Н.Энхбаяр: Нүүрсний биет хэмжээ энэ хэвээр байвал оны эцэст 20 сая тонн л хүрнэ 

Aдмин / Эдийн засаг

Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


-Олон улсын валютын сангаас энэ оны дэлхийн эдийн засгийн төлвийн талаарх шинэ таамаглалыг танилцууллаа. Таамгаас та юуг онцлох вэ?

-Олон улсын валютын сан /ОУВС/ улирал бүрийн эхэнд дэлхийн эдийн засгийн тоймыг шинэчилдэг. Дөрөвдүгээр сард ОУВС-ын хаврын уулзалт Вашингтонд болдог. Энэ жилийн гурав дахь тоймыг өнгөрсөн мягмар гаригт танилцууллаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан таамаглалд дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3,6 хувьд хүрнэ гэж үзсэн бол одоо 3,2 хувь болгон буурууллаа. 2021 онд 6,1 хувьтай байсан, 2023 онд 2,9 хувьтай болно гэж таамаглалаа. Өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлт 2021 онд 5,2 хувь, одоо 2,5 хувь, ирэх онд 1,4 хувьтай байхаар таамагласан. Хөгжиж буй орнууд өнгөрсөн онд 6,8 хувь, энэ онд 3,6 хувь, ирэх онд 3,9 хувьтай байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн гол өсөлтийг хөгжиж байгаа ази буюу Энэтхэг, Вьетнам, БНХАУ улсууд бүрдүүлж байна. Өндөр хөгжилтэй орнууд, хөгжиж байгаа орнууд дотроо Хятадын эдийн засгийн өсөлт тааруу байна.

-Шалтгаан нь юу вэ?

-Хамгийн гол хүчин зүйл бол дайн, дайныг тойрсон хориг арга хэмжээ. Үүнээс болоод дэлхийн түүхий эдийн гол нийлүүлэлт тасалдсан. Европд эдийн засгийн хоригтой холбоотойгоор Украин, ОХУ, Беларусийн эдийн засаг хасахтай гарсан. Гурав, дөрөвдүгээр сард -9,3 гэж таамаглаж байсан бол Оросын засгийн газар, төв банкнаас авч байгаа арга хэмжээ үр дүнгээ өгч бууралт харьцангуй бага байна. Хэрэв Украин, ОХУ-ын дайн эхлээгүй байсан бол өдийд ковидын дараах эдийн засгийн сэргэлт бий болох байлаа.

-Олон улсын валютын сангаас ямар зөвлөгөө өгсөн бэ?

-Нэгдүгээрт, улс орнууд инфляцийг хяналтдаа авах ёстой, ялангуяа өндөр хөгжилтэй орнууд. Хоёрдугаарт, мөнгөний бодлогоо хатууруулах ёстой. Гэхдээ бодлого хэрэгжүүлэхдээ эмзэг давхрагыг хамгаалах арга хэмжээгээ байнга авах ёстойг зөвлөж байна.

-Энэ тааруу таамаг нь манай улсын эдийн засагт ямар нөлөөтэй вэ?

-Манай улсын эдийн засгийн сааралт гаднаас биш дотроосоо шүү дээ. Зэс, алтны үнэ саяханыг хүртэл гайгүй байлаа. Нүүрсний үнэ өслөө. Түүхий эдийн үнээс боллоо гэх асуудал байхгүй.

-Манай улсын эдийн засгийн хамгийн том асуудал юу вэ?

-Бидний тодорхойлж байгаа зорилго тохиромжгүй байна. Нөгөө л 2010 оноос хойш анхааруулж буй түүхий эдийн хамааралт байдлаа ойлгохгүй байна. Манай эдийн засаг түүхий эдээс хамааралтай, бидний мөрөөдлөөс хамаарахгүй Эдийн засагчид эдийн засаг байнгын өсөлттэй байдаггүй өсч, буурч явдаг гэдгийг тайлбарласаар байдаг. Гэвч тоодоггүй, улс төрчид үргэлж өсөлттэйгөөр төсөөлдөг. Энэ нь маш буруу. Дараа нь хилийн боомтын тээвэрлэлтийн хүчин чадлын асуудал. Манай улс Австрали, Индонез шиг урт хугацааны гэрээ хийдэггүй шүү дээ.

