УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн шатрын олимпиадын аварга Б.Мөнгөнзулыг хүлээн авч уулзлаа

Aдмин / Нүүр

УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэг улсын Ченнай хотод Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад амжилттай оролцож алтан медаль хүртэж их мастерын болзол хангасан Б.Мөнгөнзул болон Үндэсний шигшээ багийн тамирчид, Монголын шатрын холбооны төлөөллийг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

УИХ-ын даргын хувьд Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгчөөр ажилладаг. Тэрбээр дэлхийн оюуны их наадамд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, оюуны спортоор Монголчууд дэлхийд үнэлэгдэж байгааг нотлон харуулсан баг тамирчдад онцгойлон баяр хүргээд цаашид дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад УИХ дахь Шатрын лобби бүлгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, БОАЖ-ын сайд Б. Бат-эрдэнэ нарын хүмүүс оролцов.

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад 197 орны шилдэг 343 баг оролцсоноос Монгол улсын баг дэлхийн шилдэг 30 багийн нэгээр нэрлэгдэж, эмэгтэй баг 162 орны эмэгтэй багаас 15 дугаар байр, эрэгтэй баг 187 орны 188 багаас 35 дугаар байр эзэлсэн бол хувийн дүнгээр дөрөвдүгээр ширээнд суусан Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул нэгдүгээр байр эзэлж, алтан медалийн эзэн болсон билээ.

17 насандаа дэлхийн шатрын олимпиадын аварга болоод байгаа Б.Мөнгөнзул нь Эрдэнэт хотын 14 дүгээр сургуулийн сурагч. Цэцэрлэгт байхдаа шатар тоглож сурч, найман настайгаасаа эхлэн дугуйланд хичээллэж иржээ. Тэрээр цаашид оюуны спортоороо үргэлжлүүлэн суралцаж, тив дэлхийд Монгол Улсынхаа нэрийг мандуулах хүсэл мөрөөдөлтэй гэж байлаа.

Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Э.Гурвансайхан хэлэхдээ “энэ удаагийн 44 дүгээр олимпиад шатраар багийн спорт амжилттай хөгжих боломжтой гэдгийг харуулсан. Тиймээс цаашид өсвөрийн тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд оролцож, ур чадвар, туршлагаа нэмэгдүүлэхэд төр засгийн зүгээс анхаарч өгөөч” гэдэг санал хүсэлттэй байгаагаа уламжилж байв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн аварга Б. Мөнгөнзултай нэг өрөг шатар нүүлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.