодруулвал, 1278 онд Хубилай хаан өвөг эцгийнхээ хөргийг зуруулах зарлиг буулгаж зуруулсан тэр хөрөг мөн гэж үзэж байна. Ингэж үзэх хэд хэдэн учир байна. Юуны өмнө энэ хөрөг бол энд тэндээс, өөр газраас, хожим хойно тэгж ингэж олдсон гэсэн зохиомол үлгэр домоггүй. 1949 онд Дундад Иргэн Улсын Ерөнхийлөгч Чан Кайши Хятадаас дүрвэн Тайвань арал руу гарахдаа, лавтайяа сүүлийн мянга орчим жилийн туршид Хятад орныг эрхшээсэн үе үеийн зүрчид, монгол, хятад хаад төр барьсаар ирсэн Бээжин дэх Хааны ордонд тэдгээр үе үеийн хаад, дээдсийн эдэлж хэрэглэж, хадгалж хамгаалж ирсэн хэдэн мянган эд өлгийн зүйлс, хаадын эрдэнэсийн санг зөөж авчирсны дотор энэ хөрөг хүндтэй байр эзэлдэг хосгүй үнэт өв дурсгал юм.

Хоёрдугаарт, тэгэхлээр Чингис хааны энэ эш хөрөг бол олон үе дамжин хааны ордонд хадгалагдаж ирсэн эх хувь мөн. Хөрөг дээрх дүр бол өөр хэн нэгэн биш, Чингис хаан мөн гэдэгт эргэлзэх хэрэггүй. Зарим хүн энэ зураг дээрх дүрийг Чингис хаан биш, энэ бол хятадын цэргийн жанжин гэх нь байдаг. Шуудхан хэлвэл, Монголын Юань гүрний эсрэг улаан алчууртны бослогыг зохион байгуулан удирдаж, монголчуудын эсрэг хядлага үйлдсэн Шань мужийн захирагч Гоу Цишин гэгч хүн хэмээн 1743 онд Шангуан Жоу гэдэг хүний бичсэн номонд байдаг гэнэ. Тэр номын үгээр бол Гоу Цишиний хөргийг Чингис хааны хөрөг болгон засахдаа сахал нэмж, малгайг нь ангийн үсээр чимэглэн, өмсгөлд нь эмжээр нэмсэн гэнэ. Ийм зүйлд итгэхийн аргагүй юм. Тэгээд ч өнөөдөр Чингис хааны хөрөг хэмээх нэртэй зураг хоёр байдгийн нэг нь Бээжинд хадгалагдаж байдаг бөгөөд эл номд чухам тэр хөргийн тухай өгүүлсэн нь магадтай.

Гуравдугаарт, Тайванийн музейд ганц энэ зураг хадгалагдаж байгаа бус, үүний хамт Юань гүрний Монгол хаад, хатдын 25 зураг бий. Тэдний эдэлж хэрэглэж асан зүйлс, эш хөргүүд, хувийн цуглуулгад байсан Юань гүрнээс ч өмнөх цаг үеийн уран зураг, бийрийн уран бичлэгүүд байна. Эд бүгд тэртээх 13 дугаар зуунаас хамтдаа хадгалагдсаар өнөөг хүрч ирсэнд эргэлзэх нь илүүц буй заа. Ялангуяа Монголын хаад, хатдын эш хөргүүд бүгд нэг эх загвартай, дээр өгүүлсэнчлэн хаад, хатдын хөргийг зурах тогтсон журам, тиг жаяг байсны дагуу бүтээгдсэн хөргүүд юм.

