Д.Цэрэндулам: Ингэ хөөслөх зан үйл нь малчин, мал хоёрын сэтгэл зүйн нягт холбоог илэрхийлсэн уламжлал

Aдмин / Нүүр

Соёлын олон талт байдлыг дэмжих олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн 4-р сарын 15-нд дэлхий нийтээр урлагийн бүтээлч байдал, соёлын олон талт байдлыг сурталчлах, харилцан яриа өрнүүлэхэд чухал ач холбогдолтой өдөр юм.

ЮНЕСКО-гоос санаачлан хүн төрөлхтний урлаг, соёлын өвийг хамгаалах, дэмжих зорилгоор 2012 оноос хойш албан ёсоор тэмдэглэж байна. Энэ хүрээнд Завхан аймагт соёлын биет бус өвийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар тус аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын түүх, соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэрэндуламаас тодрууллаа.

-Соёлын өвийн талаарх ойлголт иргэдийн дунд харилцан адилгүй байдаг. Та энгийнээр тайлбарлаж өгнө үү?

-Соёлын өв гэдэг нь өнгөрсөн үеийнхэн бүтээж, цаг хугацааны шалгуурыг даван өнөө үед уламжлагдан ирсэн биет болон биет бус үнэт зүйлсийн цогц юм. Энэ нь ард түмний түүх, урлаг, шинжлэх ухаан, угсаатны зүйн ач холбогдол бүхий оюуны болон эд өлгийн соёл бөгөөд нийгмийн үнэт зүйл, оршин тогтнохуйн үндэс болдог.

Соёлын өвийг биет болон биет бус гэж хоёр ангилна. Түүхэн тодорхой орон зай, цаг үеийг илэрхийлсэн, биет байдлаар хадгалагдан үлдсэн дурсгалуудыг соёлын биет өв гэнэ. Үүнд барилга байгууламж, хөшөө дурсгал, археологийн олдвор, ном судар, гар урлалын бүтээлүүд орно. Харин тодорхой нутаг дэвсгэр, хамт олны өв соёлын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн зан заншил, илэрхийллийн хэлбэрүүдийг соёлын биет бус өв гэж нэрлэдэг. Үүнд аман зохиол, хэл, дуу хөгжим, бүжиг, уламжлалт зан үйл, арга технологи зэрэг багтана.
Өөрөөр хэлбэл, соёлын өв нь үндэсний ой санамжийг хадгалж, хойч үедээ уламжлуулан үлдээх үнэт баялаг юм. Зарим тохиолдолд “өв соёл” гэх хэллэг хэрэглэдэг нь буруу бөгөөд соёлоос өв үүсдэг гэдгийг ойлгох нь зүйтэй. Тиймээс соёлын өв гэж ярьж, бичнэ.

-Завхан аймагт соёлын биет бус өвийг хамгаалах, таниулах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Манай аймаг соёлын биет бус өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх ажлыг тогтмол хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар 530 гаруй өвлөн уламжлагчийг бүртгэж, аймгийн музей болон соёлын төвүүдээр дамжуулан уламжлалт зан үйл, ардын урлагийг өвлүүлэн үлдээх, олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж байна.

Мөн өвийн долоон ай савын дагуу өвлөн уламжлагчдыг дэмжих, уралдаан тэмцээн, нээлттэй өдөрлөгүүдийг тогтмолжуулсан. Өвлөн уламжлагчдыг бүртгэх, дэмжихийн зэрэгцээ сум бүрийн соёлын төвийн үйл ажиллагаанд оролцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлж байна. Түүнчлэн яаралтай хамгаалах шаардлагатай болон төлөөллийн үндэсний бүртгэлд бүртгэлтэй өвүүдийг ангилан, уламжлалт зан үйлийг сэргээн сурталчилж, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж байна.

Соёлын биет бус өвийн хамгаалалт нь зөвхөн өвийг хадгалах төдий бус, түүнийг өвлөн уламжлагчдыг дэмжих, залуу үед өвлүүлэн үлдээхэд чиглэдэг.

-Завхан аймагт яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв бий юу?

-Байгаа. Монгол Улсад ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн, мөхөх аюулд орсон хэд хэдэн өв бий. Үүнд монгол тууль, цуур, бий биелгээ, лимбээр уртын дуу тоглох битүү амьсгааны арга барил, монгол уран бичлэг, ингэнд ботго авхуулах зан үйл, овоо тахих зан үйл, хөхүүрийн айраг исгэх уламжлал зэрэг багтдаг. Эдгээр өв нь өвлөн уламжлагч цөөрсөн тул хамгаалалт шаардлагатай болсон.

Монгол Улсын хэмжээнд нийт 80 гаруй биет бус өвийг яаралтай хамгаалах шаардлагатай хэмээн бүртгэсэн байдаг.

-Ингэнд ботго авхуулах зан үйлийн талаар дэлгэрүүлбэл?

-Завхан аймгийн говийн бүс нутагт ингэ ботгоо голсон тохиолдолд “ингэ хөөслөх” зан үйлийг үйлддэг. Энэ нь дуу, хөгжим, уянгалаг аялгуугаар ингэний сэтгэлийг зөөлрүүлж, ботгонд нь дасгах арга юм.

Тухайлбал, Дөрвөлжин, Ургамал сумын малчид ингэний зан байдал, зүсийг харгалзан уянгалаг аялгуугаар аргадан, морин хуур, уртын дуу хослуулан ботгыг авхуулдаг. Зарим тохиолдолд нутгийн уртын дуу дуулдаг эмэгтэйчүүдийг урьж оролцуулдаг уламжлалтай.

Дөрвөлжин сумын малчин Т.Ариунсайхан “хөөс хөөс” гэхээс илүү “дуур дуур” хэмээн аялгуулан аргаддаг онцлогтой. Тэр бээр олон жил тэмээ маллаж, ахмад малчдаас энэ зан үйлийг өвлөн сурсан бөгөөд бүсийн уралдаанд удаа дараа амжилт гаргасан туршлагатай. “Ингэ дуурлахдаа дунг аялгуулан үлээж ингээ зөөлхөн илэх, өөрийн биеэ халуун биед нь нааж уянгалуулан дуурлахад ботгоо хурдан авдаг. Ер нь тэмээ бол их өрөвч нинжин мал. Зөөлхөн, аясаар байх тусам хүнд ээнэгшин дасдаг” гэж Т.Ариунсайхан ярьж байсан.

Тиймээс ингэ хөөслөх зан үйл нь малчин, мал хоёрын сэтгэл зүйн нягт холбоог илэрхийлсэн монгол уламжлалын чухал хэсэг юм. Энэ мэтчилэн Завхан аймагт нутгийн онцлог зан үйлүүд өнөөг хүртэл хадгалагдан, өвлөн уламжлагдсаар байгаа нь сайшаалтай. Цаашид эдгээр өвийг бүртгэх, өвлөн уламжлагчдыг алдаршуулах, олон нийтэд таниулах нь чухал ач холбогдолтой юм.

-Ярилцсанд баярлалаа.

Завхан аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын түүх,

соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэрэндулам

Ботгоо авсан ингэ гэрэл зургуудыг: Н.Сүхбат

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.