Г.Дашдулам: Гамшгийн эрсдэлийн үнэлгээ нь эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх үндэслэл болдог

Aдмин / Нүүр

ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Дашдуламаас гамшгийн эрсдэлийн үнэлгээ, эрхзүйн орчин, тавигдах шаардлага болоод хэрэгжилтийн үр дүнгийн талаар тодруулснаа хүргэж байна.

Бидний амьдарч байгаа, ажиллаж байгаа гээд бүхий л орчин өөрөө эрсдэлийг дагуулж байдаг. Гэхдээ эрсдэл байна шүү, аюулыг бууруулах хэрэгтэй гэдгийг хэлэхээс нааш тийм ч ач холбогдол өгдөггүй юм шиг санагддаг. Тэгвэл гамшгийн эрсдэл гэж юу болохоос яриагаа эхлүүлье?

“Гамшгаас хамгаалах тухай хууль”-д гамшгийн улмаас хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй хохирлыг магадлалыг хэлнэ гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл хүний бүтээж байгаа тэр орчны аюулгүй байдал хэр хангагдсан бэ гэдэг асуудал юм. Тиймээс эрсдэлийг тодорхойлж, бууруулах арга замыг хэрэгжүүлснээр ирээдүйд тохиолдож болох аюулаас хамгаалах, хохирол багатай даван туулах боломж бүрдэнэ гэж ойлгож болно.

-Эрсдэл байна гэдгийг хуулиндаа тодорхойлж, эрхзүйн орчныг бүрдүүлэх эхлэлийг бий болгосон байна. Хэрэгжилтийг хангахад шаардлагатай дүрэм, журмууд хэр батлагдсан бэ?

2017 онд шинэчлэгдэн батлагдсан “Гамшгаас хамгаалах тухай хууль”-д Онцгой байдлын байгууллага гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, эрсдэлийн үнэлгээний гүйцэтгэл, тайланд хяналт тавьж ажиллах заалтыг тусгасан. Энэ дагуу Засгийн газрын 2018 оны 67 дугаар тогтоолоор анх “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ыг батлуулсан. Улмаар “Гамшгаас хамгаалах тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолоор тус журмыг шинэчлэн батлуулж, мөрдлөг болгон ажиллаж байна. Журам батлагдсанаар засаг захиргаа, нутаг дэвсгэр, аж ахуйн нэгж, байгууллага, салбарын хэмжээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээг гүйцэтгэх эрх зүйн боломж бүрдэж, гамшгийн эрсдэлийг нарийвчлан тодорхойлсноор гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдлыг сайжруулах нөхцөл бий болсон. Мөн Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 тоот тушаалаар “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар”, 100 дугаар тушаалаар “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны А/192 тушаалаар “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгоход ашиглагдах загвар”, 2021 оны А/255 тушаалаар “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланг дүгнэх шалгуур үзүүлэлт”-үүдийг тус тус батлуулан, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна.

-Гамшгийн эрсдэлийн үнэлгээг ерөнхий болон нарийвчилсан гэсэн хоёр төрлөөр хийдэг. Эдгээрийн зааг ялгаа, онцлогуудын талаар тайлбарлавал?

“Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-д гамшгийн эрсдэлийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг гурван жил тутам, эсхүл нөхцөл байдлаас хамааран тухай бүр хийнэ гэж заасан.

Ерөнхий үнэлгээг улсын болон онц чухал объект, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, салбарын түвшинд хийж, гамшгийн эрсдэлийн түвшинг анхан шатанд тойм байдлаар тодорхойлдог. Ингэхдээ Монгол Улсын Шадар сайд, тухайн орон нутгийн Засаг дарга, салбарын удирдлагын тушаалаар холбогдох мэргэжлийн байгууллагуудын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг үнэлгээг хийнэ. Онцгой байдлын байгууллага ерөнхий үнэлгээ хийх үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажилладаг. Ерөнхий үнэлгээний үр дүнг үндэслэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээрх санал, зөвлөмж гаргах, мөн нэгдсэн бэлтгэл, сургуулилалт, бэлэн байдлын хангах сургалт, дадлагыг зохион байгуулах үндэс болдог.

