Б. Ган-Очир: Б.Жавхлан сайдын хариуцах ёстой өр төлбөрийг МАН, АН-ынх гээд ялгаад сууж байдаг дэлхий байхгүй шүү

Aдмин / Улстөр

Б. Ган-Очир: Б.Жавхлан сайдын хариуцах ёстой өр төлбөрийг МАН, АН-ынх гээд ялгаад сууж байдаг дэлхий байхгүй шүү.

Манай улс дефолт зарлахад ойрхон байгааг гадны хэвлэлүүд бичээд эхэллээ. Харин Сангийн сайддефолт зарлах эрсдэл байхгүй гэж мэдэгдсэн. Сөрөг хүчний хувьд улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ ?

Эдийн засгийн хувьд хар толгойгоороо бүх үр дүнг хариуцдаг албан тушаалтан бол Ерөнхий сайд. Ерөнхий сайд улс орныхоо эдийн засгийг хэр том зургаар нь харж жижиг зургаар нь гүйцэтгэлээ хангаж байна вэ, хэр ерөнхий үнэнийг ойлгоод тодорхой жишээ үнэнтэй зууралдаж байна вэ гэдгээс улс орны эдийн засаг шууд хамаардаг. Мөн Ерөнхий сайдын ажил гэдэг идэвхи зүтгэлээр биш тархины потенциалаар, сэтгэлээр биш шийдвэрээр явдаг ажил. Харамсалтай нь эдгээртөнөөдрийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ маань жижигдээд байна.

Нэг л их лоозогносон улс болчихлоо. Шинэ сэргэлт гэжлоозогноод 10 минутын бороонд Дарханы зам урсаад алга болдог, 2050 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө гээд хоёр гурван өдрийн эдийн засгийн төлөвлөгөөгүй,юмны үнэ өсөөд байна гэхээр 6 залуу заан нэвтрүүлгээ үзээд сууж бай гэх. Угтаа бол дэлхийн аль ч орны Ерөнхий сайдын ажил эдийн засгийн өсөлт хамгийн өндөр, ажилгүйдэл хамгийн бага, үнэ тогтвортой, валютын ханш тэнцвэртэй, төсвийн алдагдал бага байх гэсэн тавхан зорилготой. Ерөнхий сайд энэ ажлаа мөрөөрөө хийх ёстой. Түүнээс улсаа тийм тивийн тийм амьтан улс болгоно, эдийн засгийн өсөлтөө шинэ хуучин сэргэлт гэж нэрлэнэ, хөгжлийн төлөвлөгөөгөө гоёмсог тоогоор нэрлэнэ гэж байхгүй.

Монгол улсын дефолтын хувьд олон улсын судлаачид Шри-Ланка улсын араас дампуурлаа зарлах улсын тоонд Лаос, Монгол хоёрыг нэрлээд байгаа. Ирэх жил дефолт зарласан ч тэрхэн үедээ мэдэгдэхгүй байж байгаад 2023-2025 онд байдал ихээр хүндэрнэ. Дефолт зарлах болсон гол шалтгаан нь гадаадаас зээлсэн өрөө өрөөр хойшлуулаад байгаа явдал. Харамсалтай нь МАН-ын эрх баригчид маань үнэнтэйгээ тулж улс орныхоо төлөө зүтгэхгүй хулгайчийг бариарай гэж хашигарах хулгай ч шиг доороо дэвхцээд байх юм.Өнгөрсөн хугацаанд МАН-ын тавьсан 8 зээл, МАН, АН нийлж тавьсан 2 зээл, АН-ын тавьсан 2 зээл байгаа.МАН-ын дангаараа тавьсан зээл нь 2012 оны Евро, 2017 оны Хуралдай, Гэрэгэ, 2018 оны Хөгжлийн банк, 2019 оны МИК-ОССК, 2020 оны Номад, 2021 оны Центури. МАН-АН хамтарч тавьсан 2015 оны Дим Сам, 2016 оны Мазаалай. АН дангаараа тавьсан зээл нь Чингис, Самурай бондууд. Харамсалтай нь хэрсүү биш олонх маань Чингис бондоор юу юу бүтээснийг амархан марчих юм.

