Гутерреш юу айлдав

Aдмин / Нүүр

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш сая Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Дэлхий үймж байгаа энэ цаг үед дээд байгууллагын тэргүүн Монголд ирсэн нь, юу ярьсан нь мэдээж Олон улсын анхаарлын төвд байлаа. Түүний Монголд ирээд хэлсэн нэг үгийг онцлох ёстой. Түүнчлэн монголчууд онцгойлон анхаарах ёстой. Тэрбээр ингэж хэлэв, “Далайн давлагаа эргээ аймаар хүчтэй цохидог. Түүнийг нь харахад аймшигтай, эрэг яаж тэсч байна гэмээр. Гэвч эцэстээ далай ч, далайн эрэг ч яадаг ч үгүй юм. Харин тэр хоёрын дунд байгаа жижиг жараахай, хавч, амьтад, тэр байтугай хөлөг онгоц хүртэл бяц үсэрдэг. Монгол Улс яг үүн шиг нөхцөлтэй байна. Орос-Хятад хоёр яах ч үгүй. Дунд нь байгаа Монгол Улс бут үсэрч мэднэ. Тийм болохоор Монголын орчин үеийн улс төр, улстөрчид, ер нь монголчууд үүнд анхаарах хэрэгтэй. Бяц үсэрч болохгүй” гэж хэллээ дээ. Энэ үгийг хэр олон хүн анзаарсан юм бол доо. Гутеррешийн энэ үг бол бараг айлдвар. Дэлхийн 200 гаруй улс орны аюулгүй байдал, энх амгалан зэрэгцэн оршихын төлөө ажиллаж байдаг Олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн том энэ байгууллага болох НҮБ-ын тэргүүн бээр зүгээр ч нэг энэ үгийг хэлээгүй гэдгийг монголчууд ойлгох цаг иржээ. Монголчууд дотроо яадгийг мэддэг учраас энэ зүйрлэлийг хэлж, сануулсан нь лавтай.

Монголын энэ цаг үеийн толгой сэхээтэн, мэргэжлийн дипломатч, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн гуай “Монголчууд бид хоёр хөршийнхөө дунд мөрөөрөө, бас ухаалаг амьдрах цаг үе ирлээ” гэж хэлсэн. Нэрт зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо нэгэнтээ “Айлд яваад орохоор ер зүгээр суулгадаггүй, өмнүүр хойгуур гүйгээд, үс сахлаар оролдоод, болдог бол барьж аваад хонгон дээр нь нэг таван салаа өгчихмөөр хүүхэд байдаг даа, яаж ч болдоггүй, хоёр хөршдөө монголчууд яг тийм хүүхэд шиг байгаа” гэж билээ.

Тэгэхээр дэлхий даяараа тахал, дайн хоёрт дөрлүүлж, хоёр хөрш маань голлох үүрэгтэй байгаа ийм цөвүүн цаг үед монголчууд бид өмнөх шигээ байгаад байж болохгүйг дэлхийн дарга ч санууллаа, дэргэдэх сэхээтнүүд маань ч хэлсээр байна.

