Даян дэлхийн энх тайвныг хөхиүлэн дэмжих дэлхийн аюулгүй байдлын санаачилга
Дэлхий дахин олон сорилттой тулгарч, хурдацтай өөрчлөлтүүд гарч, геополитикийн зөрчил мөргөлдөөн улам бүр хурцдаж байгаатай холбоотойгоор бидний аж төрж буй энэ дэлхий ертөнц амар амгалан, энх тайвнаас алхам алхмаар алсарч байна.
Даяаршил, олон талт үзлийн эсрэг хандлага, дээрэнгүй үзэл болон эрх мэдлийн төлөөх улс төрийн тоглолт өсөн нэмэгдэж, энх тайван, аюулгүй байдал болон итгэлцэл алдагдсанаар хүн төрөлхтөн аюулгүй байдлын сорилтуудыг шийдвэрлэхэд улам бүр адармаатай болж байна.
Тэгвэл шийдвэрлэхэд төвөгтэй, амаргүй сорилтуудтай тулгарч буй энэ үед даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг дэмжих зорилгоор БНХАУ их гүрний үүрэг хариуцлагаа ухамсарлан Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг (ДАБС) дэвшүүлсэн юм.
ДАБС гэж чухам юу вэ?
Олон улсын энх тайван ба аюулгүй байдлыг сахин хамгаалж, хөхиүлэн дэмжих зорилготойгоор БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ онд Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтыг нээж үг хэлэх үеэрээ ДАБС-ыг дэлхий нийтэд танилцуулсан билээ.
Түүний дэвшүүлсэн энэхүү санаачилга нь хүйтэн дайны сэтгэхүйгээс дэлхий дахиныг ангид байлгаж, нийтлэг, иж бүрэн бөгөөд тогтвортой хамтын ажиллагаа, аюулгүй байдлын үзэл баримтлалыг хөхиүлэн дэмжиж, бүх улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, аливаа зөрчил маргааныг яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар буюу энхийн арга замаар шийдвэрлэх зорилготой юм.
Хөгжил дэвшил болон аюулгүй байдал гэдэг хоёр ойлголт нь хоорондоо нягт уялдаа холбоотой бөгөөд товчхондоо “нэг зоос”-ны хоёр тал юм.
Тиймээс аливаа улс орон хөгжиж дэвшихийг хүсэж буй бол энх тайван, аюулгүй байдлыг ямагт эрхэмлэх хэрэгтэй.
БНХАУ нь дэлхийн хамгийн олон хүн амтай, дэлхийн эдийн засгийн өсөлтөд хамгийн их хувь нэмэр оруулж, олон улсын тавцанд ямагт энхийг эрхэмлэж, дэлхийн нийтийн өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд их гүрний хувьд тэргүүлэх үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм.
Жинхэнэ олон талт үзлийг эрхэмлэсэн ДАБС нь дэлхий дахинд нээлттэй гэж БНХАУ-ын ГХЯ мэдэгдэж, энэ санаачилгад нэгдэхийг бүх улс оронд уриалсан билээ.
БНХАУ дэлхийд хөгжлийн хурдаараа тэргүүлж буй улс. Тогтвортой байдал болон аюулгүй байдлыг чандлан хамгаалж, эв нэгдлийг эрхэмлэдэг нь энэ улсын хөгжлийн нууц юм.
Тус улс дотоодын аюулгүй байдлаа сахин хамгаалаад зогсохгүй, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад их гүрний хувьд ихээхэн хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд ДАБС-ыг дэвшүүлсэн нь үүний нэгэн тод жишээ юм.
Германы Канцлер асан Хельмут Шмидтийн хэлж байсанчлан, Хятад улс энхийг эрхэмлэсэн хөгжлийн замаар замнахаа Үндсэн хуульдаа тодорхой тусгаж өгсөн цорын ганц улс бөгөөд Хятад улсын түүхийг эргэн харвал энэ улс бусад улс орныг колоничилж, бусдын газар нутгийг булаан эзэлж байгаагүй.
Хятад улсын санаачлан хэрэгжүүлж буй олон ажлыг өдгөө олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа хөгжиж буй улс орнууд өндрөөр үнэлж байна.
Хүн төрөлхтөн дэлхий хэмээх нэгэн газарт нэг нэгнээсээ харилцан хамааралтайгаар аж төрдөг болохыг сүүлийн хэдэн жил үргэлжилж буй цар тахал дэлхий нийтэд сануулсаар байна. Өөрөөр хэлбэл, нэг улсын аюулгүй байдал алдагдахад бусад улсын аюулгүй байдалд ч халтай, аливаа улс орон бусад улс орноос харилцан хамааралгүйгээр дангаар хөгжиж дэвшинэ гэдэг боломжгүй.
Тиймээс Хятад улсын дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бий болгох үзэл баримтлалын нэгэн чухал хэсэг болох ДАБС-д энхийг эрхэмлэгч, хөгжиж дэвшихийг хүсэж буй бүх улс орон нэгдэж, даян дэлхийн энх тайвныг сахин хамгаалж, бүх нийтийн аюулгүй байдлыг хангах их үйлсэд хувь нэмрээ оруулах нь зүйтэй.
Г.Солонго
Сэтгэгдэл