Эрх баригчдын тайлбарлаад байгаагаар энэ улс өрөнд орсон нь АН-ын буруу гээд байх юм билээ?

Би сүүлд энэ талаар Сангийн сайд Жавхлангийн хариуцлагагүй худал мэдээ тараасныг харсан. Энэ дашрамд хэлэхэд хэн ямар хэмжээний өр тавьсан бэ гэдгийн дараа зээлсэн мөнгөөр юу хийсэн бэ гэдэг асуудал. АН-ын засаглаж байх үед 21 аймгаа хатуу хучилттай замаар холбож 3800км зам тавьж чадсан.Гэтэл социалзын үеээс 2012 он хүртэл Монгол улс нийтдээ 3000 гаруйл км зам тавьж байсан юм шүү дээ. Сая би АН-ын даргийн сунгаагаар 21 аймгийг 12 хоногт тойрсон компанит ажлын модератороо явсан. 12 хоногт шүү дээ. Гэтэл МАН Дарханы 200км зам дээр яаж будилж байна вэ.

Гадаад оронд төсвийн мөнгөөр алчуур хүнд авч бэлэглээд сайд нь огцорч байхад манайд хэдэн эрдэнэт хүнийхээ алтан амыг шороон зам дээр үрэгдүүлээд хэнэгч үгүй нам засгаа магтан сууна вэ. Улс төрийн тулахтай хүчин гэдэг нэрний ард улс орны тулгуур гадаад худалдааны зам нь шороо болон замхарч бужигнана вэ. Мөн АН анх 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг зарлаж түүний төлөвлөлтийн бодлогын зарласнаас хойш 160 мянган айлын орон сууц баригдсан. Хөтөл, Мак гээд цементийн үйлдвэр босож барилгын салбарт 150 мянган хүн ажлын байраар хангагдаж байлаа. Эдгээр давуулж биелсэн ажил чинь 2012 онд хийгдсэн ДЦС 3 ба 4 цахилгаан станцуудын өргөтгөл, Амгалан дулууны станцуудын бүтээн байгуулалтын ач гавьяа юм шүү дээ. Яармагын бүсийн орон сууцны цогц төлөвлөлтөнд зориул богд уулын зам тавьсан байхад 2016 оноос хойш төлөвлөлгүй яармаг яаж дампуурч, нийслэлийн төв нь Сонгиноруу нүүхгүй яармагт чихсэнээс бол түгжирэлд алдах алтан цагаа хардаа.

Ажлаа хийхгүй улс төржөөд байгаа Жавхлан бол бүх цаг үеийн хамгийн муу Сангийн сайдын шалгуураар бүрэн хангасан хүн. Сангийн сайд хүний хар толгойгоороо хариуцах ажил бол төсвийн алдагдал.Гэтэл 2020 оны төсвийн алдагдал 5 их наяд. Зориулалт нь ковидын зардал. Гэтэл ковидтой тэр их мөнгөний 0.5 хувь нь буюу 270-хан тэрбум улаан бүстээ зарцуулагдаж байсан. Үр дүнгүй менежмэнтийн гайгаар хичнээн хүнээ бид алдав. Ингээд жил бүр 3-5 их наядын алдагдалтай төсөвтэй явах хэрнээ юун баахан Андлалын хөшөө, Бэрхийн Далд уурхайн музей, Норовлингийн Шихихутаг хөшөө, Биндэрийн Их хуралдай хөшөө, Дэлгэрхааны Нууц товчооны хөшөө, Бурхан багшийн хөшөө, арслангуудын хөшөө вэ.Зөвхөн Дадалд барих гэж байгаа Чингис хаан цогцолбор нь Азийн хөгжлийн сангаас авсан 90 тэрбум төгрөг авсан хэрнээ бүр зураг нь ч батладаагүй гээд бод.Энэ бүхнийг хямгадаж, улсын төсвийг нүдний цөцгий мэт хайрлах ёстой албан тушаал чинь Сангийн сайд биш гэжүү. Яриаг нь сонсохоор Монгол банкныхаа хэдэн тоонд төөрсөн, шалихгүй байж мэдэмхийрсэн шинжтэй сайд байна лээ. Одоо харж байгаарай Жавхлан сайд улс нь дампуурах дээрээ тулаад байхад 2023 оны төсөв дээр УИХ бүх гишүүддээ тойргоо услах их хэмжээний мөнгө тавьж өгнө. МАН-ын гишүүд нь тэр мөнгийг нь нутагтаа элэгтэй нэр авах гэж шатахуун тос үрж баахан тойрно. Шанд нь юмны үнэ нэмэгдэж инфляци гаарна. Ядаж л дезилийнхээ үнийг тогтвортой барьж чадахгүй байгаа ийм Сангийн сайдыг нэн даруй ЗГ-аас хөөж явуулах хэрэгтэй.

