ХУУЛЬЧ П.ЭРХЭМБАЯР: СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙН МАТААСЧДАД НЭМЖ “ЧИХЭР” ӨГНӨ ГЭДЭГ ХУУЛЬ БАТЛАГДАХ ГЭЖ БАЙНА
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг энэ өдрүүдэд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байна. Хуулийн төслийн талаар хуульч П.Эрхэмбаяртай ярилцлаа.
-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үндэслэл шаардлага өнөөгийн нийгэмд хэр хэрэгцээтэй юм бэ?
-Одоогийн эрх барьж байгаа намын зүгээс УИХ-ын 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, “Алсын хараа 2050” зэрэг баримт бичигт дурдсаны дагуу энэ хуулийн үндсэн үзэл санаа нь шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг сайжруулах, хамгаалахтай холбоотой зохицуулалтыг тусгах гэж байгаа юм байна гэсэн ойлголттой байна. Хуулийн зорилго нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээх нөхцөлийг бүрдүүлэх, шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах тухай. Тэгсэн хэрнээ энэ хуулийн яг үндсэн хэлээд байгаа багана, шаардлага нь авлигатайгаа тэмцэнэ гэж байна. Хуульчийн зүгээс энэ хуулийн төслийг шаардлагагүй гэж харж байгаа.
-Учир нь юу вэ?
-Нэгд, Монгол Улсад одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 800 гаруй хууль тогтоомжийг давхардалгүй, хийдэлгүй, хэрэгцээ шаардлага, судалгаа шинжилгээ зэрэг даваануудыг давж гарч ирэх ёстой юм. Гэтэл Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлага дээрээс л бүдэрч эхэлж байгаа юм. Нэг ёсондоо бусад хууль тогтоомжоор зохицуулсан харилцааг давхардуулан зохицуулах гэж оролдсон. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10-т гэмт хэргийг үл мэдээлэх тухай заасан. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл, түүнийг үйлдэх гэж байгаа хүмүүсийг цагдаагийн байгууллага, эсвэл мэргэжлийн хяналт, төрийн захиргааны байгууллагуудад хандах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол торгуулах хуулийн санкцитай. Мөн нийтийн эрх ашгийн төлөө дуугардаг гэрч, эсвэл хохирогч болчих гээд байдаг хүмүүсийг хамгаалдаг 2013 оны долдугаар сарын 5-нд батлагдсан Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль бий. Энэ хуулиар ч зохицуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, шүгэл үлээгч гэж хэнийг хэлээд байна вэ гэхээр одоогийн төсөл дээрээ хүний эрхийг хамгаалагч гэж тодорхойлоод байх шиг байна лээ. Тэгвэл хүний эрхийг хамгаалахтай холбоотой зохицуулалтыг Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн 5.2 дугаар зүйлд нь тусгайлан зохицуулаад явж ирсэн. Зөвхөн гэрч хохирогч биш хүний эрхийн төлөө дуугардаг хүмүүсийг энэ хуулийн хүрээлэлд хамруулаад хамгаалж, дэмжиж болно гэдэг. Тэгэхээр бид хоёр хууль тогтоомжоор энэ асуудлыг зохицуулсан байна.
-Өөр ч зөрчил байгаа хэрэг үү?
-Агуулгын хүрээнд логик хөөх ёстой болно. Нэгэнт хүн ганцаараа амьдарч чадахгүй, нийгмийн харилцаанд орж байна. Ийм бол болохгүй зүйлийг байнга дуугарч хэлж, шаардах үүрэгтэй. Гэтэл иргэд гадна хог хаяж байгаа, замын хөдөлгөөн зөрчиж байгаа хүмүүст шаардлага тавьдаггүй. Үүргээ мэддэггүйгээс болоод энэ нийгэм өөрөө доройтоод, бусад хууль тогтоомжоор зохицуулах боломжтой шинэ хуулиуд ингэж гаргаж, төсөл оруулж ирээд байгаа юм.
