С.ГАН-ЭРДЭНЭ: ГОЛОМТ БАНКНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БОЛОХ 14 МЯНГА ОРЧИМ ЗАХИАЛГА ИРЭЭД БАЙНА

Aдмин / Эдийн засаг

Голомт банк нь нийт 103.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг олон нийтээс татан төвлөрүүлэхээр 80,402,743 ширхэг хувьцааг, нэгжийн үнийг нь 1,285 санал болгоод байна. Хувьцааны анхдагч зах зээлийн захиалга энэ сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд одоогоор захиалгын хэмжээ нийт татан төвлөрүүлэх дүнгээс хэдийн даваад байгаа юм.

Иймд андеррайтераар ажиллаж буй Голомт Капитал ҮЦК-ийн гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнээс хөрөнгө оруулагчдаас тавьж буй голлох асуултад хариулт авлаа.

Голомт банкны хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа эхэлснээс хойш ганцхан цагийн дотор 105 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн нь хөрөнгийн зах зээлийн түүхэнд тэмдэглэгдэхүйц үйл явдал боллоо. Та бүхний хүлээлт хэр байсан бэ?

Голомт банкны хувьд Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа 100 гаруй тэрбум төгрөгийн IPO хийж байгаа компани гэдгээрээ хөрөнгө оруулагчдын дунд маш их хүлээлт үүсгээд байсан. Тэр ч утгаараа Road show эхэлсэн өдрөөс буюу урьдчилсан захиалга нээгдэхэд л татан төвлөрүүлэх хэмжээнээс давсан захиалга ирсэн юм. Урьдчилсан захиалгын хугацаанд мэдрэгдсэн тэр их эрэлт анхдагч зах зээлийн нээлтийн өдөр дахин батлагдаж, асар богино хугацаанд 100 гаруй тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлж чадлаа. Товчоор хэлбэл, Голомт банкны IPO нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн том дүнтэй IPO болон хамгийн богино хугацаанд 100 гаруй тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн гэх хоёр том амжилтыг бичиж үлдээлээ.

Иргэдийн хувьд захиалга давж биелснээр IPO хаагдлаа гэж ойлгоод байна?

Захиалга давж биелсэн гэдэг нь IPO үүгээр дууссан гэсэн үг биш. Хөрөнгө оруулагчдаас захиалга авах хугацаа 11-р сарын 30-ны 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл нийт захиалгын дүн хэд байхаас шалтгаалан хувь тэнцүүлэх зарчмаар хуваарилалт хийгдэх юм. Өөрөөр хэлбэл захиалга өгсөн хүн бүр хувьцаагаа авах болно.

Гэхдээ иргэд нэг зүйлийг санах хэрэгтэй. Үнэт цаас нээгдэхэд 1 хоногийн хугацаа шаарддаг тул хугацааг нь тулгаж, дансаа нээж захиалга өгөхөд асуудал үүсэх магадлалтай. Тиймээс хувьцааны захиалгаа 2022 оны 11 сарын 30-наас өмнө өгвөл ямар нэгэн асуудал үүсэхгүй юм.

Хувь тэнцүүлэх зарчмын талаар тайлбарлаж өгөхгүй юу. Хөрөнгө оруулагч хамгийн багадаа хэдэн ширхэг хувьцаа авах боломжтой вэ?

Голомт банкны IPO-ийн 80 хувийг стратегийн буюу илүү урт хугацааны хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа. Үлдсэн 20 хувийг жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа юм. Хувь тэнцүүлэх зарчим нь стратегийн бус хөрөнгө оруулагчдад хамааралтай бөгөөд жижиглэнгийн захиалга авах дүнгээс хэр хэмжээгээр давахаас хамаарч хувь тэнцүүлэх аргаар хувьцааг тэгш хуваарилна. Жишээлбэл, нийт 140 тэрбум төгрөгийн захиалга ирлээ гэж тооцоход олон нийтийн захиалга ойролцоогоор 30 хувиар биелнэ. Өөрөөр хэлбэл 10 сая төгрөгийн захиалга өгсөн хөрөнгө оруулагч ойролцоогоор 3.3 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувьцааг анхдагч зах зээлээс авна гэсэн үг. Харин, хувь тэнцэж ногдсон хувьцааныхаа тоо хэмжээг нэмэгдүүлэх сонирхолтой хөрөнгө оруулагчид маань хоёрдогч зах зээлээс нэмж хувьцаа худалдан авах бүрэн боломжтой.

