С.Мөнхчулуун: Үүрэн телефоны операторууд хэрэглэгчдийг хохироосон гомдлуудыг шалгаж эхэллээ
- “М.Ундраа: Юнителийн дата шахсан зарлал өдөржин мессежээр ирнэ. Баяраар ядаж ганц гега ч бэлгэнд байхгүй, үнэн нарийндаа хатсан газар-
Үүрэн телефоны үндэсний операторууд хэрэглэгчдийг хохироодог гомдлууд байнга гарч байдаг. Сүүлийн үед Юнител корпорац илтэд хууран мэхлэх шинж чанартай мессежүүдийг хэрэглэгчид рүүгээ илгээх боллоо. Тухайлбал, “Уулзахаар товлосон найз руугаа “Булан тойроод л орлоо гэж залгахаасаа өмнө “Орчны чимээ” үйлчилгээг ашиглан замын түгжрэлд байгаа мэт дуу оруулахыг хүсвэл ON гэж хариу илгээгээрэй. Хэдэн ч удаа солих боломжтой”, “Танд бэлэг ирлээ. U гэж хариу илгээнэ үү” гэх мэтээр цааш уртаас урт хөвөрнө. Хэрэглэгчдийн хамгийн эгдүүцэл хүргэмээр зүйл нь бэлэг авах хүсэлт явуулсан ч “Амжилтгүй боллоо. Дахин хүсэлт явуулна уу” гээд болдоггүй. Мөн тавдугаар сард бүх хэрэглэгч рүүгээ дайныг дэмжсэн суртал ухуулга бүхий мессежийг илгээсэн байх юм. Мөн хэрэглэгчдийн бас нэг таагүй ханддаг зүйл нь Юнител корпорац шөнө хүн амарч байх цагаар мессеж явуулж, залгадаг гэх гомдол юм. Хэрэглэгч Г.Цэнгэл ярихдаа “Би Юнителийн хэрэглэгч. Сүүлийн үед байнгын хууран мэхлэх чанарын мессеж явуулж байна. Орчны чимээгээ өөрчил, өөрийн дуу хоолойгоо өөрчил гэх мэт. Тэгээд байсгээд зөвхөн танд гэсэн бэлэг явуулна. Түүнийг нь тэр болгон авч чаддаггүй. Хугацаа заана. За тэр ч яах вэ гэхэд хүн шөнө амарч байхад гэнэт тух алдуулж мессеж ирнэ. Хэн харанхуй шөнө бичдэг байна аа гээд харахаар юнител. Хэрэглэгчдийнхээ амар тайван байдлыг алдагдуулах бол юу ч биш бололтой. Тэр мессежээ ядаж ажлын цаг дуусахаас өмнө явуулж байвал таатай байна” гэв.
Үүгээр ч зогсохгүй дата хэрэглээгээр нь хэрэглэгчдийг хохироодог тухай баримтууд сошиал орчинд маш их хөвөрдөг. Хувиараа бизнес эрхлэгч М.Ундраа ярихдаа “Юнител ч дээ дата шахсан зарлал өдөржин мессежээр ирнэ. Дата нь хурдан дуусна хааяа сүлжээ унана хотын төвд байхад шүү дээ. Баяраар ядаж ганц гега ч бэлгэнд байхгүй, үнэн нарийндаа хатсан газар. 40 мянган төгрөгний багц нь сүлжээ харгалзахгүй хязгааргүй. 10 гегабайт өгдөг ч тэр нь сарын эхний хэд хоногтоо дуусчихна. Нэмэлтээр өдөр болгон дата авна. Анх 24 цагийн эрхтэй 1 гега дата 1000 төгрөг байсан ч одоо 2500 төгрөгөөр 24 цагийн эрхтэйгээр 2 гега авдаг болчихсон. Тэгээд нөгөөх нь шальтай юм ч хийгээгүй, үзээгүй байхад 24 цаг нь болоогүй дуусчихна. Дээрээс нь төлбөрөө төлөөд нээгээд өг гэхээр мэйл явуул гэдэг. Таны мөн эсэхийг шалгана ч гэх шиг. Уг нь НӨАТ-тайгаа би сард 44000 төгрөгний төлбөр төлөх ёстой ч байнгын нэмэлт хэрэглээ хийсээр дор хаяж 80 мянга гардаг. Багадаа шүү. Ингэж дата хэрэглээгээр нь далимдуулаад шулдаг юм байна лээ” гэлээ. Мөн нэгэн хэрэглэгч цахим хуудсаараа дамжуулаад “Би сумын төвөөсөө юнителийн дугаар авсан. Тэгсэн Багийн дарга @UnitelOfficial-ийн ажилтан болчиж байгаа юм уу Төрийн сонгуульт албан хаагч биз дээ” гэсэн байв. Дахин нэгэн хэрэглэгч “Юнител өдөр шөнөгүй залгаад 8801 шинэ дугаар үнэгүй аваач ээ хүргээд өгнө гэсээр байгаад өгч билээ. Би нөгөөхийг нь аваад л мартчихсан байна лээ. Нэг мэдсэн муу зээлдэгч болчихсон байсан. Миний л мартамхайгаас болсон байх л даа” гэж бичжээ. Энэ мэтээр Юнител корпорац хэрэглэгчээ хохироосон хуурсан сэтгэгдлүүд цахим орчинд дүүрэн.
