ЖИЛИЙН ХУГАЦААНД ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ 18 ХУВИАР БУУРЧ, ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖ 11 ХУВИАР ӨСЧЭЭ
Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн есдүгээр сарын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг өнөөдөр танилцууллаа. Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны есдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 206.3 тэрбум төгрөгөөр өсжээ. Ийнхүү 1% орчим өсөхөд
- валютын харилцах 1.9 (89.4%) их наяд төгрөгөөр
- төгрөгийн харилцах 624.0 (12.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
- Төгрөгийн хадгаламж 2022 оны есдүгээр сарын эцэст 12.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 290.5 (2.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.7 (17.9%) их наяд төгрөгөөр буурчээ.
- Төгрөгийн хадгаламжийн 11.3 их наяд төгрөг буюу 89.7% нь иргэдийн хадгаламж, 1.3 их наяд төгрөг буюу 10.3% нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
- Валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 59 тэрбум төгрөг буюу 1.3%, өмнөх оны мөн үеэс 452.5 тэрбум төгрөг буюу 10.9% өсжээ.
Эх сурвалж: ҮС
Бага мөнгө (M1) есдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 6.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 152.3 (2.5%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 559.8 (10.0%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Бага мөнгөний 5.5 (88.2%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 726.8 (11.8%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.
Бараг мөнгө 2022 оны 9 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 21.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 367.4 (1.8%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 353.6 (1.6%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Бараг мөнгөний 12.6 (59.0%) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 4.6 (21.7%) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 4.1 (19.3%) их наяд төгрөг нь валютын харилцах байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө энэ оны есдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 9.7 тэрбум төгрөг буюу 1%, өмнөх оны мөн үеэс 58.1 тэрбум төгрөг буюу 5.5%-аар буурчээ.
- Бага мөнгө /М1/: Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө болон төгрөгийн харилцах дансан дахь мөнгөний нийлбэрээр тодорхойлно.
- Бараг мөнгө: Төгрөгийн болон гадаад валютын хадгаламж, валютын харилцах, цэвэршүүлсэн алтны харилцах, хадгаламжийн сертификатын нийлбэрээр тодорхойлно.
Сэтгэгдэл