Н.ГАНИБАЛ: ЗАСГИЙН ГАЗАР ЗОХИОСОН ТӨСӨВТӨӨ ТААРУУЛЖ ХУУЛЬ БИЧДЭГЭЭ Л БОЛИХ ХЭРЭГТЭЙ

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.


-УИХ 2023 оны төсвөө баталчихлаа. Сөрөг хүчний шаардлагыг авч хэлэлцсэнгүй. Батлагдсан төсвийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газар 2023 оны төсвийг урьд онуудынхаа алдаа дутагдлыг давтаж, бодит байдлаас хэт өөдрөг оруулж ирсэн. Төсвийн орлогыг түүхэндээ хамгийн их буюу 19.6 их наяд төгрөгөөр тооцсон нь өнгөрсөн оныхоос 3.3 их наяд төгрөг буюу 20.4 хувиар нэмэгдсэн. Зарлага нь ч мөн хэт тэлсэн, 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай төсөл өргөн барьсан байсан. АН-ын бүлгийн гишүүд олон удаа шахаж шаардсанаар 100 тэрбум төгрөгийн зардал танаж, алдагдлаа бага зэрэг л бууруулсан.Гэвч энэ дүн эргээд нэмэгдэж болзошгүй. Яагаад гэвэл, өмнөх жилүүдэд орлогоо хэт өөдрөгөөр төсөвлөж ирсэн ч биелэгдээгүй байдаг. Дараа жил төсвийн алдагдлаа 1.4 их наядаасаа давж алдчихаад Хятадын “Тэг ковидын бодлого”, Орос-Украины дайн гээд гадна болж байгаа асуудлууд яриад сууж байх болов уу даа.

-Төсвийг дотор нь задлаад үзвэл?

-Төсвийг задалж үзвэл, хөрөнгө оруулалтаа 2.7 их наяд төгрөг болон нэмэгдүүлсэн, дээрээс нь гадаад зээл, тусламжийн бүтцийг харвал 1.3 их наядыг хөрөнгө оруулалтын зардалд, 310 тэрбумыг дамжуулан зээлдэх зардалд, 187.5 тэрбумыг урсгал зардалд, 279 тэрбумыг концессын төлбөрт зарцуулахаар тусгасан байна. Энэ бүхэн нийлээд таван их наяд төгрөгт хүрч байгаа юм. Энэ бол Монгол Улсын түүхэнд байгаагүй их хөрөнгийг ирэх оны хөрөнгө оруулалтад суулгасан гэсэн үг. Гэхдээ шинэ бүтээн байгуулалт байхгүй, өмнө зарлагдсан тендерүүд, хариуцлагагүй компаниуд, буруу төлөвлөлт хийснийхээ төлбөрийг төлж байгаа хэрэг.

-Монгол Улсын Засгийн газар 2023 онд ихээхэн хэмжээний гадаад өр төлөх ёстой байгаа шүү дээ. Тэгвэл гадаад өр өнөөдрийн байдлаар яг хэд болоод байна вэ. Эрх баригчдын өгч байгаа мэдээлэл эргэлзээ төрүүлдэг?

-Таны эргэлзэх нь зөв, өрийн талаар эрх баригчид өөрсдөдөө ашигтай байдлаар мэдээлж, ард түмнийг хуурч ирсэн. Ардчилсан нам Монгол Улсыг өрөнд унагаасан, харин бид өрнөөс салгана гэж 2020 оны сонгуулиар амлаж, 62-уулаа сонгогдсон.МАН өнөөдрийг хүртэл амлалтаа биелүүлэх нь бүү хэл өрийг хоёр дахин нэмэгдүүлсэн. 2016 онд Монголын иргэн бүрт 15 сая төгрөгийн өр ногдож байсан бол одоо 30 сая болсон.

Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2022 оны эхний хагас жилийн байдлаар 33.3 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь манай улсын ДНБ-ийг хоёр дахин үржсэнтэй тэнцэх үзүүлэлт. Энэ нийт өрийн 8.1 тэрбумыг Засгийн газрын өр гэдэг. Тэгвэл Төв банкны 2.5 тэрбум ам.доллар хэний өр вэ? Хувийн хэвшлийн 21 тэрбум ам.доллар доторх 12 тэрбум Оюу толгойн өр хэнийх вэ? 1.4 тэрбум ам.долларын арилжааны банкуудын өр доторх Хөгжлийн банкны бараг тэрбум ам.доллар хэний өр вэ гэдэг асуудал урган гарч ирж байгаа. Зөвхөн сүүлийн гурван жилд гэхэд л алдагдалтай төсвүүдийн үр дүнд Монгол Улсын өр нийт 10 их наяд төгрөгөөр нэмэгдсэн.

