Ж.Цолмон: Тархи судлал боловсрол, соёлын салбарт олон өөрчлөлтийг авчирна
Ж.Цолмон:Тархи судлал боловсрол, соёлын салбарт олон өөрчлөлтийг авчирна.
ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн Олон улсын Тархи Судлалын байгууллага (IBRO)-тай хамтран “Салбар дундын тархи судлал-2022” сэдэвт олон улсын хурлыг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв“ өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэ үеэр Тархи сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал доктор, профессор Ж.Цолмон сэтгүүлчдийн зарим асуултад дараах хариултыг өгсөн юм.
-Тархи судлал Монголд хэзээнээс хөгжиж эхэлсэн бэ. Тархи судлалын шинжлэх ухаан хөгжлийн одоогийн түвшнийг үнэлбэл таны бодлоор ямар түвшинд байна вэ?
-Тархи судлалын салбар шинжлэх ухаанууд болон мэдрэл судлал, сэтгэц судлал, сэтгэл судлалын салбар манайд бол 1940-50 оноос хөгжиж ирсэн. Харин орчин үеийн тархи судлал суурь шинжлэх ухаан нь 2014 онд Монголын тархи судлалын нийгэмлэг үүсэн байгуулагдсанаар Монголд хөгжиж эхэлж буй шинэ салбар юм.
-Танай хүрээлэн хэзээ байгуулагдсан бэ. Ямар алсын хараатайгаар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
-ШУА-ийн харьяа Тархи сэтгэл судлалын хүрээлэн нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 09 дугаар сарын 29-ний 299 тогтоолоор 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Хүрээлэнгийн эрхэм зорилго нь дэлхийн тэргүүлэх шинжлэх ухаан болох тархи судлалын шинжлэх ухааныг сэтгэл судлал болон бусад олон салбарын шинжлэх ухаантай хослуулан хөгжүүлэх, дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, салбар дундын судалгааны платформ үүсгэх, суурь судалгаа болон эмнэл зүйн туршилт судалгаа хийх нөхцлөөр хангах, нарийн мэргэшсэн хүний нөөц бэлтгэх, гадаад дотоодын судалгааны төвүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршино.
-Тархи судлалын салбарыг хөгжүүлэх нь цаашид манай улсын хөгжилд ямар ач холбогдолтой вэ. Тухайлбал, эрүүл мэнд, боловсролын салбарт ямар өөрчлөлтүүдийг авчрах бол?
-Тархи судлал нь XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан бөгөөд үүгээр дамжуулан бид нийгмийн олон секторуудад өөрчлөлт шинэчлэлтийг авчрах бололцоотой. Энэхүү шинжлэх ухааны хөгжлөөр ирээдүйд улс орны хөгжил тодорхойлогдоно гэж олон улсын эрдэмтэд үзэж байгаа. Учир нь тархи судлалын судалгааны үр дүнд нийгмийн үндсэн асуудлуудыг судлах, түүнд шийдэл гарц олох бололцоотой байдаг. Жишээлбэл, хүний сурч, хүмүүжих процесс нь өөрөө тархины нийлмэл үйл ажиллагаа юм. Иймд үүнд тулгуурлан боловсрол болон соёлын салбарт өөрчлөлт авчрах боломжтой гэж харж байгаа. Мөн стресс нь маш олон өвчний үндэс болдог. Гэтэл стресс гэдэг нь мөн чанартаа хүний тархины эмх цэгцгүй хэт их ачаалал юм. Ингээд зогсохгүй олон мэдрэл, сэтгэцийн эмгэгүүдийн суурь тархины бүтэц үйл ажиллагаанд гарах микро болон макро түвшний эмгэг өөрчлөлт, өвчлөлүүд бий. Тэгэхээр мэдрэл, сэтгэцийн өвчлөлөөс ард олныг урьдчилан сэргийлэх, эмчилгээний удирдамж боловсруулах зэрэгт мөн бидний зүгээс судалгаа хийж ахиц авчрах боломжтой. Түүгээр зогсохгүй одоо эдийн засгийн салбарт тархи судлал хүчээ авч худалдагч худалдан авагчийн хоорондын харилцааны нарийн учгийг хөндөх нейромаркетинг гээд салбар хүчээ авч байна. Энэ нь цоо шинэ мэт сонсогдох боловч бид үүнийг аль эртнээс л ашигладаг байсан байгаа юм. Түүнээс гадна одоо цагт хиймэл оюун ухаан судлал хүчээ авч байна. Энэ нь мөн л хүний тархины үйлийг дуурайж программ бүтээж байгаа хэрэг юм. Мөн боловсрол болон шинжлэх ухаанаар дамжин монгол хүн гэж хэн бэ гэх чухал асуултад хариулах, монгол өв соёл, брэндийг тодорхойлоход хамгийн голлох үүрэгтэй салбар бол манай тархи судлалын салбар юм. Тэгэхээр эдгээр олон шалтгааны улмаас манай улсад тархи судлал зайлшгүй хөгжих шаардлагатай байгаа тул манай хүрээлэн байгуулагдсан гэж ерөнхийлөн ойлгож болно.
-Тархи сэтгэл судлалын хүрээлэн дээр одоо ямар ажлууд хийгдэж байгаа вэ?
-Одоогоор ТССХ нь тархи судлал ба сэтгэл судлал гэсэн хоёр үндсэн тэргүүлэх чиглэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тархи судлалын салбар маань толгойн өвдөлт, мэдрэл, сэтгэцийн өвчнүүдээр өвчлөх суурь шалтгаан болдог монголчуудын дунд маш түгээмэл байх болсон нойрны эмгэг өөрчлөлтүүдийг судлахаар нойр судлалын лабораторийг хөгжүүлээд ажиллаж байна. Түүндээ түшиглэн нойрон дунд амьсгал тасалдах хам шинж, нойргүйдэл зэргийн судалгаа оношилгоог полисомнограф буюу нойрны олон үйлдэлт аппарат ашиглаж хийж байгаа бөгөөд одоогоор 150 орчим хүнийг судалгаандаа хамруулаад байна. Мөн молекул, системийн Нейросайнсын чиглэлээр монгол хүн амын амьдралын чанарын мөн сэтгэл гутрал, сэтгэл түгшлийн байдлын дундаж түвшин, ДЭМБ-ын амьдралын чанарыг үнэлэх асуумж, сэтгэл гутрал, сэтгэл түгшлийг тодорхойлох ХАДС асуумжийн баталгаат болон хүчин төгөлдөр байдлыг тодорхойлох сэдэвт судалгааны ажлуудыг хийж байна.
-Монголд тархи судлалыг хөгжүүлж байгаа өөр ямар байгууллагууд байдаг вэ?
-Тархи судлалын нийгэмлэг, СЭМҮТ, Сэтгэл судлалын байгууллагууд тодорхой хэмжээгээр тархи судлалтай холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ яг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг албан ёсны шинжлэх ухааны байгууллага бол Монгол Улсад одоогоор зөвхөн ШУА-ийн харьяа Тархи сэтгэл судлалын хүрээлэн гэж ойлгож болно. Гэхдээ бусад шинжлэх ухааны салбарын хөгжилд суурилж, олон нийгмийн секторуудын хамтын ажиллагааны үр дүнд манай салбарын хөгжил урагшилдаг учраас бид олон хүрээлэн, байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлээд ажиллаж байна. Мөн цаашид манайхтай хамтран ажиллах хүсэлтэй байгууллагуудад бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
-Олон улсын эрдэмтэд хуралд оролцоно гэлээ. Онцолбол ямар ямар онцлох судлаач эрдэмтэд оролцож байгаа вэ?
-Хятадын ШУА-ийн Тархи судлалын хүрээлэнгийн захирал Мү-Минг Пүү, Солонгосын Тархи судлалын судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Панн Гилл Сү, Японы Кёото их сургуулийн профессор Тадаши Иса, Америкийн нэгдсэн улсын Рутгерсийн Их Сургуулын Профессор Зиппинг Панг, Олон улсын нэр хүнд бүхий Нейросайнс Нөүт судалгааны сэтгүүлийн үндэслэгч бөгөөд Малайзын Путра Их сургуулийн Анагаах факультетын профессор Майкл Кинг Ва Линг, мөн Олон улсын Тархи судлалын байгууллагын Ази Номхон Далайн бүсийг хариуцсан захирал бөгөөд Малайзын Путра Их сургуулийн Анагаах факультетын профессор Чеа Пик Сии зэрэг эрдэмтэд энэ удаагийн хуралд оролцоно.
-Энэ хурлыг зохион байгуулахын ач холбогдол юу вэ. Мөн хурлын онцлогийн талаар хэлбэл?
-Уг хуралд дэлхийн томоохон тархи судлалын байгууллага болон хүрээлэнгийн зочид оролцож байгаа. Цаашид энэ хурал маань улам өргөжин тэлж, илүү олон зочид жил бүр манай улсад чуулдаг болно. Энэ хурлаар дамжуулан олон улсын эрдэмтэн судлаач нарын хийж буй судалгааны ажлууд, тэдгээрийн үр дүнтэй танилцаж, эдгээр эрдэмтдээс суралцаж, тэдгээрийн хийж буй судалгаанд суурилан төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх зэргээр цаашид хамтын харилцаагаа өргөжүүлэх, тархи судлалын шинжлэх ухааны ололт амжилтыг эх орондоо нэвтрүүлэх боломж энэ хурлын үеэр олддог ач холбогдолтой хурал болно. Онцлог гэвэл эдгээр эрдэмтэдтэй манай улсын судлаач эрдэмтэд шууд харилцан тухайн мөчдөө өөрсдийн асуудлаа дэвшүүлэн хамтын ажиллагаа эхлүүлэх боломжтой гэдгээрээ онцлог гэж үзэж болох юм. Иймд бид жил бүр энэ хурлыг зохион байгуулж дэлхийн томоохон эрдэмтэд, нобелийн шагналтнуудыг урин оролцуулаад байгаа билээ. Мөн үүнийхээ ачаар олон залуу судлаачдаа дэлхийн тэргүүлэх хүрээлэнгүүдэд илгээн бэлтгэх сургах бололцоо бидэнд гарсаар байна.
-Энэ хуралд энгийн ард иргэд оролцох, юм сонсох бололцоотой юу. Хурлын үеэр ямар нэг онцлох үйл ажиллагаа, ивент бий юу?
-Бид хурлын бүртгэлийг өөрсдийн пэйж хуудсаар дамжуулан хийгээд бүртгэлээ хаасан байгаа. Онлайнаар оролцох хүсэлтэй хүмүүсийг нэмэлтээр бүртгэж байгаа. Мөн тархи судлалын сургалтанд эмч нарт хоёр багц цагийн кредит олгоно. Үүнд онлайнаар хамрагдах боломжтой байгаа тул амжиж бүртгүүлэхийг зөвлөж байна. Хурал болон сургалтын үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай Тархи сэтгэл судлалын хүрээлэн гэсэн фэйсбүүк хуудсаар дамжин мэдээлэл авах боломжтой байгаа.
Эх сурвалж:Polit.mn
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.13] 2022-08-09 03:38:14
Анагаахын захирал байхдаа өөртөө зориулж байгуулсан хүрээлэн гэж хүмүүс ярьдгын билээ.