Харин нарийвчилсан үнэлгээг гамшгийн эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мэргэжлийн түвшинд тодорхойлох, болзошгүй хохирлын хэмжээг тооцох, түүнээс урьдчилсан сэргийлэх эрсдэлийг бууруулах, аврах, хор уршгийг арилгах арга хэмжээг төлөвлөх зорилгоор урт болон богино хугацаанд хийдгээрээ онцлог байгаа. Энгийнээр хэлбэл, гамшгийн эрсдэлийн үнэлгээ нь эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх үндэслэл болдог гэж ойлгож болно.

-Хоёр төрлөөр гамшгийн эрсдэлийг тодорхойлж, зохих түвшинд эрсдэлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийхэд ямар шаардлага тавигддаг вэ?

Монгол Улсын шадар сайдаар 2021 онд шинэчлэн батлулусан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар” нь ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийх ажлын явц, дараалал, үр дүнг тодорхойлоход заавал мөрдөх баримт бичиг. Энэхүү зааварт ган, зуд, барилга байгууламжийн гал түймэр, хуулийн этгээд, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд газар хөдлөлт, ой, хээрийн гал түймэр, үер, хими, цацрагийн осол, мал, амьтны гоц халдварт, зооноз өвчин, ил, далд уурхайн баяжуулах үйлдвэр зэрэг гамшгийн төрөл тус бүрт үнэлгээ хийх аргазүй, зааврыг тусгаж өгсөн байгаа.

-Өнөөдрийн байдлаар хичнээн газарт ямар, ямар үнэлгээг хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч ажилласан байна вэ?

Холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран улсын хэмжээнд боловсролын байгууллагад гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг 65 хувьд, засаг захиргаа нутаг дэвсгэрийн хэмжээнд 21 аймаг, нийслэлийн түвшинд 100 хувь, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд газар хөдлөлтийн гамшгийн ерөнхий үнэлгээг нийслэлийн Сүхбаатар дүүрэг, Баянхонгор аймагт, улсын чанартай автозам, төмөр замын үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг “Улсын чанартай УБ-Арвайхээр” замын 21 цэгт үерийн аюулд өртөх байдлыг тодорхойлсон байна.

Мөн сүүлийн хоёр жилд коронавируст халдварын тархалт, нөхцөл байдалтай холбогдуулан улсын хэмжээнд болон хилийн боомт, бүх шатны боловсролын байгууллага, орон нутгийн нисэх онгоцны буудал, Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн халдварт өртөх байдлын үнэлгээг тус тус хийсэн. Ган, зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг 2019 оноос жил бүр тогтмол хийж холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд гамшгийн 4-9 төрлөөр нийт 300 гаруй удаа үнэлгээ хийсэн байна.

-Хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх эрхийг олгодог. Ямар журмаар эрх олгож бас түдгэлзүүлдэг талаар яриагаа үргэлжлүүлье?

Гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам” дагуу ОБЕГ-ын дэргэдэх орон тооны бус “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэжлийн зөвлөл” олгодог.

Зөвлөлийн дарга нь Онцгой байдлын ерөнхий газрын дарга, гишүүдэд Онцгой байдлын байгууллага, тухайн чиглэлийн асуудал хариуцсан яам, агентлаг, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл, бие даасан шинжээч болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрддэг. Тус зөвлөл жилдээ нэг удаа хуралдаж үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгох, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах эрхзүйн зохицуулалттай ажилладаг. Тусгай зөвшөөрлийг уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчин, түүх соёлын дурсгалт газар, үйлдвэр үйлчилгээ, эрүүл мэнд гэсэн зургаан чиглэлийн хүрээнд тухайн хуулийн этгээдийн боловсон хүчний чадавх, ажлын туршлага зэрэгт үндэслэн олгож байна. 2022 оны байдлаар нийт 30 аж ахуй нэгж, хуулийн этгээдэд 5 чиглэлээр тусгай зөвшөөрлийг олгож, тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

Зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь эрсдэлийн үнэлгээ хийхдээ юуг анхаарах вэ?

