Н.Ганибал: Улаанбаатарын агаар дахь тоосонцорын хэмжээ 27 дахин их байна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийлээ. Тус хуралдаанаар МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан “Ногоон хөгжил” амлалтын биелэлт, Газрын тухай багц хуулийн үзэл баримтлалыг тус тус авч хэлэлцсэн байна. УИХ-ын гишүүн Н.Ганнибал мэдээллийнхээ эхэнд "Өнөөдрийн хуралдаанаар МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан “Ногоон хөгжил” амлалтын биелэлтийг хэлэлцлээ. Тус амлалтын бүлэгт агаарын бохирдлыг бууруулна, иргэдийг баталгаатай ундны усаар хангана, хөрсийг хамгаалж газрын доройтлыг бууруулж цөлжилттэй тэмцэнэ, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өргөжүүлж 25 хувьд хүргэнэ, уул уурхайн лицензийн асуудлыг ил болгоно, хууль бусаар олгосон лицензүүдийг цуцална гэж тусгасан ч бодит байдал дээр эдгээр амлалт биелсэнгүй. Өнөөдөр нийслэл хот болон аймгийн төвүүдэд амьдарч буй иргэд ямар агаараар амьсгалж байгаа нь тодорхой.
Улаанбаатар хот дахь агаарт буй РМ2.5 тоосонцор ДЭМБ-ын зөвлөж буй төвшнөөс 27 дахин их байна. Тухайлбал, Баянхошуунд РМ2.5 тоосонцор 324 буюу маш аюултай түвшнийг зааж буй. Улаанбаатар хот дахь нас баралтын 10 хүн тутмын нэг нь утаа, тоосонцороос болж насан эцэслэж байна. Гэтэл ЭМЯ, эрүүл мэндийн байгууллагууд зөвхөн өөрсдийн өгөх гэсэн тоо, мэдээллийг өгч, ард иргэдээ хуурдаг. Сайжруулсан түлшийг өрхөд нийлүүлж байгаа ч энэхүү түлш нь улам чанаргүй болсон. Чанаргүй түлш нийлүүлэхээс өөр шийдэлгүй байна уу гэж харж байна.
Мөн иргэдийг баталгаатай ундны усаар хангана гэж амалсан ч Улаанбаатарт түгээгдэж буй ундны усны 54.3 хувь нь зөөврийн усаар нийлүүлэгдэж байна. Сумдын ундны усан дахь нянгийн тоо стандартын түвшнээс өссөн нь хавдрын өвчлөлийг нэмэгдүүлж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 25 хувьд хүргэнэ гэсэн. Гэтэл Богд хан уулын тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын зориулалтаар олгосон газрууд нь зөвхөн сайд, дарга нарт хамаарч байна. Дарга нар өөрсдийн боломжийг энэ мэтээр нэмж, иргэдийнхээ боломжийг хаасаар ирлээ. Түүнчлэн уул уурхайн лицензийг асуудлыг ил болгоно гэж амалсан. Гэтэл Халзанбүргэдэйн ордод хууль бус лиценз олголтыг явуулсан. Энэхүү лицензийг олгохдоо Ховд аймгийн Засаг даргыг солих замаар маш зохион байгуулалттайгаар хийсэн. Ер нь нээлттэй бус үйл ажиллагааны ард дандаа хууль бус үйлдэл газар авч, авлига, албан тушаалын хэрэг гарч байгааг дуулгая” гэв.
Сэтгэгдэл