АНУ стратегийн нөөцөөсөө дахин 10-15 сая торх газрын тос гаргана
НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. АНУ-ын эрх баригчид стратегийн нөөцөөсөө дахин 10-15 сая торх газрын тос гаргахаар төлөвлөж байна гэж “Bloomberg”-ийн сэтгүүлч Женнифер Жейкобс даваа гарагт твиттер хуудсандаа эх сурвалжаас иш татан мэдээлэв.
Түүний мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа "зах зээлийн тэнцвэрийг хадгалах, шатахууны үнэ өсөхөөс сэргийлэх зорилгоор стратегийн нөөцөөсөө 10-15 сая торх газрын тос гаргахаар төлөвлөж байна".
Шатахууны үнийг бууруулах зорилгоор АНУ зургаан сарын турш стратегийн нөөцөөсөө өдөрт 1 сая торх газрын тос гаргана гэж Ж.Байден гуравдугаар сарын 31-нд мэдэгдсэн юм. Ингэхдээ АНУ-ын Эрчим хүчний яам нөөцөөс гаргасан газрын тосны борлуулалтаас олсон орлогыг эрчим хүчний эх үүсвэр худалдан авах, дараагийн жилүүдэд нөхөхөд зарцуулна. 10 дугаар сарын эцэс гэхэд 180 сая торх газрын тос гаргахаар төлөвлөж байсан ч хамгийн сүүлийн мэдээллээр эрх баригчид зах зээлд 155 сая торх газрын тос гаргажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл