ҮНДСЭН хууль ҮНСЭН хууль БИШ !
2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН 1
... Нийгмийн бүх давхарга, улс төрийн бүлэглэл, судлаачдын хүрсэн ойлголт, нэгдсэн цэг нь засаглалын тогтолцоогоо Мойнгол Улсын хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан хийх эрс шинэчлэл болоод байна. Үүнийг Үндсэн хуулиар л хийнэ...
• Засаглал, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой, нийгмийн шаардлага хүлээлтэд нийцсэн, ардчилсан, ил тод, тэнцвэртэй, харилцан хяналттай шударга тогтолцоо болгон өөрчлөх ёстой
• Баялгийн ашиглалт, хуваарилалтыг ил тод, шударга, нийтийн хяналтад оруулах, хариуцлагатай нь давхар уях тогтолцоог бүрдүүлэх ёстой
• Үндэсний ашиг сонирхолд харш олон улсын гэрээ, хэлэлцээр хийх явдлыг эгнэгт таслан зогсоож, хариуцлага хүлээлгэх заалтуудыг бий болгох ёстой.
• Шүүх, хууль хүчний байгууллагыг өөрчлөн эрх мэдэлтэнд бус иргэддээ үйлчилдэг, хуулиа чандлан биелүүлдэг, хариуцлага тодорхой, шүүх эрх мэдлийг зохистойгоор хэрэгжүүлдэг болгон өөрчлөх ёстой.
• Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэн гаргаж, эдийн засаг нийгмийн амьдрал дахь төр ба намын оролцоо, ажлын заагийг тодорхой болгон, төрийг улс төржилт, улс төрийн намын бодлогоос ангид байлгах нөхцөл бүрдүүлэх ёстой
• Монголын нийгмийн жинхэнэ эзэд нь ард түмэн байж, эрүүл аюулгүй амьдрах, сурч боловсрох, ажилтай орлоготой байх нөхцлийг нь төр ханган биелүүлэх үүргийг хоосон тунхаглах бус бодитоор хэрэгжүүлэх арга замыг заасан хариуцлагатай механизмыг тусгасан байх ёстой.
2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 26
...Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар засаглалын тогтолцооны зохист хэлбэрийг сонгох болон улс төр, нийгмийн хуримтлагдсан асуудлуудыг нэг мөр шийдэх, эрс өөрчлөлт хийхийг парламентын гишүүдэд уриалсан билээ.
...Уг нь нэг мөр шийдэх олон асуудал байсан ч олигархи цөөнхийн эрхшээлд багтсан бүлэглэлүүдийн явуулгаар бүтэн урагш алхаж чадсангүй. Улс орны хөгжил тэр хугацаагаар саарч, нийгмийн зохицуулалт цаг үеийн шаардлагаас хоцрон сугарч үлдэх болно. Төр улс орныг удирдах, зохицуулах чадвараа бүрэн алдах, олон зүйлийн эрсдэл дагуулах уршигтай нөхцөл бүрджээ.
2019 ОНЫ 11 ДУГААР САРЫН 27
...Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үнэгүйдүүлж, ач холбогдлыг нь алдагдуулж...Үндсэн хуулийн үзэл санаа зарчмын дагуу ард түмэнд өгсөн эрхийг аархан булааж болохгүй...
2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22
...Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчмыг элдвээр мушгин, дур зоргын байдлаар тайлбарлаж, салбар хуулиудаараа зөрчин гажуудуулах явдал түгээмэл болсноор ард түмний засаглах эрх алдагдаж, байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш хүртэж зохистойгоор ашиглах бодлого алдарч, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах ёстой улс төрийн намууд ашиг сонирхлоор хэлхэлдсэн гэмт бүлэглэл мэт болон хувирч, иргэдийн сонгох эрх, саналыг худалдан авдаг, одоо бүр дээрэмдэх замаар төрийн өндөр албан тушаалд очдог, ингэж очсон албан тушаалаа хувийн шунахай зорилгодоо ашигладаг явдлыг энгийн үзэгдэл мэт гааруулж, төрийн бодлого тодорхойлогчид ард түмний амьдрал, эрүүл мэндийг бодохоос илүүтэй сонгуульд чиглэсэн өчүүхэн эрх ашгийн хүрээнд явцуу зорилгоо гүйцэлдүүлэн ажилладаг хүртлээ ялзран доройтоод байна...
Сэтгэгдэл
Чинбат [64.119.22.206] 2022-09-23 15:10:55
Үндсэн хуулийг нэн даруй шинэчлэх ёстой.