Ухаалаг төхөөрөмжийнхөө аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?
Та компьютер, гар утас, таблет зэрэг ухаалаг төхөөрөмжүүдийнхээ аюулгүй байдалд бүрэн итгэлтэй байж чаддаг уу? Санаатай болон санамсаргүй байдлаар гар утас, таблет, эсвэл компьютерийг тань ашиглах боломжийг бусдад олгодог юм биш биз?
Санхүүгийн томоохон эрсдэл хүлээж, хохирогч болохгүйн тулд та ухаалаг төхөөрөмжүүдийнхээ аюулгүй байдалд анхаарал хандуулаарай. Юун түрүүнд гар утас, таблет, компьютерийнхээ техникийн болон програм хангамжийн горимтой танилцаж, бусдыг зөвшөөрөлгүй ашиглахаас сэргийлж хурууны хээ, нууцлал сайтай нууц үг, царай танилтын функцүүдийг ашиглаж хэвшсэнээр учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Ухаалаг утасныхаа аюулгүй байдлыг хангахад туслах зарим зөвлөмжийг хүргэе.
- Утасны үйлдлийн систем болон цахим банкны аппликэйшний сүүлийн хувилбарыг суулгаж, тогтмол сайжруулалт хийж хэвших.
- Ухаалаг утасныхаа аюулгүй байдлын тохиргоог өөрчлөхгүй байх.
- Аппликэйшн суулгахдаа ямар зөвшөөрөл шаардаж байгааг нягталж шалгах, хувийн нууцлалтай мэдээлэлдээ нэвтрэх эрх олгож байгаа эсэхийг анхаарах. Вирусийн эсрэг програм ашиглаж, тогтмол шинэчилж байх.
- Гар утсыг JAILBREAK эсвэл ROOT хийснээр аюулгүй байдал, хамгаалалт алдагддаг тул татгалзах.
- Шаардлагагүй үед Bluetooth холболтыг унтраах. Bluetooth асаалттай байснаар гар утас, ухаалаг төхөөрөмжийн зарим функцүүдэд зайнаас халдах, удирдах эрсдэл үүсдэг.
Хурууны хээ, царай таних горим нь аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ түгээмэл хэрэглэдэг аппликэйшнд хялбар, аюулгүй нэвтрэх арга болдгийг та мэдэх үү?
Царай таних горим:
- Ухаалаг төхөөрөмж нь нүүрний хэв шинжийг математик загварчлалд хувирган ашигладаг.
- Маск зүүсэн эсэхээс үл хамааран таны царай бусад хүнийхтэй давхцах магадлал саяд нэг удаа тохиолддог.
- Таны нүдний хүүхэн харааны төвлөрлийг шалгах баталгаажуулалт хийгддэг тул унтаж байхад ухаалаг төхөөрөмжийг тань ашиглах боломжгүй.
Хурууны хээ:
- Хурууны хээ нь 64 их наяд тохиолдолд нэг давхцах магадлалтай.
- Орчин үеийн ухаалаг төхөөрөмжүүдийн 99% нь хурууны хээ бүрэн таньдаг болсноор аюулгүй байдлыг сайжруулж, хэрэглээг хялбаршуулж байна.
Давхар баталгаажуулалт буюу 2FA /Two-factor authentication/
Давхар баталгаажуулалт нь интернэт банк, сошиал хаяг, хувийн и-мэйл зэрэг түгээмэл ашигладаг аппликэйшнд нэвтрэхэд тань нэвтрэх нууц үгээс гадна баталгаажуулах код оруулах аюулгүй байдлын нэмэлт тохиргоо юм.
Нууц үг тань хэдий найдвартай байж болох ч таны мэдээлэлд хэн нэгэн хандах боломжийг хязгаарлахын тулд нэмэлт баталгаажуулалт буюу Two-factor authentication ашиглах нь social engineering, bruteforce халдлагууд, сул эсвэл хулгайлагдсан нууц үгийг ашиглах халдагчдаас нэвтрэх эрхийг тань найдвартай хамгаалах юм.
Жишээ нь, та facebook аккаунтынхаа нууц үгийг хэн нэгэнд алдсан гэж төсөөлье. Тухайн этгээд таны аккаунт руу нэвтрэх үед токен буюу санамсаргүйгээр үүсгэсэн тоонуудыг лавлаж асуух болно. Ийнхүү уг токенгүйгээр таны аккаунт руу нэвтрэх боломжгүй болж байгаа юм. Та давхар танин баталгаажуулалтын нэг хэлбэр болох 2FA-г өөрийн цахим банк, сошиал аккаунтууд болон (цахим банк, сошиал аккаунтууд, dropbox гэх мэт…) бусад аппликэйшнүүддээ яг одоо идэвхжүүлээрэй!
Өөр төхөөрөмжөөс аккаунт руугаа хандах бүрт байнга токен оруулах нь түвэгтэй санагдаж болох ч таны мэдээлэл аюулгүй байх нь юу юунаас илүү чухал билээ. Хамгаалалт сайн байх тусам, таны мэдээлэлд хэн нэгэн зөвшөөрөлгүй хандахад улам хэцүү байх болно гэдгийг бүү мартаарай.
Сэтгэгдэл