А.АМАР САЙД МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ЭРХЭМЛЭДЭГ, АРДЧИЛСАН ҮЗЭЛ БАРИМТЛАЛТАЙ БАЙЖЭЭ

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд асан тэрвээр 1886 онд Түшээт хан аймгиан Эрдэнэдалай чин вангийн хошуу, одоогийн Булган аймгийн Хангал сумын нутагт Анандын хүү болон төржээ. А.Амарын эцэг Ананд хэдийгээр уг язгуур гарвалаараа тайж авч зарцлах хамжлага ардгүй, мал хөрөнгөөр ядмаг, жирийн малчин ардаас ялгар юмгүй нэгэн байжээ. Тийм тайж нарыг монголчууд хохь тайж хэмээнэ. А.Амарыг арван хоёр нас хүрэхэд эцэг нь өөрийн хошууны тамгын газрын дэргэдэх бичгийн сургуульд оруулж, төдөлгүй Монгол бичиг, Манж Төвөд хэл бичиг сурчээ. Чингээд Манж Чин Улсын дарангуйллын үед өөрийн хошууны тамгийн газар, алтны уурхай, аймгийн жасаанд, тус тус бичээч, эх зохиогч түшмэлээр ажиллажээ. 1913 оноос Хаант Монгол улсын гадаад явдлын яам, аймгийн чуулганд бичээч, эх зохиогч, дэс түшмэлээр ажиллаж байгаад 1917-1918 онд Монгол Улсын хойд хил хязгаарыг харгалзан хамгаалсан тавин цэргийг захиран суужээ. 1919 онд Хятадын харгис цэрэг цөмрөн орж, Монголын автономит төрийг устгахад А.Амар нутагтаа одож, хоёр жил орчим хугацаанд мал аж ахуй эрхэлжээ.

Судлаачдын тогтоосноор Д. Сүхбаатар 1921 оны хавар хилийн чанадад байхдаа А.Амар болон бусад дэвшилт үзэлтэй хүмүүст нэг бус удаа элч зарж, ажил хэрэг зөвлөж байх агсан аж. Монгол оронд ардын хувьсгал ялсны дараа А.Амар Нийслэл хүрээнд хүрэлцэн ирж, 1921 оны намар ардын засгийн газрын туслах түшмэлийн албанд томилогдон хүчин зүтгэж эхэлжээ. Урьд Монголын хаант улсын үеийн бичгийн алба хашиж, бичгийн хэрэгт дадал олсон А. Амар удалгүй Гадаад явдлын яамны эрхэлсэн түшмэлээр дэвшиж, улмаар яамны сайдаар тохоогдон ажиллаж байгаад 1924-1927 онд Аж ахуйн яамны сайд, 1926-1927 онд Дотоод яамны сайд, Эдийн засгийн зөвлөлийн тэргүүлэгчээр ажилласан байна.

1928 оны эхээр хуралдсан улсын "X" бага хурлаас А.Амарыгг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсонд 1930 он хүртэл ажиллаад 1930-1932 онд шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, 1930-1932 онд шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, 1936-1939 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга, 1936-1939 онд Монгол Ард Улсын засгийн газрын ерөнхий сайдаар тус тус тус ажилласан байна. А.Амар 1923 онд МАХН-д элссэн бөгөөд намын III, IV, VII,IX их хурлаас МАХН-ын Төв Хорооны гишүүн, Намын VII, IX их хурлаас МАХН-ын төв хорооны тэргүүлэгч гишүүн, IV, V хурлаас намын хянан байцаах төв комиссын гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байв.

А.Амар нам төрийн удирдлагад ажиллаж байхдаа Монгол улсын төрийн тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх, тус оронд хувьсгалт ардчилсан өөрчлөлт хийх бодлогыг тууштай дэмжин, эдийн засаг, соёл шинжлэх ухааныг хөгжүүлэхэд байнга анхаарал тавьж байв. Тэр төрийн дээд байгууллагын бодлого, үйл ажиллагааны чиглэлийг боловсруулахдаа, алсын хараатай сэтгэж, бүтээлч хандахыг оролдсон нь түүний хэлсэн үг, илтгэл зэргээс харагдана. Малчин монголчууд бараг нийтээрээ сүсэг бишрэлтэй агсан нөхцөлд, сүм хийд, лам нарыг хүчээр устгах тухай И.В.Сталины шахалт тулгалтыг эсэргүүцэж байжээ.

