Оршин суугаа хаягийн бүртгэл шилжүүлэхэд үнэмлэхний канондсон хуулбар нэхдэг нь иргэдээс гомдол дагуулж байна
Энэ оны тавдугаар сарын 1-нээс Цахим хөгжлийг дэмжих багц хуулиуд хэрэгжиж эхэлсэн. Гэтэл төрийн зарим үйлчилгээн дээр хуулиас давсан журам хэрэгжиж, иргэдэд чирэгдэл учруулж байгаа асуудал УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр хөндөгдлөө. Тухайлбал, оршин суугаа хаягийн бүртгэлээ шилжүүлэхэд иргэнээс цахим үнэмлэхний канондсон хуулбар зэргийг нэхдэг байдал хэвээр байгаа гомдол иргэдээс ирж байгааг байнгын хорооны дарга Э.Батшугар хэллээ.
Тэрээр “Өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5.1.7-д Нийтийн мэдээлэл хариуцагч нь өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх гэж тодорхой заасан байгаа. Гэтэл хаягаа шилжүүлэхэд заавал цахим үнэмлэхний хуулбар, банкинд тушаасан хуулга авчрах гэх мэт хүндрэлүүд байсаар байгааг иргэд хэлж байна. Иймэрхүү хуулиас давсан журмууд хэр олон байгаа юм бэ” гэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагаас асуусан юм.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан хариулахдаа “Цахим хөгжлийг дэмжих дөрвөн хуулиас өмнө 2018 онд Улсын бүртгэлийн багц хууль батлагдсан. Тус багц хуулиар ялангуяа цахимтай холбоотой нэлээн олон өөрчлөлтүүд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд орсон. Манай байгууллага 32 төрлийн 120-иод үйлчилгээг үзүүлж байгаа. Таны асуусан асуудал бол өмнө нь байсан. Харин өнөөдрийн байдлаар аль ч үйлчилгээн дээр иргэний үнэмлэхний хуулбар нэхдэг зүйл байхгүй. Харин бусад байгууллагатай мэдээлэл солилцох интеграцийн асуудал байгаа нь үнэн. Хуулиас давсан зарим журмууд дээр тодорхой шат дараатайгаар өөрчлөлт оруулаад явж байгаа” гэж хариулав.
Сэтгэгдэл
зочин [202.131.225.174] 2022-10-28 01:06:25
энэ хүн мөн эсэхийг яаж таних вэ таньсан хүнээ яаж баталгаажуулах вэ. ордны цонхоор амьдрал сайхан шүү хөрсөн дээрээ шал өөр шдээ. сонгууль дөхөхөөр би хаягаа солиулна гээл найзынахаа хаягыг болон чиний хаягыг солиулаад бгааг яаж хянах вэ.
Зочин [59.153.86.195] 2022-10-27 23:41:40
Ажилтнаа зоддог Дэлгэрсайханыг болиулах хэрэгтэй дээ