ХАНШИЙН САВАЛГАА НЬ БОДЛОГЫН АЛДАА ЮМ

Aдмин / Эдийн засаг

Валютын ханш яагаад өсөв?

Валютын ханшийн өсөлт, бууралтыг эдийн засгийн суурь ойлголт болох эрэлт, нийлүүлэлтийн хуулиар л тайлбарлаж болно. Өнгөрсөн жилүүдэд цар тахалтай холбоотой мөнгөний хэт зөөлөн бодлого хэрэгжиж, үр дүнд дэлхийн олон улс оронд үнэ өсөх үзэгдэл нийтлэг болжээ.

Үүнээс гадна, нийлүүлэлтийн гинжин холбоонд гарсан саатал, зарим салбарын дампуурлыг дурдвал олон асуудал сөхөгдөнө. Энэ бүхэн нь гадаад шалтгаан. Гэхдээ төгрөгийн ханш суларсныг зөвхөн гадаад шалтгаантай холбон тайлбарлах нь өрөөсгөл юм. Дотоод ямар шалтгаан байв гэдгийг шинжилж харцгаая.

Монгол улсын эдийн засаг хоёр жил дараалан агшиж, зогсонги байдалд орсон төдийгүй өндөр инфляц нүүрлэж, валютын ханш тэнгэрт хадсан. Ийм эгзэгтэй үед Засгийн газрын үйл ажиллагаа болон УИХ-аас гаргаж буй бодлого шийдвэр туйлын сул, өнөө маргаашаа аргацаасан олон нийтийн пиарт анхаарч, алсын хараагүй байгааг онцлох учиртай. Өнөөг хүртэл эрх баригчид эдийн засагт хямрал нүүрлэж, үнэ ханш огцом өссөн учир шалтгаанаа ойлгосонгүй.

Нэг удаагийн хууль гаргах замаар шатахуун, гурил, махны хомсдолоос гарна, үнэ буулгана гэж сэтгэж байх жишээтэй. Оросын нефтийн бүтээгдэхүүн хоригт орсон цагаас эхлэн дэлхийн зах зээлийн ханшаар зарагдахаа больсон. Энэтхэг, Хятад зэрэг орнуудад дэлхийн зах зээлийн ханшаас 35-40 ам.доллароор хямд нийлүүлэх санал тавьсан тухай гаднын хэвлэл мэдээллийн сувгаас олж харах тийм ч хүнд биш.

Ийм боломжийг ашиглаж чадсан бол валютын нөөцөө дундруулахгүй байх байв. Нөгөө талаар, манай экспортын гол түүхий эдийн үнэ ханш урд хөршид огцом өсөж супер цикл үргэлжилж байна. Гэтэл бид хаяанаасаа түүхий эдээ гаргаж чадахгүй халаасандаа валютгүй, ханшаа алдчихсан сууж байна. Ийнхүү валютын нөөцөө нэмэгдүүлэх сайхан боломжийг хямралаар сольчихоод хэн нэгэнд буруугаа чихэх гэж толгойгоо “гашилгаж” сууна.

Аливаа макро эдийн засгийн үзүүлэлт муудах нь дунд, урт хугацаанд хэрэгжүүлсэн бодлогын алдааны уршиг байдаг. Ер нь сүүлийн жилүүдэд эдийн засгийг тогтворжуулах төсөв татварын болон мөнгө зээлийн бодлогын арга хэмжээ “бай”-гаа онохгүй байгаа нь ийнхүү ханшаар дамжин илэрч байгаа юм.

Өнгөрсөн хоёр жилд Засгийн газар нийтдээ 15.1 их наядаар хэмжигдэх хоёр томоохон хөтөлбөр хэрэгжүүлэхээр зарласан. Донор орнууд, санхүүгийн олон улсын байгууллагуудаас нэг тэрбум ам.долларын буюу бараг гурван их наяд төгрөгийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авчээ. Төсвөөс гадуур “Эрдэнэт” үйлдвэрээс нэг их наяд төгрөг, “Оюу Толгой” ХК-ны арбитрын шүүхийн барьцааны 1.2 их наяд төгрөг… гэх мэтээр асар их хэмжээний мөнгийг тооцоо судалгаагүй, гарч болох эдийн засгийн сөрөг нөлөөллийг тооцолгүй зах зээлд нийлүүлжээ.

Харамсалтай нь, их наядын хөтөлбөрүүд үндсэн зорилтоо биелүүлэх нь бүү хэл эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэллээ. Энэ нь үнэ болон ханшийн өсөлтөөр дамжин бүхий л лай ланчиг нь иргэдийн халаас руу оржээ.