Төв Азийн байгаль, цаг уурын нөхцөлд эртнэс идээшин зохицсон Монголын нүүдлийн мал ахуйг хөтлөх уламжлалт аргыг огцом өөрчилж болохгүй, өвөг дээдсийнхээ хуримтлуулсан мэдлэгийн арвин сан хөмрөгөөс дэвшилтэйг өвлөн авч, шинжлэх ухааны ололттой зөв хослуулан, аж ахуйгаа хөтлөх нь зүйтэй хэмээн үздэг байжээ. 1935 онд Улсын сайн малчдын зөвөлгөөнд тэрвээр, манай “ Мэргэжилтэн доктор нар болбоос монголын малыг өсгөн үржүүлэх ба өвчнийг эмчлэхдээ... монголын мал үржих хөгжих, үхэж хорогдох шалтгаан учир ба монгол хүний маллаж, адуулж ирсэн заншил байдал лугаа танилцаж мэдэх нь чухал” хэмээн сануулжээ. А. Амар феодалын хөрөнгийг кампанчлан хураах, хамтрал байгуулах нь Монголын мал сүрэг үржиж, өсөхөд аль нэг хэмжээгээр саад тотгор болно хэмээн хойшлуулах санал тавьж байсныг ч судлан үзүүштэй асуудал юм. Тэрбээр Монголд аж үйлдвэрийг бий болгох нь эдийн засгийн төдийгүй, улс төрийн талаар ч ач холбогдолтой хэмээн үзэж, ихэд анхаарч байжээ.

Тэр төрийн захиргаа, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд шударга ёсыг нэвтрүүлж, аливаа хэргийн мөн чанар, түүний гарсан нөхцөлийг сайтар судалж шийдвэрлэхдээ ямагт бодитой хандаж, төр, хуулийн хүмүүжүүлэх үүргийг өндөрт тавихыг чухалд үздэг байжээ. Намаас тус орныг хөрөнгөтний бус замаар жолоодон, шинэ боловсрол, соёлыг хөгжүүлэхдээ , өөрийн хуучин соёлын өвд тулгуулахаас гадна дэлхийн дэвшилт соёлоос сурахыг ч тэрбээр үгүйсгэдэггүй байв.

...Хамт ажиллаж байсан хүмүүсийн өгүүлснээр А. Амар даруу төлөв зантай, бусадтай боловсон, ялдам харилцдаг, асуудлыг судалж шийддэг, ардын санал хүсэлтийг шуурхай хүлээн а-вдаг манж, төвд бичиг сайн мэддэг, бичгийн эх зохиохдоо гарамгай, гадаад улстай харилцах чухал албанд голдуу томилогддог, өргөн мэдлэгтэй улс төрийн зүтгэлтэн байжээ.

ЗСБНХУ-д И.В.Сталиныг тахин шүтсэн нь манайд ч нөлөөлж Х.Чойбалсан, түүнийг тойрсон этгээдүүд хувьсгалт хууль ёсыг ноцтой завхруулж, хүмүүсийг олноор нь хэлмэгдүүлж басйныг А.Амар тухайн үедээ эсэргүүцжээ. Х.Чойбалсан нар 1933 онд зохиомлоор үүсгэсэн Лхүмбийн хэрэг гэгчийг тэрбээр нягтлан шалгуулаад, үндэсгүй тул баригдан хоригдогсдын ихэнхийг суллуулах арга хэмжээ авч байв. Х. Чойбалсан нарын дураараа авирлан, хүний эрхийг хөсөрдүүлснийг нэг биш удаа илчлэн, “Чухамдаа гэмт хэрэг хэмээгч нь жинхэнэ хийж үйлдсэн явдал дээрээс бүтэж гардгаас бус, хэн хүн санааны дураар зохиомол хэрэг ба зохиомол ял хийж явуулдаг тийм ёс хаана ч байж болохгүй... Тийн атал хүний ёс ба хүний үнэр чанаргүй хууль ёсыг завхруулагч, манай зарим ажилчид тэр мэт ташаа хилс хэргийг зохиомлоор буй болгох, эсвэл хий салхинаас авсан хоосон хэл яриа зэргээр хэтэрхий их хэрэг болгон, өндөртгөж байна” хэмээн шүүмжилж байв. Түүнчлэн “ Бид нам, засгийн аливаа хэргийг явуулахдаа, харилцан санал онолоо нийлүүлж, явуулах нь чухал бөгөөд хэн нэгэн нь гагцаар дур мэдэн явуулж хэрхэвч зохихгүй” хэмээн, нам төрийн удирдлагад ардчиллыг нэвтрүүлж, түүний эв нэгдлийг хангахыг хичээж байжээ.

