“Тамгагүй нам” шог гараа

Aдмин / Улстөр

( Бусдын эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов )

Херо” Б.Баатарын найруулсан “Тамгагүй төр” музыкл драм Улсын драмын эрдмийн театрын тайзыг эзэгнэж, магтаалын сайхан үг бүхнээр мялаалгаж, урд өмнө үзэж байгаагүй олон үзэгч үзэж шинэ амжилт тогтоож байх энэ жилүүдэд манай Улсад тамганы тухай “сонин хачин” сайн анзаарвал өдөр бүр шахам сонсдоно. Тамга гэснээс манай монголчууд тамгаа авч зугтана, гэнэт хоёр тамгатай болно, хуурамчаар үйлдэнэ, жинхэнэ, хуурамч тамгаа ялгахаа болино, төрийн сайд нь “Тамгатай төрсөн өдрийн мэндчилгээ” илгээж төрийн тамга үнэгүйдүүлнэ гээд тамганы “үйл явдал”-аар хэзээд арвин байдаг. Эхэндээ иргэд гайхаж шоолж, шоглож хүлээж авч байсан бол одоо цаг агаарын мэдээтэй адил хувиралгүй хүлээн авдаг болжээ. Өвөг дээдэс, үе үеийнхний тэмцэж олсон ардчилалын үнэ цэнэ өнөөдөр монгол Улсын тусгаар тогтнолын гол баталгаа юм.

Ардчиллын 30 жилийг зөв ч бай, буруу ч бай, алдаа оноотой ч бай бид өөрсдийнхөө амьдарч бүтээж туулсан. Ингэхдээ билэг тэмдэг төдий тамганы асуудлаас болж ардчилал унах мөхөхтэйгөө тулах юм гэж хэн ч бодож байсангүй ээ. Дээр өгүүлсэн Тамгагүй төр жүжгийн зэрэгцээгээр Ардчилсан нам, түүний салбар 21 аймгийн дарга нар тамгаа нэгэн зэрэг “гээлээ” гэж өдөр тутмын сонинд зарласан шог гараа тэрлэгдлээ. Шог гарааг эхнээс нь өрнөлийг нь жаахан тайлбарлая.

2017 онд Ардчилсан нам нь намын үндсэн хууль болох Үндсэн дүрмээ шинэчлэн баталсанаар шинэ дүрмийн хүрээнд намын даргын сонгууль болж 5 нөхрөөс Ардчилсан намын гишүүдийн хэзээ ч хүсээгүй С.Эрдэнэ (гишүүдийн 27 хувийн дэмжлэгээр дүрмийн цоорхойг ашиглан) намын дарга болсон. Тухайн үед “зөв харж инээж, буруу харж уйлаад” хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд орсон. Хожим гишүүдийн олонхийн тооцож, сэрэмжилж байснаар 2020 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам ёроолдоо хүртэл уналтад орж ялагдал хүлээснээр С.Эрдэнэ хариуцлагаа хүлээж намын тамга тэмдгийг дэд дарга Ц.Туваанд хүлээлгэн өгснийг олон түмэн харсан билээ. Намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ц.Туваан орон нутгийн сонгуульд намаа удирдан орж найман аймагт /өшөө 3 н аймаг 1 дүүрэгт ялж болох байсан/ ялалт байгуулж, 330 сумын 140-д манай нам ялалт байгуулсан. Эндээс Ардчилсан нам зүгээр үзэгдэл төдий биш, үндэсний хэмжээний том нам гэдгийг, мөн иргэд Ардчилсан нам хүчтэй байж Улс орон тэнцвэртэй байдалд байна гэдгийг ойлгодгийг харуулсан үйл явдал болсон юм.

Тэгтэл хэдэн сарын дараа нэгэн шөнө намын дарга асан С.Эрдэнэ хуучин албаа санагалзан Ардчилсан нам минийх минийх гэсээр сэрж, гэнэтхэн намын даргын албаа үргэлжлүүлэн хийхээр болсноо зарлан, АН-ын даргын түр үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан намын тамгыг буцааж өгөхгүй байна тиймээс шинэ тамга олгож өгнө үү гэх маягийн өргөдөл үйлдэж УБЕГ-т хандсан. Эндээс эхлээд тамганы асуудал нэг хүний зүүд байсан уу эсвэл эрх баригчдын хулгай байсан уу гэдэг шог тавилт эхэлсэн юм. Үнэндээ бол яг л ийм зүйлийг хүлээж байсан МАН-ын хувьд уухайн тас шүүрэн авч хууль, дүрэм, журам бүхнийг умартан яаран сандран 3 хоногийн дотор /МАН-ын ЕНБД асан Даш-Ёндонгийн ач хүү улсын бүртгэлийн байцаагчаар/ шинэ тамга С.Эрдэнээд бэлэглэж сүүлийн хоёр жил тэрээр намын тамга атгаж буйгаа зарлаж явах боломжийг олгосон байна.

Зүй нь Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар хуулийн этгээдийн тамга, тэмдгийн хяналтын дугаарын бүртгэлийг үнэн зөвөөр бүрдүүлж, мэдээллийн сан үүсгэж, ангилан бүртгэлжүүлэх асуудлыг улсын бүртгэлийн байгууллага хариуцахаар заасан байдаг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох, хүчингүй болгох, лавлагаа олгох чиг үүргийг улсын бүртгэлийн байгууллага хариуцах бөгөөд тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дахин олгох үндэслэлүүдийг тодорхой заажээ. Мөн шинээр тамга олгох ажиллагааны дарааллыг нарийвчлан журамласан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/216 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-аар хяналтын дугаар дахин авах өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг нягталж, хүлээн авах; Үүнд:

  • Ашиглах боломжгүйгээр элэгдэж хуучирсан, гэмтсэн тамга, тэмдэг;
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ,
  • Тамга, тэмдэг хаяж үрэгдүүлсэн

тохиолдолд тухайн хуулийн этгээдийн эрх бүхий этгээдийн шийдвэр, хүсэлт, өдөр тутмын сонинд зарлуулсан зарыг үндэслэн хяналтын дугаарыг хүчингүйд тооцсон тухай хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, оногдуулсан торгох шийтгэлийн хуудас /төлбөрийн баримт/-ын хуулбар болон бусал хавсаргасан материалын үнэн зөвийг нотлоход шаардагдах баримтыг өргөдөл гаргагчаас гаргуулан авах мөн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хуулийн этгээдийн цахим хувийн хэрэгтэй, шаардлагатай бол архивын эх нотлох баримт бичигтэй тулган нягталж, хяналтын дугаар олгох эсэхийг шийдвэрлэх ажиллагааг хийх ёстой. Гэтэл УБЕГ нь хууль, журмаа уландаа гишгэн тамга, тэмдэг, хяналтын дугаар дахин олгох бодит нөхцөл бүрдээгүй байхад С.Эрдэнэд давуу байдал олгосныг юу гэж үзвэл зохих вэ.

Асуудлыг ойлгомжтой болгох үүднээс АН-ын дээрх үйл баримттай адил төсөөтэй жишээг та бүхэнд сонирхуулья. Уг асуудал монголын бас нэгэн Улс төрийн намд өрнөжээ. “Монголын Ногоон нам” дотооддоо бас л тамга тэмдгийн маргаан үүссэний улмаас Ногоон Намын дарга О.Бум-ялагч нь Улсын бүртгэлийн газарт хандан тамга тэмдгийн хяналтын дугаар авах хүсэлт гаргасан байна. Тэгтэл Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын зүгээс Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны А/216 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тамга тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-ын 1.6-д Улс төрийн нам хамаарахгүй тул тамга тэмдгийн хяналтын дугаар олгох боломжгүй байна гэсэн хариуг өгч байсан байх юм.

