ХААН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР БАРЬСАН ОЛОНЛОГ АКАДЕМИ СУРГУУЛИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТЫН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО
ХААН Банкнаас Олонлог академи сургуулийн Олон улсын сургалтын төвийн шинэ барилгын ажилд зориулж нийт 5 тэрбум төгрөгийн урт хугацаат санхүүжилт олгож, хүүхэд залуучуудын сурах таатай орчныг бүрдүүлэн, боловсролын шинэчлэлтэд хувь нэмрээ орууллаа. Олон улсын IB хөтөлбөр нь дэлхийн 150 гаруй улсад 5000 гаруй салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд шинжлэх ухаанд суурилсан академик мэдлэг, амьдрах ур чадвар, эрүүл мэнд, үндэсний онцлог, түүх соёлыг хослуулсан сургалтын агуулгатай гэдгээрээ дэлхийн хэмжээнд шилдэг хөтөлбөрүүдийн нэгд тооцогддог юм.
Тус сургалтын байр ашиглалтад орсноор Монголын хүүхэд залуучууд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөн, их дээд сургуульд элсэн орох, бэлтгэх үүд хаалга нээгдэж, дэлхийн тавцанд нийцсэн чанартай боловсролыг эх орондоо авах боломж бүрдэж буй.
Сургалтын барилгын материалыг байгаль орчинд ээлтэй байдлаар шийдэж өгсөн бөгөөд цахилгааны хэмнэлт бүхий мэдрэгчтэй гэрэл, галд тэсвэртэй материал, сүүлийн үеийн дэвшилт технологийг ашигласнаас гадна хана, шалны хулдаас нь хүүхдийн эрүүл мэндэд харшлахгүй зэрэгт онцгойлон анхаарсан гэдгийг тус сургуулийн удирдлагууд онцолж байна.
ХААН Банкны хувьд томоохон аж ахуйн нэгжүүдэд зориулсан Корпорейт цогц үйлчилгээг Байгууллагын банкны газраараа дамжуулан үзүүлдэг бөгөөд энэ хүрээнд олон жилийн найдвартай түнш, боловсролын салбарын нэр хүнд бүхий Олонлог академи сургуульд энэхүү томоохон санхүүжилтийг олгосон юм.
ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуусын боловсролд бодитой хөрөнгө оруулалт хийж ирсний тод жишээ нь 2007 оноос хойш амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн, сурч мэдэх чин хүсэл эрмэлзэлтэй оюутнуудад Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр, 2018 оноос хойш шинэ оюутнуудад зориулсан “RISE” хөгжлийн хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлж ирсэн билээ. Цаашид ч Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхэд залуусын боловсролд хувь нэмрээ оруулахын төлөө ХААН Банк зорьж ажиллах болно.
Корпорейт банкны үйлчилгээ – Хөгжлийг хурдасгах үйлс төгөлдөр
Сэтгэгдэл