Б.ЛХАГВАЖАВ: НӨАТ-ЫГ 100 ХУВЬ БУЦААЖ ӨГСНӨӨР ХАР ЗАХ ЗЭЭЛ, АВЛИГЫГ УСТГАХ ТОМ ХӨШҮҮРЭГ БОЛНО
Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважавтай ярилцлаа.
-НӨАТ-ын буцаан олголт 2016 онд хэрэгжсэнээс хойш эдийн засагт ямар нөлөө үзүүлэв. Үр дүнг нь та яаж харж байна вэ?
-НӨАТ-ыг манайх 1998 оноос хэрэглээд, 2016 он хүртэл буцаан авалтгүй шууд журмаар явж байсан. Ингээд 2016 оноос НӨАТ-ын 2 хувийг иргэндээ буцааж өгдөг болсон. НӨАТ гэдэг бол ажил үйлчилгээг орлого олж байгаа цэг болгон дээр нь бүртгэж авдаг систем. НӨАТ-ын хуулийг 2015 онд боловсруулж байх үед Монгол Улсад 1600 кассын машин байсан. Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа баталсан кассын машин ашиглах хууль хэрэгжсэн царай энэ юм. Тухайн үед банкны АТМ 14 мянга байсан. Бид анх АТМ-тай НӨАТ-ын системээ холбох саналыг Банкны холбоонд тавихад тоогоогүй. Ингээд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хууль хэрэгжиж эхэллээ. Шинэ нөхцөлөөр иргэндээ тухайн төлсөн татварынх нь 2 хувийг буцааж өгдөг болсон. Ингээд кассын машин эхний хоёр жилдээ 200 мянга болж өссөн. Өнөөдөр энэ тоо 400 мянгад хүрсэн. Худалдаа ажил үйлчилгээ өгч байгаа цэг болгон дээр НӨАТ хэвлэдэг машин байна шүү дээ. НӨАТ-ын систем хэрэгжсэн эхний жил 47 их наядыг тэмдэглээд тухайн үед иргэдэд 71 тэрбумыг буцаан олгосон байдаг. НӨАТ-ын буцаан авалтад 500-гаад мянган иргэн хамрагдаж байв. Тэгвэл өнгөрсөн жилийн байдлаар 600 сая талоны 97 их наяд төгрөг тэмдэглэгдэж байгаа юм. Тэгээд НӨАТ-ын системийг иргэнд буцаан авалт, нэмээд сугалаа өгөх маягаар идэвхжүүлснээр Монголын гурван сая иргэн бүгд татварын байцаагчийн ажлыг хийдэг болсон. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд энэ системдээ дараагийн алхмыг хийх байсан. Гэтэл дараагийн алхмыг МАН-ынхан хийж чадахгүй байгаа.
-Дараагийн алхам нь юу вэ?
-Дараагийн шат бол мөнгөн сууриндаа орох ёстой. Нэг ёсондоо компаниуд ажил үйлчилгээгээ өгчихөөд мөнгө нь ирээгүй байгааг НӨАТ-ын орлого ороогүй гэж тооцно. Мөнгө нь орсон үед л тэрийг орлого гэж тооцно. Ингэж чадвал энэ нь дараагийн дэвшил. Даанч манай Сангийн яамныхан үүнийгээ одоо болтол мэдэхгүй байна л даа.
-НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх ямар боломжууд байдаг юм бэ?
-Ер нь дараагийн шатны дэвшлийн хүрээнд хийх ёстой хоёр дахь ажил энэ байх ёстой. Одоо иргэддээ НӨАТ-ын 20 хувийг буцааж өгч байна шүү дээ.
-Юу вэ хоёр хувь биз дээ?
-Манайхан хоёр хувь гээд буруу бичээд байдаг юм. Энэ тухай би дараа нь тайлбарлана. Одоо 20 хувь гэдэг дээрээ тогтоод хэлэхэд үүнийг 60, 70, 80, 100 хувь буцааж өгөх бололцоо байгаа. Яагаад гэвэл энэ системээрээ мөнгөний хөдөлгөөнийг бүртгэж чадаж байна. Тэгэхээр хар зах зээлийг илрүүлье гэвэл тэнд байгаа НӨАТ-ыг ахиу буцааж өгдөг байх хэрэгтэй. Жишээлбэл, орон сууц худалдаж авсан хүн НӨАТ-аа 100 хувь буцааж авдаг болбол барилгын салбарын бүх тооцоо гараад ирнэ. Уул уурхайн компаниуд алтаа дутуу тушаасан байна гээд байнга хардалт, сэрдэлт дагуулдаг. НӨАТ-ын асуудал дээр зохицуулалт хийвэл үнэн зөвөөр гараад л ирнэ. Энэ мэтчилэн дараагийн түвшний ажлуудыг энэ системийг анх нэвтрүүлсэн хүний хувьд хүлээгээд л байгаа юм. Гэтэл манай татварынхны өнөөдрийн байгаа арчаагүй байдал нь энэ сайхан “big data”, 400 мянган нэгж дээр бүртгэл хийж байгааг ашиглаж чадахгүй байна. Зөв зүйлд ашиглахаасаа урьдаар ХХОАТ-ыг 25 хувь болгоно гэх юм. Арай хийж 10 хувийн татвараа өгч байхад 25 болгож нэмэгдүүлээд яах юм бэ. Үүний оронд иргэндээ НӨАТ-аа буцаагаад өгчих. Яг үнэндээ бидний хийсэн систем бол улсын нийтийн санд мөнгө хуримтлуулалтыг маш сайн хийж өгсөн. Энэ бол дэлхийд үнэлэгдэх гайхамшигтай ажил юм шүү.
