И.МӨНХЖАРГАЛ : МАН-ЫН ТАВЬСАН САНАЛД ҮГҮЙ ГЭЖ ХАРИУЛАЯ
Өнөөдөр /2022.10.24/ Ардчилсан намын ээлжит хэвлэлийн бага хурал боллоо. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ дахь МАН-ын бүлэгт хүргүүлсэн 02/190 дугаартай цалин, тэтгэвэр тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэх тухай шаардлагын хариуг танилцуулж Ардчилсан нам дээрх ажлын хэсэгт орж ажиллахгүй. Ардчилсан намын зүгээс Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд саналаа өгсөн гэв.
Мөн МАН-ын мөрийн хөтөлбөрт инфляцын түвшинд уялдуулж иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, инфляц үнийн өсөлтөөс иргэдийнхээ орлогыг хамгаалах талаар заасан байдаг. Жил бүрийн инфляц, үнийн өсөлттэй уялдуулан иргэдийн цалин, ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай заалтууд бий. Энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь МАН-ын хийж хэрэгжүүлэх ажил. Иймд Ардчилсан намаас инфляцад өртөж байгаа ахмадууд, хөдөлмөр эрхлэгчдийн орлогыг хамгаалах, МАН-ын парламентын сонгуульд амласан амлалтаа биелүүлэхийг шаардаж шаардлагыг дахин хүргүүлж байгаа тухай мэдэгдлээ.
Мөн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан хуралдаж Ардчилсан намын даргыг Итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдтэй холбоотой асуудлыг хэлэлцэн дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтийг Улсын Дээд Шүүхээс цаасан хэлбэрээр талуудад хүргүүлсэн. Монгол Улсын Дээд Шүүх Ардчилсан намыг Итгэмжлэлгүйгээр төлөөлөх төлөөлөгчөөр бүртгүүлэх С.Эрдэнийн хүсэлтэд татгалзсан хариу ирүүлсэн байна. Мөн Ардчилсан намын Итгэмжлэлгүйгээр төлөөлөх төлөөлөгчөөр Ардчилсан намын Тэргүүн Дэд дарга Ө.Шижрийг бүртгүүлэх хүсэлтэд татгалзсан хариу ирүүлсэн тухай мэдэгдлээ.
Хэвлэлийн хурлын үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал хэлэхдээ, “Монгол Улсын Дээд Шүүх С.Эрдэнэ гэдэг хүнийг Ардчилсан намын дарга биш гэдгийг дахин нотолсон байна. Дахин бүртгэж авахгүй гэдгээ бас баталгаажуулж энэ шийдвэрийг ирүүлсэн байна. Өнөөгийн байдлаар Монгол Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд болон Ардчилсан намыг Итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд байхгүй байна” гэлээ.
Сэтгэгдэл
зочин [202.9.46.234] 2022-10-25 23:59:12
баттулга эрдэнэ нар зайлаад өгмөөр юм ман ын даалгвар биелүүлж суухаар
Зочин [64.119.24.168] 2022-10-25 12:32:18
Маш зев