Хүн ардыг зөвхөн хөдөлмөрийн машин гэж үзэж байсан цаг хугацаа...
Цаг түүхийн таталт түлхэлт хэд хувирлаа ч уул, талын энтээд халуун голомтоо сахиж үлдсэн Монгол малчид зарим нь үлгэр санагдуулам суурин соёлын гял цал хөгжингүйг ч үл анзааран ахуйдаа эзэнчлэх нь бахархам бас өрөвдөм. Нүүдэлчид дэлхийг нэгтгэсэн гүрнийг байгуулж, суурьшмал соёл иргэншлүүдийг захирч, тэдгээрийн хооронд зуучийн үүрэг гүйцэтгэж байсан бол өдгөө бэлчээрийн талхдал, хомсдол, цөлжилт, ядууралд улам бүр автаж, даярчлалын давалгаанд цохигдон, суурьшмал соёл иргэншил, аж үйлдвэрийн эдийн засагт улам бүр түрэгдэн шахагдсаар.
Одоо дэлхийн хүн амын 0.5 хүрэхгүй хувь буюу нийт 35-40 сая нүүдэлчид хойд, өвөр, төв ази болон ойрхи дорнод, африкт нүүдлийн мал аж ахуйгаа үргэжлүүлэн эрхэлж байна. Зөвхөн Нигер, Сомали, Мавритани зэрэг африкийн улс орнуудад л хүн амын зонхилох хувь нь нүүдэлчид эзэлдэг байна.
Харин Монголд хүн амын 20 хувь нь л нүүдэлчин хэвээр үлдэж, энэ тоо жилээс жилд буурсаар байна. Хүн ардыг зөвхөн хөдөлмөрийн машин гэж эндүүрч байсан хуучин цаг үед малчдын нийгмийн асуудал дэндүү тэгш бус, хүний эрхийн ноцтой зөрчил, хатуу ширүүн нөхцөлд хэдэн арван жилд нухлагдсанаар малчид үр хүүхдээ өөрсдийн замаар замнуулахгүйн тулд сургууль соёлын мөр хөөлгөж, хот орон бараадуулж суурин амьдралтай хослох боломжгүй нүүдэлчин соёл маань эмзэг байдалд орлоо.
Хэдэн жилийн өмнө нутгийн танил буурал малчин телевизээр нэвтрүүлэгт ороод хамгийн сүүлд нь -Таны сэтгэл эмзэглэж явдаг зүйл чинь юу вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад -Хөдөө амьдрал , амар амгалан сайхан байна. Тэнгэр хангай түшээд, газар ногоо дэлгэрээд л байвал малчин хүнд санаа зовох асуудал тун бага. Сэтгэлд торж явдаг зүйл бол эртнээс нааш малаа маллаж, нүүдэл хийж өдий хүртэл соёл ахуйгаа тээж, малч удмаа өвлүүлж хойч ирээдүйдээ хүргэх нь бидний үүрэг ч залуучууд тэсэж үлдэхэд бэрх боллоо. Нутаг, нугын охид бүсгүйчүүд дунд сургуулиа төгсөөд хот суурин бараадаж, номын мөр хөөгөөд явчихдаг. Хөвгүүд нь малаа маллаад хоцорч байна. Дээд сургууль төгсөөд ирсэн боловсролтой охид, хүүхнүүд малын дэргэд үлдсэн баньд нараа тоохгүй юм. Эхнэр авах нас аль эрт болчихсон ч хөвгүүд маань гологдол шахуу хөдөө хөхөрч гадаа гандаж явна. Энэ бол төрөөс анхаарч үзэх ёстой чухал асуудал юм шүү...гэж хариулсан юм.
Сэтгэгдэл
Иргэн [202.126.90.111] 2022-11-06 02:06:53
Интернэт байхад сурч болно л доо, харин утас маажаад архи уугаад байвал гологдолгүй яах вээ?