Монголбанкнаас Засгийн газарт ипотекийн зээл шилжиж, иргэд эргэн төлөлт хийх 2023 он

Aдмин / Улстөр

УИХ, улсын 2023 оны төсвийг өнгөрсөн баасан гараг /2022-11-11/-т баталсан. Ингэхдээ цар тахлын хуулийг сунгаагүй. Энэ хууль сунгагдаагүй болохоор ирэх оноос тухайн хуулийн дагуу хойшлуулсан ипотекийн зээлийн төлбөрийг иргэд төлж эхэлнэ. Цар тахлын тухай хууль сунгагдана, сунгагдахгүй, иргэд ипотекийн зээлээ хойшлуулна, хойшлуулахгүй гэсэн мэтгэлцээн УИХ 2023 оны төсвийг хэлэлцэх явцад гарч иргэд, мэргэжилтнүүд энэ талаар байр сууриа илэрхийлж байсан. Тодруулбал энэ төрлийн зээлийг хойшлуулах нь “бий болсон ипотекийн зээлийн тогтолцоо нурах аюултай” гэсэн сануулгыг эдийн засагчид, зах зээлийн шинжээчид нийгэмд өгч байсан юм. Гэвч энэ мэтгэлцээнд хууль тогтоох дээд байгууллага УИХ цэг хатгаж дээрх шийдэлд хүрсэн болов уу. Ипотекийн зээлийн бүтцийг нураахгүй авч үлдэх нь сайн хэрэг. Гэхдээ энэ бол ипотекийн зээлийг харах зөвхөн нэг өнцөг нь. Түүнээс бус төгс шийдэл нь биш байх магадлалтай.

Иргэдийн зээлийн эргэн төлөлт эхэлснээр ипотекийн зээлийн олдоц нэмэгдэнэ гэсэн гүехэн ухуулга энэ хооронд өрнөөд амжсан. Иргэдийн эргэн төлөлт сайн байх нь зээл олголтод баг зэрэг эерэг нөлөө үзүүлнэ. Гэхдээ эрэлт хэрэгцээг хангах хэмжээнд хүрэхгүй нь тодорхой.

Ипотекийн зээлийн сарын эргэн төлөлтийн нийт дүн 40 орчим тэрбум төгрөг. Түүний 40 хувь нь цар тахлын үед эргэн төлөгдөж байсан. Тэр хэмжээгээр иргэдэд зээл болон очсон байх жишээтэй. Харин одоо зээлээ хойшлуулсан 60 хувь нь төлж эхлэхээр өнгөрсөн хугацаанд иргэдийн эргэн төлөлтөөр олгогдож байсан зээлийн эх үүсвэр 60 хувиар нэмэгдэнэ. Эргэн төлөлтийн 40 орчим тэрбум төгрөгийн 60 хувь гэдэг бол ердөө 24 тэрбум төгрөг байна. Энэ хэмжээний сэргэлт ипотекийн зээлийн хүрээнд гарна. Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд зээлийн гол эх үүсвэрийг гаргаж байсан. Тухайлбал, 2021 онд төвбанк болон арилжааны банкнуудын эх үүсвэрээр нийт 1 их наяд төгрөгийн зээлийг 13.5 мянган өрхөд олгосон байх юм. Нэг жилд хамгийн олон өрхөд олгосон ипотекийн зээл байсан гэж зарим эдийн засагчид 2021 оны онцлогийг тодорхойлжээ. Энэ үнэн биз.

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2020 оны 4 дүгээр сараас 2022 оныг дуустал 5 удаа хойшлуулсан. Дурдсан хугацаанд нийт 195.12 тэрбум төгрөг (77.9 тэрбум үндсэн төлбөр, 117.3 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байдаг. Ипотекийн зээлийн 5 дахь удаагийн буюу 2022 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл хойшлуулахад 63,171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдлийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр шийдэж байжээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2022 оны үндсэн чиглэл, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, Цар тахлын тухай хууль, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу Монголбанк Засгийн газарт ипотекийн зээлийг 2023 онд багтаан хэлсэнчлэн шат дараатай шилжүүлнэ. Тэгэхээр уг зээлийн хэрэгжүүлэх, зээлийн эх үүсвэр гаргах ажлыг Засгийн газар иргэдийн өмнө хүлээнэ.

Ер нь 2013 оноос эхлэн Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрт 4 их наяд төгрөгийн санхүүжилт гаргажээ. Монгол Улсад жилд 30,000-40,000 орон сууц өнгөрсөн хугацаанд ашиглалтад орж зах зээлд нийлүүлэгддэг гэсэн дүн мэдээ бий. Сүүлийн жил /2022 онд/ ипотекийн зээл хомсодсон тул зах зээлд борлогддог орон сууцны 54 хувь нь борлогдоогүй гэсэн албан бус мэдээлэл байна. Зах зээл дээр борлогдоогүй үлдсэн орон сууцыг бүртгэдэг албан ёсны төрийн байгууллага байхгүй. Түүнээс гадна захиалга урьдчилан авдаг, гэрээгээр олон аж ахуй нэгж байгууллага, иргэн орон сууц борлуулдаг тул мэдээллийг нарийн гаргах боломж маш бага байх магадлал тун өндөр байна. Монголбанкнаас Засгийн газарт ипотекийн зээл шилжиж, иргэд эргэн төлөлт хийх 2023 он гарахад 45 хоног үлдлээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.