Ганц бие амьдрал хөгшрөлтийг хурдасгадаг болохыг тогтоожээ
АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэд ахимаг настнуудад хийсэн ажиглалтынхаа явцад ганцаараа амьдрах нь тамхи татах эсвэл элбэг дэлбэг бус амьдралаас болж явагддаг хөгшрөлтөөс илүү хурдан хөгшрүүлдэг болохыг тогтоожээ.
Эрдэмтдийн судалгааны талаарх өгүүллийг “Aging” сэтгүүлд нийтэлжээ.
Стэнфордын их сургуулийн (АНУ) судлаач Мануэль Фариа болон Новато хот дахь Бакийн нэрэмжит Хөгшрөлтийн судалгааны хүрээлэнгийн дэд профессор Алексей Жаворонков тэргүүтэй эрдэмтэд хүний бие махбодын физиологийн болон эсийн хөгшрөлтийн үйл явцад сэтгэлзүйн болон нийгмийн янз бүрийн хүчин зүйлс хэрхэн нөлөөлдгийг судалжээ.
Ингэхдээ эрдэмтэд CHARLS мониторингийн төслийн хүрээнд Хятадад цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Энэ төсөлд БНХАУ-ын 11 мянга гаруй ахимаг насныхан оролцсон бөгөөд тогтмол үзлэг, ярилцлагад орж, мөн цусны дээж өгч байсан нь эрдэмтдэд нас ахих тусам тэдний биеийн байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглахад тусалсан байна.
Судлаачид CHARLS-ийн оролцогчдын цуснаас хөгшрөлтийн биомаркеруудыг ялган авч, концентрацыг нь тэдний амьдралын нөхцөл, стресст хэр их өртөж байсантай харьцуулжээ. Улмаар ганцаардал болон ганцаардлаас үүдэлтэй нийгмийн болон сэтгэлзүйн хүчин зүйлс хөгшрөлтөд нөлөөлдөг болохыг дүн шинжилгээ харуулсан байна. Эдгээр нь хөгшрөлтийг 1.65 жилээр нэмэгдүүлдэг аж. Харин тамхи татах болон бусад муу зуршил, элбэг дэлбэг бус амьдрал нь эсийн хөгшрөлтөд бага нөлөөлдөг байна.
Энэ хүчин зүйлийг нийгмийн бодлогод харгалзан үзэх нь дэлхийн улс орнуудад хүн амын сэтгэлзүйн хөгшрөлтийг удаашруулах боломжтой гэж Алексей Жаворонков хэллээ. Энэ нь эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг бууруулж, дундаж наслалтыг нэмэгдүүлнэ гэж судлаачид дүгнэжээ.
Сэтгэгдэл
өвгөн [103.57.94.234] 2022-09-29 14:47:16
Ай хөөрхий мэдэхгүй юм даа.Миний бодоход ганцаар амьдрах нь уйтгартай бусуу
Зочин [202.9.47.146] 2022-09-29 03:40:37
Одоо үед хүнтэй гэрлэж хамтран амьдарч байгаа хүмүүс илүү их стресстэж хөгшрөлт нь түргэсч байгаа. Ганц бие хүн харин ч санаа зовох зүйлгүй стресстэх нь бага байдаг.