“Аравт-2022” уралдаанд Монголын морин цэргүүд аваргаллаа

Aдмин / Нүүр

“Олон улсын цэргийн наадам”-ын нэг төрөл “Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдаан Монгол Улсад 8 дугаар сарын 13-18-нд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Монгол Улс, ОХУ, Узбекистан улс, Бүгд найрамдах Зимбабве улсын баг тамирчид оролцсон уралдааны хаалтын ёслол 8 дугаар сарын 18-нд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, хурандаа Т.Ганбат болон Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дипломат ажилтнууд оролцлоо.

Тэмцээний аваргуудыг уралдаан зохион байгуулах хорооны дарга, ерөнхий шүүгч, хурандаа Д.Цог-Эрдэнэ алсын зайн марш болон ойрын зайн холимог буухианд гүйцэтгэсэн дүнгээр танилцуулахад “Аравт-2022” олон улсын цэргийн уралдааны тэргүүн байрт ахмад Б.Даваадорж (016) тасгийн захирагчтай Монгол Улсын баг аваргалж, дэд байрт дэд түрүүч Ш.Х.Мелибоев тасгийн захирагчтай Узбекистан улсын баг, сонсогч Ш.К.Леонидович тасгийн захирагчтай ОХУ-ын баг, гутгаар байрт ахлах дэслэгч Дисэнд Муза тасгийн захирагчтай Бүгд найрамдах Зимбабве улсын баг тамирчид шалгарлаа. Шагналыг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, ОХУ-ын багийн ахлагч, Алексей Константинович Покровский нарын албаныхан гардуулж өгсөн юм.

Мөн энэ үеэр шилдэг номинацуудыг шалгаруулсан ба “Тэргүүний тасгийн захирагч”-аар ОХУ-ын тасгийн захирагч, сонсогч Ш.К.Леонидович, “Тэргүүний сапёрчин”-аар Монгол Улсын багийн тамирчин, ахлагч С.Билэгт, “Тэргүүний мэргэн буудагч”-аар Бүгд Найрамдах Зимбабве Улсын тамирчин, байлдагч Рэза, “Морины анд нөхөр”-өөр Узбекистан Улсын багийн тамирчин, байлдагч Уралов нар шалгарч, шагналыг уралдаан зохион байгуулах хорооны дарга, Ерөнхий шүүгч, хурандаа Д.Цог-Эрдэнэ гардуулан өгөв.

Хурандаа Д.Цог-Эрдэнэ уралдааныг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажилласан Бүгд найрамдах Зимбабве улсын багийн ахлагч, хошууч Жосеп Кумбрай Муронзва, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Мягмарцоож, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч, хурандаа Ц.Буянжаргал нарыг “Биеийн тамир-Алдар” медалиар шагналаа.

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг морьтон дайчдад баяр хүргэж хэлсэн үгэндээ “Оросын холбооны улсын Батлан хамгаалах яамнаас санаачлан зохион байгуулдаг дэлхийн улс орнуудын эв нэгдлийн гүүр болж, цэрэг, армиудыг энхийн зорилго дор нэгтгэж, цэргийн хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа “Олон улсын цэргийн наадам”-ын онцгой төрөл болсон Олон улсын “Аравт” морин цэргийн уралдаан 2 дахь удаагаа Монгол оронд минь та бидний хамтын хүчин чармайлтын үр дүнд амжилттай сайхан явагдаж дууслаа.

Бидний урилгыг хүндэтгэн хүлээн авч, Монгол Улсад саатан морилж “Аравт-2022” морин цэргийн уралдаанд амжилттай оролцсон Оросын холбооны улс, Узбекистан, Бүгд найрамдах Зимбабве улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол орныг морьгүйгээр төсөөлөх аргагүй. Манай орны газар зүй, байгаль цаг уурын өвөрмөц онцлогт гойд зохицсон жижиг давжаа биетэй, асар их тэсвэр тэвчээртэй монгол адуу монголчуудын төдийгүй дэлхий дахины цэрэг дайны ажиллагаанд жинтэй үүрэг гүйцэтгэн, цэрэг эрсийн үнэнч нөхөр байж ирсэн түүхтэй билээ.

Цэрэг хүний тэсвэр тэвчээр, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвараа дайчлан уул ус, элсэн толгод, бартаа саад бүхий 140 орчим километр замыг монгол морины нуруун дээр амжилттай даван туулж өрсөлдсөн улс улсын шилдэг морьтон дайчид та бүхэнд халуун баяр хүргэе!

Та бүхэн Монгол нутгийн цаг агаар, уур амьсгал, монгол моринд дасаж, тэмцээн уралдаандаа бэлтгэн өрсөлдөхийн зэрэгцээ Монгол орны түүх, соёл, зан заншил, монголчуудын аж амьдралтай танилцаж, өөрийн орны түүх соёл, зан заншлаа бусад нөхдөдөө сурталчлан танилцуулж, илүү ойртон нөхөрлөсөн дурсамж дүүрэн өдрүүд байсан гэдэгт итгэлтэй байна” гээд уралдааныг амжилттай зохион байгуулсан уралдаан зохион байгуулах хорооны нийт бие бүрэлдэхүүнд талархал дэвшүүлсэн юм.

Хаалтын ёслолын төгсгөлд багууд уралдаанд унаж оролцсон морьдоо Зэвсэгт хүчний 232 дугаар ангийнханд хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгч, Зэвсэгт хүчний 032, 014, 016, 119, 120 дугаар нэгтгэл, ангиудын авьяаслаг хөгжимчид морин дэл дээр хөгжмийн бүх төрлөөр тоглож, “Монголын морин урлагийн нэгдсэн холбоо" ТББ-ын циркчин залуус морьтой шоу үзүүлбэрийг үзэгчдэд толилууллаа гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл

иргэн [202.55.191.194] 2022-08-19 06:44:17

Тусгаар тогтносон бүгд найрамдах улс байж яаж БХЯ -гүй байх вэ дээ?

иргэг [192.82.67.210] 2022-08-19 05:22:40

БХЯ гэдэг мөнгө цжсалсан юмыг татан буулгах хэтэгтэй Оронд нь Онцгой ,Хилийн уэргэн бэхжүүл

Зочин [117.111.24.234] 2022-08-19 07:03:54

Бүрэн тусгаар тогтносон Монгол орон БХЯ -гүй бн гэж байхгүй . Тэгээдч дэлхийд гайхуулж дэлхийн талийг эзэлж байсан бахархам түүхтэй Монголийн зэвсэгт хүчинийг улам хүчирхэгжүүлэх хэрэгтэй !


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.