Нэгэнт болохгүй зүйлийн төлөө дуугардаггүй, хэн нэгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн ч манай хүүхэд биш бол, эсвэл би эхнэрээ зодоогүй бол эр эмийн хооронд битгий оролц гэж ханддаг. Үүнийг өөгшүүлсээр одоогийн хууль тогтоомжийн хэрэгжилт, мэдээлэх үүргээ хэрэгжүүлдэггүй үндсэн шалтгааны нэг нь энэ юм. Тэгэхээр хүссэн хүсээгүй бид нийгмийн харилцаанд орж л байгаа бол хууль тогтоомжийг зөрчиж байгаа бүх үйлдлийг мэдээлэх үүрэгтэй гэсэн үг. Үүнийгээ бид ухамсарладаг, зөв шаардлага тавьдаг, түүнийг нь биелүүлэхгүй байх юм бол холбогдох байгууллагуудыг дуудаж хуулийн хариуцлага хүлээлгэх ёстойг мэдэх, ойлгох хэрэгтэй.
Хоёрт, нийтийн ашиг сонирхол зөрчигдөөд байгаа асуудал дээр шүгэл үлээгч нар байгаа. Тэд бол сэтгүүлчид. Та нар бол маш сайн шүгэл үлээгч нар шүү. Болохгүй асуудлыг сонингоор дамжуулж бичиж байна, мэдээлж байна. Лайв хийж байна, сурвалжилга авч байна. Хэрэв ингэж явахдаа хэн нэгний нэр төр алдар хүндийг зөрчсөн үйлдэл гаргавал мэдээж хуулийн хариуцлага хүлээнэ.
Энэ төслийн бас нэг анхаарах ёстой зүйл бол энэ төслөөр дамжуулаад нөгөө ард түмний баатрууд тэмцэгчид босогчид нөгөө лаг дүрд тоглодог хүмүүс “би бол шүгэл үлээгч” гэдэг байдлаар хандаж эхэлнэ. Мөн хэн нэгэн төрийн албан тушаалтанд сайн хүн болох гэж, эсвэл хов зөөж байгаа юм шиг мэдээллийг хүргэдэг. Тэр мэдээллийг нь буцаад төрийн байгууллага шалгана гэдэг. Энэ бол өөрөө тэнд асуудал байгаа гэсэн үг. Алийг нь нийтийн ашиг сонирхлын эсрэг үйлдэл гэх вэ. Алийг нь дарж авч үлдэх вэ. Эндээс бас нэг том агуулга гарч ирнэ. Уг нь энэ хуулийн төслийн шаардлага нь авлигатайгаа тэмцэнэ гээд байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ авлига нь төрийн захиргааны байгууллагууд дээр байгаа, тэр тогтолцоонд ажиллаж байгаа хүмүүс тэр чигээрээ авлигад орсон, тэдгээртэй холбогдсон учраас тэмцье гээд байгаа. Өөрсөдтэйгөө тэмцэнэ гээд байгаа мөртлөө төрийн албан хаагчийг чадваржуулах, төрийн албан хаагчийн оролцсон гэмт хэрэг дээр хуулийн хариуцлага хүлээлгэхгүй, шүүхээр шийдүүлдэггүй, дарж үлддэг. Ийм нөхцөл байдлууд нь арилахгүй бол бид мянга гоё хууль гаргаад, мянган алтан үсгээр бичээд хэрэгжихгүй.
-Шалтгааныг нь та юу гэж харж байгаа юм бэ. Магадгүй өнөөдрийн энэ хуулийн төслөөр шийдэх гээд байгаа хэрэг биш үү?
-Одоогийн хууль тогтоомжийн хэрэгждэггүй шалтгаан бол ерөөсөө процесс дээр очиж унадаг. Процесс гэдэг шалгах, дуудаж мэдүүлэг авах, яг хуулийн хариуцлага хүлээлгэхийг улс төрийн нам үгүйсгээд хаячихсан. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн парламентын тогтолцоо хоёр баганан дээр тогтдог. Нэг талд нь төлөвшсөн улс төрийн нам, нөгөө талд нь төрийн мерит зарчмаар явдаг төрийн жинхэнэ албан хаагчид. 2000 он гарах үеэс улс төрийн намууд санхүүжилтээ олохын тулд одоогийн нөгөө талын баганад байсан төрийн албан хаагчийн суудлыг зарж эхэлсэн шүү дээ. Өөрт нь тусалсан намынх нь сонгуульд явсан хүмүүст шагнал болгоод төрийн мерит зарчим руу халдаж эхэлсэн. Мэдлэггүй боловсролгүй хүмүүсийг тавиад эхэлчихсэн. Ингээд авлигын үндсэн суурь схем тэндээс бүрэлдэж эхэлсэн. Энэ ялзрал нь дээшээ явчихсан. Эмнэлгээс тавчиктай эхийг гаргадаг, эсвэл вагон онхолдож байдаг, цагдаагийн албан хаагчид асуудал гаргаад байгаа нь мерит зарчмыг эвдээд төрийн албан хаагчийн зарчмыг төлөвлөгөөгүй улс төрийн намууд сэглээд хаячихсан. Үүнийгээ янзлаагүй, доторхыг зохицуулаагүй хэрнээ гадна талаас “Бидэнд мэдээлээч байгаач ээ, тийм хүнийг хамгаална аа” гэдэг л хуулийн төсөл болчихсон явна.