Монголчууд тэгээд ямар байх ёстой вэ. Гол нь улс төрийн нөхцөл байдал эрүүл, ардчилсан зарчимд суурилсан, тэнцвэртэй, шударга, хууль ёсны дагуу байх ёстой. Улс орныг үймүүлэх, юу ч биш болгох хамгийн том аюул бол улс төрийн буруу тогтолцоо, улстөрчдийн бэртэгчин байдал. Тийм болохоор Монголын улс төрийн тогтолцоог нэгдүгээрт Парламентын засаглалдаа үнэнч, тууштай, олон ургальч үзлээс бүрдсэн, хяналттай байлгах нь хамгийн чухал. Үнэн хэрэгтээ 2016 оноос хойш Монголын парламентад нэг нам дангаар ноёрхож ирлээ. Нийт сонгогчдын 58 хувийн саналыг авсан АН болон бусад нам эвслийн төлөөллүүд гудамжинд үлдсэн эрүүл бус сонгуулийн системтэй явж ирлээ. Сонгогчдын дөнгөж 42 хувийн санал авсан нам УИХ-д 62 суудалтай, үнэмлэхүй олонх байгаа нь эрүүл үзэгдэл мөн үү. Хууль ёс шударга хэрэгжих үү. Шулуухан хэлэхэд, 62 гишүүний 50 хувийг гадны хүчин зүйлс байтугай дотоодын нэг аж ахуйн нэгжийн эзэн ч худалдан авч чадахаар байна. Хүссэн хуулиа гаргуулахад асуудал алга. Монголын хувь заяаг эргүүлэхэд 500 сая ам.доллар хангалттай гэсэн золбин үг тодорхой хүрээнд яригддаг нь нууц биш шүү дээ. Парламентын 50 гишүүн тус бүрт нэг сая ам.доллар хангалттай гэсэн гадны гар хөлийн ч яриа бий. Ийм эмзэг төр засагтай, хууль ёстой байна гэж юу байсан юм бэ. Тавин улстөрчийг худалдаж авах, 100 гишүүнийг худалдаж авахын хооронд басчиг ялгаа бий. Аргаа барсан хүний үг юм даа. Гэхдээ л нэг намын 62 гишүүнтэй ярьж тохирох, олон намыг төлөөлсөн 140 гишүүнтэй халзагнахын тухайд бүтэлтэй, бүтэлгүй юм дуракуудад тулгарах нь тодорхой. Ийм л учраас Их хурлын гишүүдийн тоог хүн амын тоондоо харьцуулан олон болгох нь цаг үеийн шалгарсан шаардлага болоод байна. Дээр нь сонгогчдын санал ингэж хэдэн зуун мянгаар гээгдмээргүй байна. Ийм эрүүл системийн эхлэлийг энэ жилдээ багтааж хийхгүй бол Монгол Улс цаашдаа балрах нь.

Хоёрдугаарт, аль ч улс орны түүхэнд нэг хүний гарт эрх мэдлийг төвлөрүүлснээр сайн зүйлийг авчирч байсан удаагүй. Тийм л учраас ардчилсан нийгэм, хүчтэй сөрөг хүчинтэй парламентын засаглал руу хүн төрөлхтөн явж ирлээ. Өнөөдөр харцгаа, Ерөнхийлөгчийн засаглалтай улс орнууд ямар байгааг. Ард түмнээ зовоогоод зогсохгүй дэлхийг самарч байгааг. Хүн төрөлхтөнд шүдний өвчин болсон удирдагч, улстөрч, Ерөнхийлөгчтэй болцгоосон байна. Энэ мэтийг сануулахын учир нь “Монголд чанга гар хэрэгтэй байна, хүчтэй Ерөнхийлөгчтэй болъё, Ерөнхийлөгчийн засаглалтай болохоос өөр арга замгүй боллоо” гэх үзэл суртал яригдах, оролдлого хийгдэх боллоо. Энэ бол тэнэглэл. 76 хүнд 70 сая ам.доллар хангалттай гэж хуцдаг гадныхан нэгэнт бий болчихоод байхад ганц атамантай ярих нь бүр л амар шүү дээ. А.Гутеррешийн “Далай-Эрэг хоёр яадаг ч үгүй юм, дунд нь байгаа бүхэн үрэгддэг” гэсэн зүйрлэл дотор энэ бүхэн багтаж байгааг тогтож бодно уу, монголчууд аа.