-Тэгэхээр дэд бүтцийн хүчин чадлаа сайжруулах шаардлагатай гэсэн үг үү?

-Тийм, 2019 онд 36,7 сая тонн нүүрс экспортлосон. Зэсийн баяжмал, төмрийн хүдэр гээд бүгдийг нь тооцоход Монгол Улсын экспортлосон ашигт малтмалын хэмжээ 50 сая тонн болж байгаа юм. Энэ бол хамгийн өндөр хэмжээ. Тэр үед бараг жилийн 360 хоног гааль нээлттэй байсан.

Одоо тийм боломж байхгүй. Тэгэхээр ойрын жилүүдийн хамгийн тулгамдсан асуудал дэд бүтцийн хүчин чадлаа сайжруулах. Ялангуяа экспортын гол дэд бүтэц болох Замын-Үүд, Гашуун сухайт, Шивээ хүрэн. Энэ гурван боомт бодит боломжоосоо хамаагүй доогуур байгаа. Өнгөрсөн намар их хурал дээр Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг долдугаар сард хүлээлгэж өгнө гэж ярьсан. Гэтэл өчигдөрхөн Тавантолгой төмөр зам компанийн хэлтсийн дарга Д.Батнасан “Арваннэгдүгээр сард дуусна, ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна” гэж ярьж байна. Арваннэгэн сард дуусах төмөр зам урд хил хүрэхгүй, үүнийг өөрсдөө “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам” гэж яриад байгаа. Тэр хооронд 20км-ын зөрүүтэй. Одоо зураг төслөө гаргаад ажил эхэлж байна, энэ ажил 1,5 жил, монголын ажил бол хоёр жил үргэлжилнэ гэсэн үг. Тэгэхээр 2024 оны зун юмуу намар ашиглалтанд орно. Нүүрсний экспорт нэмэгдүүлэх тухай асуудал бол 2024 оны асуудал болж хувирч байгаа юм. Ирэх онд энэ хэвээрээ л байна. Яг Дарханы зам шиг. Дайны асуудал дууслаа гэхэд 20-25 сая тонн нүүрс л экспортолно. Засгийн газар зүгээр цаасан дээр экспорт нэмэгдүүлнэ гэж тоо бичиж байна, ямар ч амьдралгүй. Бэлтгэл ажил нь ч эхлээгүй байж ажил эхэллээ, ажил тэдийд дуусна гээд хэлчихдэг. Тэр ажил нь зөвхөн цаасан дээр явагддаг. Ингээд л алддагВалютын сангаас тааруу таамаг гарлаа, энэ жилийн эдийн засаг эвгүй байх нь тодорхой болчихлоо. Тэгэхээр одоо яах ёстой вэ?

-Нэгдүгээрт, бид төсвийн тухай хуулиа шинэчилсэн. Сангийн сайдын баталсан олон журам байгаа. Жишээлбэл, улсын хөрөнгө оруулалтын төслийн жагсаалт гаргах. Тэр тухай 2019 оны намар яамдуудаас ирж байгаа хөрөнгө оруулалтын төслийг жагсааж, оноогоор дүгнэнэ гэдэг журам баталсан. Түүнийг 2021 оны зун Засгийн газрын тогтоолоор тогтоол болгон баталсан. Хамгийн сайн эрэмбэтэй төсөл төсөв авна гэдэг зохицуулалт. Гэтэл цаасан дээр батлаад байгаа тогтоолууд хэрэгжихгүй байна. Хоёрдугаарт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль гээд 2020 оны хавар баталсан. Таван жилийн төлөвлөгөөгөө ч баталсан. Энэ хуулийн дагуу жил бүрийн хөгжлийн төлөвлөгөөгөө эдийн засаг, хөгжлийн яам боловсруулж засгийн газар баталсан. 2023 оны төлөвлөгөөг тавдугаар сард боловсруулж, их хурал баталсан. Бодит байдал дээр мөн л хэрэгжихгүй байна.