Мөн Жавхлан сайдад хандаад хэлэхэд таны хариуцах ёстой өр төлбөрийг чинь МАН-ын өр, АН-ын өр гээд ялгаад сууж байдаг дэлхий байхгүй шүү. Улсын төсвийг улс төржүүлэхгүй, ууж идэхгүй хямгадаад, зэс, нүүрс хоёр дээрээ хүн шиг наад захын менежмент хийхэд бондын өрийг дарах боломж хангалттай байгаа шүү . Хэрэв өрөө дарахгүй бол хариуд нь эрх чөлөө, тусгаар тогтнол, газар нутаг гурваараа төлдөг жамтай шүү.

Цаашид эдийн засаг улам хүнд болно гэж шинжээчид ярьцгааж байна. Үүнтэй зэрэгцээд БНХАУ-аас их хэмжээний зээл авах асуудал яригдаж байна.Өрийг өрөөр дардаг механизмаас яаж гарах вэ?

Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын Засгийн газрыг харахад нэгэнт унасан харанхуй нүхнээсээ Хятадаас зээл авч гарах гэж зүтгэх болов уу. Бодвол энэ байж боломгүй харалган тоглоомондоо бусад улс төрийн хүчнийг ч чирч оруулах гэж зүтгэх биз. Хардах үндэслэл байна.Засгийн газар гадаад өрийн эзлэх хувиа 50 хувь гээд худлаа зарлаад байхад Монгол банк 80 хувь, Дэлхийн банк 92 хувь гэсэн байна лээ. Гэтэл манай ЗГ яагаад ийм хөгийн дансны аргаар иргэдээ хуурсан худлаа мэдээлэл тараагаад байна вэ. Зээл авах гэж шүү дээ.Хятад улсаас өөр хэн зээл өгнө гэж. Харж байгаарай одоо зээлийн хувийг бага байлгаж өр тавихын тулд эдийн засгийн өсөлтийг өндөр байгаа гэж зарлана. Ямар юмных нь өндөр байх билээдээ. Тээвэрлэж чадахгүй нүүрс, жонш, төмөр гээд алдагдсан экпортынхоо хэмжээгээр эдийн засгаа бууруулж хэлэхгүй худлаа өсгөсөн тайлан гаргаж байгааг мэрэгжлийнхэн хэлээдл байгаа. Хятадаас зээл авахын тулд УИХ-ын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах, Үндсэн хуулийг дахиж өөрчлөх алхам ч хийж магад. Ер нь энэ төр засгийн Монголын талд байна уу, баавгайн талд байна уу гэдэгт эргэлзэх боллоо. Арьсаа хамгаалахын тулд юу ч хийж мэдэхээр байна.