Төрийн бүх шатны байгууллага албан тушаалтан зөвхөн хууль дээдлэх зарчимаар ажиллах ёстой атал нэг нүүрээрээ Ногоон Намын дарга О.Бум-ялагчид бид таньд шинэ тамга хийж өгөх боломжгүй гээд нөгөө нүүрээрээ иргэн С.Эрдэнэд 3 хоногийн дотор шинэ тамга хийж өгч байгааг төрийн байгууллагыг улс төрийн ашиг хонжоондоо ашигладагийн тод жишээ гэхээс өөрөөр юу гэж дүгнэх вэ. Шог гараа үргэлжилсээр… Өөрсдөд нь байгаа үрэгдээгүй, хүчин төгөлдөр тамгыг нь сонинд хүчингүй гээд зарласныг олж мэдсэн АН-ын 21 аймгийн дарга нар, гишүүд гайхшаа барж, тамга, тэмдэгээ гээгээгүй энэ байна хэмээн олон нийтэд үзүүлэн мэдэгдэл, шаардлага гарган, зураг хөргийг нь хавсарган УБЕГ, хууль хяналтын байгууллагад хандан гомдол гаргасан боловч тэднийг гөлөөг ч гэж үзсэнгүй ээ. Монголын хуулийг төрийн байгууллагууд улстөржихөөрөө ингэж л хэрэгжүүлж байна даа. Хууль бус тамгатай мань С.Эрдэнэ 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоод муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчийн үлгэрээр гурван нэр дэвшигчээс дөрөвт орсон.

Улс төрчийн хувьд үүнээс илүү уналт, доройтол гэж хаана байх вэ дээ. Ухамсартай хүн бол ичээд гэрээсээ ч гарахгүй нэг хэсэг… Бас болоогүй ээ. Зарим нэг өөртэйгээ таарсан хүмүүсийг санаатайгаар нэгтгэж АН-ыг УИХ-д бүлэггүй болгож ч үзлээ, гишүүдийг олноор нь бүлгээсээ хөөж ч үзлээ. Буцаагаад авч ч байх шиг. Ёстой мэдэхгүй ээ мэдэхгүй ээ гэдэг шиг. Энэ бүх тэнэглэл нь хэзээ дуусахыг чөтгөр л мэдэх байхдаа. Монголчууд сөрөг хүчин хаана байгааг сүүлийн хоёр жил хайлаа. Уг нь УИХ-ын танхимд арав гаруй нөхөр сууж байгаа харагддаг л юм. Өнөөдөр иргэд өдрөөс өдөрт ядуурч, үнийн өсөлт гаарч байна. Улс орон эдийн засгийн хувьд сүйрч байна. Энэ бүхэнд манай нам ч буруутай. Учир нь манай намынхан МАН-ын гар хөл болсон С.Эрдэнэд дөрлүүлэн сөрөг хүчнийхээ байр суурийг хүчтэй илэрхийлж, болж бүтэхгүй байгаа асуудлыг шүүмжилж, иргэдэд үнэн бодит мэдээлэл өгч чадахгүй байснаар МАН-ыг хяналтгүй, дураараа дургих үндсийг нь тавилцсан. Үүний үр дүнд хууль үйлчилдэггүй, хяналтгүй төртэй боллоо.

Төрийн толгойд хулгайч, дээрэмчид зайдалж байна. Эрх зүйт нийгэм нуран унаж байгаагийн аймшигт төлөөсийг эцсийн эцэст улс орон, иргэд л төлнө. Бид ирээдүйдээ, үр хойч үедээ, гишгэх газар, амьсгалах агаар, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг үлдээе гэвэл ардчилалаа хамгаалж тэдэндээ өвлүүлэн үлдээх ёстой. Ардчилсан нам ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалагч нам учраас иргэд хэзээ ч биднээс нүүр буруулахгүй.