-Жилийн жилд Төсвийн тухай хууль хэлэлцэх үеэр төсвийн сахилга батын асуудал хөндөгддөг ч хэзээ ч хэрэгждэггүй. Төсвийн сахилга батыг сахихын тулд нэн тэргүүнд юун дээр анхаарах ёстой вэ?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль анх батлагдахад заасан тусгай шаардлагууд болох төсвийн алдагдлыг хоёр хувиас хэтрүүлэхгүй, гадаад өрийн таазыг 40 хувиас хэтрүүлэхгүй байх заалтуудыг чанд мөрдөж байсан бол өнөөдрийнх шиг “өрийн хавх”-нд орохгүй байх байсан. Дээрх шаардлагуудыг төсөв өргөн барих бүртээ өөрчилж ирсэн. Сүүлийн жилүүдэд нийтдээ 10 удаа өөрчлөлт оруулсан байгаа юм. Тэгэхээр эрх баригчид “өрийн хавх”-нд улам бүр шигдэх хариуцлагагүй байдлаа дээрх хуулийн заалтуудаар хуульчилж хамгаалж байна гэж ойлгож болно.Мөн Төсвийн хүрээний мэдэгдэл буюу дунд хугацааны төсвийн тооцооллуудаа төсөв өргөн барих бүртээ өөрчилж байна. Тэгэхээр Засгийн газар зохиосон төсөвтөө тааруулж хууль бичдэгээ л болих хэрэгтэй. Уг нь баталсан хуульдаа нийцүүлж төсвөө боловсруулах ёстой шүү дээ.

-Ирэх жил ДНБ-ийг таван хувь өснө гэж тооцсон байна. Энэ хэр бодитой вэ?

-2020, 2021 онуудыг эс тооцвол, сүүлийн жилүүдэд манай эдийн засаг 4-6 хувь өссөн статистик бий. Гэхдээ валютаар буюу доллараар авч үзвэл өсөлт байдаггүй. Манай улсын ДНБ сүүлийн 10 жилд 12-15 тэрбум ам.долларын хооронд эргэлдэж байгаа. Энэ хооронд монгол төгрөгийн ханш сулраад үнэгүйдсэн тул монгол төгрөгөөр эдийн засаг өсөж байгаа мэт харагдаж байгаа ч ам.доллараар хэвэндээ л байна. Ингэж л өөрсдийгөө хуурч байна.

-Төсвийн хууль мөнгөний бодлоготой уялдах ёстой. Гэтэл зөрчилдөөд байх шиг...

-Тийм ээ, Төсвийн хууль, мөнгөний бодлого хоорондоо уялдах ёстой. Гэтэл манайд Төсвийн хууль нь Монголбанкны хатуу бодлоготойгоо зөрчилдөж байна. Монголбанк валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг чангаруулах үүрэгтэй. Ирэх оны төсвийн тэр их хөрөнгө оруулалт бараг бүгд валют болж гадагшаа урсана.Дээр нь хэрэгцээнийхээ дийлэнхийг импортоор авдаг. Тэгэхээр валютын эрэлт улам нэмэгдэж, тэр хэрээрээ ханш нь чангарч, үнийн өсөлт үргэлжлэн өснө гэсэн таагүй дохио өгч байгаа юм.

Өнгөрсөн онд Засгийн газрын зөвшөөрөлтэйгөөр Монголын томоохон төрийн өмчит компаниуд Хятадын ТӨК-уудтай дэд бүтцийн төсөлд хөрөнгө оруулах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр экспортод гаргах ашигт малтмалын борлуулалтын орлогоо урьдчилаад авчихаж байгаа тул ирэх онуудад орж ирэх ёстой валютын төлбөр тооцоо нь Хятадын гэрээт компанид үлдэж байгаа юм. Энэ нь валютын нөөцөд мөн сөргөөр нөлөөлнө.

-Валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай. Таны хувьд махны экпортыг нэмэгдүүлэх талаар байнга үгээ хэлж байдаг. Тэгвэл махны экспортоос Монгол Улс жилд хэдийг олох боломжтой вэ?

