САЙХАН АМЬДРУУЛАХ МУУХАЙ АМЛАЛТ
Өдрийн сонины архиваас дараах нийтлэлийг хүргэж байна.
Монголын улстөрчдийн амнаас хамгийн их гардаг үг бол “Ард түмнээ сайхан амьдруулна. Та нарынхаа амьдралыг сайжруулна”. Хэн ингэж чанга дуугаар зогсоо чөлөөгүй олон удаа давтан хэлж, сайхан мөрөөдөлд автуулж чадаж байна тэр хүн, тэр нам ялагч болж төрийн сэнтийд залардаг. Манай нийгэмд тохирсон хамгийн амархан бөгөөд хүн итгэж болохуйц амлалт бол энэ юм. Яагаад хүмүүс энэ үгэнд амархан итгэж, сонголтоо хийдэг гэхээр нийтээрээ ядруухан амьдардаг болохоор тэр. Өөрөө өөрсдийгөө аваад явдаг нийгмийн дундаж давхаргад хамаарах хүмүүс тун цөөн. Хэт хөрөнгөтэй болон жирийн хүмүүсийн амьдралын ялгаа эрс өөр түвшинд хүрсэн болохоор ийм амлалт хүмүүст горьдлого төрүүлдэг хэвээрээ байсаар байгаа юм. Сайхан амьдралын тухай амлалтууд дийлэнх сонгогчдод зүгээр сууж байгаад баахан мөнгө авах, гэв гэнэт баяжаад сайхан амьдарчих юм шиг ойлголт төрүүлдэг. Тэгж ойлгуулаад сургачихсан хэрэг.
“Та нар хөлсөө гартал ажилла. Өөрсдөө зүтгэ. Харин би та нарт саад болдог хүнд суртал, хуулийн элдэв саад тээгийг арилгах ажил хийнэ. Тэгж байж л сайхан амьдарна шүү” гэж хэн ч амладаггүй. Өөрсдөө ажилла, битгий хүний царай харж амьдар, овсгоотой сэргэлэн бай гэж хэн ч сонгуулийн үеэр хэлдэггүй. “Би та нарыг сайхан амьдруулна, манай нам ялбал ард түмэн жаргана даа” л гэлцээд байдаг.
Нээрэн ч жаргах юм болов уу гэж хичнээн жил хууртав. Амьдрал бахь байдгаараа, дараагийн давж гарах сайхан амлалтуудыг хүлээсээр сууна. Ийм гэнэн итгэмтгий ард түмэнтэй байх харин улстөрчдөд тун сайхан. Өмнөхөөсөө давуулж амлаад, ард түмнээ сайхан амьдруулахын тулд цаг наргүй ажиллана. Хийж байгаа ажлаа ч зогсоо зайгүй тайлагнана. Ард түмний сайхан амьдралд халтай учраас энэ хүмүүсийг шоронд хийж байгаа юм. Хүмүүсийг ажлаас халж байгаа нь ч нийтээрээ сайхан амьдрахад хамаатай. За ёстой ард түмнээ л гэж цалин, тэтгэвэр тэтгэмжийг чинь нэмлээ шүү. Та нарынхаа төлөө гадаад явж баахан ажил амжууллаа. Эх орныг маань цөлмөж байгаа гадны компаниудыг хөөж гаргалаа шүү. Захирлуудыг нь шоронд хийчихсэн, мөнгөө авч байж явуулна.
Оюу толгой, Таван толгой гээд манай баялгийг гадныхан зүгээр авах гээд байхаар нь та нарынхаа төлөө зогсоолоо. Төмөр зам барих нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлнөө. Нарийн царигтай төмөр зам тавибал баахан хятадууд орж ирээд эзэлчих гээд байна. Татвараа нэмэхгүй бол улс мөнгөгүй боллоо. Хөөе, ард түмээн, та нарын төлөө ийм их ажил хийж байгаа шүү. Харж байгаа биз. Бараг бие засахдаа хүртэл ийм мэдэгдэл хийж, амар заяа үзүүлэхгүй их ажиллах юм. Ард түмнээ сайхан амьдруулахаар бөөн дуулиан шуугиан болж, энэ их нүргээнд нээрээ бид дутагдах юмгүй хаан мэт сэтгэл амгалан сайхан амьдарч байна гэж итгэчихсэн ч алхаж явах шиг.