Дөрөвдүгээрт, Чингис хааны хөргийг зурахад Хубилай хаанаар үлгэр болгосон гэдэг үг үнэний ортой байна. Үүнийг хоёр хааны хөргийг зэрэгцүүлэн харахад төвөггүй мэдэгдэнэ. Чингис хааны хөрөг дээр хааны асаасан дээл, малгай нь ерөөсөө л Хубилай хааны хөрөгт түүний өмссөн тэр дээл, малгай дүрээрээ байна. Хоёр зургийг зурахдаа нэгийг нь суурь болгож, түүнийгээ нөгөөг нь зурахдаа шууд ашиглажээ гэж хэлж болохоор. Хоёр хааны тэргүүн, нүүр царай, сахал үс, чих зэрэг эрхтнийг маш адилхан зуржээ. Та бүхэн ажигтун.

Ингээд үзэхээр энэ хоёр зураг нэг үед нэг дор бүтээгдсэн, нэг зураачтай нь эргэлзээгүй байна. 1368 онд Хятад дахь Монголын ноёрхол дууссаны дараахан бичигдсэн “Юань улсын судар”-т тулгуурлан Өвөр Монголын эрдэмтэн Сайшаал “Чингис хааны товчоон” бүтээлдээ бичсэнчлэн, Хубилай хаан өөрөөрөө үлгэр болгон зуруулсан гэдэг нь үнэн, харин өтөл насны овор суулган үрчлээс нэмж зуруулсан гэдэг нь худлаа баймаар. Яагаад гэвэл 1279-80 оны үед буюу уг хөргүүдийг бүтээж байх тэр цагт Хубилай хаан өөрөө өвөөгийнхөө тэнгэрт хальсан тэр насан дээр ирсэн буюу 65-тай болоод байсан тул тэгж овор суулгаж, үрчлээс зураас нэмэх шаардлагагүй санагдана. Харин өвөөгөө ямархуу дүр төрхтэй хүн байсан талаар зураачид сайн хэлж зөвлөсөн байж таарна.

Энэ бүхнээс үзэхэд, өдгөө Тайваньд хадгалагдаж байгаа эл зургийг их хааны өөрийнх нь зураг биш, хятад жанжны зураг гэх аваас Хубилай хааны хөргийг ч өөрийнх нь биш, өөр хүний зураг гэж үзэхэд хүрнэ. Гэтэл өнөөг хүртэл Хубилай хааны хөргийг өөрийнх нь биш гэж байсангүй, бас энд хадгалагдаж байгаа их хааны хөргийг ч өөрийнх нь биш гэж байсангүй. Дахин хэлэхэд мөн, биш гэж мэтгэлцэж ирсэн тэр маргааны бай бол өөр зураг юм аа.

сонин mn

Энэ бүхнээс үзэхэд, өдгөө Тайваньд хадгалагдаж байгаа эл зургийг их хааны өөрийнх нь зураг биш, хятад жанжны зураг гэх аваас Хубилай хааны хөргийг ч өөрийнх нь биш, өөр хүний зураг гэж үзэхэд хүрнэ. Гэтэл өнөөг хүртэл Хубилай хааны хөргийг өөрийнх нь биш гэж байсангүй, бас энд хадгалагдаж байгаа их хааны хөргийг ч өөрийнх нь биш гэж байсангүй. Дахин хэлэхэд мөн, биш гэж мэтгэлцэж ирсэн тэр маргааны бай бол өөр зураг юм аа.

Эцэст нь мөхөс бичгийн хүмүн бээр нэгэн зүйлийг монгол түмэндээ хүргэх гэсэн билээ. Тэр бол Чингис хааны харц авай. Тийм ээ, эл хөрөг дээрх Чингис хааны харц тун учиртай анам. Хөргийг хэдэнтээ дэргэдээс нь харж, нягтлан шинжиж, тогтон харах тусам их хааны харц ер бишийн болох нь улам бүр мэдрэгдэнэ. Их хааны харц үнэхээр жир биш, ямархан нэгэн ид шид, нууцхан увьдас шингэсэн мэт харагдана. Тогтон харах тусам тэр харц далд гүн утга агуулах мэт, хүнд гүн бодолд автсан мэт, эс бөгөөс чимээгүйхэн ямархан нэгийг асуух мэт ээ. Олон үеийн туршид ордонд залагдаж, үр хүүхэд, ач зээ, хойч үеийнхэндээ шүтэгдэж ирсэн энэ зурагт их хааны сүнс, сүлд хийморь шингэсэн байж таарна аа. Леонардо Да Винчийн зурсан “Жоконда” хэмээх алдарт зураг Париж хотноо Луврын музейд залаастай байдаг. Тэр зураг дээрх Мона Лиза хатагтайн инээмсэглэл хэдэн зууны туршид хүн төрөлхтнийг гайхашруулсаар ирсэн билээ. Жокондагийн үл ялиг инээмсэглэл асар их нууцыг агуулсан хэмээн цэцэрхэн өгүүлэгчдийн цуваа үл тасарна.

