ЧИНГИС ХААНЫ ЦЭРГИЙН СТРАТЕГИ

Aдмин / Нүүр

Чингис хаан суут жанжны хувьд дэлхий дахины цэргийн хэргийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Тэрбээр цэргээ бүхэлд нь аравтын тогтолцоонд тулгуурласан “Мянгатын байгуулалт”-ад шилжүүлж, цэргийн ардчиллын төгөлдөржсөн хэлбэр дээр үндэслэсэн удирдлагын “Нэгдмэл захиргааны ёс”-ыг анх удаа практикт хэрэгжүүлэн цэрэг-захиргааны эрс шинэчлэл хийж, түүхийн асар богино хугацаанд дэлхийд хосгүй сахилга, зохион байгуулалттай арми буй болгосон нь монгол цэргийн урлагийг дэлхийд тэргүүлэх түвшинд гаргах боломж бүрдүүлжээ.

Стратеги
Чингис хааны цэргийн урлаг буюу стратеги, тактик нь эсгий туургатан монголчуудын үе үеийнхний боловсруулан хэрэглэж ирсэн цэргийн эрдэм ухааны төгөлдөржсөн хэлбэр бөгөөд Чингис хаан тэргүүтэй цэргийн жанжнуудын суу ухаанаар үржигдэн агуусаж дундад эртний монгол цэргийн түүхэн их ялалт амжилтуудын үндэс суурь нь болжээ.
Их Монгол Улсын цэргийн стратегийн үндэс нь “Маневрын дайн”-ы стратеги байснаараа бусдаас онцлог. Орчин үеийн цэргийн шинжлэх ухаанд стратегийн түвшинд маневр голлон хэрэглэж буй дайныг ийнхүү нэрлэдэг. Чингис хаан ийнхүү “Маневрын дайн”-ы стратеги боловсруулах явцдаа түүнтэй холбоотой олон зүйлийг мөн анх санаачлан хэрэгжүүлсэн юм. Жишээ нь тагнуулын бүхэл бүтэн сүлжээг анх зохион байгуулсан бөгөөд өрнийн улс орны армиудын штабууд XX зуун гэхэд л сая цэргийн тагнуулын тусгай байгууллагатай болсон билээ. Монгол цэрэг аль ч улс оронд өөрийн нутагт мэт чөлөөтэй, түргэн шуурхай довтолгож асан нь чухамдаа бүх төрлийн тагнуулын сүлжээ найдвартай ажилласны үр дүн мөн.

ХХ зуунд АНУ-ын Зэвсэгт Хүчинд үүсгэн байгуулсан “Түргэн байрлуулах хүчин” болон бусад улсын ийм маягийн цэрэгтэй үүрэг, зориулалтын хувьд ижил гавшгай цэрэг “Тама” (“Тамачи”) хэмээх цэргийг монголчууд бүр XIII зуунд цэргийн хэрэгт хэрэглэж байжээ.

Үүнээс гадна “Дайны ажиллагааны театр”-ыг сайтар тандан судалж, их цэрэг явах зам, гүүр барих зэргээр урьдчилан бэлтгэж, төхөөрөмжилдөг байсан аргыг ихэнх улс орон ХХ зуун хүрч гэмээн л сая хэрэглэж эхлэжээ.
Түүнчлэн:
1. Цэрэг, дипломатын аргыг хослуулан дайсан улсаа ганцаардуулах;
2. Стратегийн операц явуулахдаа цэргийг заавал гурван гар болгох буюу нэг нэгнийгээ халхалсан байдалтай илгээх;
3. Дайсан улсынхаа газар нутгийн тал талаас зэрэг давшилт хийж хүчийг нь тарамдуулах;
4. Гол цохилтын чиглэлийг зөв сонгож, стратегийн гэнэтийн ажиллагаагаар дайснаа мохоох;
5. Гол объект, хаад, ноёдыг нь тасралтгүй мөрдөн хөөж дайсныхаа нэгдсэн удирдлагыг алдагдуулах;
6. Сэтгэлзүйн хүчтэй довтолгоон хийх зэрэг стратегийн төвшинд санаачлан хэрэгжүүлсэн зүйл олныг дурдаж болно.
Энэ бүхэн нь орчин үеийн дайны урлагт ч зарчмын чухал ач холбогдолтой хэвээр.
Ийнхүү дайны санаачлагыг эхнээс нь гартаа авч, байлдааны ажиллагааг тасралтгүй, идэвхитэй явуулсан нь ямагт ялан дийлэхийнх нь үндэс суурь болдог байжээ.