Өнөөдөр Монголын оюун санааны ертөнцөд нөлөөлөх нэр бүхий хэдэн сэхээтнүүд нийгмийн сүлжээнд хоёр хөршийн талаар нэг талд нь, ил цагаан үзэл бодлоо илэрхийлмээргүй байна. Аль нэг талд нь туйлширч дуугарахаа хязгаарлана уу. Таны үзэл бодлыг коммунистууд шиг хориглож байгаа юм биш. Зүгээр л цаг үе нь биш байна гэдгийг хэлье. Та бүхэнд туршлага, сайн эх сурвалж, аналитик чадварууд байж болно. Гэхдээ Монголтой, Монголгүй асуудал шийдэгдэхээ хүрвэл шийдэгдэх тийм цөвүүн цаг үе учраас дотроо бодолтой, дороо суурьтай байцгаая. Бид дотроо л томорцгоохоос биш гадагшаа бол хэн ч биш шүү дээ. Дэлхий сонсчих хэмжээний ганц Нобелийн шагналтан бидний дотор бий билүү. Дэлхийн анхаарлыг Монгол руу хоромхон зуурт чиглүүлж чадах ганц Холливудын жүжигчин ч байхгүй шүү дээ. Далайн шуурга болж эрэгээ цохиход хүрвэл бид зомгол болно. Зомгол болгохгүйн төлөө үйл ажиллагаа явуулдаг дэлхийн дарга үүнийг хэллээ. Үүнээс илүү бодит сэрэмжлүүлэг тэгээд хаанаас сонсох гэсэн юм бэ. Украинтай өөрсдийгөө зүйрлэн жиших хэрэггүй. Газрын зураг дээрээс харчих. Хаагуур нь ч барууны дэмжлэг орж ирэх боломжтой, нөөцтэй Украин. Монгол Улс бол далай-эрэг хоёрын голд л байна. Үүнийг монгол хүн хэлээгүй, Гутерреш хэлсэн.

Эцэст нь үнэнийг дахин хэлэхэд, монголчууд бид хоёр хөрштэйгөө ил, далд байдлаар толхилцоод байлгүй эвтэй, ойлголцолтой байх энгийн үнэнийг нийтээр хүлээн зөвшөөрөх. Хоёрдугаарт, хоорондоо эвтэй байх. Дотор нь хагаралдуул, дараа нь эзэлж авъя гэсэн үгийг түүхийн хуудаснаас харцгааж байх. Гуравдугаарт, бидний төрийн байгууламж болох Парламентын засаглалаа улам бэхжүүлэх. Гадна, дотны хэн ч өвөртлөөд явчих юм уу, өшиглөөд унагачих давжаа парламентгүй болох. Дор хаяж 140 гишүүнээс бүрдсэн, олон намын төлөөлөлтэй, хяналттай, эрх мэдлийн тэнцвэрээ хадгалсан парламенттай болох. Ингэхийн тулд Үндсэн хуулийн нэмэлт, өөрлчлөлтийг зөв, хийгүй, тултал хийхээс өөр гарц өнөөдөр алга. Даян дэлхийн энхтайвны баталгаа болсон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн айлдварыг Далай ламын сургаал шиг санаж явах цаг иржээ, монголчууд минь...


Сэтгэгдэл

Зочин [64.119.21.252] 2022-08-25 00:47:59

Балайр ч улс төржихөө боль.Юу нь болохгүй бг юм.МАН аас өөр эрүүл саруул улс төрийн хүчин байгаачгүй бий болж ч чадахгүй түмэн олоны нам шүү дээ.Ямар монголыг ямар болгосныг мэддэгүй харалган УТ чидөө гэж .....

tusa [64.119.25.150] 2022-08-24 01:35:40

Гутерреш гуай ер нь тэгж хэлээгүй дээ. Энэ нөхөр өөрийн бодлоо энэ эрхэмийн үг болгочихсон байна. Ер нь их хуралд суух бодлоо их холын зайнаас илэрхийлж, их хурлын гишүүдийн тоог нэмэхгүй бол болохгүй нь гэж үнэмшил муутай гаргалаа гаргаж дээ. Хөрш 2 орныг хөндсөн үг энэ зохиож хэлсэн нөхөр улс төрийн хариуцлага хүлээх нь тодорхой. Юун их хурал, аавын хаалга хүлээж байна даа, хөгийн ч гар бол доо.

ene bichsen hyn ni ardchilsan namiih l daa?ta naraar dahin toroon syitgyyleheen boliyoo????????????? [148.60.92.227] 2022-08-23 12:17:14

chi tegeed MAN-iig idlee yylaaa toroon byryy ydirdlaa geh geed baina uu?tegeed daraagiin garch ireh toriin tyseeded hen hen baih bol?....yamarch baisan MAN-gabya baigyylsan ylas tor gedeg daanch yeriin ys sig dairaad engerdeg byhniig ballyyrddag ed bis degee?...geendee ch goondoo ch gedeg sig syyri ni ganhachisan ylas tor anhnaasaa myy garaatai tyl,ene syyriig herhen saijryylah be?gedegtei l yarimaar sanagdana.tyynees bys?yag odoo baigaa MAN bol hiidegeen hiij bidnii emnees yyrgee byelyylej baigaa gej bodoj baina...dahij harin ardchilsan namaar l lab ylasaa seneelgeh hysel alga syy!!!!er ni Mongolchyydiin dynd tor barih mergen haraatai alsiin ydirdlaga baina gej harhad daanch hezyy bolj dee!!!ylasiin maani dotoodod bye byenee l homorgolon ystgah gesen esbel ylasaasaa yrbasan balchimgyi garyyd l olsirson haragdana.