Харин энэ талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунаас тодрууллаа.
-Юнител компани сүүлийн үед илт хууран мэхлэхийг уриалсан шинж чанартай мессеж илгээх боллоо. Өрсөлдөөний зарчмаараа ингэж уриалах нь зөв үү?
-Шалгаж байж л тодорхой болно доо. Өрсөлдөөний хууль зөрчсөн гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ зар сурталчилгааны тухай хууль юм уу, хэрэглэгчийн эрх ашгийг хөндсөн гэж үзээд ямар хуулинд хамаарахаар байна судалж үзнэ. Одоо бол худалдааны тухай хууль, хэрэглэгчийг хохироох үйлдэл гээд шууд хэлчих боломжгүй. Үүрэн телефоны операторуудтай холбоотой гомдлууд маш их гардаг. Нэг хоёр хүний асуудал гээд шийдээд явуулчихаар дараа нь дахиад тэр гомдол хувь хүн дээр шийдэгдээд нийтээрээ шийдэгдэхгүй асуудал байгаад байна. Би наадмын өмнө сошиал орчинд зарлал тавьсан. Үүрэн телефонтой хамаатай гомдлуудаа нэгтгээд өгөөрэй гээд. Маргаашнаас (өнөөдрөөс) үүрэн телефоны операторуудтай холбоотой дүрэм журам, хэрэгжүүлж байгаа үйлчилгээтэй нь холбоотой нэгдсэн шалгалт хийхээр ажлын хэсэг гаргаж байгаа. Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтарсан ажлын хэсэг гаргаад хэрэглэгчийг хохироосон, хууль дүрэм журам зөрчсөн ямар асуудал, үйлдлүүд байна нэгдсэн шалгалт хийгээд дүрмийг нь өөрчлүүлэх, журмыг нь өөрчлүүлэх, арга хэмжээ авъя гэж бодож байгаа. Тэгэхгүй бол хэрэглэгчээс дата, сүлжээ унадаг, төлбөр их гардаг, дата нь сар болохгүй дуусдаг. Сар болохоор үлдсэн дата нь сунгагдахгүй устдаг, нэгж шилжүүлж болохгүй байна гэх мэтээр маш олон санал гомдлууд ирдэг. Тиймээс хүн хүний асуудлыг тус тусад нь шийдэхгүй нэгдсэн журмаар өөрчлүүлье. Журмыг нь өөрчлүүлье гэсэн үндсэн дээр нэгдсэн ажлын хэсэг гарч байгаа. Тэр үүднээс судалж байгаа.
-Юнител, Мобиком үүрэн телефоны салбартаа монопол тогтоочихсон. Тэр үүднээсээ хэрэглэгчдийг хохироодог, илүү төлбөр авдаг гэсэн гомдлууд их байдаг. Энэ тухай гомдол танайд хэр их ирдэг вэ?
-Давуу байдлаа ашиглан монопол тогтоодог гэсэн асуудлыг үүрэн телефоныхон гаргаж байгаа. Шинээр гарч ирж байгаа Ондо гэж оператор байна. Тэднийхээс жишээ нь, холболт хийхгүй байна. Өрсөлдөөний хууль зөрчиж байна гэдэг гомдол ирсэн. Нөгөөдүүл нь болохоор Ондо өөрсдөө холболт хийгээгүй байж хэрэглэгчдийг төөрөлдүүлж, холбогдсон гэж зарлалаа гэж үзээд байгаа. Тиймэрхүү гомдлууд ирж байна. Бусдаар хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн гомдлууд түлхүү ирдэг.
-Та ажлаа аваад удаагүй байгаа. Энэ хооронд үүрэн телефонтой холбоотой гомдлууд хэр их ирэв?
