Төрийн өмчит компаниудад валютын урсгалыг нэмэгдүүлэх үүрэг өгчээ

Aдмин / Эдийн засаг

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн асуудал, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөртэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар мэдээлэл өглөө. Тэдний байр суурийг хүргэж байна.

ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:НҮҮРСИЙГ БИРЖЭЭР ЗАРАХ ТОГТОЛЦОО РУУ ШИЛЖИЖ БАЙНА

-Бид бүгдээрээ валютын нөөцөд санаа зовж байгаа. Статистикийн тоон мэдээг харахад экспортын тоо хэмжээ өндөр байдаг. Гэтэл яг түүнтэй нийцсэн хэмжээний валют орж ирж байна уу гэхээр үгүй байна. 1.8 тэрбум ам.долларын нүүрс экспортолсон мөртлөө 500-600 сая ам.доллар орж ирсэн байх жишээтэй. Тиймээс Монгол Улсаас экспортод гарч буй нүүрсний нөхцөл байдлыг ил тод болгож, цэгцлэх арга хэмжээг авах Засгийн газрын тогтоол гарлаа. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд Монголд оруулж ирэх ам.долларын урсгалыг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо. Валютын нөөцийг нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоолын төсөлд, Валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд нүүрсээ хилийн үнээр зардаг байх хэрэгтэй. Нүүрсээ уурхайн амнаас зарахгүй байх зохицуулалт хийж байгаа. Бүх гэрээг цахимжуулж, гэрээний дагуу бүгдгийг хилээр экспортлоно. Уурхайд олборлогдсон нүүрс хилээр ачигдаад гарах бүх үйл ажиллагааг цахимжуулна. Ингэж чадвал уурхайн амнаас хил хүртэлх янз бүрийн зөрчлийг илрүүлэх бүрэн боломжтой.

Хэчнээн сая тонн нүүрсийг ямар компани ямар гэрээгээр экспортолж буйг мэдэх боломж бүрдэж байгаа юм. Мөн нүүрсийг биржээр зарах тогтолцоо руу шилжиж байна. Учир нь нүүрс авах хүсэлт олон талаас ирдэг. Биржээр нүүрс зарагдсан тохиолдолд олон худалдан авагч орж ирснээр нүүрсний үнэ өсөх боломжтой. Элдэв хардлага алга болно. 2023 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд бүх нүүрсийг зөвхөн биржээр худалдана.

ЗГХЭГ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН:ЗАРИМ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦНО

-Архангай аймгийн ИТХ хуралдаж Засаг даргаа огцруулсан байна. Энэ талаарх албан ёсны бичиг Засгийн газарт ирээгүй байна. Мөн хоёр, гурван аймагт ИТХ нь хуралдаж чадахгүй нөхцөл үүсээд буй. Эдгээр нь нэгжийн хуулиар зохицуулагддаг. Хэрэв ИТХ хуралдаж, орон нутгийн төсвийг баталж чадахгүй болсон тохиолдолд хуулиараа дараагийн асуудал нь шийдэгдэнэ. Засгийн газраас орон нутгийн Засаг даргын үйл ажиллагааг бодитой үнэлж, дүгнэх байр суурьтай байгаа. Нэгжийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд доод шатныхаа Засаг даргыг огцруулах эрх нь нээгдсэнийг Ховд аймагт болсон үйл явдал харуулж байгаа.

Өгөгдсөн үүрэг даалгавар, ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ орон нутгийн удирдлага хэрэгжүүлж чадахгүй байвал Ерөнхий сайдын зүгээс хариуцлага тооцох эрх нь нээлттэй. Өвөлжилтийн бэлтгэл болон орон нутагт явагдаж буй ажлын тайланг урьдчилж авах хугацаатай үүргийг орон нутгийн удирдлагуудад өгсөн. Энэ тайланг дүгнээд нэгтгэгдсэний дараа зарим удирдлагуудад хариуцлага тооцох эсэх асуудлыг ярина.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН:“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 117 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРӨӨ БАРАГДУУЛСАН

-Төрийн өмчийн үйлдвэрийн газруудын Хөгжлийн банктай холбоотой өр зээлийг төлж барагдуулах үүрэг даалгаврыг өмнө нь өгсөн. Үүний биелэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Нэг сарын хугацаанд 140 тэрбумын зээлийг төлсөн. Нэгдүгээр сараас хойш хугацаанд Хөгжлийн банканд нийт 800 гаруй тэрбум төгрөгийн зээл төлөгдөөд байна. 140 тэрбумын талаар тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” 117 тэрбум төгрөгийг төлсөн. Тус компани нийт 160 гаруй тэрбумын зээл авсан. Үлдэгдэл нь 43 тэрбум байна. МИАТ ТӨХК 10 тэрбум төгрөгөө бүрэн төлж барагдуулснаар Хөгжлийн банканд өргүй боллоо. ТОСК, НОСК нэг тэрбумыг төлсөн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.