Д.БАТЧУЛУУН : Малын гоц халдварт өвчнийг нэгдсэн системээр хянаж байгаа тул иргэд өвчтэй малын мах идэх ямар ч боломжгүй
Баруун бүсийн зарим аймагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ. Тэгвэл халдварт өвчнийг бүрэн хяналтандаа авсан талаар ХХААХҮЯ-ны харьяа Мал эмнэлгийн ерөнхий газрын (МЭЕГ) дарга Д.Батчулуунтай ярилцлаа.
Өнөөдрийн байдлаар хичнээн аймаг хорио цээрийн дэглэмтэй байгаа вэ?
Өнгөрсөн хугацаанд 2022 онд хэрэгжүүлэх шүлхий өвчний дархлаажуулалтын тактик, мөн шүлхий өвчинтэй тэмцэх богино болон дунд хугацаа (2022-2028)-ны стратеги төлөвлөгөө шинэчлэн МЭЕГ-ийн дэргэдэх Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн баталгаажуулав.
Богино хугацаанд хэрэгжүүлэх тактикыг өнгөрсөн хавар 04 дүгээр сарын 18-аас 05 дугаар сарын 10-ны хооронд улсын хэмжээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг зохион байгуулсны үр дүнд халдварыг хумиж чадсан. Харин одоо хот айл, сүргийн түвшинд бог малд доголох шинж тэмдгээр шүлхий өвчин илэрч байна. Өнөөдрийн байдлаар таван аймгийн зургаан суманд шүлхий өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Алтанцөгц, Увс аймгийн Өмнөговь , Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо, Архангай аймгийн Ихтамир зэрэг сумдад шүлхий өвчний шинж илэрсэн тул хорио цээрийн дэглэм тогтоосон. МЭЕГ-аас хорио цээрийн дэглэмтэй газруудад мэдрэмтгий малыг сүргээс тусгаарлах, дархлаажуулах ажлууд хэрэгжүүлж байгаа ба мөн малыг шимэгчтэх өвчнөөс сэргийлэх угаалга, туулгалт, боловсруулалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ жил батлагдсан төлөвлөгөөний дагуу давхардсан тоогоор 80 сая орчим малыг угаалга, туулга, боловсруулалтад хамруулна. Шимэгчтэх өвчнөөс сэргийлэх арга хэмжээг технологит хугацаанд, чанартай хийх нь малын гадна, дотор шимэгчдээс сэргийлэх, тарга хүч авахад чухал нөлөөтэй юм.
ХХААХҮЯ-аас ойрын 2-3 жилдээ мал сүргээ бүрэн вакцинжуулан, халдварт өвчнийг бүрэн хумих зорилттой байгаа гэсэн. Энэ ажил ямар түвшинд явж байгаа вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж - аюулгүй байдал” хөтөлбөр үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа. Уг хөтөлбөрт ирэх 5 жилийн хугацаанд мал сүргийг гоц халдварт өвчнөөс бүрэн эрүүлжүүлэх бодлого тусгагдсан.
Тиймээс ХХААХҮЯ, МЭЕГ-аас бодлогын хэрэгжилтийг бүрэн хангахаар төлөвлөгөөт ажлууддаа бүрэн тусгасан. Тухайлбал, мал сүргийг үе шаттай бүрэн дархлаажуулах ажил 2-3 жил үргэлжилнэ. Өнгөрсөн хавар бид дархлаажуулалтын нэгдүгээр үеийг эхлүүлсэн, 9 сарын 15-наас 10 дугаар сарын 10-ны дотор хоёрдугаар үе шат, ирэх 2023 оны хавар гуравдугаар үе шат гэх зэргээс цаашид хэрэгжүүлнэ. Зөвхөн шүлхийгээс гадна гоц халдварт бусад өвчнөөс сэргийлэх дархлаажуулалт, тандалт судалгаа, эрүүл гэдгийг баталгаажуулах ажлуудыг үе шаттай, бүсчилсэн байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө санхүү шаардсан амаргүй ажил ч бидэнд үүнийг хэрэгжүүлээд явахаар өөр сонголт байхгүй. Хоёр жилийн хугацаанд дээрх ажлуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр улсын хэмжээнд гоц халдварт өвчний халдварын хэлхээг таслан зогсоох, эрүүл болох боломж бүрдэнэ.
Булган аймагт өнгөрсөн баасан гарагт үхрийн арьс товруутах өвчин гарсан гэсэн мэдээлэл байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авсан бэ?