-Цар тахлын үед ч татварын орлого давж биелсээр ирсэн. Гэвч нөгөө талдаа авлига хэрээс хэтэрлээ шүү дээ...
-Хяналт байхгүйгээс болж хичнээн мөнгө цуглуулж өгсөн ч гэсэн ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгайн асуудал үүслээ. Өндөр албан тушаалтнууд макро түвшинд явагдаж байгаа мөнгөний зарцуулалтыг дур мэдэн хийж, иргэдийн хяналтгүй байгаагийн хамгийн том жишээ. Би мөнгө цуглуулдаг системийг нь нэвтрүүлсэн. Буцаад зарцуулалт дээр хянах систем санал болгохоор огт хүлээж авахгүй байгаа. Хамгийн наад зах нь төсөвт хяналт тавихдаа НӨАТ ашиглаач гэхээр лав МАН-ынхан 2016 оноос хойш хөдөлсөнгүй. Ерөнхий сайд, Сангийн сайд нар татварын талаар мэддэггүй юм билээ.
Шийдэл нь төрийн ажил үйлчилгээний НӨАТ-ыг төр өөрөө 100 хувь буцаагаад авчих гэж байгаа юм. Яг үнэндээ НӨАТ-ын буцаан олголтыг иргэн, аж ахуйн нэгж, төр гэсэн гурван субьект хүртэж байгаа. Иргэндээ 2 хувийг нь буцааж өгсөнөөрөө нийт бүртгэлийн системээ хийгээд авлаа. Буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх нь тухайн Ерөнхий сайдын өөрийнх нь ухааны асуудал. Төрийн худалдан авалт дээр төр 100 хувь НӨАТ буцаагаад авчих юм бол тухайн төсөвт байгууллагын дараа жилийн төсвийнх нь суурь мөнгө болно гэсэн үг. Жишээлбэл, 7.7 их наяд төгрөгийн ажил үйлчилгээ гэж тооцоход 700 тэрбум нь НӨАТ байгаа. Хэрэв 700 тэрбум төгрөгөө гүйцэд авч чадахгүй бол тэр байгууллага өөрөө хохирно. Тиймээс ажил үйлчилгээ хийлгэчихсэн, тендерт орсон бүх компаниас баримтаа 100 хувь шаарддаг болох юм. Үүгээрээ төр цэвэрших систем бий болно. Нийтийн мөнгийг нийтэд зарцуулж байгаа үйл явцыг хяналттай байлгах ийм сонирхол эрх баригчдад даанч алга. Аж ахуйн нэгжүүдийн хувьд мөнгөн сууриа бүртгэвэл амар болно. Яагаад гэвэл аж ахуйн нэгжүүд маань байгаагүй орлогоосоо НӨАТ төлөөд байдаг шүү дээ. Мөнгө нь орж ирээгүй байхад сар бүр НӨАТ төлөөд явсаар байгаад өрөнд орчихдог. Тэгэхээр аж ахуйн нэгжийг мөнгөн суурьтай болгох хэрэгтэй.
-Гааль импортоор орж ирсэн бараанд татвар авдаг. Дээрээс нь НӨАТ аваад байх юм. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн хувьд орлого нуух, нөгөө талдаа гаалийнхны авлигын эх үүсвэр болдог гэх юм билээ. Үүнийг шийдэх ямар гарц байж болох вэ?
