Д.Ариунбат: Харилцагчийн хүлээлтээс давсан үйлчилгээ үзүүлэхийг бид эрхэмлэдэг
ХААН Банкны Иргэдийн банк хариуцсан дэд захирал Д.Ариунбаттай ярилцлаа.
-ХААН Банк хэмээх “их айл”-ын Иргэдийн банк хариуцсан захирлын хувьд орон даяар байгаа энэ олон салбар нэгжийг зангидаж ажиллах амаргүй байх. Хүндрэлтэй асуудлууд байдаг уу?
-Цөөхөн бүрэлдэхүүнтэй байгууллагыг удирдлага нь чиглүүлээд явж болдог бол томоохон хэмжээний компанийг соёл нь авч явдаг гэж үг байдаг. ХААН Банкны тогтсон дүрэм журам, онцлог, байгууллагын соёл бий л дээ. Түүнийг л чанд баримтлан ажилладаг. Би өөрөө тэр соёлоос суралцаж ажлын гараагаа банкандаа теллерээс эхэлсэн хүн. Ер нь бол нэгжийн бүхий л шат дамжлагаар нь явсны хувьд үйл ажиллагааг нь нэлээд сайн мэднэ. Хот, хөдөөгийн олон салбар нэгжийн үйл ажиллагааг нэгтгэн зангидаж, бодлого чиглэлээр хангах мэдээж туршлага шаардсан ажил. Гэхдээ энэ банкны ажилтан бүр зорилгоо ухамсарлаж, ёс зүйтэй ажиллаж байгаа нь энэ байгууллагыг өдий түвшинд авчирсан гэж би хэлнэ. Ажилдаа дуртай учраас хүндрэл гэж харахгүй явж иржээ.
- ХААН Банк санхүүгийн олон үйлчилгээг зах зээлд анхлан гаргаж, харилцагчдадаа санал болгож ирсэн. Харилцагчдаа судлах тал дээр ХААН Банк хэрхэн анхаардаг вэ?
-Үндэсний тэргүүлэгч банк болохын хувьд банк санхүүгийн салбартаа харилцагчийн үйлчилгээгээр манлайлагч байх өндөр үүрэг хариуцлага хүлээдэг. Бид Монголдоо тэргүүлэх хэмжээний харилцагч төвтэй байгууллага болох, хүлээлтээс давсан үйлчилгээ үзүүлэх зорилго тавин ажилладаг. Энэ хүрээндээ харилцагчдын эрэлт хэрэгцээг судалж, тэдэнд тохирсон санхүүгийн үйлчилгээг санал болгох зорилготой маш олон судалгааны ажил хийдэг. Тухайлбал, хүнс ногооны тариалалтын зээлийн бүтээгдэхүүн гаргах гэж 2 сар орон нутагт, тухайн газар дээр нь очиж ажилласан гэж тухайн үед бүтээгдэхүүн гаргаж байсан ажилтан ярьж байсан. Ингэж л харилцагчийнхаа зовлон жаргалыг ойлгож, мэдэрч шинэ үйлчилгээ санал болгож гэмээнэ аливаа зээл, бүтээгдэхүүн харилцагчид үр өгөөж авчрах ёстой. Тиймээс судалгааны ажил бол ХААН Банкны салшгүй нэг хэсэг.
- Банкны шинэ үйлчилгээ нэвтрүүлэхэд ямар хүндрэл бэрхшээлийг даван туулж байна вэ? Бид дэлхийн хөгжилтэй зэрэгцэн явж чадаж байна уу?
-Цахим банк хэрэглэгчдийн тоог авч үзвэл манай улс цахимжилтыг амжилттай нэвтрүүлж чадсан. Дэлхийн жишгийн дагуу харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг маш сайн хангаж, харилцагчийг цахим эрсдэлээс хамгаалж, урьдчилан сэргийлэх ажлыг бид тасралтгүй зохион байгуулж байна. Бусад орнуудтай харьцуулахад манай улс алслагдмал бүс нутаг ихтэй, интернэтийн хүртээмжээс эхлээд банкны үйлчилгээг цахимжуулахад тулгарч буй асуудлууд бий. Ийм онцлогтой улс орны хувьд цахим банк хэрэглэгчдийн тоог авч үзвэл санхүүгийн зах зээлийн цахимжилтад бид чамлахааргүй амжилттай яваа. Эдийн засаг өсөж тэлэхийн хэрээр иргэдийн санхүүгийн хэрэгцээ шаардлага илүү дараагийн түвшинд очиж байна. Иймд бид зөвхөн банкны үндсэн үйлчилгээнээс гадна харилцагчдынхаа санхүүгийн эрсдэлийг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр, нөлөө үзүүлдэг санхүүгийн сайн зөвлөх, багш нь байхыг зорьж ажилтнуудаа сургаж бэлтгэн, тусгайлан бодлого боловсруулан ажиллаж байна.
Харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бид байнга суралцаж хөгжиж байдаг ч заримдаа харилцагчдаа сургах, технологийн дэвшилд илүүтэй хөтлөх зайлшгүй шаардлага гарч байдаг. Ер нь бол ХААН Банкийг би санхүүгийн шинэ технологийн маш сайн багш гэж хэлнэ. Монголын санхүүгийн бүх секторт хүрч үйлчилгээ үзүүлдэг буюу хамгийн хүртээмжтэй үйлчилгээ үзүүлдэг болох хүртлээ шинэ технологиуд, Мобайл банк, цахим банк, ухаалаг төхөөрөмж КИОСК-ийг нэвтрүүлж харилцагч бүрд таниулж ашиглахад сургасан. Одоо харилцагчид маань технологийн давуу талыг маш сайн мэдэрч, амьдралд ахуйдаа хэрэглэж байна. Хэдий бид үйлчилгээг хялбар авах боломжийг таниулж байгаа хэдий ч одоог хүртэл цахимаар үйлчилгээ авч мэдэхгүйгээсээ болж тооцооны төвүүдэд дугаарлаж байгаа хүмүүс байсаар байна. Тиймээс бид улам илүүтэйгээр харилцагч бүрийг банкны цахим хэрэглээтэй болгоход анхаарч ажиллана. Үүний хажуугаар санхүүгийн зөвлөгөө мэдээлэл хэрэгтэй харилцагчаа ч орхигдуулахгүй ойр ажиллах шаардлага бий.
- ЖДҮ эрхлэгчдийн дийлэнх нь ХААН Банкны харилцагч байгаа тухай судалгаа байдаг. Дотоодын үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийн дэмжих чиглэлээр ямар бодлого баримтлан ажилладаг вэ?
-Иргэдийн 80 гаруй хувь нь манай банкны харилцагч байна гэдэг бахархмаар хэрэг. Үүний цаана маш их хөдөлмөр зүтгэл бий. Жижиг дунд бизнес хөгжиж байж улс орны эдийн засаг тогтвортой болдог. Банкны зүгээс тэдгээр бизнесийг өсөж дэвжихэд нь туслах зорилгоор хэрэгцээ шаардлагад нь нийцсэн зээлийн бүтээгдэхүүнүүд санал болгох, санхүүгийн зөвлөгөө өгөх, чадавхжуулах, сургах, борлуулалтыг нь дэмжсэн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэхчлэн илүү бодитой дэмжихэд чиглэсэн олон ажлыг зохион байгуулсаар ирсэн.
Цаашид харилцагчдынхаа бүтээмжийг дээшлүүлэх, орон нутаг, алслагдсан бүс нутгуудад амьдарч буй иргэдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, эдийн засгийн оролцоог сайжруулах чиглэлд бодлого боловсруулан ажиллаж байна. Мөн ЖДҮ болон бизнесүүдэд илүү өрсөлдөх чадварыг сайжруулах тал дээр илүү тусалж дэмжих, зөвлөх, хамтдаа хөгжихийг гол зорилгоо болгон ажилтнуудаа бэлтгэн ажиллаж байна.
- Цаашид ямар санал, санаачилгыг ажил хэрэг болгохоор төлөвлөж байна вэ?
-Харилцагч төвтэй банкны хувьд санхүүгийн ухаалаг арга хэрэгсэл, бүтээгдэхүүн үйлчилгээг хүртээмжтэйгээр үзүүлэх хүрээнд төлөвлөсөн ажил олон бий. Бид нэг байрандаа зогсдоггүй. Тогтвортой бизнесийг бүтээхийн төлөө тасралтгүй суралцаж, хөгжиж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлсээр байна. Харилцагчид маань хэдэн арваны турш санхүүгээ бидэнд даатгаж ирсэн. Тиймээс бидэнд өндөр хариуцлага, мөн оновчтой төлөвлөгөө бий. Ойрын хугацаанд ажил хэрэг болох зарим төлөвлөгөөгөө нууц хэвээр үлдээе.
Сэтгэгдэл
ШИМТГЭЛ [202.179.27.223] 2022-10-31 03:21:59
ГҮЙЛГЭЭНИЙ ШИМТГЭЛ ЧИНЬ ХЭРЭЭС ХЭЬЭРЛЭЭ ЗАКИРЭЛ МЭЭН
Irgen [122.201.31.61] 2022-10-30 09:03:43
Telleruud n unen udaan bur gaihaltai albaar tegj udaan ajilladag gemeer. Uur yamar ch bank edniih shig udaan bish.
Зочин [202.9.47.40] 2022-10-27 18:29:42
Үхсний хүлээлтээс давсан хулгай луйвар хийхдээ л сайн банк нэртэй дээрэмчид биздээ монгол шиг ийм өндөр хүүтэй зээл өгдөг улс хаана ч байхгүй.. Зээлийн жилийн хүү 10с дээш бол энэ банк биш дээрэм гэдэг юм байналээ олон улсад монголд банк биш мөнгөний луйварчид.дээрэмчид оффист сууж байгаад ард түмнээ дээрэмддэг 3дахь том дээрэмийн байгууллага бол ХААНбанк Хурдан гадны банкууд оруулж ирж монголын банк нэртэй дээрэмчдийг зах зээлийн өрсөлдөөнөөр нам цохих хэрэгтэй