-Тийм ээ, валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд импортын хамаарлаа аль болох бууруулж, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл болон хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Тухайлбал, махны экспортыг нэмэгдүүлэх хангалттай нөөц боломж манайд бий. Монгол Улс дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг гуравхан хүнсний нэг нь мах шүү дээ. Ингээд зогсохгүй жилд 200 мянган тонн орчим мах, махан бүтээгдэхүүн гадагшаа гаргах нөөцтэй. Гэтэл өнгөрсөн хугацаанд хамгийн ихдээ 2018 онд 68.8 мянган тонн мах экспортолж, 92 сая ам.долларын орлого олсон байдаг. Нөөц бололцоогоо бүрэн ашиглахгүй байна гэсэн үг. 2022 оны байдлаар үхрийн мах олон улсын зах зээлд 3.74-61.6 ам.доллараар худалдаалагдаж байна. Манайхан хамгийн хямд буюу гурван доллараар нийлүүлдэг. Энэ үнээр нь бодоход л зөвхөн махны экспортоос жилд багадаа 600 мянган ам.доллар олох боломжтой. Олон улсын мах, махан бүтээгдэхүүний зах зээл дээр жилд дунджаар 30 тэрбум орчим ам.долларын худалдан авалт хийгддэг. Гэтэл манай улс хамгийн ихдээ 0.3 хувийг л нийлүүлсэн байгаа нь маш хангалтгүй үзүүлэлт юм л даа.

Махны экспорт нь валютын нөөцийг нэмэгдүүлэхээс гадна малчдын орлогыг дээшлүүлнэ. 2021 оны байдлаар Монгол Улсад мал маллаж, түүгээрээ амьдралаа залгуулдаг 188 мянган малчин өрх бүртгэгдсэн байдаг. Тэдний 56 хувь нь 200-гаас доош тооны малтай бөгөөд дөнгөн данган амьжиргаа залгуулах төдий орлого олдог. Нийт өрхийн 25 орчим хувийг эзэлдэг малчдын орлого нэмэгдэж, амьдралын чанар сайжирснаар хот руу чиглэх хүний урсгал саарна, макро эдийн засагтаа ч ашигтай шүү дээ.

-Олон улсын зах зээлд үхрийн мах үнэ 61 ам.долларт хүрч байхад манайх гуравхан доллараар худалдаалж байна гэлээ. Тэгвэл бид мал, махаа үнэд хүргэхийн тулд ямар зохицуулалт, бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж та харж байна вэ?

-Малчид мал аж ахуйгаасаа мал мах, ноос ноолуур, арьс шир, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ борлуулан, амьжиргаагаа залгуулдаг. Тэр дундаа мал, махнаасаа жилийн нийт орлогынхоо 60 хувийг бүрдүүлдэг. Иймээс махны үнэ үнэ цэнэтэй байх шаардлагатай. Өмнө хэлсэнчлэн монголчууд жилд 200 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргах бололцоо байна. Тиймээс мах, махан бүтээгдэхүүний экспортыг зайлшгүй хийх ёстой. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд махны экспортыг ярих боломж бидэнд бага байсан. Учир нь 10 жилийн өмнө Монгол Улс 40 орчим сая малтай байсан бол энэ тоо 2021 оны эцсийн тооллогоор 70 сая болж бараг хоёр дахин өсчихлөө шүү дээ. Тиймээс махаа экспортлох боломж нь нэмэгдсэн. Жилд 200 мянган тонн орчим мах, махан бүтээгдэхүүн экспортлох нөөцтэй гэдэг нь жилд 5-6 сая малыг экспортын эргэлтэд оруулах боломж байна гэсэн үг. Экспортлохгүй болохоор л дотоодын махны үнэ унаж байна. Ингээд малчдын орлого буурах учраас махны экспортыг зайлшгүй хийх, нэмэгдүүлэх хэрэгтэй гээд хэлээд байгаа юм.

-Малыг амьдаар нь экспортод гаргаж байгаа асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Манай улсын махны хамгийн том зах зээл бол БНХАУ. Хятадын 1.4 тэрбум хүнд ямар ч хамаагүй бүтээгдэхүүнээ экспортолж орлого олохыг дэлхийн олон орон хүсдэг. Хөрш зэргэлдээ Монгол Улсын хувьд махаа экспортлох нь хамгийн чухал. Өнөөдөр амьдаар нь мал гаргаж байгааг шүүмжлэх хэсэг байна. Өнгөрсөн хугацаанд махаа экспортолж чадахгүй байсан гол шалтгаан нь олон улсын худалдааны хоригт ордог малын өвчний асуудал байсан. Үүнээс болж л махны экспорт алдаг оног хийгдэж байсан.