Хэн нэгэн улстөрчийн сонирхол, амбиц, попролтоор биш намынхаа дүрмийн дагуу, хуулийн хүрээнд Ардчилсан намыг түүчээлэх мэдлэг боловсролтой, мянга мянган залуу бидэнд бий. Удахгүй Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээр АН-ын тамганы асуудлыг эцэслэн хэлэлцэнэ. Гэхдээ энэ бол зүгээр нэг тамга тэмдэгний асуудал биш. Зөвхөн Ардчилсан нам амьд үлдэх тухай талцал бүр биш. Монгол Улс ардчилал, хүний эрх, эрх чөлөөтэйгөө үлдэх эсвэл нэг хүний, нэг намын, нэжгээд бүлэг хүмүүсийн дарангуйлалд шилжих эсэхийг шийдвэрлэх юм.

Товчхондоо шүүх өргөсөн тангарагтаа үнэнчээр шийдвэрлэх юм бол жинхэнэ Ардчилсан нам анх үүсэн байгуулагдсанаас хойш үе дамжин хэрэглэж буй тамга хүчинтэй гэдэг нь тогтоогдоно. Эсрэгээрээ бол ардчиллыг нухчин дарах гэсэн, ардчиллын сүлд, тулгуур багана болсон Ардчилсан намыг устгах гэсэн, сонгуульд өрсөлдөгчгүй болж нэг намын дарангуйлал тогтоох гэсэн эрх баригч хүчний улс төрийн башир арга хэрэгжих үндэс бүрэн тавигдах юм. С.Эрдэнэ мэлзсэн хэвээр. Тамгаа өгөхгүй хэмээн тас гүрийсээр. “Би АН-ын дарга мөөөн” гэж зүтгэсээр л ..., Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, ТАМГА, дуулал мөн.

Үндсэн хуулиас Социологич Соёмбобаатар.


Сэтгэгдэл

зочин [139.5.218.38] 2022-11-14 03:06:12

Муу хүнээс салж бологгүй юм гэнэ лээ.

Зочин [202.126.89.5] 2022-11-13 00:39:36

Ман. Ан тараах харэгтнй

Зочин [43.242.243.6] 2022-11-13 06:41:33

МАН МОНГОЛД 100 гай болов.Одоо бүр 2 хүний нэг нь ядуурч ,ажилласаар байгаад ядууралд оров. Коммунизмыг бүрэн устгаагүйн гайг монголчууд хэдий болтол хэдэн үеээрээ амсах юм бэ. Одоо банк сангуудыг идэх юу ч биш болж ард иргэдээ үзэл бодлоо илэрхийлсний төлөө ял өгдөг болов.Хуучин нэг намын тогтолцоогоо санагалзаж сөрөг хүчнээ хууль,. шүүх , бүртгэлийн газрыг ашиглан амыг нь барихыг оролдох болов..Түүндээ Эрдэнэ гэх хулгайчийг ашиглав.

Зочин [192.82.81.12] 2022-11-12 23:07:59

Тиймүү ганцхан МАН монголыг сүйрүүлсиймуу битгий хуц АН хулгайг заасан шүү

НАМ [202.9.46.10] 2022-11-12 07:36:49

ЗАЛХМААР НУРШУУ БИЧИХ ЮМ.....ТОВЧ ТОДОРХОЙ БИЧВЭЛ ЯАДАГ ЮМ...ТАРЧИЛСАН НИЙГЭМ ТАРЧИЛСАН НАМ 30 ЖИЛ МОНГОЛИЙГ СҮЙРҮҮЛСЭН....СҮЙРЧИХЭЭД БАЙХАД ЮУН ТАМГА...

mongol [202.126.89.111] 2022-11-12 07:00:48

MAN buh shatand hulgai, deerem hiihiin tuld AN-g alban yosoor dampuuruulj bui n unen.

Сонгогч [66.181.160.47] 2022-11-12 03:52:02

Дүрмийг эрх мэдэлтэй нь зохиодог, Эрдэнэ гэдэг хүн ах намын дэмжлэгээр дүрмээ далийлгаад самарч бна уу даа

үг [192.82.66.11] 2022-11-12 03:18:39

дё_ийн дүүгийн хүүхэд гээч худлаа бичээд бүү тэнэгт


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.