Бусдын мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавих, хувийн мэдээллийг олон нийтэд зөвшөөрөлгүй тараавал гэмт хэрэг болно
БУСДЫН ЗУРВАСЫГ ЦАХИМ СҮЛЖЭЭНД ДЭЛГЭХ НЬ ГЭМТ ХЭРЭГ
Иргэн Вандандамбаа нь иргэн Болд-Эрдэнийг өөрийн эхнэр Гантуяатай хардаж, Болд-Эрдэнийн гар утсанд хадгалагдаж буй өөрийн эхнэр Гантуяатай харилцсан мессеж, захидал зэргийг “А” аймгийн фэйсбүүк групп\бүлгэм\-т нийтэлсэн ба уг нийтлэлийг 4500 хүн өөрийн цахим сүлжээнд хуваалцсан байна.
Вандандамбаа Болд-Эрдэний утсан дээрх зурвасуудыг хүч хэрэглэн авч, уг зурвасууд болон хохирогчийн бичлэгийг сөрөг тайлбартайгаар олон нийтэд зөвшөөрөлгүй мэдээлж, бусад хүн хуваалцах нөхцөл боломж бүрдүүлсэн. Мөн тухайн зурвасуудыг авахаар хохирогчийг зодсон.
Шүүхээс Вандандамбаагийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан зэрэг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.
Хуульд зааснаар хувь хүний нууц гэдэгт хэрэв задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг ойлгодог бөгөөд захидал харилцааны нууц, эрүүл мэндийн нууц, хөрөнгийн нууц, гэр бүлийн нууц, хуулиар тогтоосон бусад нууц гэсэн төрлүүдтэй байдаг.
Захидал харилцааны нууц гэдэгт захидал, цахилгаан илгээмж, өргөдөл зэрэг шуудан холбооны хэрэгслээр бусад хүн, байгууллагатай солилцож буй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг, хувь хүний нууцыг задруулсан гэдэгт амаар буюу бичгээр, яриа, захидал, тайлбар бичих, унших зэргээр будад дамжуулах, мэдээлэх үйлдлийн улмаас хувь хүний нууц ил болсныг тус тус ойлгодог.
Хянан найруулсан: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтэс
Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. https://bkhs-criminalcourt.gov.mn/khu/i/2854
Боловсруулсан: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор
Сэтгэгдэл
Зочин [192.82.85.1] 2022-08-05 12:37:15
Эхнэртэйгээ хардсан чинь хардалт нь батлагдсан учир гэмт хэрэгт тооцохгүй байлгүй дээ