Нүүрсний үнийг 33,500 төгрөгт барих боломжгүйд хүрчээ
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 14-нд Багануурын уурхайн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцав. "Багануур" ХК 2022 оны III улирлын байдлаар 19.8 сая.м3 уулын цулын ажил хийж, 11.9 сая.м3 хөрс хуулж, 3.04 сая тонн нүүрс борлуулж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 102-107 хувиар биелүүлэн ажиллаж байна.
Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын биелэлт 82 хувьтай ч өвлийн бэлтгэлийг 100 хувь хангахад тулгамдаж буй асуудал олон байгааг танилцууллаа. Тухайлбал, түлш, тэсрэх материалын нөөц бэлдэх, дугуй тослох материалын нөөц, ажилтнуудын нийгмийн даатгал, татвар, урт болон богино хугацаат өр төлбөр, тэдгээрийн алданги гэсэн олон асуудлыг салбарын сайдад хэлжээ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Эрчим хүчний суурь салбар бол уурхай. Нэг тонн нүүрсний үнийг цаашид 33,500 төгрөгт барих боломжгүйг ойлгож байна. Тиймээс эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт оруулахаар судалж байгаа. Үүнтэй уялдаад нүүрсний үнийг хэрхэн нэмэх талаар яригдана. Иймээс танай компани үнэ өртөгтэй холбоотой санхүүгийн мэдээллээ холбогдох албаны хүмүүст өгч хамтран ажиллаарай" гэлээ.
Сэтгэгдэл