зочин [103.26.195.248] 2022-08-23 10:17:08

Энэ ямар учиртай, ямар зорилготой нийтлэл вэ? хэн бичив? Яагаад нэр хаяггүйгээр ийм сонин номлол-хэрүүлийн алим-хуваагдуулах зүйл бичих болов? Орос сэтгэлгээтэй, орос үг их хэрэглэдэг хүн захиалгаар төлбөртэй бичив үү? Монгол улсад Монголоо гэх сэтгэлтэй, зүрхтэй, зоригтой, чадвартай, тууштай, монгол ухаантай төрийн тэргүүн, төрийн түшээд, удирдлага хэрэгтэй, шаардлагатай биш үү? Монгол улсыг Монгол хүн л хөгжүүлнэ, дэвшүүлнэ, Монголоор нь авч үлдэх байх даа?

zochin [202.55.183.178] 2022-08-23 07:57:47

Женко ерөнхийлөгч байх хугацаандаа ерөнхийлөгчийн засаглалтай болгох гэж мөн их зүтгэсэн дэ.Өөрийхөө бүрэн эрхийн хугцаааг 6 жил болгох гэж яаж байлаа. 76 тэнэг ч гэсэн женкогийн мөрөөдлийг зогсоосон гавьяатай хүмүүс шүү. Хүрэлсүхтэй чи хуралаа ав би ерөнхийлөгч болох тохироо хийгээд ганц сайхан муруйлсан да. Баярлаад байдагым яаж энэ хүн дахиад сонгогдчихоогүйм гэж. Тэгсэн бол одоо оросын нэг муж болцон байх байлаа. Хүк яахав тэнэг юм болохоор хор нь хол явахгүй.

Хүний нэр барихаа болиочээ, шарааны юмаа. [59.153.115.155] 2022-08-23 07:29:13

НҮБ-ын дарга Гүтерреш-д л Монголын парламентад 76 суудал байна уу, 140 суудал байна байнаа ЯМАР ХАМААТАЙ юм бэ? Энэ хүн л үүнийг сонирхов гэждээ? Зүгээр л дээрхийг бичсэн монголчууд л өөрсдийн санааг Гүтеррешийнх болгож, нэрийг нь барьж юм бичсэн байна. Ингэхээ болилдоо, МУУХАЙ ш дээ. Ичиж үхлээ.

Уншигч [91.20.62.38] 2022-08-23 06:44:20

Монголчууд өөрийн бодолтой байх хэрэгтэй. Аль ч орны (Америк, Орос, Хятад) талд орж хуйлрахгүй, өөрийн бодолтой, өөртөө итгэлтэй байх ёстой. Гуттерреш- ийн гэнэт Монголд санаа зовоод бүр наашаа ирээд байгаа нь нэг л сэжигтэй. Украйнаар тоглосон шиг, Монголоор тоглох гэж байгаа юм биш биз?!!! Газарзүйн байрлалын хувьд Монгол нь Америк мэт өдөөн хатгагч улсад өөрийн дайснуудынхаа (Орос, Хятад) эсрэг юм хийхэд маш ашигтай газар!!!

Зочин [202.126.88.110] 2022-08-23 05:21:37

Гутерреш Цэнддоо хоёр эрүүл сэтгэхүйтэй монгол хүн бүхэн бүрэн ойлгохоор гоё зүйрлэлтэй хэлжээ.БатҮүл Со инженер гэж өөрийгөө өргөмжлөн,юм бүхэн дээр оросуудыг хараадаг Ц Сосорбарам мэтийн хүмүүс эх орноо боддог бол амны зоргоор бурхаа болих хэрэгтэй.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.