“2023 оны Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө” гээд л 20 гаруй хуудас хөрөнгө оруулалтын жагсаалт бий. Түүнийг төсөв дээр эх үүсвэрийн тоогоор тавина шүү дээ. Тэр тоо тавих, баталсан жагсаалт хоёрын хооронд зөрүү их бий.

Явц дундаа ажил нь бүтэхгүй, мөнгө нь дутдаг гэх мэт асуудал олон байдаг. Тухайлбал, тавдугаар сургуулийн өргөтгөлийн ажил гурван жил үргэлжилж байна. Ач холбогдлын дарааллаар хийх засгийн газрын тогтоол байхгүй. Бидний төлөвлөснөөс өөрөөр эдийн засаг хумигдчихлаа. Түүндээ нийцүүлж хийх ажлаа багасгах ёстой. Тэгэхээр төсөв боловсруулахаас өмнө хөгжлийн төлөвлөгөөн дахь зорилтуудаа цомхотгох ёстой. Нөхцөл байдал 2020 оны сонгуулийн үед бодож байснаас өөр болчихлоо. Тэгвэл анх тодорхойлсон зорилтоосоо заримыг нь хойш тавих ёстой. Үгүй бол бүгдийг нь хийх гээд тал тал тийш чангаагаад бүх ажил бүтэлгүйтэж байна. Чухал биш ажлуудаа царцааж, гол ажлуудаа эхэлж ахиухан мөнгө төсөвлөх хэрэгтэй. 2022 оны төсвийн зарлага 18 их наяд төгрөг, маш өндөр. 2017 онд 9 их наяд төгрөг байсан төсөв энэ жил 18 болж хоёр дахин нэмэгдсэн. Эдийн засаг өсөөгүй, хоёр жил дараалан буурсан. Дотоодын нийт бүтээгдэхүүний зэрэгцүүлэх үнээр харвал 2019 онд 27,9 их наяд төгрөг, энэ жил ойролцоогоор 27,3 их наяд төгрөг. 2019 оны түвшнээс буурчихсан явж байна. Нөхцөл байдал сайжирлаа ч 2024 оны эцэст 2019 оны түвшиндээ л хүрнэ. Ковид, дайн, бидний бүтэлгүй үйл ажиллагаанаас болж таван жил алдаж байна. Хуулиуд ажлаа цэгцтэй хий гэж хэлдэг ч, бодит байдал дээр хэрэгжихгүй.

-Оны эцэст нүүрсний орлого хэр тасалдах бол, ямар байдалд хүрэх вэ?

-Нүүрсний биет хэмжээ хэвээр байлаа гэхэд оны эцэст 20 сая тонн л хүрнэ. Хамгийн эхний алдаа төмөр зам. Хоёрдугаарт, хятадын өвлийн олимпийг тооцоолоогүй. Хил хаагдана гэдэг нь тодорхой байсан.

-Ирэх жилийн төсөвт төсөөллөө хэрхэн гаргавал зүйтэй вэ?

-Мөрөөдлийн тоо тавихаа больж хөрсөн дээрээ буух хэрэгтэй. 2012 онд их хурлын тогтоол гарсан. Одоогийн барих төмөр зам 2024 онд дуусна. Тогтоол гарснаас хойш 12 жилийн дараа Монгол Улс төмөр замтай болж байна. Ямар ч судалгаагүй ажиллахаа болих хэрэгтэй. Зүгээр явсан эдийн засгийн хөгжлөө баллаж байна. Тэнэглэлийнхээ горыг амсаж байна. Бусад улс оронд ижил төрлийн төсөл яаж хэрэгжиж байгааг судлахгүй зүгээр л аюултай гэдэг. Ирэх онд хамгийн эхэнд 2023 оны хөгжлийн үндсэн чиглэлээ шинээр харах ёстой, заримыг нь хойш нь тавих. Зэсээс олох орлого 2021, 2022 онтой ижил түвшинд байна. Нүүрсний үнэ энэ хэмжээндээ байвал экспорт тэрбум доллар илүү гарна. Гэтэл энэ оны эхний зургаан сарын байдлаар улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -844 тэрбум төгрөг байна. Энэ алдагдлаа бууруулах ёстой. Төлбөрийн тэнцэл, гадаад худалдааны тэнцэл, төсөв алдагдалтай, валютын нөөц хорогдож байна.

