“Сайн сэлж чадахгүй ч хүний амь чухал байсан учир эргэлзэлгүй шууд гол руу орсон”
Энэ сарын 25-ны өдрийн 12:00 цагийн орчимд Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Анхбаяр, жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Энхбат нар "Их хурд-9" наадмын хамгаалалтад үүрэг гүйцэтгэн буцах үедээ Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын иргэн Т-г Хэрлэн голд хөл алдан живж байхыг хараад шуурхай уснаас гаргаж анхны тусламж үзүүлжээ.
Тэд гол орчмоор явж байх үеэрээ хүний орилох дууг сонсон гол руу орж живж байсан иргэнийг татаж гаргасан юм. Живж буй хүнийг аварсан цагдаа нартай цөөн хором ярилцлаа.
-Та хоёр өөрсдийгөө танилцуулаач. Цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байгаа вэ?
Энхбат: -Намайг Дугарсүрэнгийн Энхбат гэдэг. Би Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст 2019 оны 9 дүгээр сард томилогдоод одоог хүртэл 3 дахь жилдээ ажиллаж байна.
Анхбаяр: -Намайг Нэргүйн Анхбаяр гэдэг. Би 2001 оны 8 дугаар сарын 31-нд Хэнтий аймгийн Чингис хотод төрсөн. Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийг 2021 оны 12 дугаар сард хамгаалалтын цагдаагаар төгсөж, Бор-Өндөр сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст хамгаалалтын цагдаагаар томилогдон 9 дэх сардаа ажиллаж байна.
-Саяхан Хэрлэн голд хөл алдан живж байсан иргэний амийг аварсан талаараа ярихгүй юу. Та хоёр хоёулаа усанд сэлж чаддаг уу?
Энхбат: -Манай хэлтсийн алба хаагчид “Их хурд-9” баяр наадмын хамгаалалтад ажиллаад Бор-Өндөр сум руу буцаж явах үедээ Хэрлэн голын эрэгт нүүр гараа угаахаар түр саатсан. Тухайн үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат иргэн “Т” голд хөл алдан живж байхыг би хараад цагдаагийн дэд ахлагч Н.Анхбаяр ойрхон байсан учир түүнд хүн живж байгааг хэлсэн. Н.Анхбаяр гол руу түрүүлж үсэрч ороод иргэнийг барьж авсан, араас нь би гол руу үсэрч ороод тухайн иргэнийг голоос хамт татан гаргасан. Миний хувьд Хэнтий аймгийн Хэрлэн суманд багадаа төрсөн болохоор Хэрлэн голын усанд ордог байсан. Усанд сэлэхдээ тийм ч сайн биш ч өөрийн хэмжээнд сэлчихдэг.
Анхбаяр: -Тухайн үед хамгаалалтад ажиллаж дуусаад хувцас хунар нэлээд тоос шороо болсон байсан болохоор гол дээр очсон. Тэр үед цагдаагийн дэд ахлагч Д.Энхбат “голд хүн живээд байна” гэж орилсон. Тухайн үед хаана хэн живээд байгаа нь харагдахгүй байсан. Тэгтэл голын дундаас хүний толгой, гар цухуйгаад буцаад алга болсон. Тэр чиглэлээр нь баримжаа аваад л гол руу орсон. Би усанд сэлэхдээ их муу. Дотоод хэргийн их сургуулийн ахлагчийн сургуульд суралцаж байхдаа усан бассейн сургалтад хамрагдаж түүний ачаар усанд сэлэх анхан шатны техникийн мэдлэгтэй болсон тэрнээс бол усанд их муу /инээв/.
-Тухайн иргэнийг хараад ямар бодол төрсөн бэ? Усанд сэлж чадахгүй ч ус руу орсон гэлээ.