-Хов зөөх байдлаар мэдээлэл хүргэдэг. Түүнийг нь шалгахдаа хэнийг авч үлдэх, хэнийг явуулах вэ гэдгээ тохирдог тухай дээр хөндлөө. Энэ бол нэг талаар хуучин нийгэмд матаасчин гэж байсантай дүйж сонсогдож байна. Өнөөдөр ч энэ агуулга хөндөгдөж байгаа. Энэ хууль матаасаас ялгаатай байж чадах уу?
-Социализмын үед байсан шиг улс төрийн намын ажилтан гэдэг нэр томъёотой. Энэ болохгүй байна, тэр болохгүй байна гэж тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичээд нам руугаа шидээд тэр хүн дээр нь харуицлага тооцуулаад явуулдаг механизм, хүний эрхийн зөрчилтэй тогтолцоо руу өнөөдрийн энэ хууль шууд оруулж байгааг хэлэх ёстой. Сая хэллээ шүү дээ. Шалгадаг тогтолцоо дотор нь идээ бээр байхад түүнйигээ цэвэрлээгүй хэрнээ ахиад бидэнд мэдээлээч, бид нар шалгаад харуицлага тооцуулъя гээд байна. Шалгана гээд байгаа тогтолцоо нь цэвэршээгүй, түүнийг цэвэршүүлэх тал дээр хууль тогтоогч нар ажиллаагүй, ажилласан ч өөрсдийнхөө томилгооны хүмүүсээр хэргийг дардаг, эсвэл цааш нь явуулдаг, хэлмэгдүүлдэг байдал арилаагүй байгаа тохиолдолд мянга шүгэл үлээгч гэнэ үү, улс төрийн намд мэдэлэл хүргэгч гэнэ үү, матаачин гэнэ үү яаж ч өөрчилж нэрлээд засрахгүй.
-Таны ярьснаар бол орчин цагийн сайжруулсан матаас гэсэн үг үү?
-Би тэгж л хэлнэ. Хуучнаар бол матаач. Нэмэгдсэн нь “чихэр” өгдөг. Аав ээждээ “Агаа намайг зодсон шүү” гэхэд “Өө тэгсэн үү” гээд толгойг нь илээд чихэр өгдөгтэй яг л адилхан зүйл болж байна.
-Мөнгөний асуудлыг хөндөж байх шиг байна, тийм үү?
-Сошиал орчинг харъя л даа. Хүний нэр алдар хүндийн талаар огт ойлголт байхгүй. Тийшээ халдаж болохгүй гэдэг соёл суугаагүй ард түмэн байна шүү дээ. Дуртай нь утсаа гаргаж ирээд хүний зүс царайг зөвшөөрөлгүйгээр олон нийтийн сүлжээнд тавьж, нэр төр, дархан байдал руу нь халдаж байна. Түүнийгээ юман чинээ боддогүй. Нөгөө иргэд нь миний эрх чөлөө халдашгүй гээд цагдаагийн байгууллагад гомдол мэдээллээ гаргаад хариуцлага тооцож мэддэггүй. Ийм тогтолцоотой цаг үед бид амьдарч байна.
Тэгэхээр шүгэл үлээгч гэдэг бол эдийн засгийн энэ хүнд үед, өдрийнхөө хоолыг яая гэж байгаа хүмүүсийг дээрээс нь услаад, “Та мэдээлэх юм бол танд мөнгө өгнө, чихэр өгнө” гэх гээд байна. Ингээд хүний нэр алдар хүндийг ойлгохгүй хүмүүсийг улам дэвэргээд өгнө. Хүний эрхийн зөрчил бүр төгс бүрэлдэх нөхцөл байдлыг бий болгоно.