Угтаа ингэж өрийг өрөөр, алдааг алдаагаар нөхөх гэж байхынхаа оронд өөрийн удирдаж буй улс орноо сууриар нь мэдрэх хэрэгтэй байна. Эцэстээ газрын доор байгаа алт, зэс гэх хэдэн хэлтэрхий төмөр юу юм бэ.Монгол орны эдийн засаг гээд байгаа зүйл чинь үнэндээ гурван сая хүн, тэдний маань бүтээмж юм шүү дээ.Ерөнхий сайд хүн иргэддээ найдаж, итгэж, хамтарч хямарлыг давж хөгжлийг авчирдаг. Иргэдтээ оролцуулж, боломжыг нь олгож, төрөөс өгөх нийлүүлэлт биш зах зээлийн эрэлт талаас нь амаараа биш хоёр гараараа ажил хийж улс хөгжих чинь дэлхийн түүх биздээ. Хоосон санхүүгийн салбарын хөгжил ярихгүй хөнгөн аж үйлдвэрийн сүлжээнд өрх бүрээ холбож, худлаа институцын хөгжил ярихгүй хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бодит хувьсгал өрнүүлж, халамжлуулдаг биш хөдөлмөрдөг тогтолцоог бүрдүүлж, үрдэг биш хуримтлуулдаг, харилцан харддаг биш итгэлцдэг нийгмээр суурь капиталын хуримтлалүүсгэх чинь тоостой шороотой амьдралаас гарсан гарц юм шүү дээ. Эцэстээ хүнээс тусдаа үндсэн хууль, хүнээс тусдаа алт зэс, хүнээс тусдаа хөгжлийн бодлого байх боломжгүй. Гэтэл өөрт байгаа ард түмний бүтээх боломжийг харалгүй Хятадаас зээл авах алхам хийвэл амиа хорлохтой ижил. Бид өмнөх төртэй өр зээлээс өөр юмаар холбогдож болохоо байчихсан улс биш. Өгөх юмтай, бүтээх ард түмэнтэй, газар нутагтай, баялагтай, мал сүрэгтэй улс.

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчиллаа. Түүний айлчлалаас ямар үр үн харж байна вэ?

Эдийн засгийн зорилт хоёрдугаарт байх. Нэгдүгээрт энэ оны 11-р сард Хятадын Ардын их хурал хуралдаж Си Жин Пин даргыг засаглах хугацааг дахин таван жилээр сунгах үгүйгээ шийдэх хүртэл Хятадын тал бидэнд нааштай хандах нь дамжиггүй. Үндсэн хуулиа өөрчилж засгийн эрх мэдлээ сунгах гэж байгаа эхний алхам учир уламжлал ёсоор Тайваньруу зөрчил үүсгээд дайны бэлэн байдалд ороод эхэллээ. Өмнө нь Дэн Сяо Пин 1981 онд толгой удирдагч болохын урд 1980 онд Вьетнамруу 29 өдрийн дайралт хийж эх оронч улс төржилтийг үзүүлж байсан. Нөгөө талаас нэг Хятад бодлогоо батлан харуулахын тулд ар Монголд айлчилж бидний тусгаар тогтнолыг хүндэтгэн, хүлээн зөвшөөрч байгаагаа Хятад бол бусад орны бүрэн эрхийг хүлээн зөвшөөрдөг, Тайвань бол манай дотоод асуудал гэдгийг харуулж буй алхам юм.

Мэдээж энэ хүрээнд эдийн засгийн асуудлыг ярих нь.Төмөр зам, Эгийн голын усан цахилгаан станц, Гэр хорооллын асуудал гээд. Гэтэл асуудлыг багцлаад харахад Монгол улс өөрсдөө хийж үйлдвэрлэх юмуу, гэр хорооллоо хүртэл хүнээр шийдвэрлүүлэх юм. Бид үр дүнг нь мэдэхгүй олон төсөл хөтөлбөрийн цаана хүний гар харсан халамжын улс байгаад л байх уу.Өмнөд хөршийн улс төрийн асуудлаар нэг удаа хожоод өөрсдөө 1000 жилээр ухарч болохгүй. Ер нь тэгээд бид хэзээ ажил хийж, аж үйлдвэржих улс юм бэ. Хэзээ өөрсдийн сайн сайханаа өөрсдөө бүтээх юм бэ. Бүх зүйлийг төр нь хийж өгнө гэж худал амладаг, цаашаа хараад харийн гүрнээс гуйлга, тусламж царайчилдаг.Австралид дахиад үер болохыг хүлээхийн оронд өөрсдөө боловсруулах үйлдвэрээ барих хэрэгтэй байна.Төрийн ордонд зангиатай юм гуйна уу, гудманд гуйна уу гэдгээс үл хамаарч хүнд юм өгөхгүй гуйгаад байхыг гуйлгачин гэнэ биздээ. Гадны улсаас тусламж дэмжлэг аваад хөгждөг бол өнгөрсөн 32 жил Монголоос илүү хөгжсөн улс гэж байх ёсгүйсэн. Суурь бодлого, хэвшсэн хандлага буруу бол алтан гутал өмсөөд алцан майжиг нь арилахгүй гэдэг биз.

Стратегийн томоохон төслүүдийг гацаасан орон нутгийн удирдлагуудад хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Мөн төмөр замын бүтээн байгуулалтыг зогсоосон хүмүүсээр өнгөрсөн хугацаанд улсад учирсан бүх хохирлыг барагдуулна гэж байна. Энэ үйл явдал шууд танай намын даргатай холбогдож нийгэмд уншигдаж байгаа. Засгийн газрын шийдвэртэй санал нэг байна уу?

Энэ хуучин коммунист намуудын хийдэг байсан хэрцгий технологи. Ер нь Ерөнхий сайд Оюун-Эрдэний “Шинэ сэргэлтийн бодлого”, Мао Зедуны “Их үсрэлтийн бодлого” хоёр их ижилхэн байгаа юм. Алдаа нь бүх асуудлыг дээрээс доошоо чиглэсэн романтик цохилтоор шийдэх гэж улайрал. Мао хот тосгод бүрийг суваг шуудуу барих, ган хайлуулах гэсэн бол Оюун-Эрдэнэ боомтоо тэлээд, цахилгаан татаад, төмөр зам тавиад асуудлыг шийднэ гэж өрөөсгөл харж байна.Худалдааны бодлогоор улсаа харж, иргэдээ оролцуулжзах зээлээ тэлэхгүйгээр төрийн дээрээс доошоо чиглэсэн хандлагууд бүгд дампуурсан түүхтэй. Улмаар дампуурах нь тодорхой зүйл дээр буруутан хайж эхэлдэг. Мао-гийн хувьд дайснаа устгахын тулд Соёлын хувьсгал зарлаж байсан бол Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын ядуу ард иргэдийн өөрлүү нь чиглэх хилэнг өмнөх төрийн уридлагаруу чиглүүлэх, хөдөө орон нутгийн баг сумдын дарга нарыг ямар нэгэн байдлаар буруутгах чиглэлд Соёлын хувьсгал хийж эхлээд байна.Гэхдээ энэ санаархал бүтэхгүй болов уу. Учир нь Мао-н үед ард түмэн харанхуй байсан үе, харин өнөөдрийн Монголд техник технологи хөгжиж зөвхөн Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд өөрөө л харанхуй сууж байна.Ард түмэн бол бүгд л мэдлэг мэдээлэлтэй болсон байна.

Ер нь Засгийн газрын үйл ажиллагааны талаар та юу хэлэх вэ?

Чаддаг хүнээр нь чаддаг ажлуудыг нь хийлгэмээр байна. Харамсалтай нь МАН-ыг харж байхад хүний нөөцийн бодлого нь ямарч төлөвлөлтгүй болж. Яг МАН гэх институцийн төлөө зүтгэж ирсэн хэсэг нь ад шоо үзэгдэж, гоё харагдаж байвал хэнийг ч хамаагүй өнгө будаг болгож дэвшүүлээд Швейцарь цаг шиг биш зул сарын гацуур мод шиг болчихжээ. Төрийн албыг улс төржүүлэн харж, өмнөх ажлаа хийхээсээ өмнө сурталчилж, төрийн мэргэшсэн албан хаагчидыг камерийн өмнө загнадаг моодтой боллоо. Мөрөөрөө нийтийн сайн сайхны төлөө зүтгэж байгаа төрийн албан хаагчидийг хүчээр МАН-ын аялдан дагагачид болгохоор улайрч, эрүүл үг, үзэл бодлын оронд магтаал сайшаал, пр-д дондож ТВ-н бүх сувгаар нэвтрүүлэг биш сайд, гишүүдийн гоёмсог монтажтай цэцэрхэл дүүрлээ. Яая гэхэв дээр нь суудлаа олохгүй бол доор нь гүйдлээ олохгүй гэдэг биз.

Танай намын дотоод асуулын талаар асуумаар байна. Шүүхийн маргаан ямар шатандаа явна вэ. УДШ-ийн шийдвэрийг хоёр талд өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаад байгаа харагддаг. Ард түмэн байтугай намын гишүүд ч эргэлзэхэээр ярьдаг шүү дээ.