Булган аймгийн Булган суманд 57 үхэртэй нэг айлын нэг үхэрнээс арьс товруутах өвчний шинж тэмдэг илэрлээ гэсэн мэдээллийн дагуу онош тогтоохоор тухайн үхрийг зориудаар устган, дээжийг нь энэ сарын 10-ны шөнө Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хүргүүлж шинжилгээ хийхэд онош батлагдсан. Шинжилгээний хариу гарахыг хүлээлгүй тухайн айлын орчимд урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна. Тодруулбал, тухайн хот айлыг хязгаарлалтын дэглэмд оруулах, үхрийг нь бусад айлын үхэртэй нийлүүлэхгүй байх, үхэрт эмнэл зүйн үзлэгийг өдөр бүр хийх, Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн хэмжээнд эрсдэлд суурьласан тандалт хийх, малчдад уг өвчний талаар мэдээлэл өгөх, мал сүргээ байнгын хариулгатай байлгах, шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, сэжиг илэрсэн тохиолдолд малын эмчид яаралтай мэдэгдэх зэрэг ажлууд хийгдэж байна. Мөн голомтын болон сэжигтэй бүсийн бүх үхрийг угаалгад хамруулан, тархвар зүйн мэдээлэл судалгаа авах, эрсдэлийн үнэлгээг хийж байна.
Манай улсад шүлхий, үхрийн арьс товруутах халдварт өвчнөөс гадна малын ямар халдварт өвчнүүд зонхилон гарах төлөвтэй байдаг вэ?
Он гарснаас хойш шүлхий өвчнөөс гадна бог малын мялзан, хонины цэцэг өвчний тохиолдлууд бүртгэгдсэн. Одоогоор хонины цэцэг өвчин бүртгэгдээгүй, тайван байна. Үхрийн арьс товруутах өвчин нь үүсгэгчийн онцлог, дамжуулагч хүчин зүйл, вирусийн тэсвэрт чанар, халдварлах зам, өвчний нууц үеийн үргэлжлэх хугацаа зэргээс хамаарч тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх маш төвөгтэй, амаргүй өвчин. Тиймээс үхрийн арьс товруутах өвчин бүртгэгдсэн Дорнод аймгийн Баянтүмэн, Халх гол суманд хорио цээрийн дэглэм одоог хүртэл үргэлжилж байна. Цаашид өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй бол хорио цээрийн дэглэмээс хязгаарлалтын дэглэм рүү шилжүүлж, арга хэмжээг сулруулна. Тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ч гоц халдварт өвчин тархахад нөлөөлж буй гол хүчин зүйл бол хожуу илрүүлэг, хорио цээрийн арга хэмжээ сул хэрэгжүүлэх, малчдын отор, нүүдлийг хянах зэргээс шалтгаалан халдварыг хумихад маш их хугацаа орж байна. Мөн өнгөрсөн жилүүдэд өргөн газар нутгийн хамран өвчин тархсан нь хянахад ихээхэн хүндрэлтэй байна. Иймээс малын шилжилт хөдөлгөөнийг хянах, хорио цээрийг чангатгах, мэдрэмтгий малыг дархлаажуулахын зэрэгцээ малын эмч нараа сургах, мэдлэгжүүлэх, малчдад үнэн зөв мэдээлэл өгөх, тэдний үүрэг-хариуцлагыг дээшлүүлэх, эрт илрүүлэг, эмнэлзүйн тандалт зэрэг ажлуудыг тасралтгүй хийж байна. Цаашид ч энэ ажлыг улам эрчимжүүлнэ.
Нийслэлчүүдийн хувьд халдварт өвчтэй малын махыг идэх вий гэсэн цуурхал, ам дамжсан яриа гардаг. Та энэ тал дээр тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Үүний үр дүнд голомттой эсвэл эрсдэлтэй бүс нутгийн малын шилжилт хөдөлгөөнийг хянах, мал эмнэлгийн гэрчилгээ олгохгүй байх, хяналтын цэгүүдийн үйл ажиллагаа эрчимжүүлэх зэргээр мал эмнэлгийн цахим системээр өдөр тутмын үйл ажиллагааг хянах тогтолцоо бүрдсэн. Цахим системд бүх аймаг, сум, дүүрэг холбогдчихсон.
Тиймээс хорио цээрийн арга хэмжээ хэрэгжиж байгаа өрх айл, сумаас мал эмнэлгийн гэрчилгээ олгогддоггүй, малын шилжилт хөдөлгөөн хийгдэх боломжгүй юм. Нөгөө талаар халдварт өвчин гарсан, хорио цээрийн дэглэм хэрэгжиж байгаа тохиолдолд мал эмнэлгийн байгуулагаас гадна орон нутгийн засаг захиргаа, хууль хяналт зэрэг шат шатны байгууллагууд тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлдэг болохоор тухайн бүсээс мал амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгддэггүй гэдэгт иргэд бүрэн итгэлтэй байж болно. Бид нийслэл рүү орж ирж буй малын мах, түүхий эдийг нэгдсэн цахим мөшгих системээр цаг минут, байршилтай нь хянан бүртгэдэг. Мал эмнэлгийн гэрчилгээ олголт, хяналтын цэгээр бүртгэгдсэн мал, түүхий эд бүтээгдэхүүний мэдээллийг 24 цаг тутамд нэгтгэж холбогдох газруудад мэдээлж байгаа.
Улаанбаатар хотыг тойрсон 5 хяналтын цэг, орон нутгийн 4 цэгээр бүх мал амтьны түүхий эд хянагдаж орж ирдэг. Бүх шатанд хяналттай явж байгаа гэдгийг дахин хэлье.
Сэтгэгдэл