Гэхдээ бодит амьдрал арай өөр байна аа. Гэр бүлийн гишүүдийн маань дийлэнх нь ажилгүй. Гадны хөрөнгө оруулалттай компанид гайгүй сайхан ажил хийж байсан ч компанийг нь хөөгөөд гаргачихсан. Зарим нь жаахан бизнес хийе гээд хүнээс мөнгө зээлж аваад шатчихсан. Хүүхдүүд цэцэрлэггүй. Хөгшдийн тэтгэвэр хүрэлцэхгүй. Ганц ажиллаж байгаа нэгнийх нь цалин хаанаа ч хүрэхгүй. Бөөн асуудал, үүнийг дагаад стресс, уур бухимдал. Орцны цэвэрлэгчээс авахуулаад таксинд суусан ч төр засаг, дарга нарыг зүхнэ. Үнэн худлыг нь хэн ч мэдэхгүй идэж ууснаар нь дуудна. Таксины жолоочийн энэ бухимдал осол болж, замын түгжээ нэмнэ. Орцны жижүүрийн уур ундууцал баячуудыг үзэн ядах сэтгэлгээ болж өргөжнө.
Хийх ажилгүй хүмүүс гэртээ уйдаж суухаар ганц нэг шил юмны ард гарч, ажилгүй мөнгөгүй байгаа уур уцаараа гэрийнхэндээ гаргана. Нийгмийн энэ олон ажилгүй, байхгүй бүтэхгүйн зовлонг туулж яваа хүмүүсийн бухимдал нийлсээр өнөөдрийн нийгмийн хэрцгий солиотой гэмээр төрхийг бий болгож байна.
Гэхдээ ямар ч зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Ард түмэн ядуу байвал үгэнд ордог байсан цаг өнгөрчээ. Эрх баригчдын сайхан амьдруулах муухай амлалтаас одоо залхаж байна. Төр засгийн эрх барьж байгаа нөхөд минь бидний нэрийг барьж хашгираад байлгүй дуугүйхэн шиг өмнөх ажлаа хий гэж ард түмэн хүсч байна.
Ард түмний амьдралыг өөд нь татна гэж хашгираад, ажиллаад эхлэхээрээ бурууддаг гэдгийг бид өнгөрсөн жилүүдээс хангалттай харлаа. Хэрэв тэдний хийсэн ажил үр дүнтэй байсан бол монголчууд өнөөдөр ийм ядруу аж төрөхгүй байсан. Төр засаг одоо ард түмний амьдралд оролцохоо больчих. Та нарын төлөө ингэлээ, тэглээ гэж хашгичихаа больж, өөрт ногдсон өмнөх ажлаа л хий.
Хүмүүст ажил хөдөлмөр эрхэлж, мөнгө олох боломжийг нь нээгээд өг. Төрийн хүнд суртал, хуулийн элдэв саад тээг, олон шат дамжлага дамжиж гар хардаг авлигын сүлжээг бага багаар зугуухан алга болгоод өг. Төрд ажиллаж, дарга болж хагартлаа баяждаг буруу жишгийг халаад өг. Энэ л ард түмнийг сайхан амьдруулна гэж төрд гарсан эрхмүүдийн хийх ажил юм. Хэрэв ажил хийхэд элдэв саад тээггүй болж, боломж нээгээд өгвөл хаалгаа хаасан жижиж, дунд компаниуд дахиад л ажиллаад эхэлнэ. Хүмүүсийг ажилд авна. Өмнөх алдаагаа тэд давтахгүй, бизнесийн туршлага нь зузаараад ашиг орлого нь нэмэгдээд эхэлнэ. Нэг компанийн ард нэлээн олон айл гэрийн амьдрал цэцэглэж байдаг.
Ажилтай байна гэдэг ашиг орлоготой болно гэсэн үг. Үүнийг дагаад бусдад атаархах, үзэн ядах бухимдал стресс багасна. Хүмүүсийн амьдрал хангалуун, ашиг орлоготой болоод ирэхээр нийгэм тэр чигээрээ тайван амгалан болдог. Ийм байхад хэн нь дарга сайд болов, хэн нь огцорч байна гэдгийг хүмүүс нэг их тоодоггүй. Юм болгон өөр өөрийн голдрилдоо орж байна гэсэн үг.
Хөгжилтэй орнуудыг харж байхад ийм л зарчмаар явдаг юм билээ. Төр засаг компаниуддаа бизнесийн таатай орчинг бүрдүүлэн өгдөг. Мөн эдийн засгийн шинэчлэлээр гадны компаниудыг татан хөрөнгө оруулалтын асар том урсгалыг авч чадсан байдаг. Эдийн засаг ингэж эрүүлээр хөгжиж байж улс орон хөгждөг, ард түмэн сайхан амьдардаг. Ийм нийгэмд сонгуулийг дайн мэт, үймээн шуугиантайгаар хүлээдэггүй. Нэг нь баяжиж, нөгөө нь шоронд ордог үе гэж ойлгохгүй. Тийм үйл явдал ч болохгүй. Хэн сайхан амласанд нь биш зөв бодлого хэрэгжүүлж чадах намыг сонгодог.