-Би ажлаа аваад гурван сар болж байна. Үүрэн телефонтой холбоотой хэрэглэгчийн гомдол түлхүү ирдэг. Жишээ нь, ажлын хэсэг гаргая гэж хэлсэн шүү дээ. Ер нь энэ төрлийн гомдол их болохоор ажлын хэсэг гаргая гэж байгаа юм. Манай хэрэглэгчийн гомдол мэдээллийг авдаг 115 дугаарт олон давтамжтай ирнэ. Түүнийг манайх газар дээр нь шийдвэрлэж Мобиком, Юнител аль нь ч байсан холбогдоод ярихыг нь яриад хялбаршуулсан журмаар шийддэг. Заримыг нь бичиг хүргүүлж, шийдэх боломжтой асуудлуудыг шийдвэрлэдэг. Тэгэхээр хүн нэг бүр дээр шийдэж ингэж явалгүйгээр цаашаа нэгдсэн журмаар дүрэм журмыг нь өөрчлүүлье гэж үзэж байгаа. Тэгэхгүй бол 3 сая хэрэглэгч энд тэнд хохироод байдаг. Дүрэм журам нь болохгүй байгаа бол түүн дээр нь ажиллая гэдэг байдлаар ажлын хэсэг гаргахаар болсон. Ер нь энэ төрлийн гомдол их давтамжтай гардаг. Дээрээс нь монопол тогтоож шинэ байгууллага орж ирэхэд нь оруулахгүй саад болдог. Ондо нь албан ёсоор зөвшөөрлөө аваагүй болохоор холболт хийгээгүй гэх мэтээр хэрэглэгчдийг төөрөлдүүлж байна. Тиймэрхүү шинэ компани байгуулагдах гэж байгаатай холбоотой санал гомдлууд бас ирж байгаа. Бусдаар бол хэрэглэгчдийн эрх ашгийг хохироосон гомдлууд байнгын өндөр давтамжтай ирдэг. Бид бүх хуулиудаа харж байгаад зөрчилтэй байж магадгүй гэсэн гомдлуудаа шийдүүлж, өөрчлүүлнэ шүү дээ. Түүнээс хүн болгоны хүссэнээр бараг л үнэгүй ярья гэвэл түүнийг өөрчлүүлэх боломж байхгүй.
ӨДРИЙН СОНИН: Нийтлэлч: СОСОРБАРАМЫН ОТГОНБАЯР
Сэтгэгдэл
Зочин [139.5.216.35] 2022-07-28 06:05:58
Нэг хэсэг мобиком монопол тогтоогоод хэрэглэгчдийг их хохироодог байсан одоо бол юнитель гэж ёстой долоон дор луйварчин гарч ирсэн.Манай гэр бүл ойр дотны хүмүүс юнител,мобиком,скатель гэсэн янз бүрийн опеаторийн хэрэглэгч тул харьцуулалт хийх боломж олддог.Юнител хамгийн адгийнх нь.Юнителийг больё гэж боддог боловч олон жил барьсан дугаар болохоор тэсээд байдаг.Ядаж байхад шинэ дугаар ав гэсэн мессеж байнга ирнэ.Чиний өмнөх дугаараас яаж салахав гэж байхад битгий байнга донгодоод бай гэж хэлмээр санагддаг шүү.
Зочин [203.23.199.221] 2022-07-28 04:55:02
Мөнхчулуунаа төрийн ажлаас хол бай. Бид өөрөөр сэтгэдэг болсон.
gar [66.181.178.159] 2022-07-27 20:27:30
ONDO bol estoi hudlaa shuu
Зочин [202.126.88.155] 2022-07-27 16:03:53
Fuck mcs!!!
Иргэн [202.126.90.91] 2022-07-27 11:23:56
Үүрэн утасны операторууд нь баян хүмүүсийн мэдээллийг ядууст өгдөг ба ядууст үнэгүй байршил тогтоогч программуудыг суулгаж өгдөг. Ийм аргуудаар гуйлгачид нь орон сууцныхны араас хөөцөлддөг юм.
Мобиком [202.9.41.20] 2022-07-27 08:30:45
Мобикомын 5-13 насны хүүхдийн Стар дугаар луу өдөр шөнөгүй +18, +21 ангилалын мсж реклам ирдэг. Жишээ нь Ийм тийм баар шөнийн клуб нээгдлээ, хямд архи виски зарна, Тайчигч баар нээгдлээ, Чалх нэмэгдүүлдэг тос аваарай, Түрхдэг Виагра гэх мэт мсж рекламууд ихээр ирдэг шүү, үүнийг шалгаж арга хэмжээ авна уу!!!!
Иргэн [202.9.41.20] 2022-07-27 08:27:04
Дээр нь нэмээд Юнивишн, СкайМедиа, Вүү Воо, Ори зэрэг гэрээгээрээ хүн хуурсан Луйварчид байгаа шүү!!!!
д.Алтанцэцэг [66.181.178.67] 2022-07-27 07:06:51
янз бүрийн аргаар хүний нэгж авахадаа их сайн маш хурдан нэгж дуусдаг сонин газар дата ашиглаагүй байхад нэгжнээс суутгадаг төв дээр нь очиж сургалахаар сонин юм их ярих юм б.на лээ миний 3000-н гэнэт алга болоод очиход таныг энд ирсэний сэтгэл хамжийн баталагаа гээд эрүүлээд өгч байх шиг балай газар
Зочин [202.126.89.245] 2022-07-27 06:22:10
Hereglegchidiig oor company hereglegch bolson deer umdaa
Зочин [202.126.89.213] 2022-07-27 05:38:42
Юнителийг та нар яагаад ч дийлэхгүй, ард нь Эм си эс гээд бүх зүйлийг өөртөө ашигтайгаар эргүүлээд гаршсан том корпораци байгаа. Саяхан л гэхэд HBO сувгийг бусад оператор гаргах эрхгүй болгож гэрээ хийсэн, хэрэглэгчийн сонголт хийх эрхийг зөрчөөд байгаа