Голомт банкны хувьцаанд хөрөнгө оруулахад ямар нэг хязгаарлалт байхгүй. Нэг ширхэг хувьцааг ч захиалах боломжтой. Анхдагч зах зээлд оролцогчдын хувьд 10 ширхэг хүртэлх хувьцааны захиалгыг шууд биелүүлэх юм. Өөрөөр хэлбэл 12,850 төгрөг хүртэлх захиалга 100 хувь биелнэ. Энэ нь хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс буюу илүү олон хүн Голомт банкны хувьцаа эзэмшигч болох боломжийг олгож буйтай холбоотой.

Хоёрдогч зах зээлийн арилжаа хэзээ нээгдэх вэ?

Хоёрдогч зах зээлийн арилжааг нээхийн өмнө анхдагч зах зээлийн арилжаагаа амжилттай хааж, хуваарилалтаа хийж дуусгах шаардлагатай байдаг. Анхдагч зах зээлийн арилжааны захиалга 11-р сарын 30 хүртэл явагдаж татан төвлөрүүлэх дүнгээс хэдэн хувь давж биелснээс хамаарч хувь тэнцүүлэлтийг хийнэ. Өнөөдрийн байдлаар 14 мянга орчим хөрөнгө оруулагчаас захиалга ирээд байна. Харилцагч нэг бүрийн үнэт цаасны дансанд хувьцааг байршуулж дууссаны дараа Монголын хөрөнгийн биржээс зөвшөөрөл олгосноор хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх болно. Хөрөнгө оруулагчдадаа зөвлөхөд, үлдэж байгаа хугацаанд өөрийн бүртгэлээ шалгаж, мэдээллээ шинэчлэх нь хоёрдогч зах зээлийн арилжааг эрт нээхэд чухал нөлөөтэй.

Голомт банкны хувьцааны захиалгаа хэрхэн өгөхөө мэдэхгүй байгаа хүмүүс хаашаа хандах вэ?

Голомт Банкны IPO-д оролцох маш олон боломж, ухаалаг шийдэл бий. Голомт банкны IPO-д хамгийн хялбараар оролцох боломж бол https://trader.golomtcapital.com/mn/public/golomtbankipo хаягаар хандаад дансаа нээж, захиалга өгөх юм. Мөн манай компанийн онлайн арилжааны www.trader.golomtcapital.com систем болон гар утасны Golomt Capital аппликэйшнийг ашиглахыг зөвлөж байна.

Голомт банкны харилцагчдын хувьд www.egolomt.mn, SocialPay аппликэйшнийг ашиглаж болно. Мөн Голомт Капитал компанийн байранд ирээд дансаа үнэгүй нээлгээд, хувьцаагаа захиалах боломжтой. Манай компанийн хувьд олон хүнийг Голомт банкны хувьцаа эзэмшигч болоосой гэсэн үүднээс хамгийн бага буюу 0.56 хувийн шимтгэлтэйгээр үйлчилж байна.

Мөн та хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ipo.golomtbank.com вэбсайтаас авахаас гадна Голомт банкны 1800-1646 болон Голомт Капитал компанийн 7012-1530 дугаарын утсанд холбогдож авах боломжтой.

Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.


Сэтгэгдэл

MARSHIL.L.D.ERDENEBAT [103.26.194.40] 2022-11-28 07:31:35

GOLOMT.BANK.N.XUBIN.BANK.EZEN.N.BATLAN.XAMGAALAXIN.CAID.MARSHIL.L.D.ERDENEBAT.14000.XUBZAA.EZEMSHIGJ.BAIXGYI.XARIN.14.MINGAN.XYN..GOLOMT..BANKAAR.GYILGEE.XICEN.ARD.IRGED.AJ.AXUIN.NEGJ.PYYC.KOMPIANUUD.GEDGIG.OILGOOROI.GOLOMT.BANKIG.SYNJINGRAND.ZOJID.BUUDALIN.EZEN.NOMIN.MOMPIANI.ERONXI.ZAXIRAL.MARSHILSMUS.LUBCAN.DYGERIN.ERDENEBAT.N.OORINXOO.XUBIN.14.TER.BUM.TOGROGOOR.BAIGUULJ.BAICAN.TYYXTEI.ENE.DASHRAMD.NOMIN.KOMPIANI.NIT.XAMT.OLONDOO.ONOODOR.BOLJ.BAIGAA.CYLD.MODNI.NAADAMD.N.2023.ONI.C.NOBIM.GODOM.DEBSHYYLE.AZ.JARGAL.CAIN.CAIXAN.BYXENIG.XYCEN.EROOE.UDAXGYI.UULZAX.XEREGTEI.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.