Р.Гончигдорж: Цэц Үндсэн хуулийг "эзлэн түрэмгийлж" нэг хэсгийг нь "устгалаа"

Aдмин / Улстөр

Монгол Улсын (дэд Ерөнхийлөгч) Улсын Бага хурал, Улсын Их хурлын дарга асан, академич Р.Гончигдоржтой ярилцлаа.

- Засгийн газрын дөрвөн гишүүн давхар дээлтэй байж болно гэж 2019 онд Үндсэн хуульд ёсчлон баталж оруулсан заалтыг Цэц хүчингүй болгож байгаа нь хуулийн хувьд хэр зохистой вэ?

- Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуультай адил хүчинтэй”. Тийм учраас Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд нэмэлтээр орсон заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж асуудлыг хэлэлцсэн нь бүрэн эрхээ хэтрүүлсэн явдал юм. Үндсэн хуулийг зөрчиж бүрэн эрхээ хэтрүүлсэн тухайд "Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 1-д Үндсэн хуулийн Цэц нь дараах маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж УИХ-д оруулна.

Хууль, зарлиг, УИХ, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын Олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх" гэж Цэцийн бүрэн эрхэд заагаад Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 2.1-д Үндсэн хуулийн Цэц нь "Үндсэн хуульд захирагдах, Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх, судалгаанд үндэслэх, төвийг сахих,.. бие даасан, ил тод байх нь Цэцийн үйл ажиллагааны Үндсэн зарчим мөн" тодорхойлсон.

Мөн Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "Үндсэн хуульд хууль, зарлиг, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БУСАД ШИЙДВЭР, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино" гэж заасан.

Үндсэн хууль болон Цэцийн тухай хуульд Цэцийн үйл ажиллагааны хүрээ. үйл ажиллагааны зарчим, шийдвэрийнх нь тухай тодорхой заасан байхад Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “...(Засгийн газрын) Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэх мэдээллээр Үндсэн хуул ийн маргаан үүсгэж улмаар "Үндсэн хууль зөрчсөн" гэсэн тогтоол гаргасан нь Үндсэн хуулийн дээр дурдсан заалтуудыг илтээр зөрчсөн, үйл ажиллагааны хуульд тогтоосон зарчмаа эвдсэн үйлдэл боллоо.

- Тэгвэл одоо УИХ яах ёстой вэ?

- Эрх мэдлээ хэтрүүлэн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, Үндсэн хуулийн 39.1 дэх хэсгийг хүчин төгөлдөр хэмээн үзэх ёстой.

Хоёрдугаарт, Үндсэн хууль зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэр гаргасан Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг Үндсэн хуулийн 65.4 хэсэгт "Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно" гэснийг Үндэслэн УИХ-аас нэр дэвшүүлж томилсон Цэцийн гишүүдийг эгүүлэн татаж, Ерөнхийлөгч болон Дээд шүүхэд санал уламжлан (саналыг зөвшөөрнө гэдэгт итгэж байна) улмаар эгүүлэн татах саналыг нь үндэслэн эгүүлэн татах арга хэмжээ авах нь зүйтэй.

Энэ үед Цэц шийдвэр гаргах (өөрсдийн тухай) чадамжгүйг дурдах нь зүйтэй. Харин Цэцийн шинэ бүрэлдэхүүн Цэцийн энэ шийдвэрийг Цэцийн хуулийн дагуу нэн даруй хүчингүй болгох хэрэгтэй.

-1999 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Үндсэн хуулийг Цэцээс хүчингүй болгож байсан. Өмнө нь гарч байсан энэхүү тохиолдлоос энэ удаагийнх юугаараа ялгаатай вэ?

-1999 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгож байсан нь эдгээр өөрчлөлт Үндсэн хуулийг зөрсөн гэсэн үндэслэлээр биш. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Үндсэн хуулиар тогтоосон дэгийг зөрчсөн гэж үзсэн. Тийм ч учраас тэр үеийн Цэцийн "ойлголтод" тохируулан нэмэлт, өөрчлөлтөд үг үсгийн ч засвар хийлгүй 2000 онд дахин нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг юм.

