Монгол банк: Энэ оны сүүлээр инфляц бага зэрэг буурах ч ирэх онд дахин өснө

Aдмин / Эдийн засаг

Инфляц 2022 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 14.4 хувь, Улаанбаатар хотод 14.8 хувьтай гарлаа. Инфляцын төсөөлөл энэ онд буурахад шатахууны инфляц өмнөх төсөөллөөс буурсан нь голлон нөлөөлөв. Тодруулбал, ОХУ-аас импортлож буй шатахууны хилийн үнэ буурч, дизель түлшний үнэ энэ оны 8 дугаар сард 300 төгрөгөөр хямдарсан, АИ-92 шатахууныг он дуустал хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар болсон нь инфляцын төсөөллийг бууруулж байна. Гэсэн хэдий ч ирэх онд хүнсний үнийн төсөөлөл нэмэгдэх, гадаад үнүүд өсөх, төгрөгийн ханш сулрах, үүнтэй холбоотойгоор импортын бараа, улмаар дотоодын бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх нөлөөгөөр инфляцын төсөөлөл дунд хугацаанд бага зэрэг нэмэгдэж, Төв банкны зорилтот интервалд тогтворжих хугацаа хойшлох хандлагатай болов.

“Монгол банк Инфляцын тайлан 2022 оны 9 дүгээр сар”

Үнийн хөөрөгдөлд механик хүч хэрэглэн бага зэрэг сааруулах эргээд эдийн засгийн нөхцөл байдлуудаас шалтгаалан өссөн хэвээр байх нь.

...Өмнөх оны 1 дүгээр улирлаас хойш тасралтгүй эрчимжиж байсан зээлийн өсөлт энэ оны 4 дүгээр сараас саарч эхэллээ. Банкны системийн зээлийн сарын өсөлт энэ оны 7 дугаар сард -0.6 хувьд хүрч, зээлийн үлдэгдэл өмнөх сараас буурсан дүнтэй байна. “Банкны зээлийн төлөв”-ийн судалгаагаар иргэд болон аж ахуйн нэгжүүдийн зээлийн эрэлт нэмэгдсэн ч эдийн засгийн нөхцөл байдал, эх үүсвэрийн зардал, барьцаа хөрөнгийн эрсдэл зэрэгтэй холбоотойгоор банкууд зээлийн нөхцөл болон шалгуураа бага зэрэг чангаруулсан байна. Банкны системийн эх үүсвэрийн долларжилт сүүлийн саруудад нэмэгдэж, энэ оны 7 дугаар сард 29.3 хувьд хүрсэн нь оны эхнээс 6 нэгж хувиар өссөн үзүүлэлт болов. Харин зээлийн долларжилт буурах хандлага хэвээр байна...

Монголын эдийн засаг банкнаас бүрэн хамааралтай. Харин банк өөрөө зээлээс хамаардаг. Иргэд аж ахуй нэгжийн зээлийн эргэн төлөлт энэ янзаар буурсаар байвал эдийн засаг аюулд өртөх нь.

Монгол төгрөгийн ханш эрчимтэй суларч валютын урсгал саарах нь эдийн засгийн эрүүл судсанд бүлэгнэл үүсч уналт руу харваж мэдэхээр боллоо.

...Төлбөрийн тэнцэл 2022 оны 2 дугаар улиралд 104.4 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Үүнд, экспортын орлого өмнөх оны мөн үеэс 400 орчим сая ам.доллароор нэмэгдсэн боловч импортын төлбөр илүү хурдтай өсөж, тээврийн үйлчилгээний зардал тэлсэнээр урсгал тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 115 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлөв. Санхүүгийн данс ашигтай гарсан хэдий ч урсгал дансны алдагдлыг санхүүжүүлэхэд хангалтгүй байв...

Манайх цэвэр импорт, боомтын хамааралтай учраас экспортын бүтээгдэхүүн зах зээлд эрэлттэй байсан ч урсгал зардалдаа шингээд дуусч байна. Тэнцэржиж чадахгүй төлбөрийн алдагдалд живсэн эдийн засгийг үйлдвэржилтээр сэргээх урт хугацааны, оновчтой бодлого нэн түрүүнд шаардагдаж байгаа билээ.

Мөн инфляц буюу үнийн хөөрөгдөл өсөх буурах төсөөлөл цаашид хэрхэх нь нөлөөлөх хүчин зүйлсээс хамаарч байгаа үед ард иргэд ажилтай орлоготой, цалинтай байх эрх үнийн хэт хөөрөгдөлд автан мартагдаж өглөө босоод ирэхэд л өргөн хэрэглээний барааны үнэ өссөн дүр зурагтай уджээ.

Д. Энхбат


Сэтгэгдэл

Юүг баримталж дээрх тооцоонуудыг хийв? [192.82.78.92] 2022-11-11 04:41:50

Монгол Улсын дундаж иргэний орлого нь Хятадын дундаж иргэнийхээс дээгүүр байж чадах нь уу? Монгол Улсын Засгийн газар монголчуудынхаа орлогыг зөвхөн өнөө маргааш өлбөрөөд үхүүлчихгүй байх хэмжээнд тооцож боддог юм уу? Эсхүл сэтгэл ханамжтай, одоогийн амьдрал болон ирээдүйн хэрэгцээгий нь харгалзаж, соёл иргэншлийн ололтуудыг үзэж танилцах зардлыг бодолцож төлөвлөж байдаг юм уу?

зочин [66.181.189.118] 2022-11-11 03:56:21

2050 онд амьд байх хүмүүс л сайн сайханыг үзнэ. гэж итгэе. Шилжилтийн үеийнхэн үглэсээр жингийн цуваа хөдөлсөөр


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.