А.Амарын эл бодлого үйл ажиллагаа нь гагц өөрийн гарт хязгааргүй эрх дархыг атгаж, ардчилал хууль ёсыг гажуудан, өөрсдийгөө шүтүүлэх гэсэн Х.Чойбалсан нарын зорилго явуулгад саат тотгор болжээ. Иймд тэд ерөнхий сайд А.Амарт улс төрийн эсэргүү хэрэгтэн гэсэн хаяг зүүгээд, 1939 оны гуравдугаар сарын долоонд болсон МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцжээ. Уг хуралд, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав “ Амарын нам бус явдлын тухай” илтгэл тавьж, түүндээ “ А.Амар бол ангийн дайсны ашиг тусыг өмгөөлөн хамгаалагч мөн. Энэ нь Японы тагнуулын төлөөлөгчдөөс хэдэн хувь дор юм. Тэр зальт аргаар өндөр албан тушаалд гарсан бөгөөд өөрийн зорилгыг биелүүлэхийн тулд хувьсгалыг ашиглахыг оролдож байв. Тус орны нам, аж ахуй, соёлын байгууллагын ажилд гарсан дутагдал нь Амарын үйл ажиллагаанаас болсон...” гэхчлэн түүнд хамаг нүглийг чихэхийг оролдон давшилсныг Х. Чойбалсан дэмжин,” Ийм өнгөө будсан, дотор нь харласан, идээ бээрээр гүйцсэн этгээдийг намын хүрээлэнд, түүнчлэн тэргүүлэгчээр нэг цаг, нэг минут ч байлгахгүй хөөвөөс зохино. Ерөнхий сайдын тушаалаас шууд хаяваас таарна” гэжээ.

Уг хурал дээр А.Амар “ Надад ийм аюултай мөндөр ирж, ийм хүнд байдалтай болохыг мэдсэн. Нөхдүүд намайг хаяж таягдах болжээ. Нэгд, феодалын үр хүүхэд би өөрөө бэйс зэрэгтэй явсан болох тул өдгөө ангийн тэмцэл гарч, хувьсгал хөгжихөд багтаах газаргүй, гишгэгдэн хаягдах бол гомдох газаргүй. Хоёрт, Нөхдөөс эсэргүү нартай холбоотой хэмээн үздэг юм уу, аль эсвэл эсэргүү нараас ноцдогоос... намайг хардах ахул би хэрхэвч хүлээхгүй. Миний гагцхүү итгэтэг зүйл нь Монгол хөл дээрээ зогсож, тусгаар эрхтэй улс байгаасай хэмээн итгэдэг амуй... Би улс орондоо хайртай, би өөрөө үүнийг үзүүлсэн. Миний бие анхны өдрөөс эхлэн улсыг хөгжүүлэх хэрэгт оролцож явсаар эцэст урвагчид холбогдож, хаягдахад хүрвээс миний зүрх хагарах лугаа адил байна. “ гэжээ.

Мөн өдрийн орой БНМАУ-ын XXII бага хурал болж, Х. Чойбалсан “ Ерөнхий сайд Амарын ажил явуулгын тухай” илтгэл тавьж, уг хурлаас гаргасан тогтоолд “ Амар нь Японы эзэрхэг түрэмгийчүүдийн хөлсний тагнуулууд ба эх орноос урвагчид хийгээд дээд ангийн лам нар, феодал нарын хувьсгалын эсэргүү ажил явуулгыг бут ниргэх явдалд төрөл бүрийн эсэргүүцлийг учруулж, үнэ хэрэг дээрээ тэднийг шууд хамгаалах байдалд хүргэсэн” хэмээн заагаад түүнийг ялтны ширээнд шилжүүлээд мөнхүү хурлаар Х. Чойбалсан Ардын Сайд нөрйн Зөвлөлийн ерөнхий сайд болжээ. Үүний дараа А. Амарыг ЗХУ-д хүргүүлэн И. В. Сталины шадар этгээдүүдээр “ хэргийг нь шалгуулж байгаад 1941 оны долдугара сарын 10-нд цаазаар аваачжээ. А. Амар эцсийн мөрдөн байцаалтад өөрийнхөө ямар ч гэм буруугүйг нотлоод өмнөх мэдүүлэг бол аргагүйн эрхэнд гаргасан худал зүйл, Үнэн хэрэг дээрээ БНМАУ-ын нутагт хувьсгалын эсэргүү ямар ч бүлэглэл байгаагүй, эсэргүү хэмээн баривчлагдсан хүмүүс хууль бус мөрдлөгийг үл тэсвэрлэн, худал хэрэг хүлээсэн хүмүүс, тэд хувьгалын эсэргүү огт биш... гэж өчжээ.