Хүмүүсийг ядуу байлгах, сайхан амьдрах хүслээр нь тоглох нь төр засаг, улс төрийн намд ямар ашигтай байдаг вэ.
Хамгийн гол нь үүний үр дүнд нэг нөхөр тодорч, бусад нь шаар болж харагддаг. Хэн нэг нөхөр өөрийгөө аврагч баатар гэж харагдуулахын тулд үүнийг хийгээд байгаа мэт. Ийм л зүйлүүд өнөөдөр хэтэрхий газар авсны учир эрхтэн дархтанууд өөрсдийнхөө төлөө ард түмний амьдралаар тоглоод дуусах нь.
Эх сурвалж: Өдрийн Сонин
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:36
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:36
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
зочин [59.153.86.85] 2022-09-28 01:43:14
дарга нар ард олноо ийм амьдруулж байгаа нь монголчууд бидний нэгнээсээ дээгүүр байх гэсэн атаач зангийнх .
зочин [59.153.86.85] 2022-09-28 01:40:08
монгол улсын дийлэнх хүн амын сэтгэлгээ сүүлийн 30 жилд бусдаар хамаг юмаа бэлдүүлж амьдрах ер нь хатуухан хэлхэд нэгдэл гэж байхад сэнсэрсэн мал тэнхрүүлэх эмчилгээ тэжээлийн цэгт буй мал тай адил болсон
Монгол бол мах ч биш, булчирхай ч биш тийм улс. [139.5.216.216] 2022-09-27 08:13:39
Монгол бол Сибирь ба Говийн хооронд дэлхийн ад болсон Орос болон социалист Хятад 2-ын хооронд түгжигдсэн газар нутаг. Дээрээс нь капитализмруу ч бүрэн ороогүй, хуучин социалист сэтгэлгээнээсээ салж чадаагүй нийгэм. Социалист сэтгэлгээнээс ойрын 20-30 жил салж чадахгүй нь ойлгомжтой, цаашид саалах эсэх нь тодорхойгүй.Тийм болохлээр дэлхийн бусад улс, ж-нь АНУ, Европын Холбоотой өөрийгөө жишээд байх нь утгагүй зүйл. Ойр байдаг Өмнөд Солонгостэй адил болохын тулд Монгол нь 1953-1988оны тэднийх шиг 20-30 жилийн түүхийг туулах хэрэгтэй. Чадах уу????
Объектив нөхцөлд ... [139.5.216.216] 2022-09-27 08:27:01
Чадахгүй бол одооныхоо байдлаар л байж байхаасдоо.
Зочин [66.181.161.20] 2022-09-27 05:55:10
Зөв сэдэв хөндөж хүмүүсийн анхааралд хүргэх гэсэн нийтлэл байна .Гадаад оронд замын цасаа 3 хоногт арилгаж чадаагүй учир огцорлоо , буруу ташаа үг хэлсэндээ уучлал гуйж огцорлоо гээд хариуцлага маш өндөр байх юм .Харин манайд бол эсрэгээрээ.Дарханы зам 4 жил болоход хэнч хариуцлага хүлээсэнгүй. Заримыг огцоруулсан нэртэй боловч тушаал дэвшээд алга болдог аргатай гэж байгаа .Манай ерөнхийлөгч ,ерөнхий сайд нар авилгал албан тушаалтай холбоотой хэрэг дээр хэрхэвч өршөөхгүй гэдэг боловч цаагуураа хайцаалаад , хамгаалаад үлдчихдэг.Бүр жижиг дарга огцорсон болоод хоцордог жишиг тогтож байна даа.Ингэхээр монгол минь яаж хөгжих билээ дээ
Зочин [202.70.34.2] 2022-09-27 04:33:51
Одоо хууртмааргүй байнаа гадныхан манай дарга нарыг яаж ард түмнээ ингэж ядуу амьдаруулж чадаж байнаа энэ гайхамшиг шүү гэж хэлдэг гэсээн
Зочин [66.181.160.81] 2022-09-27 04:17:06
Уншиж ухаарууштай санаа авууштай нийтлэл гэж үүнийг л хэлнэ.
зочин [202.21.114.170] 2022-09-27 03:50:29
ул ярьсан сайдын мэдээнд хэдэн арваараа комэнт бичих мөртлөө ийм мэдээнд 0 сэтгэгдэл.... асуудал бидэнд, өөрсдөд маань байна. ........