Чингис хаан тэргүүтэн монгол цэргийн жанжнууд дайн, байлдааны ажиллагааны технологид тоог бус чанарыг эрхэмлэх зарчим тууштай нэвтрүүлж, ямагт цөөнөөр олныг ялан дийлэх тактикийн өвөрмөц аргууд хэрэглэсэн нь тухайн үеийн дэлхий дахины цэргийн урлагт цоо шинэ зүйл байв.

Хятадын алдарт Сүнзийн сургаальд ”…Хүн хүч дутуу ахул дутаан одогтун, хүч ихээр дутуу ахул хүчлэн тулалдахаас бултагтун. Учир нь хүчээр дутмаг цэрэг хатгалдан тулалдах аваас хүчирхэг дайсны олз болмуй”[i] гэсэн бол Чингис хаан: “Олноос олон, цөөнөөс цөөн гарз болмуй за”[ii] хэмээсэн нь зарчмын эсрэг тэсрэг хандлагын нэгээхэн илрэл мөн. Ийнхүү “Цөөнөөр олныг ялах ухаан” хэмээн томъёолж болох зарчим улс орноо батлан хамгаалах стратеги, тактикийн бүхий л онолын үндэс суурь болсноор одоо ч ач холбогдлоо алдаагүй бөгөөд дэлхий дахинаа цэргийн тактикийн чухал нэг зарчим хэвээр байсаар байна.

ТАКТИК
Тухайн үед ноёрхож байсан гол хандлага нь улс аймгуудын цэрэг бүр байлдаанд ерөнхийдөө ямар нэгэн тогтсон хэв загварт баригдсан журам, тактик хэрэглэдэг байсанд оршино. Европын улсуудын шилдэг цэрэг Рыцарь хэмээх “Морьтон баатар”-ууд гэхэд “Шивээ”, “Бодонгийн толгой” буюу “Төмөр гахай” ч гэж оросуудын нэрлэж асан байлдааны журам, түүндээ тохирсон тактикийг л байлдаанд зонхилон хэрэглэдэг байв. Орос тэргүүтэн славууд ихээхэн хүчтэй “Төв”, арай бага хүчтэй хоёр жигүүрийн нэг, нэг гурвалжин бүхий гурван гурвалжин жагсаалаар байрлаж тулалддаг. Рыцариуд ч, славууд ч байлдааны явцад анхлан сонгосон журам, жагсаалаа алдахгүйг эрмэлздэг, өөр тактикийн хувилбаргүй байжээ.

Зүрчидийн “Алтан улс”, Тангудын армид хүнд зэвсэгт явган цэрэг зонхилж асан тул байлдааны жагсаалаа аль болох чигжүү, нягт агаад гүн тийшээгээ олон шахуу эгнээгээр зохион байгуулж, фронтынхоо энгээр дайснаа ааглан түрж цохихыг эрмэлздэг байжээ. Хувьсан өөрчлөгдөх чанар багатай, хөшүүн нүсэр учраас тактикийн олон хувилбар, арга хэрэглэх боломж ч үгүй байв. Сүн, Тангудын аль нь ч ялгаагүй, амиа авардаг гол тактик нь хэрэм, цайздаа бүгж халхлан тулалдах явдал байв. Харин монгол цэргийн хувьд тийм бус. Цэргийн тактикийн үндэс нь дээр дурдсан маневрын дайны стратегийг хэрэгжүүлэх гол нөхцөл дан морьт цэргийн хувьсангуй хөдөлгөөн буюу маневр болж байв.

Байлдааны журмыг бүрдүүлэгч хэсэг, тэдгээрийн хүн хүчний тоо хэмжээ нь байлдаан бүрт харилцан өөр өөрөөс гадна тулалдааны явцад ч цагийн байдлын өөрчлөлтөд зохицуулан хүч, бүлэглэлээ хялбархан өөрчлөн хувьсгаж, гэнэтийн дайралт, сөрөг цохилт хийх боломжоор илүү байсан юм.