1960 онд ЗСБНХУ-ын ерөнхий прокурорын газар А. Амарын хэргийг хянан үзээд уг хэрэгт тэрбээр холбогдолгүй хэмээн тогтоосныг үндэслэн, БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дэргэдэх цагаатгах ажил эрхлэх комисс 1962 онд А. Амарыг хилс хэргээс цагаатгажээ.

Түүхч ШУ-ны гавъяат А. Очир


Сэтгэгдэл

12854630 [122.201.19.189] 2023-04-13 17:24:47

Та бүхэн аливаа мэдээлэлд буурь суурьтайгаар хандана уу, Ардчилал бидэнд сайн мууг хослуулан авчирсан,

Зочин [59.153.113.248] 2022-09-18 10:54:03

Орос хятад ялгаа байхгүй.монгол түмнийг устгахыг л хүснэ

Зочин [202.21.124.69] 2022-09-14 10:24:36

Ингэж л манай сор болсон цагаасаа түрүүлж байр байдлыг ойлгодог, ухаантай өөр өнцөгөөс эргэцүүлдэг хүмүүсийг Оросууд толгой дараалан устгаж байсан байгаам да

Зочин [192.82.72.44] 2022-09-15 04:17:35

Хэмжээлшгүй эрхт , шүүх өмгөөлөгч үгүй цааз өгдөг Х.ЧОЙБАЛСАН , хар ЖАМБАЛ ДОРЖ гээд одоогоор бол жинхэнэ эрүүгийн нөхөд байжээ дээ.Хажуудахаа хазаж ,нөхдөө өшиглөж , унтах завгүй орон дотроо цааз бичиж байж дээ.Айдаг нөхдөө хойш нь аваачиж алуулж байж дээ

Цагаасаа өмнө дэндүү гоё юм ярьдаг байжээ. [64.119.23.186] 2022-09-14 08:18:12

Цаг хугацааны хувьд дэндүү эрт төрчихсөн хүн байждээ. 1960-аад оны үед төрсөнсөн бол түүний яриа хөөрөө, нийгмийн гарал, орчин байдал нь түүнийг жинхэнэ мандуулах байждээ. Даанч 19-р зуунд төрж, Монгол улс БАЙХ ЭСЭХ нь шийдэгдээгүй байхад элдэв гое юм ярьж, хүмүүсийг дэндүү хөөргөж байгаад намынхаа нөхдүүддээ нухуулж дээ. 1937 он гэдэг чинь Монгол нь яг одооны Абхази, Өмнөд Осети шиг байсан үе шүү дээ.

Зочин [192.82.77.177] 2022-09-14 03:20:58

тэр хүнд бэрх цаг үед жинхэнэ эх оронч, жинхэнэ улстөрч хүмүүс байжээ байж, Амар, Гэндэн ... гээд ... харин өнөө үед жинхэнэ улстөрч гэхээр хүн даанч алга даа, дандаа өнгө мөнгө хөөсөн өөдгүй этгээдүүд л байна , харамсалтай :(

Зочин [202.9.47.1] 2022-09-14 03:58:03

Та нарын шүтдэг ардчилалаас болсон.

Зочин [192.82.73.132] 2022-09-14 02:26:32

Choibalsan ch aimaar hun bjee. Uyruu l erunhii said boloh gejee

Зочин [103.80.211.52] 2022-09-14 00:52:45

Түүхэн баримтуудад саар ч зүйл их байдаг. Олон гэмгүй хүнийг гэмтэн болгосон,хэлмэгдүүлсэн,нөхөдөө гүтгэсэн байдаг.

Зочин [202.9.47.1] 2022-09-14 00:37:44

Ардчилалыг дагаж навсагнаад монгол алгуурхнаар мөхөл рүүгээ явж байна. Европын орнууд ардчилалыг дагаж навсагнаад бас л алгуурхнаар мөхөл рүүгээ явж байна. Үүнийг үхэр монголчууд анзаарахгүй байна.

Зочин [202.9.47.1] 2022-09-14 02:45:29

66.181.176.43 тэгээд ардчилалаа дагаад навсагнаач.

Зочин [192.82.67.55] 2022-09-14 01:45:11

чиний шүтдэг орос орон чинь сөнөж бна хар үхэр минь ха ха ха

Choijilsuren tsedensodnom [66.181.176.43] 2022-09-14 01:40:47

Odoo tegeed yuug dagaj nawsaganakh we?


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.