Г.Занданшатар: Түүхийн олдворуудад тулгуурласан бүс нутгийн аялал жуулчлалыг шинэ түвшинд гаргаж, хөгжүүлэх нь чухал
УИХ-ын дарга Г.Занданшатар түүх, соёлын дурсгалт газар нутаг, үнэт олдворуудыг хадгалан хамгаалах асуудлаар 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд ажиллалаа.
УИХ-ын даргатай хамт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, С.Чинзориг, Б.Чойжилсүрэн болон холбогдох албаны хүмүүс тус аймгийн нутагт орших Харбухын голын хөвөөнд, Хадаасан толгойн зүүн хойно орших Харбухын балгас туурьтай танилцсан.
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолын дагуу “Улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-аар Харбухын голын эрэгт байрлах Киданы хот Хар балгас туурийг улсын хамгаалалтад авсан байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ энэ талаар, Хэрмийн барилгыг галт уулын хүрмэн чулуу, билүү занар чулууг үелүүлэн алаглуулж өрж шавар, шороо дагтаршуулан дөрвөлжин хэлбэрээр босгосон. Дөрвөн талдаа хаалгатай. Том хана, туурганууд нь нэлээд нурсан. Цайз зарим хэсгээрээ 12-14 метр өндөр. Хотын туурийг малтан шинжлэх явцад олдсон шавар сав, суулга нь IX зууны уйгарын дурсгалтай адилхан байсан төдийгүй судалгааны үр дүнд Уйгарын хааны орд харш байсан нь тогтоогдсон гэдгийг онцолж байлаа.
Мөн тэрбээр, энэхүү балгасыг Киданы үеийнх гэж үзэх гол үндэслэл нь Чин толгойн балгасаас олдсон киданы бичээст дээврийн ваартай яг адил хэлбэр маягийн ваар олдсонтой холбоотой. Хэрмийн туурийг үзвэл хааш хаашаа 500 метр орчим талбайтай. Түүний дотор баруун, зүүн тийш гарсан гол гудамжны хоёр талаар хотын барилгууд байсан оромтой бөгөөд зарим нь тусгай хэрэм, шуудуун хамгаалалттай байсан байна гэж байв.
УИХ-ын дарга Г.Занданшатар, түүхэнд тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөн биетээр оршиж байгаа дурсгалууд, үнэлж баршгүй үнэт өв, түүний илрүүлэлт, хадгалалт, хамгаалалтад анхаарч, хотын туурь, дурсгалыг үргэлжлүүлэн судалж сэргээхийн зэрэгцээ дэлхийд сурталчлан таниулах, түүхийн олдворуудад тулгуурласан бүс нутгийн аялал жуулчлалыг шинэ түвшинд хөгжүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв.
УИХ-ын гишүүдийн зүгээс олон мянган жилийн турш үндсэн хийц хэлбэрээ хадгалан ирсэн цайзат хэрмийг хүний хүчин зүйлээс шалтгаалсан үйлдлээс хамгаалан хадгалахын тулд туурийг хашаалах, түүхийн үнэт өв, дурсгалыг хамгаалах нь зүйтэй гэдэгт санал нэг байгаагаа илэрхийлж байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл
Зочин [89.159.59.156] 2022-08-07 19:47:34
Ene hedhen hulgaichuud Ajil hiisen nertei saihan tenen jargal bainaa
Зочин [68.100.106.106] 2022-08-07 12:11:50
ярихаас цаашгүй ста
Зочин [115.85.203.235] 2022-08-07 09:23:00
үнэт өв,дурсгалыг хамгаалах нь зүйтэй