Монгол цэрэг хүний тоогоор бусдаас ямагт үлэмж ч хүчин чадавхи, цохилтын жин нь хурд, маневрын ачаар олон дахин нэмэгддэг байжээ. Ийнхүү олон улсад, ялангуяа өрнөдийн орнуудад тархаж түгсэн байлдахуй аргын “Тогтонги хэв загварчлал (Шаблон)”-ыг таягдан хаяхад хүргэсэн нь цэргийн урлагийн хөгжлийг зогсонги байдлаас гаргахад хүчтэй түлхэц өгсөн бөгөөд энэ нь дэлхий дахины цэргийн урлагийн хөгжилд Чингис хааны оруулсан нэг гол хувь нэмэр билээ.

Нэг. Хээрийн байлдааны аргууд
“Монголын нууц товчоо” сурвалжид үзэхүл “Өдөөх буюу өдөж хөдөлгөх”, “Нохой хэрэл хэрэх”, “Нүүр дээрээс нь асгах”, “Харгана зорчил зорчих”, “Нуур байрт байлдах”, “Цүүц хатгаа хатгах”, “Алгинчлах”, “Дэрэлгэх буюу дэрлэх”, “Тойрох”, “Шивээлэх”, “Хороолох” хийгээд “Хүрээ цэрэг”, “Цацсан одны жагсаал”, “Бүгэх”, “Огжатгах”, “Цувруулан цохих”, “Нуман түлхүүр байр хийх”, “Бух сэжүүр байр хийх” гэхчилэн цэргийн холбогдолтойгоор зөвхөн нэрлэсэн төдийгүй үйл хөдлөлөөс нь шууд үлгэр аван тусгасан арга цөөнгүй тохиолдоно.

Монгол цэргийн жанжид, Чингис хааны цэргийн жанжны авъяас чадвар тодоос тод харагдсан Наху гүний тулалдааны жишээгээр монгол цэрэг ямархуу тактик хэрэглэж байсныг өгүүлье. 1204 онд Наху гүнд Найманы цэрэгтэй хийсэн энэ тулалдаан монгол туургатныг нэгтгэн барах сүүлчийн, шийдвэрлэх томоохон тулалдаануудын нэг байсан учир тэр талаар Монголын нууц товчоо тэргүүтэн түүхэн сурвалжид тодорхой тэмдэглэн үлдээжээ.

Наху гүний тулалдаан
I. Тулалдах болсон шалтгаан

1204 он бол монгол туургатаныг нэгтгэх олон жилийн тэмцэл шувтрах шатандаа орж, Монгол овог аймгууд үндсэн хоёр том хэсэгт, тухайлбал нэгд, Хамаг Монголын буюу Чингис хааны нэгтгэн жолоодсон овог аймгууд, хоёрт, Найман, түүний талынхан гэж хуваагдсан байсан үе. Тиймээс тэрхүү хоёр тал хэзээ нэгэн цагт “Үхлийн тулаан” хийх нь гагцхүү цаг хугацааны асуудал байсан гэж болно. Тийн атал Найман аймгийн хан ноёд тэр үед дөнгөж сэргээн байгуулагдсан Хамаг Монголын зүг анхаарлаа хандуулж хүчин чадал бүрэн бүрдэхээс нь өмнө дарж авахаар шийдвэрлэжээ. Тэр тухай Монголын нууц товчоонд өгүүлэхдээ Найманы Таян хан: “Энэ дорно зүгт цөөхөн монгол буй хэмээмүй... Эдүгээ мөн хан болоё хэмээн санаж байна уу тэд. Тэнгэрийг гэгээн гэрэлтэй болгохын тул нар сар хоёр байдаг биз. Гэтэл газар дээр хоёр хан хэрхэн байж болох. Одоо би явж тэр хэдэн монголыг авч ирье” гээд цэргээ хөдөлгөсөн гэжээ.