Тусгай зөвшөөрлийн эрхтэй хуулийн этгээд, аж ахуй нэгж нь олон улсын практикт нийтлэг мөрдөж байгаа арга, аргачлалыг ашиглах, эрсдэлийн үнэлгээг хийхэд тухайн чиглэлийн мэргэжлийн боловсон хүчин оролцох ёстой. Үнэлгээ нь тухайн орон нутаг, обеъкт, барилга байгууламжид учирч болзошгүй аюул, өртөх байдал, эмзэг байдал, чадавхад уялдуулан эрсдэлийг тогтоох, болзошгүй гамшгийн хохирлын таамаглал, магадлалын үр дүн, түвшингээр илэрхийлэгддэг. Тиймээс гамшгийн төрөл тус бүрээр цагийн байдал үүсгэн хохирлын таамаглалыг гаргасан байх, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний зөвлөмж нь тухайн орон нутаг, обеъкт, барилга байгууламжид гамшгийн улмаас учрах эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой, тодорхой байдлаар тусгасан байх хэрэгтэй. Мөн эрсдэлийн үнэлгээний тайлан гамшгаас хамгаалах төлөвлөгөөний тодотгол, үндэслэл болохуйц байх, гамшгийн төрөл тус бүрээр газарзүйн мэдээллийн систем ашиглан эрсдэлийн зураглалыг боловсруулсан байх зэрэг хамгийн голлох шаардлагыг хангасан байхыг зөвлөдөг. Мөн тухайн зөвшөөрөл авсан чиглэлийнхээ хүрээнд үнэлгээ хийх эрхтэй.

-Үнэлгээ хийлгэхээр төлөвлөж байгаа байгууллага, иргэдийн хувьд юунд анхаарах шаардлагатай талаар зөвлөмж, мэдээлэл өгвөл?

Гамшгийн эрсдэийн үнэлгээ хийлгэхээр тусгай зөвшөөрлийг эрхтэй хуулийн этгээдэд хандсан аж ахуй нэгж, байгууллагын удирдлага, ажилчдын үнэлгээний ач холбогдол, мэдлэг, ойлголт, үнэлгээнээс гарсан дүгнэлт, зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлэх зэрэг тал дээр дутмаг байна.

Гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийлгэснээр тухайн байгууллага, аж ахуй нэгжийн үйл ажиллагаа, орон нутгийн газарзүйн байршил, цаг уурын нөхцөл байдал, ойролцоо, зэргэлдээ байрлах аж, ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааны онцлогоос үүсэх дам нөлөөллийг тодорхойлдог давуу талтай. Үр дүнд цаашид учирч болзошгүй, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж, эрсдэлийг бууруулах боломжтой гэсэн үг. Эрсдэлийг бууруулах гамшигтай тэмцэх чадавх, эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалтын асуудлыг “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн д 51.2.-т “Хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг төлөвлөж зарцуулна” гэж тусгасан хэдий ч хэрэгжилт хангалтгүй байна.

“Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-д үнэлгээ хийх хуулийн этгээд, үнэлгээний захиалагч талын эрх, үүргийг тодорхой тусгасан байгаа. Тухайлбал, захиалагч тал: Үнэлгээний үйл явц, үр дүнтэй холбоотой санал, гомдлыг үнэлгээ хийсэн хуулийн этгээд, холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх, эрсдэлийн үнэлгээнээс гарсан зөвлөмжийг гамшгаас хамгаалах төлөвлөгөө, бусад холбогдох бодлого стратеги, төлөвлөлтөд тусгах, хэрэгжүүлэх, Хуулийн этгээд: Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх обьектод нэвтрэх, үйл ажиллагаатай танилцах, судлах, тухайн салбарын мэргэшсэн шинжээчээс зөвлөгөө авч хамтран ажиллах, үнэлгээний багийн гишүүдийг мэргэшүүлэх сургалтад бүрэн хамруулах, эрсдэлийн үнэлгээнд баталгаатай эх сурвалжаас авсан мэдээ, мэдээллийг ашиглах гэх мэт.

Гамшгийн эрсдэлийн үнэлгээг гурван жил тутамд, нөхцөл байдлаас хамаарч шаардлагатай тохиолдолд дахин хийнэ гэж заасан. Тухайн барилга байгууламж, обеъктын үйл ажиллагаа өргөтгөл, шинэчлэл хийсэн эсэх, нөхцөл байдал, гамшигтай тэмцэх чадавхаас хамаарч үнэлгээний үр дүнд өөрчлөгдөх бүрэн боломжтой. Аливаа тохиолдож болзошгүй гамшгийг бодитоор үнэлж, үр дүнд үндэслэн эрсдэлийг бууруулах оновчтой арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлснээр аюулгүй, эрсдэлгүй орчинд ажиллаж, амьдрах боломжтой гэж ойлгож болно.


Сэтгэгдэл

Уншигч [203.98.76.145] 2023-03-02 10:48:59

Маш ойлгомжтой, тодорхой мэдээлэл өгсөн байна, баярлалаа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.