Эдгээр хөтөлбөрүүдтэй холбоотой хоёрхон жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлт 20 их наядаас 27 их наяд хүртэл долоон их наяд төгрөгөөр эрс нэмэгдсэн. Гэтэл нөгөө талд нь Монгол Улсын ДНБ ийм хэмжээнд өссөнгүй. Эсрэгээрээ хоёр жилийн хугацаанд буурч ковидын өмнөх үеийн хэмжээнд хараахан хүрээгүй байгааг Үндэсний Статистикын Хорооноос сар бүр гаргадаг статистик үзүүлэлт нотолж байна. Жижиг зах зээлд хиймлээр буюу зах зээлийн харилцаанаас гадуур асар их хэмжээний мөнгө цутгах нь эдийн засгаа хорлох туйлын буруу бодлого юм.

Ханш алдахад нөлөөлсөн бодлогын бас нэгэн алдаа бол яах аргагүй төсөв. Үүнийг сүүлийн жилүүдэд дэндүү данхайж буй төсвийн зарлага, тодруулбал хөрөнгө оруулалтын хэмжээнээс харж болно. 2022 онд хөрөнгийн зардалд 5 их наяд төгрөг зарцуулж байна. Тодруулбал барилга байгууламжид 3.2 их наяд төгрөг, их засварт 153.2 тэрбум, тоног төхөөрөмжид 322.6 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Нэмээд гадаадын зээл тусламж 1.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Ердөө 5 жилийн өмнө Монгол улсын нийт зардал 5-6 их наяд төгрөгт хэлбэлзэж байв. Тэгвэл одоо ийм их хэмжээний мөнгийг валют болгон гадагшлуулах бодлого хэрэгжиж байна гэж ойлгож болно.

Их наядаар тооцогдох ихээхэн хөрөнгө бол валют хөөрөгдөх шалтгаан мөн. Төсвийн бодлого, зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлж инфляцыг хязгаарлахад чиглэх ёстой юм шүү дээ. Төсөвтэй холбоотой бас нэгэн цоорхой бий. Энэ нь төсвийн алдагдал. 2020 онд төсвийн алдагдал 4.5 их наяд, 2021 онд 3.7 их наяд төгрөгт хүрч, энэ жил 2.4 их наяд төгрөг байхаар тооцсон. Ийнхүү Монголын төр, УИХ түүхэндээ анх удаа гурван жилийн хугацаанд 10.6 их наяд төгрөгийн өр үйлдвэрлэх шийдвэр гаргасан.

Үндсэн зээл болон хүүгийн эргэн төлөлт нь валют л байж таарна. Энэ нь үнэ өсөх, үндэсний валютын ханш унах, гадаад валютын нөөц багасах, зээлийн хүү өсөх, зээлжих зэрэглэл буурах олон муу үр дагавар дагуулж байна. Монгол Улсын гадаад өрийн хэмжээ энэ оны эхний улирлын урьдчилсан дүнгээр 33.9 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 220 орчим хувьд хүрсэн. Ердөө хоёр жилийн хугацаанд Монгол улсын өр 3 тэрбум ам.доллароор нэмэгдлээ. Ийм их хэмжээний өр, зээлийн хүүд асар их хэмжээний валют гадагшилж, тэр чинээгээр ханшид нөлөөлж буй.

Валютын ханш нь улс орны эдийн засгийн суурь үзүүлэлт, төр засгийн хэрэгжүүлж буй бодлогын толь гэж үзэж болно. Манай зах зээлд валют хомс байгаа нь өнгөрсөн хугацаанд экспортоо хангалттай хийж чадаагүйн балаг гэж үзэхээс өөр аргагүй. Монголын төр 200 км зам туулж түүхий эдээ нийлүүлж чадахгүй байхад Өмнөд Америкийн Чили, Перу зэрэг улсууд 20 000 км холоос Хятадад зэсээ нийлүүлж чаджээ. Өнгөрсөн онд Чилийн эдийн засаг 11, Перу улсынх 13 хувиар өссөн нь тухайн улсын төр ажлаа хийж чадсан байна гэж дүгнэхээс өөр аргагүй.

Өнгөрсөн жил зэсийн үнэ 10 мянган ам.доллар давсан. Коксжих нүүрсний үнэ 600 ам.доллар хүрсэн ч манай төрийн өмчит компаниуд маш бага үнээр борлуулалт хийсэн. Хамгийн урт хуурай замаар хиллэж, 13 боомтоор холбогддог атлаа хөршийнхөө хаяанаас экспортоо хийж чадахгүйд хүрсэн нь хэний буруу юм бол?

