ТӨСӨВ 2023: Ипотекийн зээлийн 1 хувийн шимтгэл хэр үндэслэлтэйг судалж байна
УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлж байна.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: -Ипотекийн зээл авахад, мөн тэтгэврийн зээлээс 1 хувийн хураамж авдаг. Шат шатанд зөрүүтэй шийдвэр гаргах юм. Ийм хураамж байх ёстой юу? Мөн үүрэн холбооны төлбөр төлөөгүй бол хар жагсаалтад ордог. Энэ нь дараагийн ажилд тээг болж байна. Зээлийн мэдээллийн сангийн үүрэг, ач холбогдол юу вэ?
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Хуульд банк үйлчилгээний шимтгэл хураамж авч болох зохицуулалт бий. Ямар хэмжээтэй шимтгэл хураамж гэдэг нь янз бүр. Монголбанк шимтгэл хураамжийн тооцоо судалгааг хянаад, 1 хувиас хэтрэхгүй байхаар журам гаргаж, зохицуулсан. Ипотекийн зээлд 1 хувийн хураамж авдаг. Хуулийн талаасаа 1 хувь авах эрхтэй, гэхдээ төв банк хэр үндэслэлтэйг судалж байна. Ийм хураамжийг АНУ 0.65, Канадад 1, Австраи 0.3, Филиппинд 0.5, Вьеьнам 0.95 гэх мэтээр авдаг олон улсын жишиг бий.
Зээлийн мэдээллийн сантай холбоотой хуулийн дагуу мэдээлийн санг хувийн сектор ажиллуулж болдог. Манайхаас зөвшөөрөл авсан 2 компани нарийвчилсан тооцоо судалгаа, програм хангамжаа хийж байгаа. Төв банк санхүүгийн сахилга батыг хангуулах зорилгоор энэ ажлыг одоогоор хийж байна. Иргэн 1 банкаас зээл аваад төлөөгүй ч нөгөө банкаас зээл авч хугацаандаа төлөөд явж байгаа жишээ бий. Гар утасны болон ус цахилгааны төлбөр тооцоо хийдэг компаниуд энэ мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлээд явдаг. Энд зөвхөн банкны зээлээс гадна олон мэдээлэл ордог.
Сэтгэгдэл