Тэр үед Чингис хаан ажиг сэжиггүйгээр Халх голын савд орших Тэмээн хээр хэмээх газар их ав тавьж байжээ. Таян хан цэргээ хөдөлгөхийн өмнө Онгуд аймгийн эзэнд элч илгээж Монголын эсрэг хүчин хавсрахыг санал болгосонд Онгудын эзэн үл зөвшөөрснөөр үл барам Найман дайрах тухай Чингис хаанд мэдэгджээ. Тэгмэгц ав хомрогоо зогсоож цэргийн ноёдоо цуглуулан хуралдаж хэлэлцээд Наймантай угтан байлдахаар шийдвэрлжээ.

II. Тулалдааны бэлтгэл
Тийнхүү тулалдах шийдвэр гарсан тул Чингис хаан яаравчлан байлдааны бэлтгэлээ базаав. Үүнд нэн даруй цэргээ цуглуулан зэр зэвсгээ хурцлахын ялдамд өөрийн хийгээд дайсныхаа хүчтэй, сул талыг судлан тодорхойлсны үндсэн дээр цэргийн зохион байгуулалтыг өөрчлөх түүхэн шийдвэр гаргажээ. Үүнд, тухайн үед Хамаг Монголын цэрэг ч, Найманы цэрэг ч “Хүрээ”-ний зохион байгуулалттай байсан билээ. Монголчууд эртнээс эхлэн овог, овгоороо нэгдэж хам олныхоо хүчинд дулдуйдан амь зууж асан агаад өвсний шим, усны тунгалаг дагаж нүүдэллэн явсаар хаа нэгтээ буудаллахдаа овгийн ахлагч ноёныхоо орд өргөөг төв дундаа байрлуулж, бусад нь зэрэг дэвээсээ шалтгаалан тодорхой зохион байгуулалттайгаар тойрч дугуйран буудагаа “Хүрээ” гэдэг байжээ.

Хүрээ, хүрээгээр бие даан тусгаар амьдрах эл хэлбэр монголжин улс аймгийн дотор ХШ зуун хүртэл уламжлагдан ирсэн бөгөөд харин хүн ам өсөн төлжихийн хирээр овгууд ихэд томорсон учир нэгэн аймаг бүү хэл, нэгэн овгийн дотор ч хөрөнгө чинээ, хүчин чадал ихтэй ноёдын тэргүүлсэн олон хүрээд үүсчээ.

Хэрээдийн ноёд цагийн эрхээр аль нэг хүчирхэг овог, аймгийн зонхилогчийг даган нэгдэхдээ өөр, өөрсдийн хүрээг авч очдог бөгөөд аль нэгэн ханлиг, аймаг гэхэд үндсэндээ олон тооны хүрээдийн нэгдэл болж байв. Тиймээс улс, аймгийн хан, ноёдын цэрэг ч мөн л бие даасан олон хүрээдийн цэргээс бүрдэж байв. Хүрээдийн ноёд байлдаан тулалдаанд орохдоо өөр, өөрийн хүрээнийхээ цэргийг захирч тулалддаг агаад тэд тухайн цагийн цэрэг, улс төрийн байдлаас шалтгаалан хэн нэгэн нөлөө бүхий хан, ноёдыг түшиглэн нөмөр нөөлөгт нь багтаж, хоорондоо эвсэн нэгдэж явавч, өөрт ашиггүй эсвэл аюул тулгарч болзошгүй үед байлдааны дундуур ч хамаагүй, хүрээгээ аваад салаад явчих боломжтой байв.

Энэхүү “Хүрээний байгуулалт” цэргийн хэрэгт хэрхэн нөлөөлж байв? Сурвалжуудыг үзэхэд тэр үеийн байлдааны ажиллагаа ихэнхдээ эрчтэй, ширүүн эхэлдэг ч яваандаа хүч нь саарч, удааширч ирэх нь олонтаа байжээ. Энэ нь нэгд: дийлж буй талынхан байлдааны талбарт шархдагсад, үрэгдэгсдийг тонон дээрэмдэж, олз хөөн сатаардагтай; хоёрт: мөн ерөнхийлөн захирагч хан, ноёныхоо тушаал, захирлагыг хүрээдийн ноёд үл тоомсорлон толгой мэдэн шийдвэр гаргаж, дур дураараа ухарч давшихаар барахгүй, байлдааны цагийн байдал хүндэрвээс хүрээгээ аваад байлдааны талбараас бүр цойлон гарч одох нь ч энүүхэнтэй байв.