Дээр дурдсан бүхнийг дүгнэж үзвэл үнэ, ханш өссөн асуудалд Монголбанкны үйл ажиллагааг дангаар нь буруутгах аргагүй. Засгийн газрын тооцоо судалгаагүй шийдвэр, ирээдүйгээ хараагүй үйл ажиллагаа ханш сулрахад ямар их нөлөөлснийг анзаарч болохоор байна. Үнэ өсөж иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүндэрч буй энэ үед Монголбанкны Ерөнхийлөгч рүү хуруугаа чичлэн бүх буруугаа тохчихоод өөрсдөө алдаа мадаггүй “бурхан” болж жүжиглэх шаардлага огт байхгүй.

Эдийн засгийн төлөв муудаж, үнэ, ханшийн дарамт өндөр байгаа өнөө цагт Төв банк мөнгөний бодлогоо чангатгах замаар инфляцтай тэмцэх, эсвэл мөнгөний бодлогыг зөөлрүүлэх замаар эдийн засгаа дэмжих гэсэн салаа замын уулзварт ирчихээд байна. Эдийн засаг саарч, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд шилжиж, олонх нь дампуурах эрсдэлтэй нүүр тулж бэлэн мөнгөний гачигдалд орсон энэ цагт Монголбанк бодлогын хүүгээ багасгах ёстой юм.

Гэвч нөгөө талд үнэ, ханшийн өсөлт, инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлийг улам өснө. Энэ тохиолдолд Төв банк мөнгөний бодлогын хамгийн муу хувилбар руу шилжихээс өөр аргагүй.

Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлогоо мэдэгдэхүйц чангатгахаас өөр аргагүй болно. Иймээс Монголбанк өчигдөр бодлогын хүүгээ огцом өсгөжээ. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 9 дүгээр сарын 16, 20-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд, “Бодлогын хүү”-г 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэх, “Бодлогын хүү”-ний коридорыг +2, -2 нэгж хувийн өргөнтэй болгох арга хэмжээ авчээ. Үүнд манай улс төрчдийн шахалт ч нөлөөлж байгаа гэдгийг анхаарахгүй өнгөрч боломгүй.

Уул нь Монголбанк улс төрчдийн савраас хол байсан ганц санхүүгийн институц юмсан. Гэвч мөнгөний бодлого руу улс төр орж ирлээ. Энэ нь ойрын хугацаанд ханш өснө, хувийн хэвшлүүд хаалгаа барина, ажилгүйдэл нэмэгдэнэ гэсэн харамсалтай дохио юм. Бараг 30 жил Монгол улсын төсөвт, эдийн засагт гай болж буй нэг нөхөр ийнхүү мөнгөний бодлого “бохир гар”-аа гүн бат дүрлээ.

Хэд хоногийн өмнө Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Тэнхимийн судалгааны институтийн хийсэн “Цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдал”-ын судалгааны үр дүн, Монгол улсын өнөөгийн бизнесийн нөхцөл байдлыг нийтэд танилцуулсан. “Бизнес эрхлэгчдийн 79% нь үйл ажиллагаа тогтвортой явуулж чадахгүй, бүрэн хүчин чадлынхаа дунджаар 47.5%-ийг ашиглаж байна. Бизнест эрхлэгчдийн 71% зээл авах хүсэлтэй, зээл авахаар хандсан боловч 27% зээлээ авч чадсан.

Зээлийн олдоц муу, хүүгийн түвшин өндөр, хугацаа богино, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй учир зээл авч чадахгүй байна” гэж “аюулын харанга” цохисон. Харамсалтай нь хөшүүн хойрго төрийн шийдвэрт энэ анхааруулга хүрсэнгүй. Бодлогын хүү нэмэгдсэнээр энэ байдал улам дордох нь.

Эрх баригчдад “хямралыг зөвхөн хувийн аж ахуй нэгжээ дэмжиж байж л гарна” гэдэг энгийн логикийг ойлгуулах юм сан. Бусад улсын түүхэн туршлагаас харахад үнэ, ханш хэт өсвөл эдийн засаг мөнгөний бодлогоос үл хамааран удааширч хямардаг ажээ. Тиймээс Л. Оюун-Эрдэнийн Засгийн газар эдийн засгийн "зөөлөн буулт" хийх шинэ зорилтыг тавихгүй бол нөхцөл байдал улам хүндрэх нь тодорхой боллоо.

Эдийн засгийн ухааны доктор Р. Даваадорж


Сэтгэгдэл

Тэжээвэр нийгэм [66.181.181.119] 2022-11-18 00:35:08

нохойн баас ямар юмны бодлого байдын.зардаг нүүрс нь зарагдахгүй мөнгө орж ирэхгүй болохоор гуйланчлаал байжийна.

Зочин [202.9.46.87] 2022-11-18 00:02:59

Төгрөгийн ханш сэхэхгүй юм байна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.