Аудит: Төр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж чадахгүй байна

Aдмин / Улстөр

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүн”-д хийсэн аудитын дүгнэлтийг хэлэлцлээ. Аудитын байгууллагаас нэгдүгээрт, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн байгууллагын уялдаа холбоо хангагдсан эсэх, хоёрдугаарт, төрөөс энэ чиглэлд зарцуулсан хөрөнгө, мөнгө үр ашигтай байгаа эсэхийг шалгажээ.

“ХЯНАЛТЫН НЭГДСЭН ТОГТОЛЦОО ХАНГАЛТГҮЙ БАЙНА”

Харин дээрх үйл ажиллагаа аудитын шалгалтад “бүдэрсэн” гэдгийг Аудитын байгууллагаас танилцууллаа. Аудитын дүгнэлтэд,

-Төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийн уялдаа холбоо сул байна. Харилцан хамаарал бүхий газруудын ажлын чиг үүргийг тодорхой болгож, уялдуулах шаардлагатай.

-Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний үр нөлөөг тооцож, үнэлээгүй, үр дүн тодорхойгүй байна. Энэ нь цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, оновчтой төлөвлөлт, шийдвэр гаргалтад хүндрэл учруулахаар байна.

-Энэ салбарт хяналтын нэгдсэн тогтолцоо хангалтгүй байгаа нь ажилгүйдлийг бууруулах халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын үнэ цэнийг бууруулж байна гэдгийг дурджээ.

“643 ГЭРЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛД НЭГ ИЖИЛ УТАСНЫ ДУГААР 2-55 УДАА БИЧИГДСЭН БАЙНА”

Мөн энэ талаар Ерөнхий аудиторын орлогч, тэргүүлэх аудитор Я.Сарансүх “ХНХЯ нь Засгийн газрын үйл ажиллагаанд төлөвлөгөөгүй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна. Бодлогын баримт бичгийг боловсруулахдаа Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг мөрдөөгүй. Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлсэн хэдий ч бодлогын баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, хүрэх түвшнээ хангаагүй, ажилгүйдлийн түвшин зорилтот түвшинд хүрээгүй, ахиц гараагүй байна. Нийгмийн даатгалын санд үүссэн 651.5 тэрбум төгрөгийн авлагыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, үр нөлөөг тооцож үнэлээгүй.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бодит хэрэгцээ шаардлага, санхүүгийн тооцоололд үндэслэхгүйгээр төлөвлөн хэрэгжүүлж ирсэн. Салбар хариуцсан яамны дотоод хяналт сул байгаа, төсөл, хөтөлбөрийн хүрээнд олгосон санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, эргэн төлөлт хангалтгүй, хугацаа хэтэрсэн авлагын дүн жилээс жилд өсөж 12.7 тэрбум төгрөг болсон. Хөдөлмөр эрхлэлтийн салбарын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хангалтгүй, системийн ажиллагаа бүрэн бус, heds.axplorer.net цахим системд санхүүгийн дэмжлэг авсан этгээдийн регистрийн дугаар давхардсан, 643 гэрээний мэдээлэлд нэг ижил утасны дугаар 2-55 удаа бичигдсэн байна” гэсэн мэдээлэл өгөв.

С.ЗУЛПХАР: САНГААР ДАМЖУУЛЖ 1-20 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ, ДЭМЖЛЭГ ОЛГОДОГ

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Бейсэн:

- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд олон жил төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, олон тэрбум төгрөг зарцуулж байна. Гэвч үр дүн хангалтгүй байгаа нь харамсалтай. Энэ олон тэрбум төгрөгөөр нэг үйлдвэр ч бариагүй байна. Төсөл хөтөлбөрийн хөрөнгийг хэрхэн зарцуулсан бэ?

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар:

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого нь 2016 оноос хойш хоёр үе шаттай хэрэгжсэн. Өнгөрсөн хугацаанд 217 мянган ажлын байр бий болсон. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулж, 1-20 сая төгрөгийн зээл олгож, эдийн засгийн хувьд дэмжиж байна. Үйлдвэр үйлчилгээний бүтээн байгуулалт бол байхгүй гэлээ.

Ийнхүү Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн П.Анужин:

- Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан журмыг мөрдөж салбарын бодлогыг тодорхойлох хэрэгтэй. Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж буй оюутны дадлагыг ажил олгогчийг дагалдуулан суралцуулж бэлтгэх, ажилтны хөдөлмөр эрхлэлтийн түүхийг цахим платформд шилжүүлэх ажлыг 2023 оны дотор зохион байгуулах хэрэгтэй гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [103.14.36.250] 2022-10-11 01:57:35

хамаг ажоыг нь булааж аваад байхаар хүн яаж ажиллах вэ? энэ улс угаасаа өөдлөхгүй

Zovhin [192.82.84.184] 2022-10-10 15:01:01

Teneg medremjgui hulhi tutiin nariintai bhd hugjihgui

зочин [202.131.229.246] 2022-10-10 02:36:15

ХНХЯ төрийн нарийн Өнөрбаяр гэж нэг хулгайч байгаа шалгаарай

Зүгээр л халамжийн бодлогоо тана. [103.229.120.29] 2022-10-09 23:52:07

Зүгээр ажил хийж амьдарч гэж байхад нь зүгээр суу гээд мөнгө өгөөд байхаар чинь ажиллах хүн байхаа больсон шүү дээ. Хүүхдийн мөнгө 100000 болсноос хойш бүүр ажил хийх сонирхолтой хүнгүй болсон шүүдээ. Та нарын сонгуульд популист амлалт чинь ингэж улс орондоо гай болж байнадд


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.