Тэр инээмсэглэл нээрээ ямархан далд нууцыг агуулдаг билээ? Үүн шиг Чингис хааны харц асар ихийг агуулнам, өгүүлнэм. Их хааны эл хөрөг ном хэвлэлд орсон, цаасан дээр буулган хувилж, зарж байдгаасаа өөр аж. Дэргэд нь зогсч байгаад хажуу тийш алхан хөдлөхөд тэр харц дагаж хөдлөх шиг болно. Зогт ус ч дахин ажихуйд далдын ид шид, увьдсаар ховсдон татаж, тэр харцаараа чимээгүйхэн шивнэх шиг болно. Их хааны харц ямархан далдын нууцыг агуулнам, бас ямархан учрыг өгүүлнэм бол? Та ажигтун, тайлагтун!

Тайванийн музейд буй Монголын түүх, соёлын холбогдолтой хосгүй эд үзмэр, гайхамшигт өв дурсгалуудыг Монголдоо аваачин монголчууддаа үзүүлэх талаар бид ярилцаж байгаа. Хэзээ нэг цагт, гэхдээ хол биш ойрхон нэгэн цагт эрхэм уншигч та тэдгээрийг, түүний дотор их хааныхаа эш хөргийг үзэх завшаан буй гэдэгт итгэнэм. Тэр цагт та, их хааны харцыг сайтар тогтон ажаарай. Тэр харц асар ихийг өгүүлнэм, бас далдхан нууцыг агуулнам...

2015 онд Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулж Улаанбаатар хотод хийсэн Олон улсын Монголч эрдэмтдийн Их хурлын үеэр энэ эш хөргийг өндөр технологийн тусламжтайгаар хувилан авчирч Төрийн түүхийн музейд залсан. Тэр эш хөргийн тигээр олшруулан хувилж байгууллага, айл өрхөд хүргэж байгаа буй заа.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн ухааны доктор Я.Ганбаатар


Сэтгэгдэл

зочин [66.181.160.49] 2022-11-08 08:00:21

Я.Ганбаатар танд цаашдын ажил хөдөлмөр, улам ихийг судалж бидэнд сайхан өгүүллэг олныг бичиж байгаарай гэж хүсэн ерөөж байна. Маш тодорхой их сайхан, яг л тэр үед байсан шиг сэтгэл төрлөө.Их эзэн Чингис хааны эш хөргийг залахдаа хэлсэн үгийг нь бас зарлиг болгон нийтэлмээр санагдана. АЛД БИЕ МИНЬ АЛЖААВАЛ АЛЖААТУГАЙ, АГУУ ТӨР МИНЬ БҮҮ АЛДАРТУГАЙ гэсэн үгийг бичвэл ёстой л жинхэнэ эш хөргийг залах учир утга оршино гэж бодож байна. Ингэж бичээгүйгээр залбал төр засаг яаж ч дураараа загнасан ч болох тийм л будлиантай санагдана. Иргэн бүр, монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд агуу хааны дүр хөрөг, хэлсэн үг нь үүрд мөнх оршвол Монгол Улс маань цэцэглэн хөгжинө.

Зочин [188.150.67.42] 2022-07-27 10:30:17

Gailhaltai saihan bichjee


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.