-Гэхдээ шүгэл үлээгч аливаа нийгэмд байх ёстой, тэдний эрх зүйн байдлыг хангах ёстой. Ингэж чадаж байгаа улс орнууд дэлхийгээр нэг байгаа. Бид түүнийг яаж зөв хэвшүүлэх ёстой вэ?
-Мэдээж дэлхийн бусад улс орнууд энэ жишгийг дагаад явж ирсэн. Тэнд шалгадаг тогтолцоо, процесс нь эрүүл учраас амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж гаргаж ирээд явахаас өмнө бидэнд эхлээд засах, суурийг нь сайн тавих шаардлагатай хууль тогтоомжууд байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийг шалган шийдвэрлэх тухай хууль гэх мэт. Энэ процессууд сайжраад үнэхээр хөндлөнгийн, гадны нөлөөгүй шалгачихдаг, ямар нэгэн нөлөөлөлд автахгүй шийдвэр гаргачихдаг тогтолцоо бүрдсэн тохиолдолд бусад хууль тогтоомжуудтайгаа уялдуулаад маш тодорхой байдлаар нийтийн эрх ашгийг хамгаалж, зөв ёс суртахуунтайгаар дуугардаг төсөл бичээд батлуулбал өөр ойлголт, агуулга.
Одоогийн байдлаар сууриа сайн тавьж чадаагүй байж шууд ийм хууль руу орох юм бол маш олон сөрөг үр дагаврууд гарахаар харагдаж байна.
Сэтгэгдэл
9999 [66.181.180.40] 2022-10-23 10:05:29
Chi huulia ygshtal bielvvl chamd matuulah zvil garahgvi nvvr bardam ajilaa hiibel boloh bish vv.Chadahgvi bol gudmaar dvvren huuli ch bna.
үл мэдэх [192.82.76.238] 2022-10-22 01:05:43
Ард түмэн хулгайч нарын хулгай луйварыг зогсоох нэг хэрэгсэлтэй болох нь зөв үүлдэл Матаас гэдэг өнөөдөр луйвар хулгайг илчилсэн үүлдэлийг хэлнэ Улс төрийн зооилготой матаас өнөөдөр Монгол оронд байхгүй шүү
Зочин [66.181.189.88] 2022-10-21 23:33:06
Энэ баас социализмыг яаж мэдэх вэ. Худлаа мэдэмгийрч байдаг бас нэг гөлөг л байна даа.
ХҮН ХҮН [66.181.182.25] 2022-10-21 12:57:26
ЭНЭ ХУУЛЬ ЗӨВ ШҮҮ ХУЛГАЙЧ НАР АЙДАГ ЗҮҮТЭЙ БАЙХ НЬ АРД ТҮМЭНД ХЭРГТЭЙ ХУЛГАЙЧ ХҮН Л ҮҮНЭЭС АЙНА ГЭМГҮЙ ХҮН ЮУНААС АЙХ ЮМ
Зочин [103.57.92.81] 2022-10-21 08:39:27
Гэмгүй бол яав л гэж. зөв хуулиа батал. Хэрэг хийгээгүй л бол айх явдалгүй.....
Зочин [192.82.71.115] 2022-10-21 08:15:31
turiinhen aij yvah heregtei.ymar ch hynaltgui baij duraaraa durgih sanaatai
зочин [59.153.115.116] 2022-10-21 04:58:29
Хэрэг хийгээгүй бол юунаас айдаг байна аа. Шалгана биз дээ.
уншигч [59.153.112.165] 2022-10-21 04:24:48
Шүгэл үлээсэн ч адилхан үлээгээгүй ч адилхан биш үү. Нийгэмд хулгай луйварын өчнөөн тохиолдол байхад ямар арга хэмжээ авсан юм. Хулгайч нараа дийлэхээ болиод, арга тэмцэл нь мухардаад юу хийх яаж тэмцэхээ мэдэхээ байжээ. Одоо тэгээд нэг шүгэл зуусан хүн хэрэгтэй болж дээ. Арга ядсан хууль