Би уг асуудал дээр УДШ-ын шударга шийдвэр гаргаж чадахгүй арчаагүй байдлыг буруутгаж байгаа.Маргаантай улс төрд бүү хэл айл гэр, хувь хүний хооронд зөндөө маргаан гарч байдаг. Энэ асуудлыг шийдэх гэж хүн төрөлхтөн төрт ёс үүсгэсэн 6000 жилийн турш шүүх системийг хөгжүүлсэн. Шүүхийн амин сүнс нь тогтолцооноосоо илүүтэй хувь шүүгчдийн эр зориг, шударга зарчим, мэдлэг боловсрол дээр тогтдог. Манай намын маргаан эрх баригч улс төрийн хүчин нөгөө намаа намнах гэсэн дэлхийн хаана ч байдаг увайгүй тоглоомын илрэл. Бид маргаанаа хувийн өс хонзонгоор биш хуулиар шийдүүлэх гэж шүүхэд хандсаар байгаа. Харамсалтай нь Монгол улсын дээд шүүхийн зарим шүүгч нар эрх барьж байгаа намын дохиур болоод байгаагийн үр дүнгээр шийдэгдэхгүй байна. Тэр дундаа загас толгойноосоо мууддаг жишигээр асуудал нь Ерөнхий шүүгч Ганзоригтой шууд холбоотой. Эндээс Монголын нийгэмд АН-ын маргаанаас илүү ужгирсан асуудал нь шүүх засаглалын хямрал ажээ.

Эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг явуулахаар зэхэж буйг юу гэж харж байна вэ?

Үндсэн хуулийг өөрчлөөд өөрчлөөд ядуурал буурах бол, аж үйлдвэржих бол, худалдааны эргэлт сайжрах бол өөрчлөөд байж болж байна. Гэтэл институцийн хямрал нэртэй сохор төөрөгдөл биднийг эзэмдэж үр дүнгүй өөрчлөлт хөөдөг байдал хэрээс хэртэрлээ.Эцэстээ манай Үндсэн хуулийг Япончуудад өгвөл ямарч асуудалгүй улсаа засаглаад явна. Хууль төгс байхаас илүү түүний хэрэгжилтийг төгс хийх гэж зүтгэх нь цаг хугацаанд хуулийг хууль шиг болгодог.Гэтэл одоо бүр хэтрүүлээд 2024 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдах нь тодорхой болоод эхлэхээр улсаараа дефолт зарлахаасаа өмнө Үндсэн хуулиа өөрчилж засгийн эрх мэдлээ дахиад 4 жилээр сунгах гэж үндсэн хуулийн өөрчлөлт яриад байна. УИХ-ын гишүүдийн тоо 152 гэж хүртэл дуугарах шиг. Угтаа Үндсэн хуулинд хүн зохицож амьдардаг биш хүнийхээ эрх эрх чөлөөнд үндсэн хууль зохицуулагдан бий болсон. Тэр хүний эрх эрх чөлөө гэдэг зүйл чинь ажилтай, тогтмол орлоготой, баян чинээлэг нийгэмд жинхнээрээ хэрэгжиж манайх шиг ядуу нийгэмд мянган удаа хууль өөрчлөөд хэрэгждэггүй зүйл.Тиймээс улс орны хөгжлийн бодлого, аж үйлдвэржих зорилгод үндсэн хуулиасаа эхлээд бүх салбар хуулиар зохицуулагдан өөрчлөгдөх ёстой. Түүнээс гишүүдийн тоо цөөн байна уу олон байна уу, сайд нь давхар дээлтэй байна уу үгүй юу, сонгууль нь холимог байна уу дан байна уу ёстой хоёрдугаар асуудал байна. Мөнгө тараагаад иргэдийнхээ сонгох эрхийг луйвардана гэвэл холимогч луйвардана, мажориторч луйвардана биздээ.Тиймээс зорилго маань зөв, тэргүүлэх байх нь чухал байна.

Хууль зүйн ухааны доктор Буянаагийн Ган-Очир.