"Ойлголт"-ыг тодруулбал, Үндсэн хуулийн 68.1-д "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн Цэц УИХ-д өргөн мэдүүлж болно" гэсэн заалт дахь "саналыг" гэдгийг УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн Цэцээс заавал санал авах, Цэц өргөн мэдүүлэх ёстой мэт "ойлголт"-ыг дээр дурдсан үед баримталсан байдаг юм.

- Та ч бас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар Цэцэд хандаж байсан?

- Тийм ээ. Энэ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үндсэн хэсэгт огт хамаараагүй. Харин дагаж мөрдөх хугацаа нь Үндсэн хуулийн 69.3-т заасан "УИХ-ын ээлжит бус сонгууль явуулахын өмнө зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно" гэснийг зөрчсөн тухай мэдээлэл гаргасан. Энэ заалт нь сонгууль дөхсөн үед Үндсэн хуульд популист нэмэлт, өөрчлөлт оруулахаас сэргийлсэн агуулгыг багтааж байгаа юм.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь хугацааны хувьд хоёр бүрэлдэхүүнтэй. ҮХНӨ оруулах хугацаа нь баталсан хугацаа, дагаж мөрдөх хугацаа гэсэн хоёр бүрэлдэхүүнтэй. Оны өмнө баталж (2019 оны арваннэгдүгээр сард), сонгууль болохоос cap хүрэхгүйн өмнө (2020.5.25) дагаж мөрдөхөөр заасан байсан. Цэц авч хэлэлцээгүй. "Дордуулсан долоо"-г засаж байгаа нь энэ гээд Үндсэн хуулийн 39.1 -д одоо маргалдаад байгаа өөрчлөлт оруулсан популизмынхоо "гай"-г одоо үүрч байна.

- Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ямар боломж байдаг вэ?

- Үндсэн хуулийн 68.1 дэх хэсэгт дэх "...саналыг Үндсэн хуулийн Цэц нь УИХ-д өргөн мэдүүлж болно" гэдэг нь 1999 онд хэрэглэсэн утгаар биш, харин Үндсэн хуулийн Цэцэд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа УИХ-д өргөн мэдүүлэх эрх олгосон нь Үндсэн хуулиар олгосон нэг талаас боломж. нөгөө талаас үүрэг юм. Тодруулбал, санал өргөн мэдүүлж болно гэдэг нь УИХ тэр саналыг хэлэлцэх үүрэгтэйг илэрхийлэх бөгөөд, ийм шаардлага Үндсэн хуулийн Цэцэд үүсэж болохыг Үндсэн хуулийн хэмжээнд харгалзан үзсэн болно.

Тухайлбал, иргэдээс ирсэн мэдээллээр үйлдсэн хуулийн маргаан шийдвэрлэхэд зөрчсөн, зөрчөөгүй талаар шийдвэр гаргах боломжгүй. эсвэл Төрийн эрх мэдэл хэрэгжүүлэгчийн хооронд гарсан зөрчлийг Үндсэн хуулиар нэг утгатай шийдэх боломжгүй, эсвэл судалгааны үндсэн дээр Үндсэн хуулиа сахин хамгаалах зайлшгүй шаардлагатай зэрэг тохиолдолд Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэх шаардлага гарахыг үгүйсгэх аргагүй юм.

Жишээ нь, ямар нэг хуулиар УИХ гишүүн нь Засгийн газрын гишүүнээс төрийн зэрэг дэвээр илүү байхаар заасан гэе. Энэ талаар Үндсэн хууль зөрчсөн гэсэн маргаан гарсан гэж бодъё. Үндсэн хуулийн Цэц үүнийг шийдэх гэтэл Үндсэн хуулийн 29.1-ээр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч болохоор заасан учир УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээс дээгүүр зэрэг дэвтэй гэж ойлгохоор байтал Үндсэн хуулийн 39.1-ээр Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэсэн учир Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүнээс дээгүүр зэрэг дэвтэй гэж ойлгохоор байна.

Яг ийм үед Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргахаас татгалзан харин УИХ-д Үндсэн хуулийн Үндсэн хуулийн 39.1- ийг "Засгийн газрын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүдээс байж болно" гэсэн өөрчлөлт оруулах саналаа өргөн мэдүүлж асуудлыг шийдвэрлэх юм.

- Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд нийцүүлэн асуудлыг шийдвэрлэх боломж бий юү. Мөн Т.Доржханд гишүүнд?

- Үндсэн хуулийн Цэц иргэдийн гаргасан маргаанд "Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийн заалт, Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлыг хэлэлцэх эрх мэдэл байхгүй тул Үндсэн хуулийн маргаан үүсгэхээс татгалзаж байна" гэсэн хариулт өгөх ёстой байсан.

Мөн Үндсэн хуулийн Цэцийн дарга гишүүдтэйгээ зөвлөлдөж УИХ-д Үндсэн хуулийн дараах өөрчлөлт оруулах саналыг өргөн мэдүүлье гэж шийдэж болох боломжтой байсан. Үндсэн хуулийн 39.1-ийг дараах байдлаар өөрчлөн найруулах "39.1 Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ". Т.Доржханд гишүүн бүрэн эрхийнхээ дагуу дээрх Үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачилж болох байсан.

- Яагаад ийм арга замыг сонгов?

- УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүйгээр Засгийн газар дахь УИХ-ын гишүүдийн тооны хязгаараас салахын тулд хийж байгаа үйлдэл гэдэг нь илэрхий.

Үндсэн хуульд бүх үйл ажиллагаа, үйлдлээ нийцүүлж байх ёстой атал үйл ажиллагаа үйлдэлдээ Үндсэн хуулиа нийцүүлэх гэсэн энэ урвуу оролдлого нь Үндсэн хууль руу хийж байгаа "эзлэн түрэмгийлэл" юм. Үндсэн хуулийн Цэц нь ийм түрэмгийллээс Үндсэн хуулиа сахин хамгаалах үндсэн үүрэгтэй байтал "түрэмгийллийг" тосон авч Үндсэн хуулийн нэг хэсгийг (39.1-ийн "Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаал хавсарч болно" гэсэн) "устгалаа". Ийнхүү хамгаалах ёстой зүйлээ хавсарч "устгасан" нь түүхэнд хар толбо үлдлээ.

Бүх юм Үндсэн хуулийнхаа дагуу засагдаж сэргээгдэнэ гэдэгт найдах л үлдлээ. Үндсэн хууль маань хоточ нохой нь чонотой нийлчихсэн хот айл шиг л болоод байна даа.

Зураг



Сэтгэгдэл

Power [202.126.88.75] 2022-08-24 06:52:44

Гончигдорж цээжээрээ яриагүй, хуулийн ишлэлтэй ярьж байна. Цэц үндсэн хуулиа өөрчилөх эрхтэй юм бол УИХ-аар юу хийх вэ? Бүх яамдын сайд нар давхан байж болохоос гадна бүх гишүүд нь бас өөр агентлаг төрийн боон төрийн байгууллага, бүр компанийн удирдах зөвлөлийн гишүүн байж болох юм байна. Зөвхөн сайдыг л хавсарч болно бусдыг хавсарч болохгүй гээгүй биз дээ. Хүсвэл нэг яам биш бүр 2-3 яамны сайдыг ч хавсарч болох байх даа. Арай л дэндэж байна даа. Бас Ундсэн хуулиа өөрчилнө гэнэ. сар жил тутамд өөрчилж байдаг Үндсэн хуультай болох нь. Хүнээ биш намаа сонгодог болох нь сайн гэнэ. 100 намтай болвол бүгдээс нь төлөлөлтэй холимог засгийн газар УИХ-тай байх нь сайн гэнэ. Бас нэг нам сонгуульд 2-3 дараалан ялбал нэг сайд ерөнхийлөгч 2-3 удаа сонгогдвол шууд дарангуйлагч болно гэнэ. Жил бүр төр засаг сайд дарга нар нь солигдож байвал хамгийн их ардчилалтай улсад тооцогдон АНУ-ын дэмжлэг магтаал хүртэх гэнэ.

Зочин [146.70.16.50] 2022-08-24 05:43:48

гонио минь хулгайн эдээ идээд хэвт


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.