-Манай гаалийн орлогын 80 хувийг нь НӨАТ бүрдүүлж өгдөг. Гэхдээ энэ бол аль 1990-ээд оны бүдүүлэг систем. Гааль гэдэг байгууллага гаалийн ажил үйлчилгээ үзүүлж байгаагийнхаа хувьд татвараа аваад явуулах ёстой. Харин татварын ерөнхий газар нь НӨАТ авах ёстой байдаг. АНУ гэхэд НӨАТ байхгүй. Гэхдээ худалдааны татвар нэртэй НӨАТ-ын нэг хувилбар 1972 оноос хойш хэрэгжиж байгаа. Тэнд импортын бараа ирлээ, бөөний цэгээс дэлгүүр авч явсан үнээс нь гурван сарын дараа худалдааны татварын бүртгэл хийх эрх нь нээгддэг юм. Энэ бол мөнгөн суурийн хэлбэр. Гэхдээ нэг чингэлэг бараа ирээд сүүлчийн бараа зарагдмагц тухайн татвар нийтийн дансанд орох ёстой. Гэтэл манай гаалийнхан түрүүлээд НӨАТ-ыг нь авчихдаг. Нөгөө бараа зарагдсан, зарагдаагүй нь хамаагүй. Өнөөдөр гаалийн байгууллага таван их наядын орлого орууллаа гэхэд дөрвөн их наяд нь НӨАТ-аас бүрдэж байна. Тэгээд гааль дээрх татварын цаана асар их мөнгөний эргэлт бий болж байгаа учраас авлига татрахгүй байгаа юм. Зөвхөн гаалийн татвараа өгөх юм бол аж ахуйн нэгжүүд авлига өгч, орлогоо нуухгүй. Одоо бид ухаалаг татварын систем рүү ормоор байна. Манай татварынхан нийтийн санг арвижуулдаг систем рүү ажиллахын оронд цугларсан датагаар хувь хүн, аж ахуйн нэгжийг хянаж шалгах, боож хаах, дарамтлах, авлига авах ажлаа л хийж байгаа юм. Иргэнийхээ аж ахуй эрхлэх, эдийн засгийн эрх чөлөө рүү нь алхам, алхмаар хурдтайгаар халдаж эхэлж байна.
-НӨАТ-ын буцаан олголт 2 биш 1.6 хувь байжээ гэх яриа байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Би дээр хэлсэн. Манайхан хоёр хувь гээд буруу яриад байдаг. Өөрөөр хэлбэл, орлогын 1.7 хувь гэсэн үг л дээ. Жишээлбэл, тухайн орлого дээр НӨАТ нэмээд 110 төгрөг боллоо гэхэд арван төгрөгийнх хоёр төгрөг нь буцаагдаж байгаа шүү дээ. Нийт 110-аасаа ингээд бодохоор 1.6 хувь гэж харагдаад байгаа юм. Арифметикийн будилаан гэх үү дээ. Ер нь бизнесүүдийг салбараар ангилаад хөдөө орон нутгаар нь ангилчих хэрэгтэй. Махны үнэ нэмэгдэхэд ченжүүдийг бид барьж чадахгүй байгаа шүү дээ. Тэнд багадаа нэг их наяд төгрөг эргэлдэж байгаа. Үүнийг илрүүлье гэвэл махны НӨАТ-ыг зуун хувь буцаагаад өгчих. Энэ бол хар зах зээл, авлига хоёрыг устгадаг том хөшүүрэг. Өнөөдөр Улаанбаатарт бизнесийн 67 хувь нь төвлөрч байна. Улаанбаатараас ажил үйлчилгээг гаргая гэж байгаа бол НӨАТ-ыг нь 100 хувь буцаагаад өгч болно. Тэгвэл иргэд Налайх юм уу Урьхан руу очоод ажил үйлчилгээ авчихаж болно
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [124.158.109.172] 2023-02-06 11:21:01
НӨАТ бол татвар биш, Сангийн яам татвар гэж ойлгоод байгаа НӨАТ бол татвар биш...
Зочин [124.158.95.5] 2023-02-05 12:03:50
2 хувь биш 1,6% буцаан авдаг даа. тооцоод үзээрээй
Зочин [66.181.160.110] 2023-02-04 12:04:01
Наймаачид арга нь бүүр нарийссан Карт уншихгүй, бэлэн мөнгө эсвэл шилжүүл гээд баримт өгөхөө больж байна
Зочин [64.119.24.66] 2023-02-04 09:02:42
Ядаж 8-9 хувийг нь буцаавал ард иргэд НӨАТ-гүй үнээр нь юм авахаа болинодоо. Одоо бол НӨАТ гүй үнээр нь авий л гээд 10% хямдрууж бараа үйлчилгээ аваад бгаа.
Д.Раднаабазар. [192.82.77.111] 2023-02-03 22:54:46
Иргэд бол татварын нөхдөд маш том буян хийж өгч байгаа юм шүү дээ.Сангийн яам авахаа л бодохоос өөр ид шид тэдэнд алга байна.Татвараа авч чадахгүй маш олон газруудыг хамруулж чадахгүй байгаагаа ойлгохгүй байгаа юм уу даа.Жишээ нь Бүх төрлийн захууд байна. Орон сууц офисс түрээслэгч нар байна.Хувь хүн картаар юм худалдаж авахад нөт-ийн баримт өгөхгүй маш олон газрууд байна. Татварын нөхөд ийм зүйл дээр ажил зохиогоо чээ...
Зочин [122.201.23.75] 2023-02-03 14:36:49
10% avaa avmaar bn novshnuudaa