Эх сурвалж: Өдрийн Сонин


Сэтгэгдэл

Зочин [64.119.23.200] 2022-08-11 03:26:32

Хэн ч таьсан хамаагүй дуртаы хөахөлтэй нэг эь дуртай өрөө та.иад сууж баых ёстой юм у битгиы хуц

laaz [202.126.89.104] 2022-08-10 17:05:57

Хаанаа гараад ирэв

Зочин [66.181.184.88] 2022-08-10 15:49:50

Жавхлан мэтийн сайд байхад энэ улс дампуурах эрсдэлд байна ард иргэд аж ахуйн нэгжээ бүрэн дампуурч дуусах байх

Зочин [188.162.254.27] 2022-08-10 13:55:40

УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Зочин [150.129.143.30] 2022-08-10 13:52:44

АН бол бүр хэрэггүй . Цар тахлын үед АН байсан бол улс мөхчихсөн байх байсан шүү

Зочин [37.19.200.26] 2022-08-10 14:54:01

Хэрэгтэй, хэрэггүйг чи шийдэхгүй, сонгогчид шийддэг юм! Үхсэндээ эмзэглэж, АН-д хамаг бурууг тохоод байдаг юм, аан? МАН-д Сү.Батболд тэргүүтэй том хулгайчид, АН-д Ц.Элбэгдорж тэргүүтэй том хулгайчид байгаа юу? Байгаа! МАН шоронгийн хулгайчийг хүртэл Төрийн ордонд тангараг өргүүлж, УИХ-ын гишүүн болгоод л, ҮХЦ, УДШ-ийг ч атгачихсан хуулиа уландаа гишгээд байгаа нь худлаа юу? Үнэн л ярилцлага байна! МАН-ыг чадваргүй ЕС, Ерөнхийлөг, согтуу УИХ-н даргатай нь хамт татан буулгах хэрэгтэй!!!

Зочин [66.181.160.57] 2022-08-10 10:24:29

хуульд хүн зохицох бус хүнд зориулсан хууль байхёстой гэж зөв хэлжээ. үнэн зүйл бичиждээ ман сөнөх цаг хугацааны асуудал

Зочин [202.21.109.52] 2022-08-10 09:43:38

Эдийн засгийн мэдлэггүй ерөнхий сайд улс удирдах хамгийн дэмий юм байна.

Зочин [66.181.184.88] 2022-08-10 15:52:06

Ардчилсан нам гараад ирвэл МАНгасууд бүгд шоронд орно гэхээс үхтлээ айж байгаа

Зочин [202.9.41.159] 2022-08-10 09:30:27

Ардчилсан нам Дээд шүүхэд материалаа зөв бэлдэж өгөөж, дандаа дутуу материал өгчихөөд араас нь улс төр хийгээд яваад байх. Хийсэн хурлын материалын хянар гэхээр нөгөө фракцын гишүүд нь гомдол гаргачихна. Тэл ч бас Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд учраас эрхтэй байдаг. Эхлээд дотроо учраа олчихоод шүүхийг буруутга. Нээх олон хуульчтай гэдэг мөртлөө гаргалгаа гаргаж чаддагүй чадваргүй олон хуульч нартай. Би л лав Тэмүүжин, Өнөрөө нарыг мундаг хуульч гэхгүй. Чи ч гэсэн доктор д юм байгаа бид гэхдээ хууль дотроос гаргалгаа гаргаж чадахгүй чадваргүй хуульч нарын нэг л байна.

Иргэн [139.5.216.14] 2022-08-10 07:44:29

Үнэнхэрэг алга.!!!!!!Үнэхээр амьдралд бүсээ чангалаад ч хэрэг алга !!!!!@Энэ тэнэг толгойнуудийг Зайлуулж өгөх Толгойтой зөв мэдлэг боловсролтой хүн алга уу !!!!!!!??????500 төг яаж амьдарч бна вэгээд шз аа 15 өдөр мацаг барьж амьдрал болж бна. Хүрэлсүхээ ээээээ Хэдхэн өвөө эмээ бид ядарч бна хөөе хөөөе !!&&&&!!!@

Зочин [192.82.68.6] 2022-08-10 07:06:13

khorlon suitgegch , khulgaich , uls ornoo suitgegchdiin tuluunii ork yu khutsna we


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.