ААН, байгууллагын цахилгаан, дулааны төлбөрийг 14-38 хувиар нэмж байна
Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдэгдэж буйгаар байгууллага, ААН-үүдийн цахилгаан, дулааны төлбөрийг нэмснээр эрчим хүчний салбарын 280 орчим тэрбум төгрөгийн алдагдлыг нөхнө гэж үзжээ. Тус салбар ирэх онд 400 тэрбум төгрөгийн алдагдалтай байх тооцоо гарчээ. Үүнийг задалвал:
- Эрчим хүчний компаниудын алдагдал 168 тэрбум төгрөг,
- нүүрс тээвэрлэж буй байгууллага, ААН 18 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна.
Байдал өнөөдрийнхөөр үргэлжилвэл эрчим хүчнээс гадна нүүрс, тээврийн компаниуд дагаад уналтад орохоор байна. Тиймээс оновчтой гэхээсээ илүү нөхцөл байдалд тохиромжтой гарц шийдлээр бүх хэлбэрийн ААН, байгууллагын цахилгаан, дулааны төлбөрийг 14-38 хувиар нэмэхээр болжээ. Эндээс ирэх онд үүсэх үйл ажиллагааны алдагдлын 60 гаруй хувийг нөхөх боломжтой хэмээн тооцоолжээ.
Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ, тарифын газраас мэдээлснээр, ААН-ийн дулааны тарифыг 28 хувиар нэмж байна. Цахилгааны тариф дээр ААН-үүдийг хоёр байдлаар ангилан авч үздэг. Уул уурхай, олборлох боловсруулах, аж үйлдвэрийн салбарын хэрэглэгчдийн тариф дотроо хэрэглээнээсээ хамаараад хоёр янзаар нэмэхээр зохицуулж байна. Үүнд:
- сарын 200 мянган кВт цахилгааны хэрэглээний тариф 28 хувиар,
- 200 мянган кВт-аас илүү хэрэглэсэн тариф 38 хувиар нэмэгдэх нь.
Эрчим хүчний зохицуулах хороо: Түлш, тээвэр, эрчим хүчний салбар нийтдээ 400 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, энэ хэмжээгээр хөрөнгийн эх үүсвэр шаардагдаж байна.
Уул уурхай, олоборлох салбарын бус энгийн үйл ажиллагаатай ААН-үүдийн хувьд сарын 5000 кВт хүртэл хэрэглээний тариф 14 хувиар, түүнээс дээш хэрэглээнд 28 хувиар нэмэгдэх аж.
Тодруулбал, тухайн ААН, байгууллага сард 6000 кВт цахилгаан, эрчим хүч хэрэглэхэд үүний 5000 кВт-ыг 14 хувиар нэмэгдүүлснээр үлдэх мянган кВт-ыг 28 хувиар нэмэгдүүлсэн тарифаар тооцох юм. Төсвийн байгууллагуудын хувьд хэрэглээнээс үл хамааран цахилгааны тарифыг 28 хувиар нэмэгдүүлж байна.
Айл өрхийн эрчим хүчний хэрэглээний тариф өөрчлөгдөхгүй аж. Гэр хороололд цахилгааны 696 мянган хэрэглэгчтэй байгаа бол орон сууцны дулаан хэрэглэгч 286 мянган өрх байна. Харин ААН-үүдийн хувьд жижиг, дунд 40 гаруй компани байна. Эрчим хүчний компаниуд алдагдалтай ажиллаж байгаагийн цаана нүүрсний салбар мөн алдагдал хүлээж буйг тодотгов. Ерөнхийдөө түлш, тээвэр, эрчим хүчний салбар өртөг зардлаа бууруулах, хэмнэх горимд шилжин ажиллаж байна.
Сэтгэгдэл
Даш [202.131.243.50] 2022-11-02 06:51:13
Эрчим хүчний салбар ямарч хэрэгүй шат дараалсан албан тушаалтантай.Баахан хэрэггүй мэдээ нэхэж доод шатны ажилтанаа дарамталсан оффисын хүмүүс.Аль ч түгээх салбарт яваад орход ажилчинаас оффисын хүн нь олон байдаг.