Иймээс байлдаан сунжирч, хүчээр аагласан ч дайснаа эцэслэн сөнөөж чадалгүй зугтаалган алдах юмуу эсбөгөөс байдал таагүй тийшээ эргэж болзошгүй тохиолдолд зарим хүрээд тасран салж оддогоос байлдааны талбарт үлдэгсэд аргагүйдэж гарцаагүй хүчин мөхөсдөхөд цөөнгүй байлаа. Цэрэг-захиргааны зохион байгуулалтын “Хүрээний хэлбэр” цэргийн хэргийн хийгээд нийгмийн хөгжлийн шаардлагаас хоцрогдож, саад болж эхэлснийг гярхай ажиглаж мэдсэн Чингис хаан Их Монгол Улсыг байгуулахын өмнөх шийдвэрлэх тэрхүү тулааны өмнө өөрчлөх түүхэн шийдвэр гаргажээ. Тийнхүү Чингис хаан Наху гүний тулааны бэлтгэл үед цэргээ шинэчлэн зохион байгуулж, хуучин “Хүрээний байгуулалт”-ыг халж аравтын тогтолцоонд үндэслэсэн “Мянгатын зохион байгуулалт”-ад шилжүүлжээ. Хүрээг халж, цэргийн зохион байгуулалтын үндсэн шинэ нэгжүүд аравт, зуут, мянгатын ноёдоор гагц үе залгамжилсан, хуучин хүрээний ноёдыг бус харин авъяас чадвараараа тодрон шалгарагсдыг томилсон нь цэргийн хүчин чадавхи, удирдлага, зохион байгуулалт, сахилга журмыг бэхжүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлэв.

Түүнээс гадна шадар цэрэг наян хэвтүүл, далан турхаг, шилдэг мянган баатраас бүрдсэн одоогийн ойлголтоор байнгын цэргийн шинжтэй “Хишигтэн” цэргийнхээ үндэс суурийг тавив. Бас буурч, үүдэч агтач, адуучин зэрэг чухал албан тушаалуудад тэнцэх тохирох хүмүүсийг тохон томилов. Мөн цэргийн “Чэрби” хэмээх албан тушаал буй болгож 6 хүнийг шалгаруулан томилжээ.
Энэ мэт цэргийн удирдлага, зохион байгуулалтыг төгөлдөржүүлэн сайжруулах арга хэмжээ авч аян дайны бэлтгэлээ шуурхай базаамагц 1204 оны хулгана жилийн зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр туг-сүлдээ тахиж Наймантай байлдахаар Халх голын Ор нугын хэлтгий хад гэдэг газраас морджээ.

III. Тулалдааны өмнөтгөл буюу алсын “Марш”
Халх голоос Алтайн өвөр хүртэл хийсэн тэрхүү марш одоогийн нөхцөлд ч хүнд сорилт байсан нь ойлгомжтой. Цэргийнхээ өмнө алгинч болгож Зэв, Хубилай хоёрын цэргийг илгээн явсаар Саарь хээр гэдэг газарт хүрч найманы алгинч цэрэгтэй учирч тулалджээ. Тэгэхдээ нэгэн эцэнхий саарал морийг дайсандаа зориуд олзлуулсан нь “монгол цэргийн агт туранхай ядруу учир байлдах чадвар муутай” гэж төөрөгдүүлэх ов мэх байв. Дашрамд өгүүлэхэд монголчууд цэргийн ов мэхийг дээд зэргээр чадварлаг ашигласан нь гадаад, дотоодод хийсэн олон дайн, байлдааны түүхээс илэрхий байдаг билээ.