БНХАУ-тай хорио цээрийн дэглэмээ тохирсон эрүүл бүсүүдийг бий болгох нь бидний нэн тэргүүний шаардлага. Өнөөдөр бид эхлэлээ тавьж байна. Эрүүл бүсээс малыг амьдаар нь гаргаж чадаж байна гэвэл цаашид эрүүл бүсүүдийг олноор бий болгож, тэндээсээ дэлхийн аль ч улс орон руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох үүд хаалга нээгдэнэ. Аливаа зүйлийн эхлэлийг тавина гэдэг сайн хэрэг. Цааш хөгжүүлж явах нь зөв. Түүнээс заавал үйлдвэрийн аргаар боловсруулж лаазалсан бүтээгдэхүүн гаргана гэдэг нь учир дутагдалтай. Зах зээлд шинэ мах л хамгийн үнэтэй байдаг. Тиймээс бид шинэ махыг онгоцоор тээвэрлээд ч хамаагүй хурганы махны эрэлт их байгаа Арабын зах зээл рүү нийлүүлэх, өдөрт нь хүргэдэг байхын төлөө ажиллах хэрэгтэй. Монголын мал аж ахуй, хүнсний салбарт зайлшгүй өөрчлөлт хийх шаардлага байна. Бид өнгөрсөн хоёр жил одоогийн байгаа нөөц бололцоон дээрээ тулгуурлаад явж үзлээ. Харамсалтай нь, стандартын шаардлага хангахгүй гэдэг ч юмуу, экпортлогдож байгаа зарим нэг бүтээгдэхүүнүүд дээр доголдол гарах асуудал ч байна. Тиймээс эрүүл бүсүүдийг бий болгож, тэдгээр бүсээс махаа шинээр нь шууд экспортлох боломжийн төлөө бид явах хэрэгтэй байна.

-Эрүүл бүсийг яаж олноор нь бий болгох вэ?

-Боломж их байна. Дэлхийн улс орнуудад эрүүл бүсийг зохион байгуулдаг туршлага байна. Эрүүл бүсийг бий болгоход тухайн бүсэд байгаа мал эрүүл гэдгээ баталгаажуулах ёстой. Вакцин тарилга туулгадаа бүрэн хамрагдсан байх ёстой. Бусад бүсээс тэр бүс рүү орж байгаа бүх мал хяналтад орох ёстой. Шинжилгээ хийлгээд эрүүл бол тухайн малыг эрүүл бүс рүү шилжүүлэн оруулдаг байхаар зохицуулах хэрэгтэй л дээ. Ковидын хоёр жилийн хугацаанд бид эрүүл бүсийн талаар сайн ойлголттой болсон шүү дээ. Вирусийн халдваргүй иргэн Монгол руугаа орж ирдэг, гадагшаа явдаг. Харин вирусийн халдвар авсан бол тусгаарлагддаг. Эрүүл бүс гэдэг бол ердөө л энэ. Тиймээс малын шилжилт хөдөлгөөнийг хорьсон байх ёстой. Хашаажуулалт байдаг юм уу, эсвэл байгалийн зохицлоо ашиглаж өндөр уулаар хашсан байдаг ч юм уу вакцинтай бүсээс эрүүл бүс рүү орох, эрүүл бүсээс өвстэй бүс рүү нэвтрэхийг зааглаж, хязгаарлах хэрэгтэй. Харин үүнийгээ экспортод гаргах гэж байгаа тухайн улс орнуудынхаа шинжээчдийг авч ирж баталгаажуулах ёстой. Ингэж эрүүл бүсийг баталгаажуулж, бий болгоно.

-Монголчууд өнөөдөр малаа эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй өсгөөд байна. Тиймээс нэг талаас эрчимжсэн мал аж ахуйг бодлогоор дэмжих хэрэгтэй юү?

-Зах зээлийн зарчмаар явах ёстой. Эрчимжсэн мал аж ахуйг дэмжих чиглэлд төрөөс олон бодлого явуулж байна. Бодлого нь биежиж хөгжихгүй байгаа гол шалтгаан бол мал аж ахуйгаас гарч байгаа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байгаатай холбоотой. Махны үнэ өнөөдрийн байгаа шиг ийм үнэтэй байвал эрчимжсэн мал аж ахуй хөгжих ямар ч боломжгүй. Учир нь бэлчээрийн мал аж ахуй бол байгалийн бэлэн бэлчээрийг ашиглаж үйлдвэрлэлээ явуулдаг. Харин Эрчимжсэн мал аж ахуй бол тэжээл, газар тариалангаас шууд хамааралтай байдаг. Тэр дундаа тэжээл нэн чухал. Мөнгөөр тэжээл худалдаж авч малаа тэжээгээд буцаад малаа зарна гэсэн үг. Үнэ нь хэрвээ өнөөдрийнх шиг ханштай байвал эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид хэзээ ч ашиг олж чадахгүй. Алдагдалтай ажиллана. Сүү ч ялгаагүй. Өнгөрөгч жил УИХ-аас сүүний урамшуулал олгож дэмжсэн. Үүний дагуу Засгийн газраас зохион байгуулалт хийж байна. Гэхдээ энэ урамшуулал нь сүүний фермүүдийг олноор байгуулах боломжийг хангаж байгаа эсэх нь асуудал болчихоод байгаа юм.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.