-Тэгэхээр ирэх онд бүсээ чангалсан маягтай л байх нь дээ...

-Тийм, дэлхий нийтээр. ОХУ-ын гадаад хэргийн сайд өнгөрсөн ням гаригт хийсэн мэмэдэгдэлдээ дайн үргэлжилнэ гэдгийг маш тодорхой хэллээ. ОУ-ын байгууллага үүнийг харж байна, дайн дууссан ч хориг арга хэмжээ 2-3 жил үргэлжилнэ. Манай улс урд хөрштэй экспортоо хэрхэн хэвээр явуулах вэ гэдэгт л анхаарах хэрэгтэй. Ийм л таагүй байдалтай байна. Хийх ёстой юмаа хийх л ёстой цаг. Сонгуулийн жил төсөв тэлэхээ нэг удаа бууруулах ёстой. Хамгийн аюултай зүйл нь цалин, тэтгэвэр нэмэх. Тиймээс зарим арга хэмжээ, хөрөнгө оруулалтаа танах шаардлагатай. Төсвийн зарлагыг тэлнэ гэдэг дараа жилдээ их сөрөг нөлөөтэй. Шийдвэр гаргах түвшинд мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтийг огт тоохгүй байна. Ирэх оны хамгийн том зорилго төлөх ёстой өрөө хэрхэн дарамт багатай давах вэ гэдэг.


Сэтгэгдэл

Зочин [66.181.182.79] 2023-03-11 00:56:33

Яг онохыг онол гэнэ

Zochin [122.201.24.60] 2022-08-01 14:56:44

Mergejiliin humuusiin ugiig avahgui bna-gej unen hellee,ene jiliinhee gargah nuursniihee mongonii hee talin urdchilaad avaad idchihsen gej sangiin yamnihan yarisan daa..

Амар [124.158.66.178] 2022-07-31 02:50:36

Өө,чааваас. Энэ 7 -р сард ТТ Гашуун сухайтын ТЗ ашиглалтанд ороод алаад өгнө гэсэн чинь шал худлаа хуурч байжээ. Яана даа, одоо.

Судлаач [64.119.22.78] 2022-07-30 14:35:58

Хэвлэлээр юу ч мэдэхгуй, мэдэмхийрдэг зарим нехдийн дэргэд мэргэжлийн, туршлагатай хуний хувьд маш зев дугнэлт хийж зевлелгее егчээ. СЯ, ЗГ, ДБ, ЕС-н зевлех гээд ажлын туршлагатай ийм чадвартай хунээ ажиллуулахгуй, цунх баригч чадваргуй хунээр зевлуулээд энэ ЗГ ажил нь ч чбутэхггуй

Зочин [66.181.160.2] 2022-07-29 05:38:49

энэ хүн нэг л их ярицдага өгөх дуртай амьтан хөөрхий худлаа туугаад л-хүүхэд иймдээрээ хөөрхөн гэдэгдээ

Зочин [66.181.160.2] 2022-07-29 05:37:33

юу ч мэдэхгүй сагсуу мулгуу шивэртэй трүүч-жүжигчин-салбадай, дүнхүү хагас мэдрэл хүн, дээр нь юу ч мэдэхгүй нэг дампуурсан коддеж төгссөн нэртэй залуу 3 -аар удирдуулсан цагт монгол өөдлөхгүй нь мэдээж

Зочин [103.87.255.28] 2022-07-29 05:33:59

ene hudlaa gar bainaa. Bainga l tom tom bultreed ter ni hudlaa l baidag yum bn lee

₮зочин [66.181.178.113] 2022-07-29 04:32:18

МОНГОЛ хэзээ хөгжих вэ гэвэл оюуны хүчийг үнэлсэн цагт л монгол хөгжинө инженерүүдээ биш цүнх баригчдаа урдаа бариад байвал улам гүнзгий нүхэн ангал гүнзгийрээд л байна

Их мэдэх [192.82.91.49] 2022-07-29 02:32:07

22 сая тонн.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.