Т.БУЯНБАТ


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.86] 2022-10-05 13:07:25

Төр улсын өмчөөсөө хулгай хийхгүй,худал ярихгүй байхад л амьдрал 30%р ахиж сайжрах нь тодорхой. ГУРВАН САЯ ХҮНЭЭ АЛАГЧЛАЛГҮЙ ЖИГД ТЭНЦҮҮ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ,ЭЛДЭВ ХҮНД СУРТАЛ,ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ГЭЖ СААД ТЭЭГ ХИЙХГҮЙ БАЙХАД Л ДАХИН 30%-ИЙН ДЭВШИЛ ГАРНА. ИЙМЭЭС ЭРҮҮЛ ТӨРИЙГ ТӨРҮҮЛЭН ГАРГАХ НЬ ОРШИН ТОГТНОХ ЭХ ҮНДЭС БОЛЖ БАЙНА. ЭНЭ БОЛ АРИУН ТУНГАЛАГ СОНГУУЛЬ ЯВУУЛАХ АСУУДАЛ ЮМ. ҮҮНИЙГ ХИЙХЭД ХЭНИЙ Ч ТУСЛАЛЦАА ХЭРЭГГҮЙ,ХАРИН ИНГЭЖ ХИЙХГҮЙ БОЛ ОРШИН ТОГТНОХГҮЙ НЬ БҮҮР Ч ТОДОРЗОЙ БОЛЧИХЖЭЭ!

Муу эр дайнд хөөрнө. Бусдыг ч хөөрөгдөг бололтой. [139.5.216.216] 2022-10-05 08:44:07

Эртний түүх түүхээрээ үлдэнэ. Өнөөгийн Монголд үүнээс чинь юуг авах юм бэ? Хоосон бахархаад, инээгээд л суух юм уу? Ийм зүйлийг цэргийн сургуулиудад л заана биз, харин өнөөгийн ядуурсан, учрир начраа олохоо болиод байгаа монголчуудыг хий хоосон хөөргөөд байх хэрэггүй.

Hunnu [202.21.127.169] 2022-10-05 08:00:51

Tuhain uedee tohirch l baisan yum baigaa biz.Orchin ued bol hotsrogdson iim elii balai yumaar yu hiih ve dee. Er ni Chingis haan Chingis haan gedgee odoo bolivol taarna. Chingisiig yariad mongol hogjihgui shu

Mgl [77.119.170.98] 2022-10-05 06:37:38

Tegeed naad uhaanaa odoo ene Ediin Zasgiin daindaa heregleech! Hudlaa guzaad Guilgachin zarailaad suuhiin!!!

Зочин [124.158.107.35] 2022-10-05 04:24:34

тэгээд энийгээр юугаа хийхийн

Бясалгагч [192.82.65.180] 2022-10-05 01:13:44

амжилтын нууц нь Алтан аялгууны судартаа бичсэн. Чингис хаан цагаан хоолтон арьяабалын бясалгалаар бясалгаж гэгээрсэн тул гэгээрсэн нүдээрээ нутагтаа ирээд ирээд хбайдлыг хартал эргэн тойрон хүний биетэй бөөн чөтгөр байхыг хараад тэдэнтэй дайтахаас өөр аргагүй байдалд орсон юм. Удирдагч хүн цэвэр ариун, шударга, бүх зүйлд үнэнч хандах сэтгэлийг зөвхөн Арьяабалын бясалгал өгч чадна. Арьяабалын бясалгалын авшиг хүртэхийн тулд веган байх ёстой юм. Удирдагч үнэнч шударга байж цэргүүдээ тийм болгоно. Жанжин нар нь ихэвчлэн багштайгаа адил бясалгадаг байсан тул маргааш болох бүх зүйлийг урьдчилан ой тоондоо хардаг байсан. тиймээс л хурдан эзэлж, дайсанаа дарж, эзэлсэн бүх газартаа энхтайван амар амгаланг тогтоосон билээ. Нууцлагдсан үнэн гэвэл энэ юм. Даанч тэр их үлдээсэн буян нь ач нарынх хүүхдүүдийнх нь шунал, мах иддэгээс болж сүйрсэн билээ.

zochin [43.242.241.151] 2022-10-05 00:16:41

за яагаад л байлдаань тактик бичээд унав

Зочин [122.201.21.156] 2022-10-05 05:12:30

ийм зүйлийг хичнээн удаа хэдэн хүн бичиж цаг нөхцөөх гээд байгаа юм бэ. өөр судлагдахуун шинжлэх ухаанд алга уу. өмнө нь яг ийм зүйл маш олон ном өгүүлэлд оруулсан зөндөөн хүмүүс бий . түүнээс нь хуулаад л ажил хийсэн болж цаг нөхцөөгөөд яах вэдээ хүн гуай


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.