Анхбаяр: -Хамгийн түрүүнд тэр хүний амь насыг аврах талаар бодож өөрийн мэдэлгүй л гол руу орсон доо. Тухайн үед сэлж чадахгүй яах билээ гэж бодох сөхөөгүй тухайн иргэнийг яаралтай уснаас гаргах хэрэгтэй гэж бодоод л гол руу орчихсон.
Энхбаяр: -Хүнийг уснаас аврах бас тийм ч амархан биш байдаг юм байна. Тухайн иргэн болон цагдаагийн дэд ахлагч Э.Анхбаяр нар хоёулаа усанд сэлж чадахгүй ч аз тохиож тухайн иргэний амь насыг аварсандаа баяртай байна.
-Цагдаагийн алба хаагчид бол чимээгүй баатрууд. Тэд өдөр бүр л иргэдийг аливаа осол, гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалж эрдэнэт хүний амийг авардаг баатарлаг алба шүү дээ. Өмнө нь бас амиа хорлохыг завдсан иргэний амь насыг аварч байсан гэсэн?
Анхбаяр: -Өнгөрсөн 2021 онд амиа хорлохоор завдсан иргэнийг аварч байсан. Тухайн үед би 7 дугаар сард Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх баярын ёслолын жагсаалд хамрагдаж дуусаад гэртээ амарч байтал жижүүрээс залгаж “танай хажуу талд хүн өөрийгөө боомилох үйлдэл гаргах гэж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Чи ороод шалга” гэж хэлэхээр нь ороход иргэн өөрийгөө боомилсон байсныг зогсоож, анхан шатны тусламж үзүүлж байсан.
-Урин дулааны улиралд иргэд гол, нуурын эрэг дагуу ихээр амарч зугаалж, голын усанд осолдож, эндэх тохиолдол гардаг. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгөөч?
Энхбат: -Урин дулааны цаг болж байгаатай холбогдуулан онцгой байдал болон цагдаагийн байгууллагаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах талаар мэдээ, мэдээлэл хүргэж байгаа. Ялангуяа үер усны улмаас гол, нуур, цөөрмийн түвшин дээшилсэн энэ үед ард иргэд амарч, аялж зугаалгаар явахдаа бага насны хүүхдүүдийг гол, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, хийлдэг завь, гудас ашиглуулахгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байхыг зөвлөж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл
Зочин [66.181.185.47] 2022-07-28 03:13:08
Эргүүлэгтэй газар усчин ч өөрөө живдэг юм!!!!
Зочин [64.119.21.174] 2022-07-28 02:37:55
Цагдаагийн гүзээтэй хурандаа генёралуудаа цагдаа нараа сэлж сургаачэээ
Зочин [202.55.191.194] 2022-07-28 01:54:25
Монголын бахархал болсон залуус
Zocnin [174.90.223.248] 2022-07-27 19:48:15
Tsaad hun cnin zuiraldcnihwal ooroo cn amia aldana I Yostoi hunii toloo sain zaluucnuud bna .
Зочин [192.82.83.91] 2022-07-27 14:01:41
Хэдийгээр сайн үйлс бүтээсэн ч гэлээ аминдаа хайргүй, согтуу хөлчүү хэнэггүй юмнуудын араас орж алтан амиа алдав даа. Ядаж аврах хувцас тоног төхөөрөмжтэй бол өөр хэрэг. Эргүүлэгтэй газар бол 2уулаа живдэг гэсэн!!!
Зочин [66.181.161.118] 2022-07-27 12:15:16
Мундаг залуус өөриин амь насыг үл хайхран усруу орж хүнии амь аварсан нь бахархалтай хэрэг Мэдээж живж байсан хүнии ар гэр үр хүүхэд аав ээжид нь амьдын жаргал бэлэглэсэн буянтай үйл болжээ Зөв хүнии үйлдэл нүднээс далд ч зөв гэдэг үнэн ажээ
Зочин [202.126.90.105] 2022-07-27 09:19:50
Mundag zaluus, baharhaj baina .