МОНГОЛ УЛС ФАТФ-ЫН ЗӨВЛӨМЖ 15-ЫН ҮНЭЛГЭЭГ АХИУЛАВ

Aдмин / Хууль

“Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 25 дахь уулзалт” Малайз Улсын Куала Лумпур хотод 2022 оны 7 дугаар сарын 24-нөөс 28-ний өдрүүдэд боллоо. Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөлийн даргаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ажилладаг. Тэгвэл энэ удаагийн хуралд ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоогоор ахлуулсан Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар болон Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Прокурорын газрын төлөөлөл оролцов.

Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орны жагсаалт буюу “Саарал жагсаалт”-аас 2020 оны 10 дугаар сард гарсан бөгөөд ФАТФ-ын Зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах үүрэг хүлээсэн хэвээр байгаа юм.

Энэ хүрээнд ФАТФ-ын техник хэрэгжилтийн зөвлөмж 15-т заасны дагуу улс орнууд виртуал хөрөнгийн салбарын хууль, эрх зүйн орчинг бүрдүүлж олон улсын стандарт шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй. ФАТФ-аас виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг тодорхойлж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шаардлагыг мөрдүүлэх, эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэхтэй холбоотой өөрийн зөвлөмждөө нэмэлт оруулж, улс орнуудыг дагаж мөрдөхийг мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн зохистой эрх зүйн орчныг бүрдүүлэх, инновацийг дэмжсэн, эрсдэлийг бууруулахуйц тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох бусад байгууллагууд хамтран ажиллаж, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль”-ийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр УИХ-аас батлуулсан.

Улмаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг виртуал хөрөнгийн салбарт үндэсний хэмжээнд үнэлэх, журам зааврыг боловсруулж батлуулах, хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэд олон нийтийг анхааруулах шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. ФАТФ-ын Зөвлөмж 15 /Шинэ технологи/-ын үнэлгээг ахиулах чиглэлээр Ази номхон далайн бүлэгт Монгол Улсын Явцын тайланг тодруулгын хамт тухай бүр хүргүүлж, техник зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр идэвхтэй ажилласан. Тэгвэл 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Ази номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Монгол Улсын Явцын тайланг гишүүн орнуудаар хэлэлцүүлж, батлалаа.

Хуралдаанаар “хагас хэрэгжүүлсэн” үнэлгээтэй байсан ФАТФ-ын Зөвлөмж 15-ыг “дийлэнхийг хэрэгжүүлсэн” болгож үнэлгээг амжилттай ахиулав. Зөвлөмж 15-ын үнэлгээ баталгаажсанаар Монгол Улс ФАТФ-ын нийт 40 Зөвлөмжөөс 39 Зөвлөмжийг техник зөвлөмжийн хувьд бүрэн болон дийлэнхийг хэрэгжүүлсэн үнэлгээтэй болгож ахиц гаргаж буй юм. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд зохистой зохицуулалт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ФАТФ-ын шаардлага, олон улсын стандартыг нэвтрүүлсэн талаар Монгол Улсын туршлагыг Ази номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүн орнуудад хуваалцаж илтгэл тавьж оролцлоо. Монгол Улсын багийг Ази номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн Дэд дарга Иан Маккартни хүлээн авч уулзан, цаашид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд санал солилцож, хамтран ажиллахаар болов. Түүнчлэн олон улсын донор байгууллагуудтай уулзалт хийж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр техник туслалцааны төсөл хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн юм. Хурлын үеэр Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанаас Камбож болон Тимор Лесте улсын Санхүүгийн мэдээллийн албадтай мэдээлэл солилцож хамтран ажиллах хүрээнд “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгууллаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.