ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ 13.2 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 12 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 13.2, өмнөх сарынхаас 1 хувиар нэмэгдлээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 12 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 13.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 15.4 (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 24.2 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.1, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 18.5, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 15.4, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 17.4, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 6.2 хувиар өссөн нь нөлөөлжээ. Харин тус үнэ өмнөх сарынхаас 1 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.9, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.6, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1.2, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 12 дугаар сард 13.8 хувь гарсан бол 2022 оны 12 дугаар сард 13.2 хувь болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.6 нэгж хувиар багасав. Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 12 дугаар сард улсын хэмжээнд 13.2 хувь гарсны 4.1 (31.1 хувь) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд 410 нэр төрлийн бараа, үйлчилгээ, нийслэлд 404 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээний 221 нь импортынх бөгөөд энэ нь нийт жингийн 46 хувийг эзэлж байна. Инфляц 2022 оны 12 дугаар сард 13.2 нэгж хувь гарсны 6.3 (47.6 хувь) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Хүнсний барааны бүлгийн үнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2021 оны 12 дугаар сард 20.3 хувиар, 2022 оны 12 дугаар сард 15.1 хувиар өсөж, өсөлтийн хурдац 5.2 нэгж хувиар багасан, харин хүнсний бус бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 2021 оны 12 дугаар сард 11.5 хувиар, 2022 оны 12 дугаар сард 12.5 хувиар өсөж, өсөлтийн хурдац 1 нэгж хувиар нэмэгдсэн байна.
Хүнсний бүлгийн үнэ дээрх сард хангайн бүсэд өмнөх оны мөн үеийнхээс 22.8, хүнсний бус бүлгийн үнэ нийслэлд 12.9 хувиар өссөн нь хамгийн их байв. Барааны бүлгийн үнэ 2021 оны 12 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 16.8 хувиар, 2022 оны 12 дугаар сард 14.8 хувиар өсөж, өсөлтийн хурдац 2 нэгж хувиар буурч, үйлчилгээний бүлгийн үнэ 2021 оны 12 дугаар сард 5.5 хувиар, 2022 оны 12 дугаар сард 8.3 хувиар өсөж, өсөлтийн хурдац 2.8 нэгж хувиар нэмэгджээ.
Сэтгэгдэл